Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, улсын харцага О.Бахыт үндэсний болон чөлөөт бөхөөр хичээллэж,1980 онд Москвагийн олимпод оролцон, 1981 онд Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль зүүж, 1983, 1985, 1986 онд ДАШТ-д хүч сорьжээ. Тэрбээр өдгөө нутагтаа залгамж халаагаа бэлдэн, дасгалжуулагчаар ажилладаг.Түүний амжилт, их спортод оруулсан хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж, 2006 онд Гавьяат тамирчин цол олгож, Монголын үндэсний олимпын хорооны “Алтан очир”, “Олимпын алдар” одонгоор тус тус шагнасан юм. Түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.
…Улсын цол амархан ирдэг зүйл биш. Хөлс асгаруулж, хөдөлмөр зарцуулан, уйгагүй хичээж байж хүртдэг. Тиймээс би нутгийнхаа бөхчүүдэд хөдөлмөрч байхыг үргэлж зөвлөдөг. Бөхийн спортод амьдралаа зориулсан надад залууст заах зүйл бишгүй бий…
-Наадам хаяанд ирж, бөхчүүд бэлтгэлээ базааж эхэллээ. Нутгийн тань хүчтэнүүд энэ жил хаана гал болон нэгдэж гарав?
-Манай аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүд аймгийн арслан Х.Айдосын удирдлагад Тэрэлж дэх амралтын баазад наадмын бэлтгэлээ базаахаар гарсан. Би тэдэнтэй нутгаасаа холбогдож, зөвлөгөө өгч байгаа. Улаанбаатарыг жил бүр зорьж, бөхчүүдийнхээ бэлтгэлийг хийлгэж, наадамд барилдуулчихаад буцдаг юм. Энэ жил цар тахлын улмаас очиж амжсангүй. Тус дэвжээнээс Б.Баатарцол, Б.Серик, Н.Мустафа нар улсын начин цол хүртсэн. Энэ жилийн наадмаар аймгийн цолтнууд маань улсын цол хүртэж, магнай тэнийлгэх болов уу. Би энэ дэвжээг анх байгуулахад нь бөхчүүдээ ахлан бэлтгэлд гардаг байлаа.
-Таныг улсын цол хүртсэнээс хойш 35 жилийн дараа нутгаас тань улсын цолтон төрсөн гэл үү?
-Тийм ээ, нутгийнхан минь өнгөрсөн хугацаанд улсын цолтон төрчихөөсэй гэж олон жил хүлээсэн. Надаас хойш 35 жилийн дараа 2016 оны улсын баяр наадмаар Булган сумын харьяат Б.Баатарцол улсын харцага Ө.Даваабаатараар тав даван, улсын начин цол хүртэж, нутгийнхнаа баярлуулж байлаа. Түүнээс нэг жилийн дараа Улаанхус сумын уугуул Б.Серик улсын харцага Т.Баасанхүүгээр, өнгөрсөн жил Дэлүүн сумын харьяат Н.Мустафа улсын өсөх идэр начин Э.Энхбатаар тав давж, улсын начин цол хүртсэн. Тэднийг цол хүртээд ирэхэд нь хөгшин, залуугүй баяр хөөр болж хүлээн авсан. Манай бөхчүүд үндэсний бөхөөс гадна жүдо, самбо, курашаар барилдаж амжилт гаргаж яваа.
-Та олон жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “Баян-Өлгийгөөс улсын цолтон төрвөл онгоц бэлэглэсэн ч яадаг юм” хэмээн өгүүлснийг тань уншиж байлаа.
-Би тэр үед аймгийнхаа Биеийн тамир, спортын хорооны даргаар ажилладаг байсан юм. Улсын цол хүртсэн хүнд мотоцикл өгнө гэснийг нь “УАЗ-469” автомашин болгосон. Онгоц бэлэглэнэ гээгүй өгсөн ч яадаг юм гэж хэлсэн удаатай.
-Таныг улсын наадмын барилдаанд амлаж авдаг бөх ховор тул голдуу тунадаг байсан гэдэг юм билээ.
-Би 1981 онд улсын начин цол хүртсэнийхээ дараа Ардын хувьсгалын 61 жилийн ойн баяр наадамд зодоглож, зургаа давсан. Дөрвийн даваанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат Д.Багахүүтэй барилдав. Тэрбээр гурвын даваанд улсын аварга О.Балжиннямыг хаячихсан байлаа. Тавын даваанд Ховд аймгийн Алтай сумын уугуул А.Баатархүүтэй тунаж, зургаагийн даваанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Д.Дашжамцтай мөн л тунаж, өвдөг шороодуулаад Монгол Улсын харцага цол хүртсэн. Зааны даваанд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан М.Мөнгөнд унасан даа.
-1983 оны наадмын барилдаанд тав давж мөн л тунасан байдаг.
-Тэгсэн. Улсын наадмаар амлаж авсан бөх цөөн тул голдуу тунаж барилддаг байсан. Тунаа сайхан шүү дээ, хар, хоргүй барилддаг. Намайг өндөр, биерхүү болохоор бөхчүүд “Энэ янхигартай барилдах хэцүү” гээд амладаггүй байлаа. Тэр үед би чөлөөтөөр барилддаг тул зарим бөхөд тал таарахгүй, эвгүй барилдаантай хүндхэн учраа байсан юм болов уу. Надад нэг хөгжилтэй дурсамж байдаг юм. 1978 онд намайг наадмаар улсын цол хүртэх залуу бөхчүүдийн нэг гэж Б.Түвдэндорж аваргын ярьсныг сонсоод “Аварга намайг начин болно гэсэн юм чинь бололгүй яах вэ” гэж сэтгэл хөөрөөд болдоггүй ээ. Тэгээд Отгонтэнгэрт чөлөөт бөхийн ДАШТ-ий бэлтгэл хийж байснаа орхиж ирээд барилдлаа. Тэгсэн начин ч болж чадалгүй өвдөг шороодчихсон.
-Тэр үед чөлөөт бөхийн шигшээ багийнхаа тамирчидтай наадмын бэлтгэлд гардаг байв уу?
-Би тэр үед чөлөөт бөхийн улсын шигшээ багт тамирчин байсан. Дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Л.Сосорбурам, улсын заан Д.Амгаа зэрэг сайн барилддаг, шилдэг бөхтэй нэг гал болж, бэлтгэл базаадаг байв. Тэднээс гадна Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох аварга нарын галд ч гарна. Манай галын бөхчүүдээс жил бүр улсын цолтон төрдөг байлаа. Улсын аварга О.Балжиннямтай нэг галд гарсан тэр жил начин цол хүртэж байснаа мартдаггүй юм. Би О.Балжинням аварга, С.Хүрэлбаатар заан тэргүүтэй бөхтэй гал байгуулаад Баруунхараад ч гарсан удаа бий. Бидэнд тэр үед өнөөгийн бөхчүүд шиг амралтын газар, хоол хүнс нь бэлэн байсангүй. Өөрсдөө ээлжилж, хоол ундаа бэлдэж бэлтгэл, сургуулилалтаа хийж, амжилтын төлөө бор зүрхээр зүтгэдэг байлаа шүү дээ.
-Таныг үеийнхээ бөхчүүдээс улсын заан З.Дүвчинтэй дотно нөхөрлөдөг гэж сонссон.
-Үеийнхээ бөхчүүдтэй гэмгүй нөхөрлөж, унаж, давж ч явсан удаа олон. З.Дүвчин бид хоёр хөдөөнөөс ирээд танилцаж, нөхөрлөсөн. Улсын наадмын тавын даваанд хоёр ч удаа З.Дүвчинд унаж байлаа. Ө.Тулгаа, Р.Давааням, Д.Түвшин, Д.Багахүү, Ц.Улаанхүү, А.Баатархүү, Ж.Чулуун нар миний үеийнхэн. Бид тэр үед найраа гэж мэдэхгүй, өөрийн үнэн хүчээр барилдаж, улсын цолд хүрсэн. Надад алив ах нь, дүү минь гэж дэмжиж, ганц нэг даваа өгөх нутгийн бөх ч байгаагүй.
-Аймгийн наадамд тан шиг хамгийн олон түрүүлсэн бөх ховор байх аа?
-Аймгийн наадамд 10 удаа түрүүлж, улсын баяраар гурван удаа шөвгөрөхөд, өсөх идэр, улам өрнөх чимэг олгосон. Хамгийн сүүлд 2000 онд Баян-Өлгий аймгийн 60 жилийн ойн баяр наадмаар зодоглож, арав дахь удаагаа түрүүлсэн. Өмнө нь 1981 онд болсон үндэсний бөхийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд мөнгө, 1983 онд Монголын ард түмний VII спартакиадад барилдаж, хүрэл медаль хүртэж байв. Би сонирхолдоо хөтлөгдөж, зүгээр нэг барилдаж явсангүй. Залуу нас, амьдралаа их спортод харамгүй зориуллаа. Одоо ч өөрийнхөө залгамж халааг бэлдэж, нутгаасаа олон сайн хүчтэн төрүүлэхээр зорьж явна. Бөх хүн ёс жаягаа бодож жудагтай явахыг эрхэмлэдэг байх ёстой. Залуу бөхчүүдийг харж байхад улсын цолд хүртлээ бэлтгэл сайн хийхгүй юм. Улсын цол амархан ирдэг зүйл биш. Хөлс асгаруулж, хөдөлмөр зарцуулан, уйгагүй хичээж байж хүртдэг. Тиймээс би нутгийнхаа бөхчүүдэд хөдөлмөрч байхыг үргэлж зөвлөдөг. Бөхийн спортод амьдралаа зориулсан надад залууст заах зүйл бишгүй бий.
-Волейбол тоглодог байсан залууг дасгалжуулагч “буурал” Д.Гансүх багш бөхийн спорт руу урвуулсан гэсэн яриа байдаг, үнэн болов уу?
-Тийм ээ, би Улаанбаатар хотод ирээд Барилгын техникумд сурдаг байлаа. Өндөр нуруутай бөхчүүд нийгэмлэгээ төлөөлж, волейболын тэмцээнд оролцоно. 1982 онд залуучуудын УАШТ-д “Барилгачин” нийгэмлэгээс оролцож, багаараа хүрэл медаль хүртсэн. Багийнхаа тамирчдаас “Гарамгай довтлогч”-ийн шагнал хүртэж явлаа. Жүдо бөхийн дасгалжуулагч “буурал” хэмээх Д.Гансүх багш надад “Чамд багийн спорт хэрэггүй. Волейбол тоглосноос илүү бөхөөр хичээллэвэл амжилт гаргах ирээдүйтэй юм байна” гэж зөвлөсөн. Дараахан нь Төмөр замын техникумын 20 жилийн ойн баяр болж, чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулахад би 82 кг-ын жинд түрүүллээ. Тэр үед Д.Гансүх багш намайг хараад “Чи хойшдоо барилдсан нь дээр” гэж хэлээд Гавьяат дасгалжуулагч Л.Ням, З.Дүвчинтэй танилцуулж, чөлөөт бөх рүү урвуулсан. Би 1974, 1975 оны чөлөөт бөхийн УАШТ-д түрүүлж, улсын шигшээ багийн босгоор алхсан. 1980 онд Москвагийн олимпод +100 кг-д оролцож, 1981 онд Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль зүүж, 1983, 1985, 1986 онд ДАШТ-д хүч сорьсон. Үүнээс гадна Москвад болсон “Сайн санааны тоглолт”-д оролцож IV байр, “Интернациональ” тэмцээнд хошой алт, нэг мөнгө, Ах, дүү армиудын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай. УАШТ-ээс дөрвөн алт, 10 мөнгө, дөрвөн хүрэл хүртжээ.
-Та 1980 оны Цагаан сарын барилдаанаар бөхийн хорхойтнуудыг шуугиулсан тухайгаа яриач.
-Тэр барилдаанд 128 бөх барилдсан. Би улсын заан цолтой дөрвөн бөхийг өвдөг шороодуулж, наймд үлдэн бөхийн хорхойтнуудыг шуугиуллаа. Нэгийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, улсын заан Д.Хишигдорж, (тэр үед цэргийн заан цолтой байсан), хоёрын даваанд Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Ч.Амартүвшин, гурвын даваанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ё.Ишгэн, дөрвийн даваанд Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Д.Амгааг хаяж байлаа. Дараа жил нь үндэсний бөхийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд Д.Амгаа түрүүлж, би удаалан, Х.Баянмөнх аварга III байрт шалгарсан. 1983 онд Монголын ард түмний VII спартакиадын тойргийн барилдаанд 30 бөх барилдахад III байр эзэлсэн. Энэ мэтчилэн яривал надад медаль хүртсэн олон тэмцээн бий.
-Таны хүүхдүүд бөхөөр хичээллэдэг үү?
-Миний хүү Б.Бекжан аймгийн харцага цолтой. Кураш бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван хүрэл медаль хүртсэн. Одоо тамирчид бэлтгэн нутагтаа дасгалжуулагчаар ажилладаг. Тун удахгүй Токиогийн олимп болох нь. Монголчууд тамирчдаа амжилттай оролцоосой гэж хүлээж буй нь лавтай. Манай жүдо, чөлөөт бөхийн тамирчид олимпоос ганзага дүүрэн ирнэ гэдэгт би итгэж байгаа.