Бүтээлээрээ овоглож, дуудуулна гэдэг хэн бүхэнд олддоггүй тавилан. Зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнхийг олонх нь “Нохойн орон”-ы гэж тодотгоно. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалгаад удаагүй түүнтэй ярилцлаа.
-Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгох тухай мэдээг хаана, хэрхэн дуулав. Цахим хуудсандаа та “Надаас илүү хүүхдүүд минь баяртай байна” гэж бичсэн байсан. Хүүхдүүд тань нууцхан хүлээдэг байсан болов уу. Танд ямар санагдав?
-Би ихэнхдээ Налайхын “Городок” дахь гэртээ сууж бүтээлээ бичдэг л дээ. Гэтэл тавдугаар сарын 25-ны орой над руу Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдсан. Тэгээд шууд хот орж хоноод, маргааш нь хослолоо өмсөөд очсон. Гэнэтийн зүйл боллоо. Бельгийн найруулагч Петер Бросенстэй хамтарч баримтат уран сайхны гурамсан кино хийгээд, олон улсаас 23 шагнал авч байхдаа “Гавьяат болчих юм сан” гэж бодож л явсан. Гэхдээ сүүлийн үед энэ тухай огт бодоогүй. “Нохойн орон” кино хийгээд муу л нэртэй болсон хүн шүү дээ, би. Харин саяхан гурвууланг нь “Юнивишн”-д тавьсан. Одоогийн үзэгчид, залуус их өөр болжээ. Их ч үзсэн байна билээ.
-Нэрийнхээ өмнө “Гавьяат” гэж бичүүлэх, хэлүүлэх танд ямар санагдаж байна. Ялгаа мэдрэгдэх юм уу. Огт ялгаагүй юу?
-Онцын ялгаа байхгүй дээ. Харин хамгийн их гайхсан, бас баярласан зүйл бол хүмүүсийн хандлага. “Нүүр ном”-доо ганц зураг тавихад л 460 орчим сэтгэгдэл. Бүгд эерэг. “Аль эрт авах байсан хүн. Нүдээ олсон шагнал” гэх мэт. Энэ сайхан санагдсанаас гадна бас хариуцлага нэмэгдэж буйг мэдэрлээ.
-Ер нь та шагнал урамшуулал, цол, тэмдгийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Төрт улс байгаа цагт шилдгээ тодруулах ёстой л доо. Социализмын үед цол, тэмдэг учир утгатай, тэгээд ч даацтай байжээ. Би телевизэд сэтгүүлч байхдаа Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуайтай ярилцлага хийж байхад “1969 онд анх Гавьяат жүжигчин болчихоод шагналынхаа мөнгөн дээр хэдэн цаас нэмээд мотоцикл авч унаж байлаа” гэж ярьж байв. Тэгэхээр нэлээд “юм” өгдөг байж. Одоо ч түүний хаялга байдаг юм байна. Сар бүр 150 мянган төгрөг алдар гавьяаны нэмэгдэл гэж өгдөг аж. Бас Улсын хоёрдугаар төв эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлдэг юм байна. Би чинь улсад ажилласан жил хүрдэггүй, 180 мянган төгрөгийн л тэтгэвэртэй хүн шүү дээ. Төрийн хишиг багадахгүй л юм шиг.
-“Бичихээрээ би маш их аз жаргалтай болдог” гэж та Б.Ганчимэг сэтгүүлчтэй хийсэн ярилцлагадаа дурдсан байсан. Өөр юунаас та аз жаргалыг хамгийн их мэдэрдэг вэ?
-Аз жаргал гэдэг сэтгэл дотор л буй болдог зүйл шүү дээ. Дотор сэтгэл харанхуй бол гадна хэчнээн гэрэл байгаад ч эргэн тойрон харанхуй л гэсэн үг. Гэхдээ тэр нь гаднаас, хажуу ойр буй хүний байдлаас гээд олон зүйлээс шалтгаалах нь мэдээж. Хөгжим сонсоод би аз жаргалтай болдог. Бас сайхан ном уншаад, сайхан хүмүүстэй учраад, үр хүүхдээ хараад аз жаргалтай болдог доо. Гэхдээ бас л мөнх бус. Гэвч ихэнхдээ л аз жаргалтай байхыг эрмэлзэх нь ёс биз дээ. Хүн жаргах гэж л төрдөг байх. Зовох гэж биш.
-Таныхаар аз жаргал гэж юу юм бэ. Аз жаргалыг тодорхойлох боломжтой юу?
-Бараг л дээр хэлчих шиг боллоо. Хүн ер нь гав ганцаараа амьтан гэдгээ эхлээд сайтар ухаарах хэрэгтэй юм шиг. Аав, ээж, үр хүүхэд гэдэг өөрийн чинь цусан төрөл, үргэлжлэл ч гэлээ хүн бүр өөр. Тэгэхээр аз жаргал ч бас л өөр өөр байх шиг. Хүн ганцаараа ирж, ганцаараа л үхдэг. Хүн ихэнхдээ өөртөө илүү хайртай байдаг. Олон хүнтэй хамт авхуулсан зургаа үзэхэд эхлээд өөрийгөө л олж хардаг шүү дээ. Эго гэж үүнийг хэлдэг. Зовлонгийн эх үүсвэр нь “би” гэх тэр аминч үзэл юм шүү дээ. Гэвч эгогүй нэг ч хүн байхгүй. Миний зовлон бусдынхаас илүү гэж бодоод байвал та хэзээ ч аз жаргалыг амтлахгүй зовсоор л байх болно. Жишээ нь, уурлахад хамгийн эхний хохирогч нь та өөрөө биз дээ. Гэвч энэ бүхэн зүгээр нэг үгээр хэлчихээр болчихдог зүйл биш л дээ. Дотроо гэрэлтэй болохын тулд сайхан зүйл уншиж, сайхан кино үзэж, сайхан хөгжим сонсож, сайхан хүнтэй уулзаж, ер нь л өөрийгөө сайхнаар дүүргэх хэрэгтэй юм даа. Гэвч “нүүр ном”-оос эхлээд зовлонгийн, хэрүүл, хараалын сав хаа сайгүй. Тэр нь халдвартай гэж жигтэйхэн. Тэгээд л тэгш амгалан сэтгэлтэй болохын тулд бясалгалд шамддаг ч бас л сэтгэл гэгч дороо л хиртдэг эд юм. Ер нь аливаа сайхныг бүтээх, тогтоох их хэцүү ч нураах, сөнөөх, хиртээх шиг амархан зүйл гэж үгүй. Гэхдээ аз жаргалыг хуваах тусам үрждэг гэдгийг үргэлж санах хэрэгтэй.
-Зохиолч хүнээс ширээнийх нь номын талаар асуулгүй өнгөрч боломгүй. Хэний, ямар номыг ширээний ном болгож элээсэн бол?
-Зохиолч хүний нэг гол ажил бол унших. Дасгал сургуулилалт ч гэж хэлж болно. Би багадаа маш их уншдаг байлаа. Одоо ч уншдаг. Гэхдээ “Ийм юм уншиж байна” гээд жагсаах хаашаа ч юм. Номоос ном төрдөг гэж ч үнэн. Жишээ нь, би багадаа уншсан Мартин Ларингийн “Асуух нурууны бариач”-ийг “Непко” шинээр хэвлэснийг олж, дахин уншаад “Чөтгөрийн хотын тэмдэглэл” гэж бэсрэг ном бичээд, түүнийгээ баяжуулсаар бүр социализмын үеэс өнөөдөр хүртэлх түүхээ “Санкара”-д бичсэн. Үүнийг одоогийн залуус нэлээд уншиж байна. Номоос төрсөн ном гэж ойлгож болно. Ном их сонин эд шүү дээ. Зохиолч ганцаархнаа бичиж, уншигч мөн ганцаархнаа уншдаг болохоор маш аминч яриа. Сая номын баяраар хэдэн ном авсны дотор Мо Янийн хоёр номыг сөхөж үзсэн. Маш сайн номууд шиг санагдав. Гэхдээ бичиж буй зүйлтэйгээ хамааралтай номыг л сонгож уншдаг болоод удаж. Авчихсан мөртлөө уншаагүй ном олон бий.
-Та бичихэд цаг илүү зарцуулдаг уу, унших, судлахад илүүг зарцуулдаг уу?
-06.00 цагт сэрүүлэгтэй мэт л сэрдэг. Тэгээд кофе чанаж уучихаад бичих ажилдаа ордог. 10.00, заримдаа 12.00 цаг хүртэл бичдэг. 12.00 хүртэл зургаан цаг бичихэд их зүйл амжуулна. Тэгээд үдээс хойш ном унших, хөгжим сонсох, кино үзэх гэх мэтээр орой болгох нь бараг өдөр бүр. Маш их ном худалдаж авдаг. Ер нь би олсон мөнгөө ном, пянз хоёрт л үрдэг хүн. Пянз бол их үнэтэй хобби шүү дээ. Нэг пянз доод тал нь 40 мянган төгрөг, дээд тал нь зуу, хоёр зуун мянга гээд явж өгнө. Бас пянз тоглуулагч, өсгөгч их үнэтэй. Гэхдээ түүгээр нь л сонсохгүй бол пянзны хэрэг гэж байхгүй, интернэтээр дүүрэн үнэгүй хөгжим байхад шүү. Гэхдээ пянз хамгийн “амьд” дуугардаг учир дэлхий дахинд эргээд ирлээ дээ.
-Та сүүлийн үед “Хөрөнгөтэй бол кино хийх сэн” гэж их ярьж, бичих болсныг анзаарлаа. Яг одоо танд кино болгочихоор хэдэн зохиол байгаа вэ. Ямар сэдэвтэй, ямар төрлийн зохиолууд бол?
-Би уг нь зөвхөн киноны л зохиол бичиж байгаад сүүлдээ ном руу “орчихсон” хүн шүү дээ. Одоо ч биччихсэн олон кино зохиол шүүгээнд байж л байна. Кино нэлээд өндөр өртөгтэй. Гадаад, дотоодод зураг авах шаардлагатай. Ноднин л гэхэд сэтгүүлчийн тухай нэг ч кино байдаггүйг мэдээд “Галаар наадсан залуу” гэж 16 анги кино зохиол бичээд, Ж.Сэнгэдорж найруулах болоод байтал мөн л мөнгөгүйгээс болоод таг гацсан. Зохиол одоо ч бэлэн л байна. Ийм зохиол нэлээд олон байгаа ч яах учраа олохгүй л юм даа. Кино их үнэтэй урлаг. Манайхан яах вэ дээ, мөнгөгүй ядуу учир 100-200 сая төгрөгөөр л нэг “юм” хийчихдэг. Кинонд яаж ийж байгаад л 100 хүн оролцдог. Нэг хүнд таван сая гэхэд л 500 сая төгрөг болно доо. Тийм болохоор л би кино гэхээр яс хавталздаг болж. Ном бичихэд мөнгө хэрэггүй шүү дээ. Хэвлэлийн зардал 3-10 сая төгрөг л биз. Киноны хажууд задгай мөнгө учир ном руу “орчихсон” гэхэд болно.
-“Кино бол дэлхийн хамгийн азгүй урлаг. Яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай” гэсэн А.Тарковскийн үгийг та эшлэх дуртай юм билээ. Манайд таны кинонд хөрөнгө оруулах бизнесмен, продюсер алга уу. Эсвэл та өөрөө тоохгүй байна уу?
-Би тоолгүй яах вэ. Гэхдээ хямдхан кино бол бичихгүй ээ. Нэрийн хор. Маш хямдхан төсвөөр маш хямдхан л кино хийнэ. Тэгээд манай үзэгчдийн бүтэн үе хошин шогоор хүмүүжиж, инээх гэж кино үздэг болж. За тэгээд манай улс цөөн хүн амтай. Хэдэн кинотеатртай билээ. Гадаадынхантай л хамтарч кино хийвэл ашиг орлого, нэр алдар олж болно. Гэвч биднийг тоож ирэх гадаадынхан ховор гэдэг үнэн шүү дээ. Тэгээд ч кино олон хүний хөдөлмөр. Ж.Сэнгэдоржтой л хамтрах юм даа. “Нарны өнгө” гэж хүүхдийн кино, “Бодлын хулгайч”, “Лардьма” гэсэн гурван бүтээл хамтарч хийсэн.
-Та олон улсын өндөр зэрэглэлийн наадмаас 20 гаруй шагнал авсан кино хийсэн. Бас олон улсад 250 орчим салбартай алдартай хэвлэлийн компаниар номоо гаргуулчихлаа. Одоо юу хийхээр төлөвлөж байна вэ. Бас уран бүтээлчдэд ямар босго тавих гэж байна?
-Яах вэ, би азтай л хүн шиг байгаа юм. Бельгийн Хаант Улсын нэг найруулагч найзтайгаа гурван кино хийсний нэг нь л гэхэд олон улсаас 23 шагнал, бусад нь бас хэд хэдийг авсан. Ном бичдэг болсон чинь хоёр бүтээлийг минь “Пингвин рэндом хаус” гэж АНУ, Британи, Германы хамтарсан, бүр 1800 оноос угшилтай домогт хэвлэлийн компани тоогоод хэвлэчихлээ. “Санкара”-г энэ жил хэвлүүлнэ. Тэгэхээр би зөвхөн бичих, бичсэнээ англи хэлэнд хөрвүүлээд, тэдэнд явуулах л ажилтай болж байгаа хэрэг. “Пингвин рэндом хаус”-ынхан засна, эх бэлтгэнэ, хэвлэнэ, хадгална, тээвэрлэнэ, тэгээд дэлхий дахинд номын дэлгүүрээр зарна. Номын үнийн 10 хувь надад ирнэ. Маш шударга. Гадаадынхантай хамтран ганц нэг кино төсөл хэрэгжүүлэхээр ярьж байсан ч дэлхий даяар цар тахал гээд ажил таг зогссон. Номд ч энэ нөлөөлж байна.
-Ингэж асууж байгаад уучлаарай. Өөрийн бүтээлээс гадна захиалгаар зохиол бичсэн учраас ингээд асуучихлаа. Бичих нь таны дуртай ажил уу, мөнгө олох хэрэгсэл үү?
-Өөр надад чадах юм байхгүй шүү дээ. Ганц нэг хүний номыг хөлс авч бичиж байсан. Оюуны хөдөлмөрийг үнэлдэг хүмүүс манайд цөөн ч гэсэн бий. Ном бичих гэдэг маш их гар ажиллагаа. Үг, үсэг бүрийг гараар л бичдэг. Микрофон бариад, камер тавиад бичих арга үгүй юм чинь. Ч.Лодойдамба гуай “Тунгалаг Тамир” романаа 20 жил бичсэн юм гэнэ билээ. “Санкара”-г ч би барьж, тавьсаар таван жил орчмын дараа дуусгаж, хэвлүүлсэн. Нэг их чөмгөө дундартал ажилладаг гэж ялархаад яах вэ. Дундрах чөмөгтэй ч бил үү, үгүй ч бил үү. Гэхдээ амархан, хүн бүр хийчихдэг ажил угаасаа биш. Харин нэг зүйлийг ярихад Д.Дорлигжавыг би эртнээс таних учир номыг нь бичсэн юм. Яг тэр номыг бичиж байх үед Тордайн Ганболдтой уулзаж “Чи амьдралаа үнэнээр нь яривал номыг чинь бичиж болох юм. Залуу хүн мөртлөө ийм их амжилттай яваа чинь бусдад үлгэр болмоор” гэсэн. Тэгтэл их л баяртай хүлээж аваад “Одоо та хэнийг бичиж байна” гэхээр нь “Дорлигжавыг” гэтэл царай нь барайгаад, гэнэт өөр болчихсон. Тэгээд л өнгөрсөн. Тэгэхэд тэр юу ч хэлээгүй юм шүү дээ. Гэтэл хоёр жилийн дараа байх аа, тэр хоёрын хооронд асуудал үүсээд бөөн хэл ам болж, би олон нийтийн сүлжээгээр “алуулдаг” юм байна. Яг юу болсныг би одоо ч ойлгодоггүй. Хүмүүс номыг уншаагүй хэрнээ “Төрийн хүн л бол хог” гэдэг учир над руу л баахан дайрсан. Тэр ном бол Дорлигжавыг өөрөөр нь бараг яриулаагүй, хамт ажиллаж байсан хүмүүсээр нь яриулж, бичсэн бүтээл юм. Д.Бямбасүрэн гуайгаас эхлээд олон лут хүн ярьсан байгаа. Ном бичээд буруутан болохыг бас үзлээ.
-Ингэхэд онгодыг та юутай зүйрлэх вэ. Ямар үед онгод “ирдэг” юм бол. Онгод хөглөх Муза гэж байдаг уу. Байдаг бол таны Муза хэн, юу вэ?
-Онгод гэж байна аа. Дээр би хэлсэн дээ, номоос ном төрдөг гэж. Тэр зохиолчийн онгод, түүний сүнслэг чанар халддаг болов уу гэж би боддог. Далд ухамсрын түвшинд болж буй зүйлийг бид ил ухамсраар ойлгохгүй л дээ. Янз бүр. Сайхан хүнтэй ярьж хуучлах, сайхан хөгжим сонсох, хайр гээд л их олон зүйлээс ирдэг зүйл шиг. Миний бодлоор бол далд ухамсарт байсан нэг далд файл л нээгдчихдэг юм шиг. Түүнийг юу ч нээж болно л доо. Авьяас гэдэг нь дадал гэсэн самгард үг. Тэр дадал л сэрчихийг онгод гээд байх шиг.
-Тэгвэл хайр гэж таныхаар юу юм бэ?
-Хайр гэдэг бараг л бууж өгөх юм болов уу. Хайртай хүндээ бууж өгөх. Үр хүүхдийнхээ ямар ч бурууг бид уучилж, түүнийхээ өмнө сэтгэлээрээ бууж өгдөг шүү дээ. Өөрийнхөө “би” гэх эгогоо давж, хайртай хүндээ бууж өгөх. Ялах, дийлэх гэдэгт хайр байхгүй байх.
-Та даруухан хүн үү, даруухан байх гэж хичээдэг хүн үү?
-Сагсуу явсан үе байлгүй яах вэ. Зурагтын од болчихоод л сагсуурч явсан үе бий. Одоо бол хийсэн зүйл минь л миний өмнөөс ярих учир хий сагсуураад яах билээ л гэж бодох болж. Залуудаа даруу бус байгаад, одоо даруу болж яваа ч гэмээр юм уу. Бичих гэдэг их аминч яриа гэж түрүүн хэлсэн дээ. Ярих гэсэн зүйлээ номоор хэлчихэж байгаа болохоор хий сагсуурах хэрэггүй л дээ. Тэгээд ч номыг уншдаг хүмүүс нь л уншдаг болохоор бүр ч зүгээр. “Үхэр чихрийн амт мэдэхгүй” гэдэг үг бий шүү дээ.
-“Харанга”, “Хар сарнай”, “Камертон” хамтлаг, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа гээд таны шүлгээс бүтсэн дууг “амилуулсан” олон уран бүтээлч бий. Харин сүүлийн үед энэ төрлийн уран бүтээлээ тоохоо больчихсон юм уу?
-Яалаа гэж. Тоож байгаа шүү дээ. “A sound” хамтлагийн Ц.Тэмүүлэнтэй хамтраад “Цонхон дээр суусан ялаа” гэж концепт цомог бүтээсэн. Түүнийгээ цомог, бас пянзаар ч гаргалаа. Том Жагаа (Гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан), Хоовон (Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр), Б.Долгион, Н.Халиун гээд олон хөгжмийн зохиолчтой хамтран шинэ дуу хийсээр л байгаа. Нэг их зарлаад байдаггүй л болохоос биш дууны үгээ хэзээ ч орхихгүй. Надад бараг 50 орчим дуу бий. Ихэнх нь хит.
-Сүүлийн жилүүдэд МҮОНТ-тэй холбоотой шүүмжлэлтэй асуудал тасрахаа байлаа. Та уг газраас угшилтай хүн байх аа. Хамгийн сүүлд хэзээ тус байгууллагаар “шагайв”. Таны ажиллаж асан үеийнхээс хэр өөр болж вэ?
-Дээр өгүүлсэн “Галаар наадсан залуу” гэж цувралыг Л.Нинжжамц бичүүлсэн юм. Гэтэл өнөөх маань “уначихсан”. Тэгээд л таг. Шинэ даргад уг нь зохиолоо явуулсан. Хариу алга л байна. МҮОНТ бол бүх телевизийн эцэг. Би маш их хайртай. Гэхдээ одоо ч “Лир ван” шиг л болж дээ. Хамаг хүүхэд нь яваад, эргээд эцгээ алдаг шиг. Миний бодлоор бол бусад бүх телевизээс сайн контентыг нь худалдаж аваад, дайджест цоморлог шиг л цацвал болох газар гэж боддог. Гэхдээ хэцүү л дээ, 800 ажилтантай байх аа. Уг нь броадкаст гэдгээ л түрүүлж бариад хамаг сайн нэвтрүүлгийг дамжуулдаг баймаар. Мэдээж өөрсдөө юм хийнэ, гэхдээ тэр нь 30-40 хувь байвал болмоор санагддаг. Одоо олдвол өлдөнө гэдэг болоод байна. Телевизүүд бүгд хэцүү, ихэнх нь амиа яая гэж байгааг сайн мэднэ. Ер нь манайд бие биеэ дуурайдаг зан асар их ажээ. Ийм цөөн хүнд тийм олон адил юм байх нь бие биеэ л баллахаас өөр замгүй.
-Ингэхэд кино ч тэр, ном ч тэр. Ямар бүтээлийг сайн гэх вэ. Сайн гэдэг үнэлгээг хэн, хэрхэн өгдөг юм бэ. Таны хувьд хамгийн сайн бүтээл юү вэ?
-Энэ маш ээдрээтэй. Зарим нь “Бестселлер гэдэг хамгийн муу. Жинхэнэ бүтээлийг хэзээ ч нийтээр хүлээн зөвшөөрдөггүй” гэх. Гэтэл зарим нь “Олныг л хамрах сайны үлгэр. Уншигч, үзэгч л хаан” гэх. Ер нь кино ч тэр, ном ч тэр хүний сэтгэл рүү л чиглэдэг. Надад маш олон шүтдэг кино найруулагч, зохиолч бий. А.Тарковскийгоос эхлээд ихэнх нь андерграунд маягийн, арт чиглэлийн кино, бас ном. “Нетфликс” гэх мэт бол нийтэд таалагдах арилжааны шинжтэй бүтээл байхад ОХУ-ын “Кино пойск” сайтад бол жинхэнэ кино шиг бүтээл дүүрэн байх жишээтэй. Би зөвхөн тэндээс л дэлхий дахины киног үздэг.
-Яг одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Нэг зэрэг олон санаа барьж эхлүүлдэг үү, нэгийгээ дуусгачихаад дараагийнхыгаа эхэлдэг үү. Ер нь таны ажиллах, тэр дундаа бичих арга барил ямар вэ?
-Бичмээр санаа, зарим номыг уншихаар гэнэт бодол ороод ирвэл тэмдэглэдэг. Гэхдээ мэдээж зэрэг бичнэ гэж үгүй. Нэгийг дуусгаад нөгөө рүү ордог. “Анод” банкны эзэн асан Н.Даваагийн амьдралаар “Монголоо гэдэг эрхэм” номоо өчигдөр хэвлэлтэд шилжүүллээ. “Түмний нэг” гэж хөрөг цуврал анх “Санкара”-гаар эхлээд Х.Баттулга гээд үргэлжилж байгаа. “Хүүсэр” (“Rootless”) гэж нэг роман дуусгасан. Одоо англи хэлээр орчуулуулж байна. “Пингвин рэндом хаус”-т ирэх жилээс “сойх” санаатай. Гэхдээ одоо надад муу бичих эрх байхгүй. Гадаадад Turu Khan гэдэг нэрээр гарч байгаа. Марк Твен, Жорж Санд, Майн Рийд гээд бараг дэлхийн зохиолчдын 90 хувь нь бичгийн нэртэй шүү дээ. Аав минь надад хаан учир ингэж бодож олсон.
-“Городок”-т гэр-урлантай гэсэн. Тааваараа туурвих гэж тэр байх. Гэхдээ бас “нуугддаг” газар гээд хэлчихэд буруудахгүй байх, тийм үү?
-Нуугдах ч юу байх вэ. Бичдэг хүнд хот орох шаардлага маш бага. Энд хурдан интернэт байна. Одоо ч тэгээд цахимаар л хүмүүстэй ярьж, харилцдаг болж дээ.
-Нээрэн, түүхэн гурамсан романаа бичихдээ та Лигдэн, Эсэн тайш, Тогоонтөмөр нарын бага хаадын талаар судалгаа нэлээд хийсэн гэсэн. Олонхынх нь тухай түүхэн баримт, эх сурвалж байдаг ч алтан ургийн сүүлчийн хаан Лигдэнгийн талаар бараг байдаггүй. Энэ хүний талаарх судалгааг хэрхэн хийсэн бэ. Түүнтэй холбоотой ямар сонирхолтой баримт олж мэдэв?
-Ч.Содбилэг гэж шавьтайгаа хамтарч бичсэн. Тэрбээр хятад хэлтэй учир эх сурвалж ихийг олж өгсөн гэх үү дээ. Гэхдээ зүгээр нэг түүхэн роман биш, одоо цагтай холбож бичих гэсэн оролдлого. Тогоонтөмөрийн тухай маш их баримт байдаг юм билээ. Тэгж байгаад гуравдугаар дэвтэр лүү орох бодолтой. Ер нь алсдаа энэ гурваа нэгтгээд нэг роман болгох санаа байгаа. Манай ДУДС-ийн захирал асан, Ардын зураач Д.Амгалан багш “Уран бүтээлч хүнд гурван чанар чухал. Нэгт, уран сэтгэмж. Хоёрт, нягт нямбай ажиллагаа. Гуравт, тэсвэр хатуужил” гэж сургадаг байсан юм. Бидэнд тэсвэр хатуужил их дутдаг шиг. Яаран хэвлүүлэх гээд л, яаран олонд дэлгэх гээд л. “Тунгалаг Тамир”-ыг 20 жил бичсэн гэхээр Ч.Лодойдамба гуай ямар их тэсвэр хатуужилтай байсан байх вэ.