Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн эрхлэгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн, эдийн засгийн ухааны доктор Л.Ариунаатай ярилцлаа.
-Цар тахал намжихад дэлхийн эдийн засаг V хэлбэрээр буюу шууд уналтаас огцом өгсөх замаар сайжирна гэж зарим хүн үзэж буй. Ийм өсөлт манай улсад ч анзаарагдаж, сэргэх төлөв бий юү?
-Цар тахлын дараа эдийн засаг огцом өсөх магадлалтай. Учир нь тахлын цочрол, хүнд нөхцөл байдалд орсон нь хүн төрөлхтнийг амьдралын хэв маяг, бизнесийн төлөвлөгөөгөө өөрчлөх шахалтад оруулсан. Тэгэхээр бизнес эрхлэгчид шинэ нөхцөлд тогтвортой оршихын тулд үйл ажиллагаандаа инновац нэвтрүүлэх шаардлага үүснэ. Ингэснээр бүтээмж нь огцом ахин, V хэлбэрээр өсөх боломжтой гэж шинжээчид таамаглаж буй. “McKinsey global institute”-ээс эдийн засгийн найман салбарын бүтээмжийн 2024 он хүртэлх чиг хандлагыг судлан, саяхан тайлагнасан. Үүнд хөдөлмөрийн бүтээмж жилд нэг хувиар нэмэгдэх буюу нэг хүнд ногдох ДНБ 1500-3500 ам.доллароор өсөхийг дурдлаа. Гэхдээ үүний тулд хоёр нөхцөл бүрдэх ёстой. Нэгдүгээрт, нийлүүлэлт талдаа инновацад тулгуурласан бүтцийн өөрчлөлт хийвэл зохино. Ялангуяа нийт эдийн засгийн бүтээмжид нөлөөлөхүйц салбарт инновац нэвтрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, цар тахлын улмаас хойшлогдсон худалдан авалтууд хязгаарлалт цуцлагдсаны дараа огцом өсөн, цаашид хэсэг хугацаанд тогтвортой байх таамаг бий. Тиймээс аж ахуйн нэгжүүд бүтээмжээ дээшлүүлж, эрэлтийг хангахуйц нөхцөл бүрдүүлэхийг төлөвлөхийг олон улсын шинжээчид онцолж байна. Эрэлтийг хангахуйц борлуулалт үүсэхгүй бол компаниудад менежментийн шинэчлэл хийх санаачилга, сонирхол төрөхгүй гэсэн үг. Тэгэхээр дээрх хоёр нөхцөлийг бүрдүүлж чадсан цөөн улс, бүс нутаг, аж ахуйн нэгж бүтээмжийнхээ өсөлтөөс үр шим хүртэх нөхцөл үүсэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, хөгжлийн тэгш бус байдал, амьжиргааны ялгаа эрс нэмэгдэн, улмаар ажилгүйдэл өсөх эрсдэлтэй гэсэн үг.
-Ажилгүйдэл өсөн, амьжиргааны ялгаа болон хөгжлийн тэгш бус байдал үүсэх эрсдэлтэй гэлээ. Ийм нөхцөл байдлыг манай улс аль болох хохирол багатай даван туулахын тулд юу хийх ёстой вэ?
-Судлаачид цар тахлыг эдийн засагт дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том хямрал учрууллаа гэж тодорхойлсон. Хорио цээрийн дэглэм тогтоосноор нэг талдаа үйлдвэр, үйлчилгээний салбарынхны үйл ажиллагаа хязгаарлагдан, тодорхойгүй хугацаагаар хаагдсанаар бүтээмж нь буурлаа. Хүмүүс хагас цагаар ажиллах, цалингүй чөлөөлөгдөх, цомхотголд орсон зэргээс болж орлогогүй боллоо. Манай улсын хувьд Засгийн газраас “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлж эхэлсэн. Ингэж зээл олгох нь эрэлт, нийлүүлэлтийг бууруулахгүй байлгахад тодорхой хэмжээгээр дэмжлэг болно. Нөгөөтээгүүр, эрэлтийг тодорхой түвшинд байлгах нь зөвхөн төрийн үүрэг биш юм. Бизнесийн байгууллагууд инновацад суурилсан бүтээмжийн өсөлтийг бий болгож, улмаар дундаж цалин нэмэгдэн, эргээд худалдан авалтаа дэмжих байдлаар эдийн засгийн эргэлт үүсэн, ахиц гарна гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд, компаниудад бүтээмжээ өсгөхөд чиглэсэн инновац, менежментийн шинэчлэл хийхийг эрмэлзэн, шаардлагатай хөрөнгө оруулбал ажил эрхлэлт, ажилтнуудын орлого дээшилнэ.
-Коронавирусийн тархалтын энэ үед хөнгөн үйлдвэр болон аялал жуулчлал зэрэг салбарынхан хамгийн их алдагдалтай ажиллан, богино хугацаанд сэргэх найдваргүй боллоо. Гэтэл үйлчилгээ, хөнгөн үйлдвэрийн салбар ажлын байр олноор бий болгон, ялангуяа эмэгтэйчүүдэд орлого олох суваг болдог. Эл салбарынхны ирээдүй, хямралаас гарах арга юу бол?
-Цар тахалтай тэмцэх гол арга нь хөл хорио тогтоох. Гэхдээ эрэлт огцом буурч, нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал бий болсон. Удаан хугацаагаар хатуу хөл хорьсноор үйлдвэрүүд хаагдсан, агаарын нислэгүүдийг зогсоосон зэргээс үүдэн эдийн засаг сэргэхэд нэлээд хугацаа зарцуулна. Аж ахуйн нэгжүүд нэгэнт тасалдсан нийлүүлэлтийн сүлжээг шинэчлэн зохион байгуулах, ажиллах хүчээ дахин хуваарилах зэргээр бүх зүйлийг шинээр эхлэхтэй адил нөхцөлд хүрлээ. Юуны түрүүнд, боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг бодлогоор дэмжих шаардлага тулгарлаа. Мөн эдийн засгийн өсөлтийг бий болгох хөдөлгөгч хүч бол хөрөнгө оруулалт юм. Тиймээс Засгийн газар хөрөнгө оруулалтыг дэмжих, идэвхжүүлэх хууль, дүрэм, журмаа шинэчлэх хэрэгтэй. Жишээлбэл, хүрээлэн буй орчинд ээлтэй (ногоон) хөрөнгө оруулалтыг дэмжин, газар өмчлөл, орон сууцын зах зээлийн зохицуулалтаа эргэн харж, уг зах зээлд гадаадаас хөрөнгө оруулах нөхцөл бүрдүүлбэл зохино. Түүнчлэн Засгийн газар төсвийн хөрөнгийг зөв удирдан, санхүүгийн сахилга батаа сайжруулах хэрэгтэй.
-Төрөөс коронавирусийн тархалтын нийгэм, эдийн засагт учруулж байгаа сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй бодлогын үр дүнг хэрхэн харж байна вэ. Барьцаа хөрөнгөгүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнестэй иргэд зээл авч чадахгүй байх нь цөөнгүй. Гэтэл цар тахлын хязгаарлалтын улмаас хамгийн их хохирч буй хэсэг бол жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгчид. Ийм дундаж давхаргынхны амьжиргааг дээшлүүлэх талаар юу хийвэл зохих вэ?
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах нь дэлхий нийтийн хувьд шинэ сорилт боллоо. Эдийн засгаа дэмжих цогц бодлогын хүрээнд эрэлт талдаа өрхийн хэрэглээг дэмжих ач холбогдолтой хүнсний хангамж, ажилгүйдлийн тэтгэмж, нийлүүлэлт талдаа аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг нөхөх санхүүгийн дэмжлэг үзүүлж, татвар хойшлуулах, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээ авч байна. Цаашилбал, банк санхүүгийн тогтолцоо хэвийн ажиллаж, зээлийн урсгалыг тогтвортой байлгах нь чухал. Засгийн газрын “Эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц хөтөлбөр” цагаа олсон, зөв арга хэмжээ. Одоогоор үр дүнгийнх нь талаар хэлэхэд эрт. Мэдээж эдийн засаг сэргэхэд тодорхой хэмжээнд дэм болно. Аливаа бодлого, шийдвэрийн үр дүн нь хэр сайн хэрэгжүүлэхээс хамаардаг. Одоо хэрэгжүүлж байгаа журам, зээлийн шаардлага зэргээс харахад томоохон аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой, эргэлтийн хөрөнгөөр хангахад түлхүү анхаарчээ. Харин инновац нэвтрүүлэх, шинэ бизнес эхлүүлэх зэрэгт бараг анхаараагүй аж. Тэгэхээр том, жижиг компани, бизнес эрхлэгчдийн хувьд орлогын ялгаа өсөх хандлага гарч магадгүй. Гэхдээ явцын дунд судалгаа хийн дүрэм, журмаа сайжруулж болно шүү дээ.
-Эдийн засаг дахь уул уурхайн бүтээгдэхүүний хамаарлыг бууруулахын тулд таны бодлоор юу хийвэл зохих вэ?
-Монгол Улсын ДНБ оны үнээр тооцсон дүнгээр уржнан жил 37 их наяд төгрөг байв. Үүнд хөдөө аж ахуйн салбар 11, уул уурхайн олборлолт 24 хувийг эзэлсэн бол үйлчилгээнээс 39 хувийг нь бүрдүүлжээ. ДНБ-ий дөрөвний нэгийг, экспортын орлогын бараг 90 хувийг ашигт малтмалын салбараас бүрдүүлдэг. Тиймээс эдийн засаг төрөлжөөгүй, сүүлийн 10 гаруй жилд урсгал данс байнга алдагдалтай явж ирсэн. Мөн ДНБ-ийг ашиглалтын байдлаар нь авч үзвэл хуримтлал 30, хэрэглээ 70 хувьтай байна. Ер нь 2010 оноос үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ орлогоос өрхүүд 55, Засгийн газар 18 хувийг зарцуулж цэвэр экспортоо тооцсоноор үлдсэнийг нь хуримтлуулж байна.
Аль ч орон өөрийн нөөц, боломжид тулгуурлан хөгждөг. Манай орны харьцангуй давуу тал бол өргөн уудам газар нутаг, олон сая мал сүрэг, ашигт малтмалын нөөц ихтэй байдал. Үүндээ тулгуурлан хөдөө аж ахуйг үйлдвэржүүлэх, эрдэс баялгийг олборлоод шууд экспортлох биш, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах юм. Мэдээж аж үйлдвэрээ хөгжүүлж, төмөрлөгийн болон катодын зэсийн үйлдвэр, цаашилбал энэ хоёр түүхий эдийг ашиглан бэлэн бараа, таваар гаргадаг болох нь чухал. Мөн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлж болно.
-Манай улс малын гаралтай түүхий эдээр хийсэн эдлэл, хувцас, улаан буудай, төмс зэргийн томоохон экспортлогч болох боломжтой гэж олон жил ярилаа шүү дээ.
-Боломж үргэлж бий, гол нь түүнийг бодит ажил болгох л чухал. Томоохон экспортлогч биш юм гэхэд эхлээд газар тариалан болон малын гаралтай түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнийхээ хэмжээг өсгөх нь чухал. Үүний тулд импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай. Хэрэв импортын барааны тодорхой хэсгийг дотооддоо үйлдвэрлэн, улмаар нэр, төрлийг нь олшруулбал бодлогын стратегиа өөрчилж экспортынхыг хийж хэвшинэ.
-Монгол Улс жижиг зах зээлтэй, хэрэглэгч цөөнтэй учраас жижиг, дунд үйлдвэрүүд хөгжихөд бэрх, бүтээгдэхүүнийхээ үнийг өндөр тогтоохоос аргагүй гэдэг. Манайд хийсэн зарим бараа маш үнэтэй байдаг нь эрэлт үүсгэхгүй, үйлдвэрлэл хөгжихгүй байх нөхцөл болж байна уу?
-Судалгаа шинжилгээнд үндэслэн аль ч салбарын үйлдвэрлэлд инновац нэвтрүүлбэл зардал буурна. Дотооддоо бид жижиг зах зээлтэй байж болно. Гэхдээ орчин үед дэлхийн эдийн засагт интеграцчилал, даяарчлал эрчимтэй явагдаж буй нөхцөлд хэрэглэгч олон, цөөн байх нь асуудал биш. Хоёр том хөрштэй хил залгаа оршдог давуу талаа тооцон тухайн улсын иргэдийн сонирхол, таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал хамгийн том зах зээлд үйлдвэрлэгчид гарна. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн тоо олшрох тусам бүтээмж нэмэгдэн, улмаар үнэ нь ч тогтвортой байх боломж бүрдэнэ.
-Технологийн салбар манай улсын хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэж ярих боллоо. Мэдээллийн технологи, компьютерын инженерээр олон мэргэжилтэн бэлтгэвэл Монголоосоо гадаадад ажиллан их мөнгө олох хүн олширно гэдэг. Технологийн салбараас хөрөнгө босгох боломж хэр байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засгийн өсөлтийг бий болгож, орлого оруулж байгаа гол баялаг бол нүүрс, зэс. Эдгээр баялгаа ашиглаж хөгжинө гэсэн үг. Харин цаашид урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу бусад салбарын хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлт бий болгох нь чухал. Ер нь ашигт малтмалын баялагтаа тулгуурлан хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орон цөөн, асар их баялагтай ч хөгжлөөр хоцрогдсон улс олон бий. Баялгийн “хараал, ерөөл” хүртэх нь тухайн орны эдийн засгийн бодлогоос хамаардаг. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг ДНБ-ээр хэмждэг. Уул уурхайн ордыг ашиглаад олсон орлого нь ДНБ-д тооцогдож эдийн засаг өсөж буй боловч тэрхүү орлогын тодорхой хэсэг нь гадагшаа “гарч” бидний амьдрал, амьжиргаанд олигтой нөлөө үзүүлэхгүй байгаа хэрэг. Тиймээс эдийн засгийн өсөлтөө үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ), үндэсний цэвэр бүтээгдэхүүнээр (ҮЦБ) тооцох хэрэгтэй. Энэ үзүүлэлт нь тухайн орны иргэдийн олж буй орлогын хэмжээ, мөн баялгийн хорогдлыг тооцдог. Ингэж зөв мэдээлэл гаргаж байж бодлогын оновчтой шийдвэр гаргана. Боловсруулах үйлдвэрлэлийн салбараа дэмжихгүй “түүхий” ашигт малтмал экспортолсоор байвал баялгаа ашиглаад дуусна. Өөрсдөө хоосон ядуу хэвээр үлдэнэ. Товчхондоо, эдийн засгийн гүйцэтгэлээ хэмжих үзүүлэлтээ зөв сонгон, ДНБ-ээс гадна ҮЦБ-ийг хэмжих хэрэгтэй. Ингэснээр бодит зөв мэдээлэлд тулгуурлан урт хугацааны бодлого, шийдвэрээ зөв тодорхойлж чадна.
-Дэлхийн улс орнууд нүүрснээс татгалзаж буй энэ үед уг таваарыг л зөөх дэд бүтэц барьж, зардал гаргах нь буруу гэх хүмүүс ч байна. Энэ талаар юу хэлэх бол?
-Улс орнууд уг бүтээгдэхүүний шууд хэрэглээнээс татгалзаж байгаа ч химийн үйлдвэрийн гол түүхий эд нь нүүрс. Нүүрс боловсруулж шингэн болон хийн түлш үйлдвэрлэж, тэндээс эрчим хүч гарган авдаг учраас уг ашигт малтмал хэрэгцээнээс тийм ч хурдан гарахгүй. Нүүрсээ боловсруулан зарвал дунд, урт хугацаанд өгөөжийг нь хүртсээр байх болно.
-Ер нь “Ковид-19” өвчний улмаас үүссэн эдийн засгийн уналт, амьжиргааны доройтол хэзээ арилах бол?
-Коронавирусийн тархалт манай улс төдийгүй дэлхий нийтэд эрүүл мэндийн болон эдийн засгийн хувьд томоохон хямрал бий болголоо. Халдварт өвчин судлалын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид “Ковид-19”-ийн эсрэг вакциныг шуурхай гаргаж авсан ч эдийн засаг, эрүүл мэндийн асуудлаа бүрэн шийдэх болоогүй гэж дүгнэсэн. Цаашид үе, үе, энд, тэнд вируст халдвар, цар тахал дэгдэх магадлалтайг олон улсад онцолж байна. Тиймээс нийгмийг хамарсан өвчлөлд дасан зохицож, эдийн засгаа ч, эрүүл мэндээ ч доройтуулахгүйгээр урагшлах нөхцөл бүрдүүлж, бодлого, төлөвлөгөөгөө улам сайжруулаад явах нь.