Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 7б ангийн сурагч Г.Мишээл ширээний теннисээр хичээллэдэг. Түүнийг “Friends” клубт хөл тавихад Ж.Болд, Ш.Оюун багш нар угтан, авьяас, ур чадварыг нь хөгжүүлэн амжилтаас атгуулжээ. Тэрбээр дасгалжуулагч багш нарынхаа хичээл зүтгэлээр Баянгол дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Томоохон тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэр бэлтгэдэг вэ?
-Тэмцээнд оролцохын өмнө бага зэрэг сандардаг. Харин тоглож байхдаа тайван болж, сул талаа аль болох харуулахгүйг хичээдэг. Шийдвэрлэх мөчид хүчтэй өрсөлдөгчөө ялах сайхан. Өнгөрсөн намар Баянгол дүүргийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнд аваргын төлөө М.Энхжинтэй тоглож, мөнгөн медаль хүртсэн. Түүний тоглолт үнэхээр өвөрмөц, надад суралцах зүйл их байлаа. Ана мана тоглож, нэг оноогоор ялагдсан. Дараа дахиж таарвал заавал хожино. Намайг медаль хүртэхэд аав, дүү хоёр минь дэргэд байсан. Тэдэнтэйгээ амжилтаа хуваалцах агшин хамгийн сайхан байсан. Медалиа зүүгээд гэртээ ороход ээж минь дуртай зүйлээр минь шагнасан.
-Хэн ширээний теннисээр хичээллэх санал тавив?
-Би нийслэлийн лаборатори I сургуулийн долдугаар ангид сурдаг. Ширээний теннисээр нэг жил шаргуу хичээллэж, медаль хүртсэн. Эхэндээ хэцүү санагдаж, шантарсан үе цөөнгүй. Сэтгэлээр унасан үед аав, ээж минь дэм өгч, тууштай хичээллэхийг зөвлөн, урам хайрладаг байлаа. Тэр үед теннисээс илүү хичээлдээ анхаарал хандуулмаар байгаагаа гэрийнхэндээ хэлэхэд “Чи тамирчин болъё гэж гараагаа эхлүүлсэн бол үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй” гэдэг байв. Тэмцээнээс медаль зүгээд гэртээ ирэхдээ болих тухай дахиж бодоогүй. Хойшид олон тэмцээнд оролцож, амжилт гаргах тэмүүлэлтэй болсон. Надад аварга болох хүсэл төрүүлсэн мөнгөн медалиа бэлгэшээдэг. Багш бидэнд “Спортын тэмцээнд ялалт, ялагдал аль аль нь бий. Ялагдсан ч эцсээ хүртэл сайн тоглоорой” гэж захидаг.
-Багш нарынхаа ямар зан чанараар бахархдаг вэ?
-Ш.Оюун багш тамирчдынхаа алдааг олж хараад хэрхэн зассаж, зөв тоглох талаар зөвлөдөг бол Ж.Болд багш хүн бүрийн тоглолтыг нарийн ажиглаж, техник, тактиктай байхыг чухалчилдаг. Би хэрвээ халширч, тууштай хичээллээгүй бол амжилтын амтыг мэдрэхгүй байх байлаа. Энэ ташрамд, үеийнхээ нөхдөд тууштай хичээллэж, бэлтгэлээ таслахгүй хичээвэл амжилтад хүрнэ. Спортын талбарт тамирчин хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр урагшилдаг юм билээ. Тэмцээнд оролцохдоо сэтгэл зүйгээ сайтар бэлдэх нь чухал. Ялагдсан ч өрсөлдөгчийнхөө давуу талаас суралцаж, өөрийгөө хөгжүүлээрэй. Ямар ч зүйлд боломж бий, үүнд хүрэхийн тулд хичээх хэрэгтэй гэж хэлье.