Эзэмшсэн мэргэжил, сонирхсон салбартаа чин сэтгэлээ зориулж, амжилт гарган, тууштай, хөдөлмөрлөж яваа гурван бүсгүй “Нэр нэгтийн чих нэг” булангийн маань зочин. Энэ удаа загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал, чөлөөт бөхийн тамирчин Г.Отгонжаргал, дуучин Д.Отгонжаргал нарыг онцоллоо.
Д.Отгонжаргал 2015 онд Азийн шилдэг загвар зохион бүтээгчээр шалгаран, өөрийн нэрийн “O couture” загварын брэнд бий болгож, амжилттай ажиллаж яваа. Бүсгүйчүүдэд зориулан ур, ухаанаа шингээн, тансаг зэрэглэлийн даашинз урладаг тэрбээр жил бүр загварын шоу зохион байгуулж, бүтээлүүдээ толилуулдаг.
2008 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн Г.Отгонжаргал 2011 онд дасгалжуулагч ах, дүү Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарт шавь орсноор “Алдар” спорт хороогоор овоглох болжээ. 2017 онд Бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнээр тэрбээр манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр армийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчин юм.
2007 онд “Voice” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Д.Отгонжаргал Улсын филармониор олон жил “овоглосон”. “Өнө мөнх эх орон”, “Хайрлахын жаргал”, “Хун галуу” зэрэг бие даасан тоглолтоо хүргэсэн тэрбээр чадварлаг дуучнаас гадна жүжиглэх чамгүй авьяастайгаа “Ану хатан” киногоор харуулж, улмаар БНХАУ-ын Бээжингийн театрт “Хайр шингэсэн тоорой” дуулалт жүжигт тоглож байв.
доорх асуултад хэрхэн хариулсныг сонирхъё.
- Таны хүүхэд насны хамгийн том мөрөөдөл юу байв. Тэр мөрөөдөлдөө хүрсэн үү?Та эцэг, эхээ хэзээ хамгийн их баярлуулсан бэ?
- Таны аав, ээжийн захиасаас мартагддаггүй нь ямар үг байдаг вэ?
- Үлгэр дуурайл болгодог хүн тань хэн бэ. Яагаад?
- Таны хийсэн хамгийн бахархмаар зүйл юү вэ?
- Одоогоос 20 жилийн дараах өөрийгөө төсөөлнө үү?
- Алдаа бүхэн сургамж болдог. Өөрөөсөө ичиж, түүнээсээ ухаарал авсан туршлагаасаа ярина уу?
- Та хэр шударга хүн бэ. Хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүй хэлж чаддаг уу. Үүнээсээ болж буруутаж байв уу?
- Та хамгийн сүүлд хэзээ баярын нулимс унагав. Яагаад?
- Хүн насан туршдаа суралцдаг. Оройтсон ч гэсэн суралцахыг хүсэж буй зүйл тань юу вэ?
- Мэргэжил тань таныг ямар зөв дадал болон муу зуршилтай болгосон бэ?
- Та ажил мэргэжлээсээ өөр ямар зүйлийг гаргууд хийдэг бол?
- Амьдралдаа аз туршсан алхам хэр их хийдэг вэ. Таны хийсэн хамгийн “галзуу” үйлдэл юу байв?
- Цаг хугацааг ухраах боломж олдвол өөрчлөх, засахыг хүсдэг зүйл бий юү?
- Та нэг өдрийн төлөвлөсөн ажлаа хийж дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?
- Дуу дурсамж сэргээдэг гэдэг. Таны хамгийн дуртай дуу юу вэ. Энэ дууг сонсоход таны ямар дурсамж сэргэдэг вэ?
- Дэлгүүрт ороод ямар зүйл хамгийн их нүд унагадаг вэ?
- Та ямар төрлийн зүүдийг олон зүүдэлдэг вэ. Яагаад. Унаж байна, нисэж байна, эсвэл ямар нэг юм хайж байна гэх мэт.
- Танд нэг өдрийн турш өөр хэн нэгний биед “шургах” боломж олджээ. Та хэний амьдралаар нэг өдрийн
- турш амьдарч үзэхийг хүсэх вэ?
- Монголд байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнтэй газар олон. Таны сэтгэлд хоногшсон, очих дуртай ямар газар байдаг вэ?
Д.ОТГОНЖАРГАЛ: ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ БАЙХ ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ
- Хүүхэд байхдаа алдартай гэрэл зурагчин болохыг мөрөөддөг байлаа. Үзэсгэлэнгээ гаргаад, сэтгүүлчдэд ярилцлага өгч байна гэж төсөөлдөг байв. Гэтэл загвар зохион бүтээгч болчихсон. Гэхдээ харамсдаггүй. Утга санаа, төрөл ижил мэргэжил шүү дээ.
- Ээж, аавынхаа сэтгэлийг зовоохгүй, чилээхгүйг хичээж, үргэлж аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тэднийгээ үр хүүхдээрээ бахархаж амьдруулахын тулд үнэхээр их хичээдэг. Харин хэзээ хамгийн их баярласныг нь хэлж мэдэхгүй юм.
- Миний аав, ээж сайхан буурлууд бий. Хүн чанартай, шударга, тусч байхыг багаас минь л бидэнд хэлж өсгөсөн. Монгол ардын зүйр үг, уламжлал, ёсыг зааж сургасан. “Уруудахад унтах, идэх, мартах, өөдлөхөд санах, сэрэх, сэтгэх” гээд л эхэлнэ шүү дээ. “Хүнд муу санаж болохгүй. Хүнийг гомдоов” гэж үргэлж захидаг.
- Хүн хамгийн ойрын, эсвэл хүндэлдэг хүнээсээ үлгэрлэдэг байх. Би ч тэгдэг. Өөрт байхгүй зүйлээ бусдаас харж, суралцдаг хүмүүсийг үнэлдэг, хүндэлдэг.
- Миний бахархал бол бий болгосон гэр бүл минь. Хань, хоёр хүүхэд минь миний бахархал. Бас ажил мэргэжил, хамт олон, найзуудаараа бахархдаг.
- Бүх мөрөөдөл, ажил үйлсээ бүтээчихсэн, хор нь арилсан, нас тогтсон сайхан эмэгтэй болно. Өөрийгөө олон залуу загвар зохион бүтээгчдээр хүрээлүүлчихсэн, тэдэнд зөвлөгөө өгч сууна. Үхэн үхтлээ ажлаа хийнэ л гэж боддог.
- Хувцас загварын амтанд ороод, хэд хэдэн загвар зохиож үзээд “Өө амархан юм байна” гэж ахархан бодсон үе бий. Ангийнхаа охидтой урлан нээж, нэг гадаад эмэгтэйгээс нэг биш нэжгээд захиалга аваад, торгон цамц, өмд, хантааз хийж өгч билээ. Үнэхээр туршлага дутаж, нусаа хацартаа наан байж захиалгаа дуусгасан. Захиалагч бүсгүй инээмсэглээд маш эелдгээр “Та нарын юм хийх гэсэн хүслийг хүндэтгэж байна. Илүү хичээгээрэй. Гэхдээ өөр хүнд битгий ийм хувцас хийж өгөөрэй” гэж билээ. Үнэхээр их ичсэн. Тэр өдөр өөрийгөө голж, улам хөгжүүлэхийг ухаарсан.
- Шударга байж чадна. Харин шулуухан байж чаддаггүй. Хүнийг гомдох, эмзэглэх болов уу, яах бол гэж боддог, санаа зовдог. Ийм байлаа гээд буруутаад байдаггүй.
- Тийм ч сэтгэл хөдлөлтэй хүн биш ээ. Баярлаад уйлж үзээгүй л явна. Нулимс, сэтгэл хөдлөл хоёр маань жаахан хол юм болов уу.
- Гурван зүйлийг нэн яаралтай сурахыг хүсэж байна. Нэгт, хэлний мэдлэгээ сайжруулах, хоёрт, маркетинг, менежментийн талаар судлах, гуравт, дэлхийд алдартай Гэгээн Мартины нэрэмжит урлаг, дизайны сургуульд суралцах.
- Ажил, мэргэжил минь намайг илүү нягт нямбай, тэвчээртэй, цаг хугацаатай уралдаж ажиллах чадвартай, гярхай болгосон. Харин зожиг, ганцаардмал болгосон байж магад. Бас муухай хувцасласан хүмүүст дургүйцэх хандлагатай.
- Хоол, гэрийн ажлаа хэнээс ч дутахгүй хийчихнэ.
- Тэгтлээ галзуурч үзээгүй ээ. Маш хашир, жаахан хуучинсаг үзэлтэй хүн шүү дээ, би.
- Дэлхийг цочроосон коронавирусийн халдвар анх Хятадын Ухань хотын хүнсний захаас, тэр дундаа сарьсан багваахайгаас тархсан гэдэг байх аа. Тэгэхээр цаг хугацаагаар аялах боломж олдвол үүнийг л зогсоохыг оролдоно доо.
- Төлөвлөсөн ажлаа дуусгаад бушуухан л харихаар яардаг. Хэчнээн ядарсан ч гэрийнхээ хаалгаар ороод л тэр мэдрэмж үгүй болдог. Хайртай хүмүүс минь хүлээж байдаг учраас. Тэдэнтэйгээ байх хамгийн жаргалтай.
- “Guns’n roses” хамтлагийн “November rain” дууг хэд ч сонсоод уйддаггүй. Байнга л сонсдог болохоор миний амьдралын олон дурсамжтай салшгүй холбоотой.
- Дэлгүүрийн үнэртний тасагт дуртай, бас шуналтай. Хувцасны дэлгүүр хэсэх дургүй. Харин бөс бараа, материалын дэлгүүр хэсэх дуртай.
- Далавчтай болчихсон тэнгэрт нисэж байна гэж дандаа зүүдэлдэг.
- Хамгийн мундаг, дэлхийд алдартай брэндийн захирлын биед орж, ажлыг нь нэг өдөр хийж үзнэ.
- Очихыг хүсдэг олон газар бий. Өндөр уулын оройд гарч, юм бодож суух дуртай.
Г.ОТГОНЖАРГАЛ: ЭХ ХҮН БОЛСОН МИНЬ МИНИЙ БАХАРХАЛ
- Том зоогийн газрын эзэн болоод мөнгөтэй болохоороо орон гэргүй хүмүүст тусална гэж мөрөөддөг, түүнийгээ гэрийнхэндээ ярьдаг охин байлаа. Харин спортод дурласнаасаа хойш олимп, дэлхийн аварга болохыг мөрөөдсөн. Мөрөөдлийнхөө төлөө хичээж, араас нь гүйгээд л байна.
- Аав, ээж хоёр минь намайг тэмцээнд амжилт гаргах бүрт, амьдралд онох болгонд минь л маш их баярладаг
- “Гишгэсэн мөрөө харж бай. Алдаанаасаа суралц” гэж захидаг даа, аав, ээж минь. Захисныг нь мартахгүй амьдрахыг хичээдэг. Бас өөртөө итгэлтэй байхыг сургасан.
- Багадаа хоёр эгчээсээ үлгэр дуурайл авдаг байлаа. Хувцсаа цэвэрхэн өмсөх, хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандах гэх мэтчилэн. Одоо бол ганц хүн гэхээсээ илүү хүн болгоны сайн, сайхан чанар, зөв үйлдлээс суралцахыг хичээдэг.
- Эх хүн болсон минь миний хамгийн их бахархал. Бүхэл бүтэн хүн бүтээжээ. Хүүхдээ төрүүлээд зургаан сарын дараа бэлтгэлдээ орсон. Хүндхэн үеүдийг давсан байна.
- Мөрөөдөлдөө хүрчихсэн байхыг хүсэж байна. Амьдралын гоё сайхан бүхний эзэн, сайхан эмэгтэй, сайн эхнэр, ачлалтай охин, түшигтэй найз байна. Эмээ болчихсон ч байж магадгүй.
- Бэлтгэл хангалтгүй байснаас болж тэмцээнд хожигдох, түүнээсээ болж шантрах, өөртөө итгэлгүй болох үе байлаа. Гэхдээ даваад л гарсан. Цаашдаа ч давах болно. Дан ганц спортод ч биш, амьдралд жижиг ч бай, том ч бай бүх зүйлд хамгийн гол нь сайн бэлтгэх, төлөвлөх, гүйцэтгэх гэдгийг ойлгосон.
- Шударга хүн дээ. Хэлсэн байтугай хийгээгүй хэргийнхээ төлөө буруудах үе бишгүй.
- Их уйланхай. Сэтгэл хөдлөл ихтэй хүн. Сэтгэл өвтгөм зүйл хараад, эсвэл бодоод л уйлчихдаг. Сүүлд хэзээ уйлснаа санадаггүй ээ.
- Юуны түрүүнд гадаад хэлний мэдлэгээ сайжруулмаар байна. Болж өгвөл нэг хэлийг төгс эзэмшмээр байна. Суралцаад л явж байна даа.
- Өдөр тутмын бэлтгэлдээ сатаараад бусад ажилд жаахан хойрго, залхуу болчих гээд байна. Спорт хүнд олон зөв дадал суулгаж, сайхан зан чанар төлөвшүүлдэг. Аливаад тууштай хандахаас авхуулаад эрүүл чийрэг бие бялдартай болно. Тоочоод байвал зөндөө бий.
- Хоол болон бялуу хийх дуртай. Бас чамгүй зурчихдаг.
- Галзуу үйлдэл хийж байгаагүй ээ.
- Цаг хугацааг ухраах боломж олдсон ч ашиглахгүй ээ. Туулсан бүхэн, алдаа болгон минь намайг өмнөхөөс нэг шат илүү ахихад тусалсан байдаг болохоор.
- Тухайн өдрөөсөө хамаараад өөр өөр. Сайхан амрахыг урьтал болгох өдөр байхад гэр бүлийнхэнтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлмээр санагдах үе байна. Заримдаа найзуудтайгаа уулзаж буу халах дуртай.
- Олон дуунд дуртай. Шинэ жилийн тухай дуунууд сонсохоор жаргалтай дурсамжууд сэргэдэг. Зурагтаар Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэхийг сонсоод халуун ам бүлээрээ шинэ оноо угтаад л, айлууд салют буудуулаад л. Ер нь л шинэ жилийн баярын дуунуудад хайртай.
- Дэлгүүрт ороод спорт бараанд нүд унагадаг. Ихэнхдээ хувцас, цүнх сонирхчихсон л зогсдог юм.
- Уулнаас унаж байна гэж зүүдэлдэг байсан. Олон ч удаа зүүдэлсэн. Харин сүүлд зүүдлэхэд уулнаасаа унахгүй, авирдаг болсон байна билээ.
- Охиныхоо биед орж үзмээр санагддаг. Тэр жижигхэн биеийн хаанаас нь тийм их энерги гардгийг мэдмээр байна.
- Сүүлийн хоёр жил Монголоороо аялж байна. Би Дархан-Уул аймгийн Шарынгол сумынх. Сүүлийн үед нутагтаа л очмоор санагдаад байгаа.
Д.ОТГОНЖАРГАЛ: ЭЭЖИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛАХ САН ГЭЖ ХИЧЭЭЖ АМЬДАРДАГ
- Их л олон зүйл мөрөөддөг охин байлаа. Дэлхийгээр тойрон аялдаг хүн болно гэж мөрөөддөг байснаа огт мартдаггүй. Харин өсвөр насандаа дуучин болохыг хүсэж, түүнийгээ биелүүлсэн.
- Хорвоогийн хамгийн сайхан ээж, аавын отгон охин болж төрсөн минь юутай ч зүйрлэшгүй хувь тавилан, аз завшаан. Аавыгаа тэнгэрт одоход би зургаан настай байлаа. Баярлуулсан, эсэхээ мэдэхгүй юм. Би одоо ч ээжтэйгээ амьдардаг. Өсөж, том болох гэж бишгүй л зовоосон байх. Харин одоо бага ч болов ачийг нь хариулах сан гэж хичээж амьдардаг.
- “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг үгээр л сургасан даа. Ганц манайх биш, бүх л аав, ээжүүд хүүхдүүдээ хөдөлмөрч, үнэнч шударга хүн болгохыг хүсэж өсгөдөг байх.
- Ээжээсээ л хамгийн их үлгэрлэдэг дээ. Шулуун шударга, даруу зантай, зөөлөн сэтгэлтэй гээд гайхалтай зан чанартай хүн.
- Уран бүтээлээрээ дамжуулан өөрийгөө сонсогчдодоо, хамгийн гол нь ээждээ ойлгуулж, илэрхийлж байгаа минь бахархал. Шинэ уран бүтээл бүрээ хамгийн түрүүнд ээждээ сонсгоход баярлан, охиндоо урам хайрладаг.
- Яг энэ асуултыг 10 жилийн өмнө өөртөө тавьж байлаа. Хүсэл зорилго минь хэвээрээ, няцаж ухраагүй ч жаахан удааширсан нь үнэн. Дараагийн хорин жилд хийе бүтээе, түмэнд хүргэе гэж төлөвлөсөн уран бүтээлүүд бий. Түүнийгээ л хийхийн тулд хичээж байна. Хичээсээр ч байх болно.
- Алддаггүй хүн үгүй. Гол нь алдаанаасаа гэмшил, ухаарал, урам зориг, эрч хүч авдаг байх хэрэгтэй болов уу. Заримдаа өнгөрсөн болон одоогийн өөрийгөө харьцуулж боддог. Юутай ч харамсан гашуудахаар, өөрийгөө зүхэх хэмжээний алдаа гаргаагүй юм билээ. Харин уран бүтээлчийн хувьд эргэж ирэхгүй цаг хугацаа, боломжийг алдаад байх шиг санагддаг. Би өөрөө удаандуу хүн. Үүнийгээ засах гээд л хичээж явна.
- Шударга гэж хэлж чадна шүү. Үүнээсээ болж адлуулдаг л юм.
- Нулимс ойртой. Хамгийн сүүлд гэхэд л хэд хоногийн өмнө намайг сургаж, урлагт хөтөлж оруулсан Гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багш минь Ардын багш хэмээх хүндтэй цолоор энгэрээ мялаалгахад баярлаад уйлсан.
- Байлгүй яах вэ. Зөндөө бий. Өөр мэргэжил ч эзэмшмээр байна. Амьдралд өнгө будаг, амт нэмэх олон зүйл сурмаар байна.
- Цаг яс барьдаг болсон. Олон нийтийн өмнө гардаг учраас хаана ч биеэ маш зөв авч явах үүрэгтэй. Урлагийн хүнд мэдрэмж маш чухал. Хүмүүст энгийн мэт харагдах зүйлс бидэнд урам зориг, энерги өгөх нь бий. Бас сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож, олон нийтийг уриалахыг хичээдэг. Энэ нь зөв дадлыг өөртөө ч, бусдад ч түгээж байгаа хэлбэр гэж бодож байна.
- Хоол хийх, бас идэх дуртай. Ээж минь тогооч мэргэжилтэй. Хамт хоол хийх нь сайхан мэдрэмж төрүүлдэг.
- Ганцаараа аялдаг байлаа. Энэ нь зарим хүний хувьд галзуу үйлдэл байж болох юм. Дараа нь толгой эргэнэ гэдгээ мэдсээр байж паркийн экстрим тоглоомууд дээр тоглочихдог. “Шөнөжин айна шүү дээ” гэж бодон бодон аймшгийн кино үзчихдэг.
- Нялх биетэй байсан ч яаж ийж байгаад гадаадад сурч байсан сургуулиа төгсөөд, ажиллах байсан даа. Өөр зүйл байхгүй ээ.
- Шууд л зурагт хараад тухлаад суух, эсвэл санаа амар унтахыг л боддог. Эсвэл гэрийнхэнтэйгээ хөдөө явах, агаар салхинд гарна. Бас фитнест явах дуртай.
- “Амин үргэлжлэл”, “Хун галуу” дуундаа их дуртай. Одоогоор “Миний л ганцхан аав” дуундаа дурлаад байгаа. Энэ дуугаа дуулах, сонсоход аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжууд сэтгэлд тодордог.
- Хүнсний дэлгүүрт орвол элдэв төрлийн амттанд нүд унагадаг. Дэлгүүрт цэцгийн тасаг таарвал заавал саатдаг. Амьд цэцэгт их дуртай.
- Цэнгэг устай нуур юм уу, далайд сэлж байна гэж хүүхэд байхаасаа л зүүдэлсэн. Ямар ч айдас, аймшигтай зүйл байхгүй, өнгө өнгийн загастай, маш үзэсгэлэнтэйгээр. Одоо ч заримдаа зүүдэлдэг. Ямар учиртайг нь мэдэхгүй.
- Ээжийнхээ биед орж үзмээр байна. Энэ их тэсвэр тэвчээр, хүч зориг хаанаас нь, яаж ундарч гардгийг мэдрэх сэн.
- Монголын бүх аймагт аялан тоглолтоо хийсэн. Олон сайхан нутгаар аялж байлаа. Бүгд л сайхан. Гэхдээ тэдгээрээс хүй цөглөсөн нутаг минь болохоор Баянхонгор сэтгэлд илүү ойр. Дэндүү үзэсгэлэнтэй, тансаг нутаг даа.