Манай улсад бага насны хүүхдүүд ковидоор өвчлөх нь нэмэгдэж байна. Халдвар авсан хүүхдүүд голдуу эмнэл зүйн шинж тэмдэггүй, хөнгөн, хүндэвтэр хэлбэрээр өвчилж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Хэдий тийм боловч халдвар аваад эдгэрсний дараа хүндрэл үүсэж байгааг дэлхийн олон эрдэмтэд судалжээ. Тухайлбал, Итали улсад “Ковид 19”-ийн халдвар авсан хүүхдэд Кавасаки-төст синдром анх илэрчээ. Энэ нь эмнэл зүйн шинж тэмдгээрээ 1967 онд доктор Т.Кавасакийн нээсэн Кавасаки өвчинтэй ижил аж.
Хүүхэд халдвар аваад эдгэрсний дараа үүсэж болох хүндрэлийн талаар МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, генетикч, дэд профессор, доктор Ж.Хулантай ярилцлаа.
-Халдвар аваад эдгэрсэн хүүхдүүдэд Кавасаки-төст синдром илрээд буй. Кавасаки-төст синдром гэж яг ямар өвчнийг хэлдэг вэ?
-Дэлхий нийтэд уг синдромыг “Ковид 19”-өөс хамааралтай мультисистем буюу дотор эрхтний үрэвсэл гэж нэрлэж байгаа юм. Кавасаки-төст синдромоор голдуу сургуулийн насны хүүхдүүд өвчилж байна гэсэн судалгаа гарсан.
Уг өвчин нь коронавирусийн халдвар авсан тохиолдолд илрэхгүй. Харин өвчлөлийн дараа хэдэн долоо хоног эсвэл халдвартай хүнтэй хавьтсаны дараа илэрч эхэлж байна гэсэн мэдээлэл байна.
Кавасаки-төст синдромоор хүүхэд өвдсөн тохиолдолд полисистем гэмтэж өвчлөгчдийн 90 хувь цочролд ордог. Өөрөөр хэлбэл, хүүхдийн дархлааны систем илүүдэл гипериммун хариулдаг дисфункциональ төрлөөр ажиллаж дархлаа хэт идэвхжинэ.
Үүнээс гадна Кавасаки өвчин нь васкулитын системийн бүлэгт хамрагддаг. Маш энгийнээр тайлбарлавал, дархлааны хэт идэвхжлээс үүсдэг синдром гэж ойлгож болно. Кавасаки өвчнөөр голдуу 2-5 настай хүүхдүүд өвчилдөг. Энэ талаар сүүлд тайлбарлая.
-Тэгвэл Кавасаки-төст өвчнөөр хүүхэд өвдсөн эсэхийг яаж мэдэх вэ?
-Судалгаанаас харахад хамар залгиурын сорьцод ПГУ-аар вирус илэрдэггүй. Харин цусанд IgM эсвэл IgG шинжилгээгээр тогтоодог. IgG өвчлөл эхэлснээс гурван долоо хоногийн дараа илэрдэг.
-Кавасаки-төст синдромын үед ямар хүндрэл үүсэх вэ?
-Коронавирусийн халдвар авсан хүүхэд хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа. Харин эдгэрсний дараагаар дархлааны хэт идэвхжил үүсэж, хүүхэд элэг, бөөр, зүрх, амьсгалын дутагдалд ордог.
Тодорхой хэлбэл, өндөр халуурах ба эмэнд халуун буухгүй эсвэл муу бууна. Салст болон арьсан дээр тууралт гарах, хөлийн ул, гарын алга хавагнах ба холцруутах, уруул тод улаан өнгөтэй болох, нүд улайх, хоолой улайх зэрэг шинж тэмдэг илрэх ба эдгээр нь амь насанд аюулгүй. Харин дотор эрхтний үрэвсэл, зүрх судсанд үүсэж байгаа өөрчлөлтүүдээс болж зүрхний цохилт хурдсах улмаар амьсгаадах, даралт ихсэх мөн ходоод гэдэс, бөөрөнд гарч байгаа өөрчлөлтүүд амь насанд аюултай. Хүндрэл маш хурдацтай явагддаг ба хэдэн өдрийн дотор сэхээний тасаг руу шилждэг өвчин.
Ковидын дараах хүндрэл үүсэх магадлалтай тул анзааргатай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 2-3 сар маш анхааралтай байх нь чухал. Томуу, томуу төст халдварын үед хэрэглэдэг вирусийн эсрэг эмээр эмчлэх нь маш эрсдэлтэй.
-Кавасаки-төст синдромыг өдөөгч хүчин зүйл гэж байгаа болов уу?
-Зарим эмч нар эмчилгээ буруу хийснээс дээрх нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж буй. Үүнд “Ковид-19” болон бусад халдварт өвчний нэг адил вирусийн эсрэг эм хэрэглэдэг нь зарим хүүхдүүдэд Кавасаки-төст синдром үүсэх шалтгаан болж байгааг эрдэмтэд хэлж байна. Учир нь эдгээр эмэнд интерфероны нийлэгжлийн индуктор, дархлааны системийн стимуляторууд байдаг. Кавасаки-төст синдром нь дархлааны хэт идэвхжилээр үүсдэг. Эцэг, эхчүүд учрыг ололгүй вирусийн эсрэг өөр өөр эмийг нэг дор өгөх нь маш аюултай. Нөгөө талаар цитокиний шуурга нь TNF-альфа ба INF-гамма гэх хоёр сигналын уургийн хэт нийлэгжилттэй холбоотой байна. Вирусийн эсрэг эм нь INF-гаммаг агуулна. Жишээ нь анаферон вирусийн эсрэг эм интерферон (ИФН α/β), гамма-интерферон (ИФН γ) агуулдаг.
-Дээр дурьдсан Кавасаки өвчин Кавасаки-төст синдром хоорондоо ялгаатай юу?
-Кавасаки өвчин 2-3 настай хүүхдүүд илүү өртөмтгий, байгаа бол таван настай хүүхдүүдэд ховор тохиолдох ба ямар нэгэн халдварын ул мөр үлдээдэг. Үүнээс гадна тухайн хүүхдийн генетикт нөлөөлдөг байж болзошгүй гэж үздэг. Зүрх судасны асуудал үүсгэдгээрээ мөн л амь насанд аюултай. Уг өвчний илрэх гол шинж тэмдгүүд нь халуурах, тууралт гарах, нүд улайх, амны хөндий, хоолой улайх, хүзүү орчмын булчирхай томрох, гар, хөл хавагнах, , амьсгаадах, зүрх, гэдэс өвдөнө.
Харин Кавасаки-төст синдромыг мультисистемийн үрэвслийн синдром ба “Ковид-19”-тэй холбон тайлбарлаж халдварын дараах синдром гэж үзэж байгаа юм. Голдуу “Ковид-19”-ийн халдвар авснаас хойш хоёроос гурван долоо хоногийн дараа үүсэж байгаа тухай мэдээлж байна. Тухайлбал, “Ковид-19”-халдвартай 21 настай залуу Кавасаки-төст синдромоор өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн.
Цар тахалд өртсөн улс орнууд хүүхдийн Кавасаки-төст синдромд бэлтгэлтэй байхыг анагаахын экспертүүд анхааруулж байна.
“Ковид-19” халдвар авсан хүүхдүүдийн 80 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн өвдөж байгаа боловч Кавасаки-төст буюу мультисистемийн үрэвслийн синдром үүсэж болзошгүй байдгаараа аюултай. Хүүхдэд шинж тэмдэг илрээгүй, эцэг, эх нь мэдээгүй үед хүүхэд гэнэт халуурч, шинжилгээ хийхэд эсрэг бие тодорхойлогдсон тухай олон улсын зөвлөх эмч нар бичиж байна.
Хамгийн эрсдэлтэй нь мультисистемийн үрэвслийн синдромоор амьсгалын эрхтэн, зүрх, уушги, ходоод гэдэс гэмтдэг. Гэхдээ Кавасаки-төст синдром эмчлэгддэг. Үүнд эцэг эхчүүд анхааралтай байж цаг алдахгүй эмнэлэгт хэвтүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хэдий чинээ эрт эмчилгээ эхэлнэ төдий чинээ эмчилгээ үр дүнтэй байх болно. Дахин хэлэхэд заавал эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай.
-Тэгвэл Кавасаки өвчинтэй хүүхдүүдийг яаж эмчлэх вэ?
-Кавасаки өвчин, мультисистемийн үрэвслийн синдромын эмчилгээтэй ижил байдаг. Эмнэл зүйн шинж тэмдэг шууд илрэхгүй байж болно. Харин цусны шинжилгээгээр тодорхойлогддог. Гэхдээ бяцхан өвчтөний биеийн байдлаас хамаарна. Эмч нарын баг ажиллах шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, зүрхний эмч, гастроэнтеролог (ходоод гэдэс, элэг цөсний эмч), бөөрний эмч гэх мэт бүхэл бүтэн нэг баг ажиллах шаардлага үүсдэг.
-Кавасаки-төст синдром “Ковид-19”-өөс өмнө гарч байсан болов уу?
-Томуу, томуу төст өвчний хүндрэлийн нэг шалтгаан Кавасаки-төст синдром байдаг. Мөн хатгалгаа үүсэж болно. Херпес вирусэд хамрагддаг салхин цэцгийн халдвар авснаар энцифалит, Эпштейна-Баррын халдварын үед дэлүү томорч хагарч болно. Ийм хүндрэлүүд мянгад нэг тохиолддог. Үүнтэй адил Кавасаки-синдром элбэг тохиолдохгүй.
-Коронавирусийн халдварын дараа өөр ямар хүндрэл үүсэж болох вэ?
-Хүүхдэд уушгины асуудал үүсдэг. Хөнгөн бол наранд шарах, инфра улаан гэрлээр шарж болно. Хөнгөн дасгалууд хийлгээрэй. Хүндэвтэр болон хүнд бол эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Ямар ч халдварын дараа хордлогод орох нь их. Ийм тохиолдолд өглөө орой нүүрс өгч болдог. “Ковид-19” халдварын дараа хүүхэд удаан хугацаагаар 37 хэм хүрч халуурч байгаа тухай гадаадын эмч нар бичиж байгаа. Үүнийг вирус алга болсон ч вирусийн хэсгүүд үлдэж дархлаа түүнд хариулаад байна гэж тайлбарлаж буй.
-Залуу хүмүүс эндэж байгаагийн гол шалтгаан юу вэ?
- Доктор Каннеганти “Ковид-19” халдвартай өвчтөнүүдэд элбэг тохиолдож байгаа цитокин дээр анхаарлаа хандуулж хулгана дээр туршилтаа хийсэн. Хулгана дээр хийсэн сүүлийн үеийн судалгаанаас коронавирусээс үүдэлтэй цитокины шуурга нь TNF-альфа ба INF-гамма гэх хоёр сигналын уургийн хэт нийлэгжилттэй холбоотой байна. Энэ хоёр нийлж ажилласнаар үрэвсүүлж улмаар эд эрхтнийг гэмтээж үхэлд хүргэж байна гэж үзээд, эдгээр уургуудын эсрэг эсрэг бие хэрэглэжээ. Туршилтаар “Ковид-19” хүндэрсэн үед уг эсрэг биеийг хэрэглэж эндэгдлээс хамгаалж болох юм байна гэсэн дүгнэлт гарсан.
Туршилтын эхэн үед цитокинуудыг нэг нэгээр туршиж үзэхэд “Ковид-19”-ийн хүндрэлийн шинж илрээгүй. Цаашлаад цитокинүүдээ 28 хоршил үүсгэн туршихад хос хулгануудыг үхэлд хүргэсэн. Энэ хоршил TNF-альфа ба INF-гамма байсан ба энэ хоёрын үүсгэж байгаа процесс PANoptosis гэдэг нэрийг авсан. PANoptosis нь эсийг үхэлд хүргэдэг гурван замыг асаадаг байна. Энэ гурван замыг пироптоз, апоптоз, некроптоз гэх ба энэ гурав ялгаатай ажилладаг ч бүгд эцсийн бүлэгт эсийг үхэлд хүргэнэ. Энэ гурвын ажиллаж байгаа зарчим нь халдвартай эсийг устгаж эрүүл эс болон хэсгийг халдвараас хамгаалж байна.
-Үүнээс хамгаалах боломж бий юу?
-TNF-альфа-ийн нийлэгжилтийг “Омега-3” дарангуйлдаг. TNF нь хавдрыг дарангуйлагч уураг байдаг. Зарим хүнд энэ уураг нь хэт өндөр нийлэгждэг. Ийм хүмүүст үрэвсэл их явагддаг ба үүнээс хавдар үүсэж болдог. Энэ нь “Ковид-19”-ийн үед "Омега-3"-ыг хэрэглэж байхад цитокины шуургаас хамгаалах магадлалтай. Гэхдээ байнга хэрэглэх нь сайн зүйл биш гэсэн үг.
-Коронавирусийн үед насанд хүрэгсдэд ямар хүндрэл үүсэж болох вэ?
-Амьсгалын дутагдал, хатгалгаа хурц уушгины гэмтэл, үрэвсэл-синдром, поли-эрхтний дутагдал, тромбоэмболи-цус бүлэгнэх эрсдэлтэй. Эмнэлэгт эмчлүүлсэн хүмүүсийн 16-30 хувьд артер эсвэл венийн судсанд цус бүлэгнэл илэрсэн байна.
-Коронавирусийн үед яагаад цус бүлэгнэл үүсдэг вэ?
-Одоогоор эрдэмтэд гурван шалтгааныг илрүүлээд байна. Нэгдүгээрт, судасны дотоод хана гэмтэх. Энэ нь бага зэргийн гэмтлийн үед цус алдахаас хамгаалж цус өтгөрдөг. Гэхдээ их хэмжээний цус бүлэгнэл нь цусны эргэлтэд муугаар нөлөөлж амь насанд аюултай хүндрэлийг үүсгэнэ.
Хоёрдугаарт, эмнэлэгт хэвтсэнээр цусны эргэлт удааширна. Учир нь цусны эргэлтэд булчингийн агшилт чухал үүрэгтэй. Булчингууд агшиж цусыг зүрх рүү түлхэнэ. Эмнэлэгт өвчтөнүүдийн хөдөлгөөн хязгаарлагдмал болсноор венийн судсанд цус хуримтлагдаж цусны бүлэгнэл үүсгэнэ.
Гуравдугаарт, цусны бүлэгнэл ихсэх. Коронавирусийн халдвар авснаар комплементийн системийн (20 уургаас тогтох хамгаалах уургийн комплекс) уургууд хэт идэвхжиж улмаар цус өтгөрдөг байна. Шведийн эрдэмтэд коронавирусийн халдварын үед комплементийн системийн идэвхжилд маннозыг холбогч MBL-лектин гол үүргийг гүйцэтгэж байгааг тогтоосон. Энэ процессод цус шингэлэхэд хэрэглэж байгаа эмүүд үйлчлэхгүй байгаа.
-Тромб буюу цусны бүлэгнэлтэд ямар хүмүүс илүү өртөмтгий байна вэ?
-Тарган, ахмад настай, хөдөлгөөн багатай, хэвтрийн, хорт хавдартай, уушгины эмболи эсвэл гүний судасны тромбозтой, зүрхний өвчтэй, холестерин өндөртэй хүмүүс хамгийн их өртөх магадлалтай.
-Тэгвэл цусны бүлэгнэлтээс үүсэхээс хэрхэн сэргийлэх ямар арга байдаг вэ ?
-Яг өвчлөл явагдаж байгаа үед цус шингэлэх эмүүд үйлчлэхгүй. Харин нь үүнд бэлдэж цусаа шингэн байлгах нь чухал. Жишээ нь, шарлагатай бол аспирин уух, байгалийн аспиринтай бөөрөлзгөнө, цангис жимс идэх гэх мэт.
-Манай улсад коронавирус халдварын нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эндэгдлийн шалтгааныг насны хувьд нэрлэх боломжтой юу ?
-Залуу хүмүүс дархлааны идэхжилээс болж, ахимаг насны хүмүүс эсрэг бие үүсээд ирэхээр нас барж буй. Бага насны хүүхдүүдэд дархлааны хэт идэвхжлээс болж Кавасаки-төст синдром үүсэж байна. Нөгөө талаар “Ковид-19” вирусийн эсрэг дархлаа хэт ачаалалтай ажилласнаар бусад өвчний хяналт алдагдаж, херпес вирус сэдрэх, мөөгөнцөртөх гэх мэт асуудал үүсдэг. Мөн уушгины хурц гэмтэл, үрэвсэл-синдром коронавирус уушгийг гэмтээснээр уушги үрэвсэх шингэн хуримтлагдах, бактери үржих нөхцөл бүрдэж байна.
Коронавирус халдвараар хөнгөн өвдсөн хүмүүст инфра ред гэрлээр шарахад уушгины үрэвсэл бага явагддаг. Анхааруулахад, даралтаа үзээрэй, гэрлийн зайг сайн бариарай. Жирэмсэн, хорт хавдартай хүмүүс хэрэглэж болохгүй гэх мэт сөрөг заалтуудаа унших хэрэгтэй. Коронавирус нь шинэ вирус учир нэмээд ямар хүндрэл, үр дагавар гарч ирэх нь тодорхой бус байна.
-Ярилцсанд баярлалаа