Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Б.Ганбаатарыг уулын спортынхон “багш” хэмээн хүндэлдэг юм. Энэ спортод хөл тавихад нь тэднийг угтан авч, урам хайрлан зоригжуулдаг тэр. Түүний удирдлагад олон уулчин өндөр оргилуудад авирч, гайхамшгийг нь мэдэрсэн. Уулаар овоглодог түүнтэй залуус багш, шавийн барилдлага тогтоож, зовлон, жаргалаа хуваалцаж иржээ. Мөчит дөрвөн хөлтний мөр гараагүй, мөгөөрст нимгэн хоолойтны дуу хүрээгүй оргилд гарсан түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж, ярилцлаа.
-Эверестэд хоёр удаа авирсан минь гайхалтай дурсамж үлдээсэн-
-Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн танд баяр хүргэе. Уулын спортынхноос төрсөн 13 дахь Гавьяат цолтон боллоо.
-Баярлалаа. Олон жилийн хөдөлмөрөө төр, засгаараа үнэлүүлсэндээ баяртай байна. Миний амжилтыг үнэлж, тусалж дэмжсэн Багануур дүүргийнхээ удирдлага, сургуулийн хамт олон, спортод хөтөлсөн багш нар, ахмадууд болон уулчдадаа талархал илэрхийлье. Шагнал авах мөчид энэ спортод хөтөлсөн Р.Зориг, Б.Цэрэндаш, Д.Чагнаа багш нараа бодож, тэднийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж явна гэж бодсон.
-Танайх уулаар овоглодог гэр бүл. Гэргий Ц.Цогзолмаа тань энэ спортоор олон жил хичээллэсэн. Гэр бүлээрээ оргилтой хэрхэн нөхөрлөсөн тухайгаа яривал сонирхолтой байх биз ээ.
-Уулын спортод дурлаж, хамтдаа хичээллэж, амжилт гаргасан олон гэр бүлийн нэг. Бид Монголынхоо цаст өндөр хайрхнууд болон гадаадын сүрлэг оргилд нэг бус удаа авирч, дэлхийн дээвэр хэмээгддэг Эверестэд Төрийнхөө далбааг мандуулж явснаараа бахархдаг. Бидний аль аль нь багаасаа мөнх цаст хайрхныг харж өссөн. Эхнэр минь биологич, би биеийн тамирын багш аргазүйч мэргэжилтэй.
-Гавьяат цол хүртээд ууландаа хүндэтгэл үзүүлж, “Баярлалаа” хэмээн шивнэж сэтгэлийнхээ үгийг дайв уу?
-Уулчдыг мөнх цаст уулын босоо цагаан хийморь тэтгэдэг юм шүү дээ. Тиймээс бид цаст оргилуудаа дээдэлж явдаг. Тун удахгүй хайрхнууддаа очиж, орон нутагт амьдарч буй ахмад уулчдадаа хүндэтгэл үзүүлнэ.
-Уулчид хийморио сэргээж, азаа үзэхээр оргилд авирдаг. Амжилт, эрсдэлийн аль алиных нь замд уулчдын амьдрал өрнөх юм даа.
-Ууланд хүн, байгаль хоёр бие биенээ сорьдог юм. Энэ спортоор олон жил хичээллэхдээ тодорхой зарчим баримталж ирсэн. Энэ нь хүн, байгалийн шүтэлцээнд тулгуурлаж, хагас цэргийн зохион байгуулалттай байх. Спорт болгон өөрийн дүрэмтэй. Азаа үзэхээс илүүтэй зорьсноо амжилттай гүйцэтгэж, эсэн мэнд эргэн ирэх нь л чухал. Уулчдын амьдрал гэрээсээ гараад эргэж ирэх хугацаанд өрнөдөг.
-Та гэр бүлээрээ уулын спортод амьдралаа харамгүй зориуллаа. Энэ спортын зовлон, жаргал, баяр хөөрийг бишгүй л амсаа байлгүй.
-Зовлон, жаргалын аль аль нь бий. Манай гэр бүл уул, хад, спорт авиралт, уулын цанын спортыг эх орондоо хөгжүүлэхээр зорьж явна. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахаас гадна чөлөөт цагаараа ууланд гарч, хаданд авирч, цанаар гулгадаг. Уулын спортын төрлүүд дэлхийд өндөр хөгжсөн ч Монголд төрийн дэмжлэг багатай. Спортын төрөл болгохын тулд ахмад үеийнхэн зам, чиглэл гаргаж, зэрэг, цолны норматив тогтоож, дүрэм боловсруулан уулын өндрийг хэмжин тодорхойлж ирсэн. Үүнийг залуу үеийнхэнд таниулахын тулд сэтгэл, хөдөлмөрөө харамгүй зориулж байна. Уулын спорт зардал өндөртэй, гол бэрхшээл нь санхүү.
-Уулын спортоор хичээллэсэн хүмүүсийг судлахад өссөн орчин нь их нөлөөлсөн байдаг юм билээ.
-Ахмад уулчид нутаг хамаарахгүйгээр сонгож хичээллэсэн байдаг. Тэдний дунд уулархаг нутгийн хүн ч бий. Энэ спорт олны сонирхлыг их татдаг. Багаасаа сагсан бөмбөг, волейбол тоглож, хөнгөн атлетикаар хичээллэж явлаа. Цэргийн сургуульд ирэхэд Б.Цэрэндаш багш баг бүрдүүлж, ууланд хэдэнтээ авирсан юм. Би тэр багт нь орж, уулчин, дасгалжуулагч болох гараагаа эхлүүлсэн. Тэр цагаас өнөөг хүртэл аялал, авиралтаа үргэлжүүлж байна.
-Таны мэргэжил ууланд авирахад олон талаар хэрэг болдог уу?
-Би Цэргийн нэгдсэн дээд сургуулийг (Одоогийн Батлан хамгаалахын их сургууль) ерөнхий цэргийн команд, биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. Цэргийн сургуульд үзсэн мэдлэг, чадвар залуу үеийг сургаж дасгалжуулахад байнга хэрэг болдог. Уулын спортод газрын зургаар зүг чиг олох, байгаль орчноо танин мэдэх, цаг агаар шинждэг монгол уламжлал гээд олон талын мэдлэг хэрэгтэй. Энэ нь цаг агаарын хүндрэл, тохиолдож болзшгүй саад бэрхшээлээс хамгаалдаг.
-Залуу байхад тань ахмад уулчид юуг чухалчлан сургав?
-Намайг залуу байхад олон уулчин байгаагүй. Ахмад уулчид нэгнээ хүндэтгэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, дэг журамтай байж, ахалж яваа хүнийхээ шийдвэрийг дагадаг байв. Ахлагч нь хариуцлагаа ухамсарлаж, зөв шийдвэр гаргах мэдлэг, чадвартай байх талаар зааж сургасан. Гавьяат багш Р.Зориг бидэнд уулын спортыг хөгжүүлэхийн төлөө бүхий л мэдлэг, ур чадвараа цэргийн хүний эх оронч сэтгэлгээтэй холбон заасан бол Б.Цэрэндаш багш дасгал, сургалтуудаа биеийн ерөнхий хөгжилтэй хэрхэн холбож хийх, ууланд авирахад ямар бэлтгэл хангах хэрэгтэйг, харин Д.Чагнаа багш спортын төрлүүдийн ялгааг таниулж, уулын спортын авиралтын техник, замын онцлогийг мэргэжлийн түвшинд мэдүүлж, таниулдаг байлаа.
-Оргилд авирах зориг олон хүнээс гардаггүй. Тэр үед айдсаа дийлж байж авирдаг биз?
-Бэлтгэлээ сайн хийсэн бол өөртөө итгэлтэй байдаг. Намайг бага байхад багш нар минь эр зоригийн хүмүүжил их ярьдаг байсан. Зорилгодоо хүрэх эрмэлзэлтэй бол амжилт байнга дагадаг. Оргилд авирахад зоригоос гадна ухаалаг, зөв шийдвэр хамгийн чухал. Байгалийн хүндрэл тохиолдвол сурсан мэдлэг, чадвараа зөв ашиглавал айдас түгшүүрээс өөрийгөө чөлөөлж чаддаг.
-Ууланд авирахад багаж хэрэгслээс гадна хамгийн чухал ямар техникүүд байдаг вэ?
-Бие, сэтгэлээ сайтар бэлтгэх хэрэгтэй. Биеийн бэлтгэлд зориулалтын хувцас, хэрэглэл, эрүүл мэндэд шаардлагатай материаллаг зүйлүүд орно. Харин оюун санааныхад хэзээ, аль ууланд, ямар зам, чиглэлээр хэнтэй, хэр хугацаанд явахаа төлөвлөхөөс гадна тухайн уул болон очих газраа заавал судалсан байх ёстой. Уулчин хүний хувцас, багаж хэрэгсэл бүрэн, бие нь эрүүл байх хэрэгтэй. Багаж хэрэгслээ юунд ашиглаж, зориулалтын хувцсыг хэрхэн өмсөж хад, цас, мөсөнд авирах вэ гээд алхалт, авиралтын онцлог, техникийг зөв эзэмшсэн байх шаардлагатай.
-Анх авирахад тань уулс таныг хэрхэн угтсан бол. Уул, уулчин хоёр нэгэндээ татагддаг шиг санагддаг.
-Бид байгалийн бүтээл. Хүн, байгаль хоёр байнгын шүтэлцээтэй оршдог. Уулчин хүн ууландаа хайртай, байгалийн сайхныг хараад өөрийн эрхгүй баясдаг. Анх авирахдаа сүрдэж, мэдэхгүй зүйлтэй бишгүй таарсан. Миний авирсан анхны уул Мөнх хайрхан. Эхэндээ шантарч, хэцүү санагддагч оргилд нь гарсны дараа үгээр зүйрлэшгүй сайхан мэдрэмж авдаг. Уул хүлээж авах хүнээ сайхан угтдаг.
-Та ханьтайгаа Отгонтэнгэр хайрханд авирахаар явж байхдаа танилцсан гэдэг. Энэ хайрханд одоо ч талархаж явдаг биз?
-Богд Очирваань хайрхнаа шүтдэг. Жил бүр авирахгүй ч хормойд нь хүрдэг. Бид нэг клубийнхэн. Аяллын спортоор хичээллэж байхдаа анх танилцаж, дараа нь ууланд хамт авирдаг болсон.
-Танай гэр бүлийн амьдрал, амжилт, алдар нэрийг уулгүйгээр төсөөлшгүй болжээ?
-Манайхыг уулчид мэднэ. Бид ууланд авирч, аялах дуртай, амьдралаа энэ спортод зориулсан энгийн нэг гэр бүл. Олон оргилд авирч, сайн уулчидтай мөр зэрэгцэн, сэтгэл зүрхээрээ нэгдэж ирсэн. Дэлхийн дээвэрт хөл тавихын тулд алс холын Балбад зургаан удаа очиж, өндрийн хэмжээг ахиулан авирсан. “Цаст уулын цагаан барс” номонд гардаг алдарт “Намче” баазад амьдралынхаа нэгээхэн хугацааг өнгөрөөсөн минь бидний бахархал. Эверест уулчдын мөрөөдөл болсон хайрхан. Гэр бүлээрээ хоёр удаа хөл тавилаа. Энэ бол гайхалтай сайхан дурсамж.
-Та одоо уулын, уул таны сэтгэлийн үгийг сонсдог болсон байх аа?
-Уулс сэтгэлийн минь үгийг сонсдог. Залуустай замд явахдаа цаг агаарын хүндрэлийг хэрхэн давах талаар ярьж “Уул хэрхэн хүлээж авахыг хараарай, айх зүйлгүй” гэдэг. Биднийг ууланд очиход тэнгэр цэлмэж, авирах боломж гарахад багийн залуус “Таны хэлсэн үнэн байна” гээд уулга алдсан үе бий.
-Оргилоос амьд ирэх баталгаагүй. Үүнийг уулчдын ар гэрийнхэн хүндээр хүлээж авах нь бий. Манай уулчдаас Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Эверестэд, Б.Гангаамаа К2-т авирахдаа гэрээслэл бичиж үлдээсэн. Та хоёр ч бас Эверестийг зорихдоо захидал үлдээж байв уу?
-Эверестэд авирсан анхны гэр бүл манайх. Уулчин болгон өндөр оргилд авирахдаа ямар нэгэн осол гарвал гомдолгүй гэсэн бичгийг удирдаж буй клуб, холбоондоо өгөөд явдаг. Ар гэрийнхэндээ явах газраа таниулж, өөрөө зөвшөөрч явж байгаагаа ойлгуулдаг. Товчхон хэлбэл, тэднээс авсан зөвшөөрлийн баримт юм. Сайнаар яривал амьд ирнэ гэсэн баталгаа, муугаар бол осолдвол гомдол бүү гаргаарай, өөрөө сонирхож явсан тул төр, засаг, хүмүүс буруугүй шүү” гэсэн гэрээслэл. Бид Монголынхоо оргилд гарахдаа ч “Ийм ууланд энэ замаар тийм хугацаанд яваад ирнэ” гэж бичдэг. Гадаадад явах бүртээ клубтээ гэрийнхнийхээ гарын үсэгтэй зөвшөөрлийн бичиг өгдөг. Бид олон удаа бичиг үлдээсэн. Эверестэд авирахын тулд Балбын 6000 метрийн өндөртэй оргилд зургаан удаа (гурван жилийн зайтай) очиж, хоёр сар авирсан. Тухайн улсын цаг агаар, хоол унд, амьжиргаа, хэл, уламжлалт соёл заншилтай нь танилцахдаа Монголоос очиж тэнд суурьшсан шерпа нарын соёл, заншил бидний хооронд холбоо байгааг мэдэрсэн.
-Дасгалжуулагч уулчдын гол хүн. Гэр бүлээрээ авирна гэдэг амь нас, амьдралаараа дэнчин тавихаас ялгаагүй. Эрсдэлтэй нөхцөлд нэг нь үлдэж, нөгөө нь авирах шийдвэр гаргасан удаа цөөнгүй биз.
-Дасгалжуулагч, ахлагч тухайн багийн чухал хүн. Гишүүдийнхээ амь, эрүүл мэнд, авирах бүх асуудлыг хариуцаж, зөв шийдвэр гаргах, эрсдэлтэй үед нэгийгээ, багаа буцаах, шийдвэр гаргах асуудалтай тулгардаг. Энэ утгаар яривал амь, амьдралаараа дэнчин тавьдаг спорт. Бидний хувьд нэг нь үлдэж, нөгөөх нь гарах тохиолдол зөндөө. Би гаргасан шийдвэртээ харамсдаггүй, авиралтуудаа амжилтаар дуусгаж байсан. Уулын спорт багийнх байдаг. Багийнхан сэтгэл нэгтэй байх нь хамгийн сайхан.
-Спортод алдсан алдаагаа засаад амжилт гаргаж болдог бол уулын төрлийнхөнд анхны бөгөөд сүүлчийнх байдаг. Оргилд авирахдаа юуг баримталж ирэв?
-Ууланд алдаа гаргах ёсгүй. Хамгийн гол нь дэг журам, бусдыгаа хүндэлж, үг, шийдвэрийг нь сонсож сурахыг эрхэмлэх ёстой байдаг.
-Уулчдынхаа төлөө өөрийгөө мартаад зүтгэсэн өдөр танд олон байдаг уу?
-Уулын спортын төлөө хээр, цас мөсөн дээр өнгөрүүлсэн өдөр олон. Эверестэд авирахын тулд 1994-2012 он хүртэл бэлтгэсэн. 2006 онд “Өүлэн эх”, 2012 онд “Хөх тэнгэр” багийг ахалж явсан. Явах бүртээ хүүхдүүдээ аав, ээждээ үлдээдэг байв. Баг ахална гэдэг хариуцлагатай ажил. Хүн бүрийн эрүүл мэндийг анхаарч, ажиглана. Амжилттай авираад гэртээ ирсний дараа л тайвширдаг.
-Өөрийгөө залгамжлах шавь бэлдэв үү. Хөвгүүдийг тань ууланд авирдаг гэж дуулсан.
-Манай хөвгүүд мэргэжлээрээ ажиллахын хажуугаар ууланд авирдаг. Том хүү Оргил хэрсүү зантай. 2006 онд Эверестэд авирахдаа гэр бүлийнхээ гишүүдээс зөвшөөрөл авахаар түүнтэй ярилцтал татгалзсан. Тухайн үед Төвөдийн “Уулчин” киног үзээд Эверестэд авирах нь эрсдэлтэй гэдгийг ойлгосон байлаа. Гэхдээ хүү минь биднийг дэмжиж, өөрөө хамт авирч ирсэн. Харин бага хүү Буянт спорт авиралтаар хичээллэж, Дэлхийн болон Азийн АШТ-д оролцсон. Сүүлийн үед уулын цанаар түлхүү хичээллэж, олимпын эрх авах цуврал тэмцээнд оролцож байна. Би биеийн тамирын багш тул спорт сонирхдог шавь нараа бэлтгэж байгаа. Уг спортын олон клуб бий. Бидэнтэй хамтарч авирья гэсэн тамирчдад мэддэг, чаддагаа харамгүй зааж, сургадаг.
-Уулчин хүний жинхэнэ мөс чанар ямар үед илүү харагддаг вэ?
-Ууланд авирах нь эрсдэлтэй спорт. Байгальтай харьцаж, гарч байгаа хүндрэлийг даван туулж урагшилдаг. Хоолгүй олон цаг явах, хад, чулуун дээр унтаж, цас, бороонд цохиулах нь энүүхэнд. Ийм үед хүн хэн бэ гэдгээ мэдрүүлдэг талтай. Би хаана ч явсан нөхдөө боддог, хүн чанартай байхыг эрмэлздэг.
-Сүүлийн үед залуус уулын спорт сонирхох болсон. Адармаатай спортод дурлаж буй тэдэнд суралцах зүйл бишгүй. Та дасгалжуулагчийн хувьд юу гэж зөвлөх вэ?
-Биеийн тамирын багш, аргазүйч хүний хувьд залууст спортоор хичээллэхийн ач тус, сонирхлоо хэрхэн бодит болгон амжилтад хүрэх талаар зөвлөдөг. Энэ спортоор хичээллэгсдэд “Сонирхлоо өөрийн болгох хэрэгтэй. Аялагч болъё гэвэл ямар мэдлэг, ур чадвар хэрэгтэй вэ, уулчин болоход мэдлэг, чадвараас гадна ямар багаж, хэрэгсэл хэрэг болохыг сайтар судлах ёстой. Спортын төрлүүд хоорондоо ялгаатай байдаг шиг хүн бүрийн хүсэл, сонирхол, зорилго өөр шүү” гэж хэлье.