Хөрс судлалын чиглэлээр 50 дахь жилдээ ажиллаж байгаа доктор Ж.Мандахбаяртай ярилцлаа. Хөрс судлаач, агрохимич мэргэжилтэй тэрбээр Монгол орны хөрсийг нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатайг онцоллоо. Гэсэн ч эрдэмтдэд төсөв хангалтгүйгээс судалгааны ажил төдийлөн урагшилдаггүй гэнэ. Түүнчлэн хөрс судлаач ховордож, эл салбар эзэнгүйдэхэд ойрхон байгааг хэлсэн юм.
-Та хөрс судлаач мэргэжлийг хаана эзэмшсэн бэ. Ямар чиглэлээр голчлон судалгаа хийж байна вэ?
-Би Москва хотын К.А.Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академийг 1971 онд төгсөж, хөрс судлаач, агрохимич мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөж, эх орондоо ирээд Улсын газар зохион байгуулалт, хайгуул, зураг төслийн институтэд хөрс судлаач инженерээр зургаан жил ажилласан юм. Үүний дараа 1978 оноос эхлэн ШУА-ийн Газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2006 онд тэтгэвэрт гарсан. Монгол, Зөвлөлтийн хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн хүрээнд манай улсын хамгийн халуун цэг, хамгийн том баянбүрд болох Эхийн голын хөрсийг судлах, зохистой ашиглах, хамгаалах зорилгоор 20 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтийг судалсан бүтээлээрээ газар зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэтгэвэрт гарснаасаа хойш байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийдэг хувийн хэвшлийн компаниудад шинжээчээр ажиллаж байна. Энэ ажил нь байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулдаг. Ихэвчлэн уул уурхайн эдэлбэр газар, улсын чанартай объектуудын хөрсний суурь судалгаа, хөрсөн бүрхэвчийн ашиглалт, нөхөн сэргээлтэд үнэлгээ хийдгээрээ онцлогтой.
-Монгол орны хөрсний хэдэн хувь нь элэгдэж, эвдэрсэн, эсвэл бохирдсоныг тогтоосон судалгааны дүн байдаг уу?
-Монгол Улсынхаа 18 аймаг, 200 орчим сумын нутгаар явж, хөрсөн бүрхэвчийн шинж чанар зэргийг танин мэдэж, судалсан. Манай оронд үржил шим ихтэй хөрс ховор. Хойд хэсгээс эхлээд урагшлах тусам хөрсний үржил шимт чанар багасаж, буурдаг. Урд хэсэг нь голдуу говь цөлийн шинж бүхий хөрстэй. Тиймээс газар нутгийн багахан хувийг эзэлж байгаа үржил шимтэй хөрсөө хамгаалах нь чухал. Судалгааны тухайд бол улсын хэмжээнд, бүх газар нутгийг хамруулсан нь бараг үгүй. Харин тариалангийн хөрсний судалгаа бий. Газар тариалан Монголд 1959 оноос эхлэн хөгжсөн. Түүнээс хойших 30 жилийн хугацаанд хөрсний үржил шимийн гол үзүүлэлт болох ялзмагийн агууламж 20-30 хувиар буурсан гэх судалгааны дүн бий. Манай орны хөрс ерөнхийдөө хөнгөн шинж чанартай. Хөнгөн хөрс нь ашиглалтын явцад үржил шим, бүтцээ амархан алдаж ус, салхины нөлөөгөөр элэгдэж, эвдэрдэг. Тухайлбал, манай орны хөрсөн бүрхэвч сүүлийн үед хүний үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэх нь ихэссэнээс гадна хөрсний бохирдол газар авлаа. Төр, засгаас үүнд анхаарч, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, судалгаа хийх ёстой.
-Судалгаа огт байдаггүй гэж ойлгож болох уу. Яагаад Монгол Улс хөрсөө нарийвчлан судлахгүй байна вэ?
-Газрын харилцаа, барилга, геодез, зураг зүйн газраас үйлдвэр, уурхайн талбайн хөрсний төлөв байдал, чанарын улсын хянан баталгаажуулалт хийдэг. Уг ажлыг таван жил тутам зохион байгуулж, газар ашиглалт хэрхэн өөрчлөгдсөнийг, эвдрэлийн зэргийг тодорхойлдог. Гэтэл энэ ажлыг хийх мэргэжлийн судлаач дутагдалтайгаас хөрсний чанарын өөрчлөлт, элэгдэл, эвдрэлийн түвшнийг нарийвчлан тогтооход хүндрэл учирч байна. Хянан баталгаажуулалт хийхэд хөрс судлаачид зайлшгүй оролцох шаардлагатай. Гэтэл тус байгууллагад одоогоор ийм мэргэжилтэн алга.
Харин Экологийн цагдаагийн алба байгуулсан нь маш зүйтэй гэж боддог. Яагаад гэвэл ухаад орхисон, “нинжа” нарын сүйтгэсэн газруудын хөрсөн бүрхэвчид учирсан хохирол, түүний үнэлгээг гаргаж, буруутай этгээдэд тус албаныхан хариуцлага тооцдог болсон. Үнэлгээний ажилд хөрс, ургамал судлаач, цаг уурчид оролцож, хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр тооцон гаргаж байгаа. Ингэснээр буруутай этгээдэд торгууль ногдуулах боломж бүрдсэн. Би уг судалгаанд оролцдог. Үүний үр дүнд бид тоо, судалгаатай болж эхэллээ. Өмнө нь бол ийм газар эвдэрчихэж гээд харж явахаас хэтэрдэггүй байв.
-Хөрсний бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Ялангуяа Улаанбаатарт нөхцөл байдал нэлээд хүндэрснийг иргэдээс авхуулаад холбогдох байгууллагынхан хүртэл ярьдаг. Гэхдээ бохирдол ямар түвшинд байгаа, хаана хамгийн их бохирдсон зэрэг нь тодорхой бус. Энэ чиглэлийн судалгааг нийслэлд хийж байна уу?
-Нийслэлд хөрсний бохирдол эрс ихэссэн. Бохирдол үүсгэгч гол хүчин зүйл нь нүхэн жорлон, хог хаягдал. Харамсалтай нь, манай улс үүнийг төдийлөн хайхардаггүй. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн залуучууд алаг цоог газарт судалгаа хийж эхэлсэн. Уг хүрээлэнгийн судлаачид гадаадын байгууллагынхантай хамтран гэр хорооллын хөрсний бохирдлын нэвчилт, тархалтын гүнийг тодорхойлох судалгааг хэд хэдэн газарт хийсэн. Хөрсний бүтэц, нягтшил зэрэг үзүүлэлтээс хамааран нянгийн бохирдол тархах гүн нь 4-9 метр байгааг уг судалгаагаар тогтоосон. Гэхдээ энэ нь хотын бүх газар нутгийг хамруулаагүй, хэсэгхэн талбайд хийсэн судалгаа. Олон хүн холхидог зах, худалдааны төв, орон сууцуудын хогийн цэг зэрэгт хөрсний бохирдол их байна. Үүнийг нарийвчлан судалж, арга хэмжээ авахгүй бол цаашид олон өвчний эх үүсвэр болно. Эхний ээлжид ийм судалгааг хот, аймгийн төвүүдийг хамруулж хийх ёстой. Цаашид таван жил тутам хөрсний бохирдлыг судалж, хэрхэн өөрчлөгдөж буйг тогтоосноор ямар арга хэмжээ авахаа тодорхойлох боломжтой. Өдгөө бохирдлын судалгаа хийж байгаа байгууллага гэвэл манай Газар зүй, геоэкологийн хүрээлэн, бас Нян судлалын хүрээлэн л байна. Гол асуудал нь өнөөх л хөрөнгө төсөв. Судлаачид газрыг гараараа ухахгүй шүү дээ. Өрөмдөх төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. Тэр нь багагүй үнэтэй. Энэ мэтээр судалгаа хийхэд хөрөнгө их шаардагддаг.
-Хөрс их хэмжээгээр бохирдсоныг судалж тогтоосны дараа бохирдлыг арилгах ямар арга, боломжууд байдаг вэ?
-Эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлын гол шалтгааныг тогтоож, нөлөөлөх хүчин зүйлүүд, авах арга хэмжээг тодорхойлдог. Судалгаанд үндэслэн, дүгнэлт гаргана гэсэн үг. Энэ бол ганц байгууллагын хүч хүрэх ажил биш. Олон талаасаа нэгдэж, байгаль орчны байгууллагууд хамтрах шаардлагатай. Бохирдол их байвал гүний усанд нөлөөлнө. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, аймгуудын удирдлага энэ асуудлыг нэн даруй анхааралдаа авч, шийдэх хэрэгтэй. Ингэхдээ судалгаанд үндэслэх нь зүйтэй. Эко жорлонтой болно гэж манайхан яриад байгаа. Тэгвэл үүнийгээ нэн даруй хэрэгжүүлж, иргэддээ хямд өртгөөр өгөх, бохирдсон газрыг эрүүлжүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
-Нийслэлд нүхэн жорлон, хог хаягдлаас шалтгаалсан бохирдол их байна. Тэгвэл орон нутагт нөхцөл байдал ямар байгаа бол?
-Уул уурхайн нөлөөгөөр хөрс маш их эвдэрч, доройтож байна. Жишээ нь, Заамарын хөндий. Тосон Заамар гэж нэрлэдэг маш сайхан хөндий байлаа. Гэтэл одоо хөрсийг нь эргүүлээд хаячихсан. Уг газар дахь уурхайнхан бүр Туул голын голдирлыг ч өөрчилж байлаа. Мөн Өвөрхангай аймаг дахь Өлтийн хөндийг нэрлэж болно. Бас Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант тосгон зэрэг алтны ордтой газрыг ухаад, тэр чигт нь хаясан. Дээр нь “нинжа” нар сүйтгэсэн. Архангай аймгийн Цэнхэрийн гол дагуух хөндийнүүд ч нүд халтирам боллоо. Харин энэ жилээс Сэлэнгийн Бугантынхан эвдэрсэн газруудыг орон нутгийн төсвөөр нөхөн сэргээж байгаа гэж дуулсан. Энэ бол маш зөв ажил.
Уул уурхай манай улсын нутаг дэвсгэрийн багахан хэсгийг эзэлдэг гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Хэдийгээр бага газар нутгийг эзэлдэг боловч тэдгээрт нь Монгол орны хамгийн үнэтэй, үржил шимтэй хөрс хамрагдсан байдаг. Жишээ нь, гол, нуурын эрэг дагасан, эсвэл уулын амны нуга, үржил шимт хөрстэй газруудыг уурхай болгочихсон тохиолдол элбэг. Түүнчлэн алтны “нинжа” нар олширсон нь хөрсний эвдрэлд ихээхэн нөлөөлсөн. Тэд дуртай газраа ухдаг. Харин сүүлийн үед жаахан “баригдаж” байх шиг. Өмнө нь хөрсийг замбараагүй ухаж гарган, овоолоод хаячихдаг байлаа. Ухаад, ил гаргачихсан хөрс ус, салхинд идэгдэн, үржил шим нь үгүй болдог. Харамсалтай нь, үүнийг нөхөн сэргээдэг газар бараг байхгүй. Зарим томоохон аж ахуйн нэгж, компани л стандартын дагуу нөхөн сэргээлт хийдэг болсон. Түүнийг нь БОАЖЯ-наас хянадаг.
-Та мэргэжлийн судлаачид дутагдалтай байгааг дурдсан. Хүний нөөц дутагдах болсон шалтгаан нь юу вэ. Залуус энэ мэргэжлийг сонгон суралцах нь багассан уу. Эсвэл манайд огт бэлтгэхгүй байгаа юу?
-Манайд хөрс судлаач-агрохимичээр ажиллах мэргэжлийн хүн дутагдалтай. Хойд хөршид мэргэжил эзэмшсэн хэд хэдэн хүн байдаг ч ихэнх нь гавьяаныхаа амралтыг авч, зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Аль аль газар эвдэрсэн талаар байгаль орчны холбогдох албаныхан гарын таван хуруу шигээ мэддэг байх ёстой. Үүний тулд судалгаа хэрэгтэй. Гэтэл судалгаа хийх гэхээр манай эрдэмтэд төсөвгүй, бас хүний нөөц дутагдалтай. МУИС, ХААИС-д цөөн мэргэжилтэн бэлтгэдэг. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгээс 2005 онд МУИС-ийн Газар зүй, экологийн тэнхимийг төгссөн 20 орчим оюутныг дадлагажуулан, ажиллуулснаар залгамж халаагаа бүрдүүлж байлаа. Гэтэл өдгөө тэднийг залгамжлах мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, тэр залуусаас хойш хөрс судлалын мэргэжлийг сонгож, бэлтгэгдсэн мэргэжилтэн тун ховор. Энэ байдлаараа бол судлаачдын залгамж тасрах нь.
Нэг жишээ дурдъя. Их хэмжээний шатахуун асгарсан осол өнгөрсөн жил гарсан. Ийм тохиолдолд газар дээр нь ажиллах хүмүүсийн нэг нь хөрс судлаач. Тухайн мэргэжилтэн хүнд металлын бохирдол хөрсөнд хэрхэн нөлөөлдгийг судлах чиглэлээр мэргэшсэн байх шаардлагатай. Ийм мэргэжилтэн манайд дутмаг. Энэ бол хөрс судлалын зөвхөн нэг л чиглэл. Нөгөө талаас бидний ажил лабораторитой салшгүй холбоотой. Бид хөрснөөс дээж аваад лабораторид шинжлүүлэх шаардлагатай. Гэтэл лабораторид ажиллах мэргэжлийн шинжээч ч ховор байна.
-Ийм лаборатори манайд хангалттай бий юү?
-Хөрсний хими, физик шинж чанарыг тодорхойлдог, мөн хөрсөнд хүнд металлын шинжилгээ хийдэг хэдхэн лаборатори бий.
Бэлтгэсэн: М.Оч