Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-уудыг өнгөрсөн долоо хоногт шалгасан. Шалгалтад “Сод Монгол”, “Магнай трейд” “Монпетекс“, “Шунхлай” зэрэг компанийн ШТС-ууд бүдэрч, долоон шатахуун түгээгүүрийн газар үүдээ барьжээ.
Энэ үеэр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Магнай трейд” компанийн ес, “Сод Монгол”-ын гурван ШТС-ын эздэд үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан албан бичиг илгээсэн ч эсэргүүцсэн аж. Тус газарт ямар хариуцлага ногдуулсан болон нийслэлд зөвшөөрөлгүй хэдэн ШТС байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Гантулгаас тодруулахад
“Үйл ажиллагаагаа зогсоох албан бичиг илгээгээд байгаа. Даваа гаригт шаардлагын хариу ирэхгүй бол тус газрыг хаана. Нийслэлд 25 аж ахуйн нэгжийн газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах 22 агуулах, 174 ШТС үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 51 объектыг улсын комисст хүлээлгэж өгөлг үйгээр үйл ажиллагаа явуулж байна. Дээрх 51 объектын 23 нь “Сод Монгол” компанийнх. Бусад газруудад ч мөн адил шаардах бичиг хүргүүлсэн. Зарим нь үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа” гэв.
Б.МАРТ