Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Б.Болор-Эрдэнэ Катарын нийслэл Дохад өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээнд амжилттай оролцсон. Токиог зорих эрх авсан хамгийн залуу тамирчнаар тодроод буй тэрбээр Монголын спортын төрлүүдээс ширээний теннисээр анх удаа олимпод өрсөлдөх юм. Дэлхийн шилдгүүдтэй олимпод өрсөлдөх эрхийг эх орондоо авчирч, спорт сонирхогчдыг баярлуулсан Үндэсний шигшээ баг, “Оч төв” клубийн тамирчин, хүүхдийн наамдын алтан медальт, насанд хүрэгчдийн улсын аварга, “Дээд лиг”-ийн ганцаарчилсан, холимог хосын төрөлд тэргүүлсэн түүнийг “Залуус” буландаа урилаа.
-Шигшээ багийн тамирчид хоёр дасгалжуулагчийн удирдлагад Токиог зорих бэлтгэлээ базааж буй. Товлосон өдөр дөхөх тусам сэтгэл хэр догдолж байна вэ?
-Олимпын наадамд улсаа төлөөлж анх удаа оролцох болохоор маш их догдолж байна. Бид Токиогийн олимпын эрх авснаас хойш ачааллаа нэмж, өдөрт долоон цаг бэлтгэл хийж байгаа. Би анх Б.Цэрэнтогтох, Т.Энхтөр багшийн удирдлагад хичээллэж байгаад 2013 оноос дасгалжуулагч С.Галбадрахын шавь болж, тэмцээнд оролцдог болсон. Японы Осакад 2014 онд болсон Зүүн Өмнөд Азийн өсвөрийн АШТ-д анх өрсөлдөж, тамирчныхаа гарааг эхлүүлсэн юм. Шигшээ багийнхантайгаа Катарын Дохад тоглож, Токиог зорих эрх авлаа.
-Тэр үед Зүүн Өмнөд Азийн АШТ хэр сонирхолтой болсон бол?
-Миний хувьд хилийн чанадад оролцсон томоохон тэмцээн болохоор мартагдахааргүй дурсамж үлдээжээ. Гадаадын хүүхдүүдийн тоглох техник ямар байдгийг өмнө нь төсөөлдөггүй байсан би тэр тэмцээнд оролцсоноор энэ спорт ямар түвшинд хүрснийг мэдэрсэн. Зүүн өмнөд Азийнхан биднээс бүх талаараа илүү нь тоглолтын явцаас анзаарагдсан. Тэдний тоглох арга барил үнэхээр биширмээр. Осакагаас ирэхдээ туршлага багагүй хуримтлуулж, хойшид бэлтгэл хийхдээ ур чадвараа хэрхэн ахиулж, юун дээр анхаарахаа сайн ойлгосон.
-Катарын Дохад зохион байгуулсан тэмцээнд Осакад тоглосон тамирчид өрсөлдөв үү?
-Намайг Дохад тоглохоор очиход тэнд болсон тэмцээнд оролцсон БНСУ-ын теннисчин дэлхийн шилдэг тамирчдын нэг болсон байв. Тэмцээнд 50 гаруй орны шилдэг тоглогч бүсчлэн оролцоход манайхан Зүүн өмнөд Азийн хэсэгт олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдсөн. Тус улсад хөл тавьсан тамирчид олимпын эрх авахын төлөө ана мана тоглолоо. Тэдний дундаас эрх авсандаа сэтгэл өндөр байгаа. Би тамирчны хувьд олимп, ДАШТ-д тоглохыг хамгийн их хүсдэг байв. Энэ удаа зорилгоо биелүүллээ.
-Гадаадын тамирчдаас сонирхолтой тоглосон нь хэн байв?
-Эрэгтэй теннисчдээс Грекийн тамирчин өрсөлдөгчтэйгөө хамгийн сонирхолтой тоглолт өрнүүлсэн ч эрх олгох тэмцээнд хожигдсон. Сүүлд мэдээнээс харахад Европод болсон тэмцээнд олимпод оролцох тамирчдаас хамгийн сүүлчийн эрхийг авсан байна билээ.
-Өөрийн тань хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин бэ?
-Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Узбекистаны теннисчин байлаа. Түүнтэй тоглож хожигдсон. Тамирчид хэдий өрсөлдөгч ч гэлээ нэгнээ хөгжүүлдэг. Бөмбөгийг эргүүлдэг цохилт нь минийхээс хамаагүй илүү байсан нь хожилд хөтөлсөн болов уу. Тэрбээр энэ техникийг гаргууд эзэмшсэн байв. Тоглолт эхэлсэн цагаас бөмбөгөө хүчтэй эргүүлж, тоогоо сайн барьж тоглосон. Өөрийнхөө давуу талыг олон талаар харуулсан өрсөлдөгчийнхөө бөмбөг эргүүлдэг тактикаас хойшид суралцана.Тэмцээн болгон өөрийн онцлогтой. Тоглолтын үеийн алдаа бүхэн минь сургамж болдог. Энэ спортод Япон, Хятад, Солонгосын тамирчид манлайлдаг. Тиймээс арга барилыг нь судалж, хүчтэй өрсөлдөгч нь байхыг үргэлж хичээнэ.
-Зүүн Азийн бүсэд хэдэн орны тамирчид өрсөлдсөн юм бэ. Тэдний олонх нь олимпын эрх авсан санагдах юм.
-Есөн орон байдаг. Монголоос бусад нь багийн төрөлд оролцож, олимпын эрх авсан. Манайхтай Макаогийн баг оролцох байсан ч цар тахлын улмаас тоглоогүй. Энэ нь бидэнд нэг талаар давуу тал болсон. Тус улсын баг олимпын наадамд оролцдоггүй юм билээ. Олимпын эрхийн төлөөх тоглолтод шигшээ багийнхаа Б.Должинзуу эгчтэй өрсөлдөж, 4:1-ээр хожсон. Түүнийг “Амжилт хүсье, чи Токиог зорих боллоо, сайн тоглоорой” гэж хэлэхэд нь их баярласан. Багийнхаа эгчтэй хожлын төлөө тоглох надад хүндхэн сорилт байлаа. Монголын тамирчдаас миний хамгийн хүчтэй өрсөлдөгч шүү дээ. Бид өмнө нь нэг бус удаа таарсан болохоор нэгнийхээ тоглох арга барилыг мэднэ. Тэр өдөр нутгийнхаа шилдэг тамирчныг хожиход намайг аз ивээсэн. Тамирчин хүнийг амжилт гаргахад өөрийнх нь итгэл, найдвараас гадна тухайн өдрийн аз ивээдэг гэдэг оргүй биш.
-Дохагаас Токиог зорих тийз өвөртлөхөд зарим орны тамирчин оролцоогүй нь манайханд боломж олгожээ. Спортын талбарт ийм завшаан ховорхон тохиох байх шүү.
-Тийм ээ, бид явсан хэргээ бүтээсэн. Олимпод Монголын ширээний теннисчид оролцох болсонд спорт сонирхогчид ч баяртай хүлээж авсан. Монголчуудынхаа хүсэл, мөрөөдлийг биелүүлж, амжилттай оролцохыг зорьж байгаа. Онгоцноос буугаад хүмүүсийн урам хайрласан үг, баярласан харцыг харах сайхан байсан шүү. Би энэ спортод сонирхлоороо хөл тавьсан. Хүүхэд байхдаа ширээний теннисний насанд хүрэгчдийн УАШТ-д тоглосон ах, эгч нарыг хараад өөрийн эрхгүй татагдаж, хичээллэх хүсэлдээ хөтлөгдөж билээ. Түүнээс хойш бөмбөг, цохиуртай арван жил нөхөрлөж байна. Өнгөрсөн хугацаанд зорилго минь намайг урагшлуулсан.
-Спортод амжилт гаргахад ар гэрийнхний дэмжлэг их чухал байдаг гэж тамирчид ярьдаг юм билээ.
-Анх хичээллэсэн өдрөөс өнөөг хүртэл манайхан намайг дэмжиж байна. Ширээний теннис гэрийнхний минь сонирхож үздэг дуртай спорт болсон. Намайг бүх талаар ойлгож, байгаа бүхнээрээ тусалж ирсэн аав, ээжийнхээ ачийг олимпын эрх авч хариулсан гэж боддог. Би 2013 онд Чингэлтэй дүүргийн АШТ-д оролцож шагналын салхиа мөнгөн медалиар хагалж байлаа. Дараа нь 12-оос доош насныхны УАШТ-д өрсөлдөн аваргаар шалгарч, шагналын буухиагаа алтан медалиар үргэлжлүүлсэн. Намайг баярлуулж, бас урам өгсөн мөнгөн медалиа бэлгэшээдэг. Түүнээс хойш амжилтын буухиа тасраагүй. Намайг медаль зүүгээд ирэхэд манайхан баярлаж “Баяр хүргэе, сайн тоглолоо. Хойшдоо хичээж, олон медаль хүртээрэй” гэдэг. Миний хувьд өсвөрийн УАШТ-ий ганцаарчилсан төрөлд гурав, насанд хүрэгчдийнхэд нэг удаа түрүүлсэн. Өсвөрийн УАШТ-ий багийн төрөлд 2014-2019 он хүртэл түрүүлсэн бол насанд хүрэгчдийнхэд хоёр удаа аман хүзүүдэж, мөнгөн медаль өвөртөлсөн. Тамирчин хүн ганцаараа зүтгээд зорьсондоо хүрэх хэцүү. Амжилт гаргахад ар гэрийнхнийх нь дэмжлэг, найз нөхдийнх нь хүрээлэл гээд олон зүйл нөлөөлдөг. Энэ бүхнийг спортоор хичээллэсэн жилүүдэд илүү мэдэрсэн. Надад хамгийн их тусалдаг хүмүүс бол ойр дотнынхон минь байдаг болохоор оролцсон тэмцээндээ амжилт гаргаж, заавал медальтай ирж баярлуулахыг боддог. Миний хоёр дүү бас ширээний теннис сонирхож тоглодог. Том нь С.Галбадрах багшийн шавь болж “Оч”, харин бага нь Т.Энхтөр дасгалжуулагчийн удирдлагад “Чемпионс” клубт хичээллэж байна.
-Спортоор хичээллэдэг хүүхдүүдэд чөлөөт цаг ховор. Дуртай үедээ тоглож, сонирхдог зүйлдээ цаг гаргаж байгаа үеийнхнийгээ хараад атаархдаг байв уу?
-Энэ спорттой нөхөрлөсөн анхны өдрөөс цагийн менежмент хэрэгтэй болсон. Тэр үед Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24 дүгээр сургуульд сурдаг байлаа. Хичээлдээ явахын хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох зэргээр миний сурагч ахуй үе завгүй өнгөрсөн. Үеийнхээ хүүхдүүдийг дуртай киногоо үзэж, найз нөхөдтэйгөө баяр ёслол хамт тэмдэглэж байхыг хараад би ч гэсэн тэдэн шиг ингэх юм сан гэж хүсдэг байв. Харин одоо өөрийгөө хөгжүүлэх хамгийн зөв алхам хийжээ гэж боддог юм. Амрах завгүй бэлтгэл хийж, үеийнхнээсээ илүү хичээж, хөдөлмөрлөдөг байсан минь хожим амжилтад хөтөлсөн. Намайг спортоор хичээллэдгийг сургуулийн захирал, ангийн багш, хамт олон минь мэддэг болохоор дэмжиж, тэмцээнтэй үед хичээлээс чөлөөлдөг байсан. Медаль хүртсэнийг сонсоод ангийнхан ч баярлана. Манай ангид надаас гадна спортод сонирхолтой, хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглодог хүүхэд олон байсан. Би одоо Санхүү эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр суралцдаг. Цар тахлын улмаас танхимаар хичээллээгүй удсан болохоор оюутан цагийн нөхөдтэйгөө дотносож амжаагүй л явна.
-Тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэж оролцдог вэ?
-Ширээний теннис шатартай адил ухаан зарцуулж тоглодог. Хурд, хүч, тэсвэр, мэдрэмж их шаардана. Би тайван талдаа ч их шартай. Хэрвээ хожигдвол даагаа нэхэж, заавал ялна гэсэн бодолтой үлддэг. Тиймдээ ч тэмцээн эхлэхээс өмнө сандарч, тэвддэггүй. Өдөр бүр бэлтгэл хийдэг шигээ оролцдог. Тоглохдоо хожил, ялагдлын тухай бодолгүй өөрт байгаа бүх боломжоо дайчлахыг хичээдэг. Тоглолтдоо бүрэн орчихсон үед нэг л мэдэхэд тэмцээн өндөрлөсөн байдаг юм.
-Тоглолтын талбарт өөрийг тань олон талаар сорьж, үнэ цэнтэй ирсэн медалийнхаа тухай сонирхуулж яриач?
-Монголд 2018 онд болсон УАШТ өрсөлдөөнтэй, бас сонирхолтой болсон. Тэр тэмцээнд хамгийн их бахархдаг, улсын 10 удаагийн аварга Б.Батхишиг эгчийг хожсон. Хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авчихаад баярласан хэрнээ өөртөө нэг л итгээгүй. Түүнтэй цөөнгүй таарсан болохоор ялна гэсэн итгэл төрөөгүй юм. Дайчин, өөртөө итгэлтэй байдал нь түүнийг амжилт руу хөтөлдөг. Тиймдээ ч өрсөлдөгчдөө хождог, тоглолтынх нь арга барил тун сонирхолтой, бас өвөрмөц. Тэмцээн эхлэхээс дуустал зогсолтгүй довтолно. Өмнө нь хожиж үзээгүй ч тоглох арга барилыг нь мэддэг тул тактик, төлөвлөгөө боловсруулж, 3:1-ээр ялж байлаа. Тэр тоглолтыг эргэн санахаар аваргын төлөөх тэмцэл өөрийн эрхгүй нүдэнд харагддаг юм. Тэрбээр одоо “Чемпионс” клуб байгуулаад, өсвөрийн тамирчид бэлтгэхээр дасгалжуулж байгаа.
-Багш нар тань шавь нараа ямар арга барилаар бэлтгэл хийлгэдэг вэ?
-Т.Энхтөр багш тамирчдынхаа хөлийн хөдөлгөөн, ажиллагаанд, С.Галбадрах дасгалжуулагч бөмбөгтэй харьцах мэдрэмж, бөмбөгийн эргүүлэлт, Б.Цэрэнтогтох багш бөмбөгтэй харьцах тал дээр анхаарал хандуулдаг. Багш нарын заасан, зөвлөсөн бүхэн алхам тутамд хэрэг болно. Шавийн хувьд багш нарынхаа хичээл, зүтгэл, хөдөлмөрөөр бахархаж, хэлсэн үгийг нь эрхэмлэж явдаг.
-Таны шүтдэг тамирчин хэн бэ?
-Японы шилдэг тамирчин Хирано Миү. Түүний тоглолтуудыг сүүлийн үед судалж байна.Техник, бөмбөг давуулалт, хурд нь гайхалтай. Тэрбээр 2017 онд Азийн аваргаар шалгарч, тэр жилээ ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Токиогийн олимпын наадамд оролцоно. Европоос Германы теннисчдийн тоглолтыг сонирхож үздэг. Европчууд азийнхантай тоглоход бөмбөг нь эргүүлэгтэй, талбай руу маш хүчтэй орж ирдэг. Тэднээс ялна, хожно гэсэн өөртөө итгэлтэй, бардам байдал харагддаг.
-Монголд 2019 онд зохион байгуулсан ширээний теннисний хүүхдийн Азийн АШТ -д БНХАУ, БНСУ-ын тамирчинтай тоглосон байх аа?
-Тэгсэн. Монголд болсон тэр тэмцээнд Азийн шилдгүүд өрсөлдсөн. Хятадын тамирчин улсдаа өсвөрийн шигшээ багийнхнаасаа хамгийн шилдэг нь байсан. Ур чадвараа бүх талаар жигд хөгжүүлснийг тоглох үедээ түүнээс анзаарсан. Тус улсад ширээний теннис өндөр хөгжсөн. Тамирчид нь тэмцээнд байнга тэргүүлдэг. Түүнд хожигдсон ч хурд, хүч, бөмбөг давуулалтаас нь суралцмаар санагдсан. Дараа нь БНСУ-ын теннисчинтэй өрсөлдсөн. Түүнтэй өмнө нь Японы Осакад болсон тэмцээнд таарч байлаа. Тэрбээр багийн төрөлд олимпын эрх олгох тэмцээнд шилдэг 16 баг өрсөлдөхөд хамгийн сүүлчийн эрхийг багтаа авчирсан байв. Энэ ташрамд, үеийнхэндээ хандаж “Спорт хүнийг төлөвшүүлж, найз нөхдийн хүрээг тэлдэг. Дуртай спортдоо тууштай байж, үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй. Бодож явахад бүтэхгүй зүйл гэж байдаггүй. Саад бэрхшээлийг тэсвэр хатуужлаар туулж, зорилгынхоо төлөө зүтгэсэн нь амжилтад хүрдэг юм шүү” гэж хэлье.