УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийтийн мэдээллийн, Цахим гарын үсгийн, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төслийн танилцуулгадаа “Төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, байгууллагууд хоорондоо мэдээллээ дамжуулах боломжтой үндсэн болон дэмжих системийн талаарх зохицуулалтыг тусгасан. Дэмжих системийн нэг төрөл нь мэдэгдэл хүргэх зорилготой. Иргэн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээлэлд өөр хэн нэгэн хандсан бол сануулах, мөн татвар төлөх, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, ард нийтийн санал асуулга явуулах, сонгуулийн тов зарлах зэргийг уг системийг ашиглан зохицуулна” гэдгийг онцолсон юм.
Дараа нь гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.
Б.Энхбаяр: -Улсын бүртгэлийн багц хуулийг 2017 онд баталсан. Нэлээд олон төрлийн мэдээллийг нээлттэй болгохоор үүнд тусгасан байдаг. Тэдгээрийн нэг нь газар ашиглалтын төлөвлөгөө, эзэмших, өмчлөхтэй холбоотой мэдээлэл бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хэрэгжүүлээгүй. Нэг сая гаруй иргэний газар эзэмших, ашиглахтай холбоотой мэдээллийг газрын албаныхан нь нээлттэй болгохгүй байна. Хуулийг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Зарим хүн Улаанбаатар хотын 80 орчим байршилд газар эзэмших эрх авчихаад түүнийгээ зарж байгаа гэх.
Х.Нямбаатар: -Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хамгийн их холбогддог газрын наймааны асуудлыг энэ хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл, мэдээлэл хариуцагч буюу төр нь бүх төрлийн газрыг ашиглах, өмчлөх эрхтэй холбоотой мэдээллийг ил болгох ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймаг, сумын газрын албаныхан хамтран дундын мэдээллийн сан бий болгож, шинээр газар олгох бүрт тусгай дугаараар бүртгэж байгаа.
Б.Баасандорж (ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга): -Газрын хаягийн мэдээллийн санг нээлттэй болгохын тулд үе шаттай арга хэмжээ авч байгаа. Газрын мэдээлэл нь Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Гэхдээ дээрх санг бүрдүүлж, удахгүй нээхээр төлөвлөсөн. Нийтийн мэдээллийн тухай хуулийн дагуу таван чиглэлийн 64 төрлийн мэдээллийг нээлттэй болгоно.
Н.Учрал: -Нийтийн мэдээллийн тухай хууль гэж нэрлэх учиргүй. Цахим орчин дахь мэдээллийг зохицуулах юм шиг ойлголт төрүүлнэ. Төрийн цахим харилцаа, эсвэл цахим засаглалыг хөгжүүлэх, өгөгдөл солилцох зэргийг уг хуулиар зохицуулна. Цахим хөгжлийн үндэсний хороо гэсэн бүтцийг байгуулахаар төсөлд тусгажээ. Цахим шилжилт хийх гэж байж орон тоогоо улам нэмдэг жишиг бий боллоо. Үндэсний зөвлөл, хороо гэх мэтийг байгуулж, Засгийн газрын бүтцэд байдаг, “эзэнтэй” ажлыг давхар хийлгэх шаардлагагүй. Бас Цахим хөгжлийн яамтай болно гэсэн. “E-Mongolia” систем нь төрийн хүнд суртлыг бууруулах зорилготой. Гэтэл төсөлд зааснаар мэдээллийг авах гэж цаг зарцуулж ирэн, тусгай байранд хүлээх юм байна. Нөгөө л нэг хүнд суртал хэвээрээ. Цааснаас цахим руу шилжих гэж байж мэдээлэл авах төв байгуулах шаардлагагүй.
П.Сайнзориг (ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга): -Төрийн байгууллагуудаас гадна улс төрийн нам, олон нийтийн радио, телевиз, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд нийтийн мэдээллийн хариуцагч болно. Нийтийн алба гэсэн нэр томьёог манай зарим хуульд хэрэглэдэг. Мөн иргэд төрийн байгууллагаас мэдээллийг биечлэн авах талаар зохицуулсан. Цахим хөгжлийн үндэсний хороог яам байгуулсан үед татан буулгах байх.
Н.Учрал: -Энэ хорооны оронд Үндэсний дата төвийг хуульчлах нь зөв. Тус төвийг Засгийн газрын тогтоолоор байгуулсан, төрийн бүх мэдээллийг хадгалдаг газар.
Б.Болор-Эрдэнэ (ХХМТГ): -Цахим хөгжлийн үндэсний хороонд бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга багтдаг. Манай агентлагаас дээрх түвшний буюу яамд хоорондын уялдаа холбоог тус хороо хангаж ажилладаг. Үндэсний дата төв нь “Хур”, “Дан” систем, Үндэсний цахим шууданг хариуцдаг. Ухаалаг гар утасгүй, эсвэл интернэт сүлжээ муутай орон нутгуудад байгаа Төрийн үйлчилгээний цахим машинуудыг шинэчлэхээр ажиллаж байна.
Б.Баасандорж: -Улсын бүртгэлийн багц хуулийг 2017 онд батлахдаа тус дата төвтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг анх бий болгосон. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд ч эрх, үүргийг нь тодорхой тусгасан байгаа.
Л.Мөнхбаатар: -Мэдээлэл хариуцагч гэдэгт төрийн бус байгууллагуудыг багтаах ёстой. Олон нийтийн төлөө үйл ажиллагаа явуулдаг учраас тэр. Ингэж байж үйл ажиллагаа, төсөв, санхүү нь ил тод байх үүрэг хүлээнэ. Мөн хувьцаат компаниудыг оруулах нь зүйтэй.
П.Сайнзориг: -Төрийн бус байгууллагуудыг мэдээлэл хариуцагч болгох саналыг анхааръя. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, санхүүжилт, зарцуулсан байдлыг ил болгох ёстойг олон улсын байгууллагуудаас зөвлөдөг учир үүний дагуу уг төслийг нь боловсруулж, өргөн барьсан. Харин хувьцаат компаниуд нь Үнэт цаасны зах зээлийн болон Компанийн тухай хуулийн дагуу ажилладаг.
Ж.Сүхбаатар: -Хариуцлагын тогтолцоо сул байна. Нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байх гэсэн зарчмыг заалт болгон тусгажээ. Тэгэхээр хэрэв ийм мэдээллийг шаардсан бол тухайн хүнийг ажлаас нь халах хэрэгтэй. Хуулийг нь зөрчвөл Төрийн албаны болон Эрүүгийн хуулиар зохицуулна гэжээ. Гэтэл мэдээлэл хариуцагч зарим байгууллага нь Төрийн албаны тухай хуульд хамаардаггүй. Мэдээллийн “хулгай” бол манай төрд байгаа хамгийн том эмгэнэл. Тиймээс ардчиллын амин сүнс болсон энэ хуулийг баталснаар мэдээлэл нь нийтэд ил тод байж иргэд нь илүү “хүчирхэгжинэ’.
Х.Нямбаатар: -Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Харин нийтийн эрх зүйн субъектүүдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулна. Нийтийн мэдээллийн тухай хуулийг баталснаар иргэд мэдээлэл авах эрхээр хангагдана гэсэн үг. Давуу, мэдээлэлд ойр байдлаа ашиглан тусгай зөвшөөрөл, лиценз олж авсан байдаг. Тэгэхээр энэ хуулиар анх удаа мэдээллээ нээлттэй байлгахыг үүрэгжүүлж байна.
Ц.Мөнх-Оргил: -Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг батлаад арав гаруй жил өнгөрлөө. Үүний хэрэгжилтийг нь дүгнэх хэрэгтэй. Тухайн үед мэдээлэл авах эрх нээлттэй болно гэж ярилцаад л баталсан боловч өнөөдөр ямар байгаа билээ.
Л.Мөнхбаатар: -Үйлчилгээ үзүүлж байгаа бараг бүх байгууллага хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж байна. Иргэд өөрсдөө ч мэдээгүй байхад тухайн хүний мэдээллийг ашиглан үйлчилгээ үзүүлэх боллоо. Хувийн байгууллагууд зөвхөн өөрт шаардлагатай мэдээллийг цуглуулж байна уу. Эсвэл шаардлагагүй мэдээллийг ч цуглуулаад байна уу. Үйлчилгээ авах гэхэд өөрт хамааралтай өөр нэг хүний утасны дугаар өг гэдэг. Хөнгөлөлтийн карт авахад регистрийн дугаар, гэрийн хаяг шаарддаг. Банкнаас төлбөрийн карт авахад бөглөх хуудсан дээр нь “Танд улс төрд хамаарал бүхий, таньдаг хүн бий юү” гэсэн асуулт ч байгаа. Үүнээс гадна хувь хүнд гүйцэтгэх ажил явуулж, хувийн мэдээллийг нь цуглуулж байгаагаас хэрхэн сэргийлэх вэ?
Х.Нямбаатар: -Хувийн байгууллагууд хувь хүний мэдээллийг хуулийн ямар нэг хориг, хязгаарлалтгүйгээр цуглуулж байгаа. Хувь хүний нууцын тухай хуулийн төсөлд зааснаар хүний биометрикийн мэдээллийг хувийн байгууллагууд цуглуулахыг хориглосон. Биометрикийн мэдээлэлд тухайн хүний хөдөлгөөн, алхаа гишгээний байдлаас авхуулаад дахин давтагдашгүй бүх зүйл, бүр цусны урсцынх нь ялгааг хүртэл хамааруулдаг. Хурууны хээ, давтагдашгүй өгөгдлийг ашиглаж, тухайн хүнийг хилс хэрэгт оруулах эрсдэлтэй.
П.Сайнзориг: -Гүйцэтгэх ажлын явцад хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулдаг. Үүнийг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Хувийн байгууллагууд хүний мэдээллийг авсан зорилгынхоо хүрээнд л ашиглах ёстой. Жишээ нь, таны утсанд огт сонирхож байгаагүй зүйлийн талаарх сурталчилгааны мэдээлэл ирүүлдэг. Энэ нь таны мэдээллийг ямар нэг байгууллага цааш нь дамжуулсан байна л гэсэн үг гэв.