Говь нутгийн арал болсон үзэсгэлэнт баян бүрдүүдтэй “хүй”-гээр холбогдож, цөлийн хахир хатуу, хуурай ширүүн уур амьсгалыг хэдэн зуун жил сөрөн зогсохдоо амьтай бүхнийг тэжээн тэтгэх, нөмөрлөн хамгаалах үүрэг гүйцэтгэдэг ургамал бол тоорой мод. Тиймээс түүнийг цөлийн хаан, эр зоригийн мод, их говийн амин сүнс, манаач гэх зэргээр нэрлэж иржээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол абугай “Говьд хамгийн үнэнч торгон цэргүүд бол тоорой” хэмээн өгүүлсэн нь бий. Говийн “торгон цэргүүдийг” хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, Алтайн ар говьд мянга, мянгаар нь нутагшуулаад буй “Тооройн төлөө”төрийн бус байгууллагын нэгэн эрдэмтнийг “Байгальд ээлтэй хүн”-ээр онцоллоо. Энэ хүн бол Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор Н.Бумбар. Тэрбээр хэд хоногийн өмнө төрийн хүндэт цол хүртэж, “Тооройн төлөө” төрийн бус байгууллагаас төрсөн анхны Гавьяат болсон юм. Монгол Улсын “Улаан ном”-д орсон цор ганц модлог ургамлыг хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа түүнтэй ярилцлаа.
-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Гавьяат цолоор шагнуулах тухай сонссон нь гэнэтийн үйл явдал байв уу?
-Манай улс зах зээлийн нийгэмд шилжих үед би Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад, Монголдоо талх, нарийн боовны анхны хувийн үйлдвэрийг байгуулсан. Тухайн үед хүнс хомсдолтой, энэ төрлийн бүтээгдэхүүн эрэлттэй байсан болохоор ажил ихтэй, ачаалалтай гэж жигтэйхэн. Хүнсний бүтээгдэхүүний хамгийн гол шалгуур нь хүний эрүүл мэндэд тустай чанар гэдгийг энэ үеэс мэдэрч, ойлгосон. Тиймээс хүнсний хангамжийг сайжруулах үндсэн зорилгоо биелүүлэхийн зэрэгцээ эрүүл, аюулгүй байдлыг чухалчилж эхэлсэн юм. Ингээд зэрлэг үрт ургамлыг бүтээгдэхүүндээ баяжуулагчаар ашиглах зорилго дэвшүүлж, энэ чиглэлийн судалгаа шинжилгээ хийсэн. Улмаар 1994 оноос суль, сульхир хэмээх ургамлыг хүнсний бүтээгдэхүүний орц, найрлагад ашиглах эхлэлийг тавьсан түүхтэй. Суль, сульхирын химийн найрлагыг лавшруулан судалсаар 2000-аад оны үед энэ сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Үүний дараа Монголын хүнсчдийн холбооны менежерээр хэсэг хугацаанд ажиллалаа. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу багшиллаа. Ер нь өнгөрсөн хугацаанд хүнсний салбарынхантай нэлээд ойр ажилласан. Нэгдүгээрт, энэ хөдөлмөр, зүтгэлийг минь үнэлж, ийм хүндтэй цол олгосон болов уу. Нөгөөтээгүүр, МҮХАҮТ-ын түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буй нь ч нөлөөлсөн байх.
-Шагнуулах болсноо хэзээ мэдсэн бэ?
-Ёслол болохын өмнөх өдөр дуулсан. Утсаар холбогдоод, “Таныг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнах шийдвэр гарсан” гэж хэлсэн.
-Сүүлийн жилүүдэд хийж байгаа ажлаар тань баримжаалаад зарим хүн таныг зөвхөн экологич, судлаач гэж харж буй. Гэтэл Н.Бумбар доктор өдийг хүртэл “хос морь”-иор давхиулжээ дээ?
Тэгж хэлж болно. “Тооройн төлөө” төрийн бус байгууллагынхантайгаа нэг зорилготой нэгдэж, ажиллаад 15 жилийг үджээ. Үүний зэрэгцээ “Аж богд трейд” компанийн зөвлөхөөр ажиллаж байна. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулах хүртлээ хүнсний аж үйлдвэрийн салбарын зөвлөх инженерийн зэрэгтэй байлаа.
-Номын дуу сонсож, эзэмшсэн мэргэжил тань юу билээ?
-Инженер-эдийн засагч мэргэжилтэй.
-Ийм мэргэжилтэй хүн ямар учиг зангилаагаар байгаль орчны салбартай холбогдчихов?
-Би Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул. Монгол орны тооройн нөөцийн 20-30 хувь нь төрж, өссөн суманд минь бий. Хүүхэд ахуйдаа мөчирт нь зүүгдэж, сүүдэрт нь тоглож байсан тооройнууд одоо ч саглагар хэвээрээ байна. Тооройн сүрлэг, сайхныг багаасаа мэдэрч, харж өссөн учраас хожим энэ модыг хамгаалах ажилд гар бие оролцох болсон. “Тооройн төлөө” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах санаачилгыг гаргасан Ц.Нанзаддорж маань ч тооройтой нутгийн хүн. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул. Тиймээс бид хүсэл зорилгоо нэгтгэж, судлаач нөхдийн хамт төрийн бус байгууллагаа байгуулсан түүхтэй. Жилээс жилд тархац нь хумигдаж, үржих, нөхөн сэргэх боломж нь хязгаарлагдан, мөхлийн ирмэгт тулсан тооройн хил хязгаар, тоог нарийвчлан тогтоож, нөхөн сэргээх, үржүүлэх замаар экологийн тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэх нь бидний гол зорилго.
-Монгол орны тооройг тоолоход та гар бие оролцжээ. Энэ судалгааны гол ололт юу байв?
-Манай судалгааны баг хуурай, гандуу, говь, цөлийн бүс нутаг дахь тооройн байршил, тоо, тархцын хязгаар, мөхлийн шалтгаан, хамгаалал, нөхөн сэргээлтийн тухай танин мэдэхүйн баримтат кино бүтээхээр 2007 оны наймдугаар сарын дунд үеэр Монгол орны өмнө зүгийг зорьсон. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн докторант Ц.Нанзаддорж, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, биологийн ухааны доктор А.Хауленбек, МҮОНРТ-ийн “Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г.Бадамсамбуу нарын 10 гаруй судлаач, уран бүтээлчээс бүрдсэн баг Дорноговь аймгийн Мандах сумын Өлгий хийд орчмоос судалгаагаа эхлүүлж, Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгон, Алтай сумын баруун хойд хил хүртэл 6000 км зам туулсан юм. Энэ 40 хоногийн хугацаанд хийсэн судалгааны үр дүнд тооройн тархац нутгийн хил хязгаарыг 400 гаруй км-ээр нэмэгдүүлж, тоог нь 60 мянгад хүргэсэн. Өмнө нь 25 мянга орчим гэж багцаалддаг байлаа. Нийт модны талаас илүү хувь нь Аж богд хайрхны дөрвөн зүг, найман зовхист ургадгийг тогтоосон. Судалгаагаа таван жил гаруйн хугацаанд үргэлжлүүлэн, Дорноговь аймгийн Сайхандулаан, Хатанбулаг, Хөвсгөл, Ховдын Алтай, Үенч, Булган суманд “Говийн хаан тоорой” баримтат киноны зургийг авч, олон нийтэд хүргэсэн нь тоорой модны талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг тэлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж боддог.
Алтайн өвөр говьд тоорой тархан ургасан 34 цэг тохиолдсон нь бусад нутгийнхтай харьцуулахад нягтшил өндөрт тооцогдож байв. Тус модны тархалтын 60-70 хувь нь энэ тойрогт төвлөрч, Аж богд хайрхны ар, өвөр хэсэг буюу Алтай сумын нутагт ургадаг тоорой саванн (гандуу хээр) төрхтэй буюу дахин давтагдашгүй хэв шинжтэй байгааг судлаачид энэ үеэр тогтоож, онцлон тэмдэглэсэн.
-Монгол орны тооройн одоогийн нөөцийг тэр үеийнхээр тооцох нь хэр оновчтой вэ. 60 мянга гэдэг тоо хэр “хөдөлсөн” бол?
-Бид тооллогынхоо үр дүнд үндэслэн энэ тоог баримталж буй. 2019 оноос хойш үрслүүлж, тарьснаа оруулбал энэ тоо мэдээж өснө. Одоохондоо тэгж тооцоход арай эртэднэ. Бидний судалгаа өмнөхүүдээс ялгаатай нь тооллого хийснээс гадна тархац нутгийн хязгаарыг тогтоосон. Мөн тухайн ургамал үхэх, сэргэн ургах шалтгааныг тодорхойлсон. Монгол орны тооройн тархалтын зүүн цэг нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Завсар багийн нутаг бол баруун хязгаар нь Ховдын Үенч дэх Ёлхоны баянбүрд.
Одоо бидний санааг хамгийн их чилээж байгаа зүйл бол Тост, Тосон бумбын нуруун дахь 3000 тоорой. Тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг уурхайнууд газрыг хайр гамгүй сэндийчин ухаж байгаагийн улмаас тэдгээр мод хэрэгцээт шим тэжээл (гүний ус)-ээ авч чадахгүй, мөхлийн ирмэгт тулаад байна.
-Та бүхэн хэчнээн тоорой тариад байна вэ?
-Бид Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг, Хаяа худаг хэмээх газарт 20 мянган тоорой үрслүүлэн, 4000-ыг тарьсан. Алтайн өвөр говьд ургадаг модыг Ар говьд үрээр үржүүлсэн гэсэн үг. Түүнчлэн хятад болон мөнгөлөг улиас, хайлаас, хонхот харгана, цагаан хуайс, улаанмодот яшил, чонон хармаг зэрэг 20 орчим зүйлийн ховор, модлог ургамал тарьж, нутагшуулсан. Ургамлыг нэг газраас нөгөөд нутагшуулан, тарих амаргүй учраас агаар, хөрс, ус, салхи гээд экологийн бүх чиглэлийн судалгааг тухайн бүсэд хийдэг.
-Монгол орны нутаг дэвсгэрт цөлжилт жилээс жилд эрчимжсээр байна. Хоттой хонь хуугааараа элсэнд дарагдаж, хэдэн зуугаараа үрэгдсэн тохиолдол саяхан гарлаа. Ийм нөхцөлд, тэр дундаа хуурай говьд ургамал “идээшүүлнэ” гэдэг амаргүй нь ойлгомжтой. Та бүхэнд өөр ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Хүмүүсийн хандлагын тухай яримаар байна. Халиун сумын нутаг дахь Хаяа худаг хэмээх газрыг нүцгэн байхаас ажлаа эхлүүлж, өдий зэрэгтэй (зураг үзүүлэв) болгож ногооруулсан. Гэтэл орон нутгийн зарим иргэн бидний ажлыг харлуулж, шинжлэх ухааны үндэслэлгүй, ухвар мөчид яриа гаргасан. “Тоорой гүний усыг ховх сордог учир ойр хавьд нь өөр ургамал ургадаггүй. Тиймээс энд мод тариулахгүй” гэсэн эсэргүүцэлтэй хүртэл тулсан. Бодит байдалд тоорой шиг өгөөжтэй ургамал байхгүй. Элсний нүүдлийг хязгаарлаж, хөрсийг элэгдэхээс хамгаалдаг. Говийн элсэрхэг хөрсөнд үндэс нь салаалан тархаж, үр болон вегетатив эрхтнээр үрждэг учир орчныхоо ургамлыг чийгээр хангахаас гадна ховор амьтдын идэш тэжээл болдог ач холбогдолтой. Бид энэ модны экологийн ач холбогдлыг иргэдэд ойлгуулахын тулд 2019 оноос Тооройн баяр зохион байгуулж эхэлсэн.
Манай оронд цөлжилт эрчимжсэн нь үнэн. Хятад, БНСУ тэргүүтэй улс цөлжилтийг бууруулахад онцгой анхаарч, ийм зорилготой ажлуудыг Монголд хийж эхэлсэн. Энэ нь зөвхөн ганц оронд хамаатай асуудал биш гэдгийг үүгээр нотолж буй юм. Хөгжингүй орнууд ийм байдлаар маргаашаа, ирээдүйгээ боддог аж. Харин бид зөвхөн хувиа бодон, хэдэн малаа бэлчээхээ урьтал болгож, бэлчээр нутаг, үржил шимт хөрсөө гаргуунд нь гаргасаар өнөөдрийг хүрлээ.
-“Улаан ном”-д бүртгэлтэй эл ургамлыг хамгаалах оновчтой бодлого, арга хэмжээг манай улсын холбогдох байгууллагууд хэрэгжүүлж байна уу. Тухайлбал, танай үйл ажиллагааг дэмждэг үү?
-Улсын зүгээс тоорой модыг онцгойлон авч үзэж, хамгаалах чиглэлээр хийсэн ажил бараг үгүй гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн санаачилгаар тоорой тарьж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нөхөн сэргээлтийн талбайдаа тоорой, бүйлс, монос зэрэг модлог ургамлыг тарьж, арчилж байна. Говийн зарим сумынхан бас ийм санаачилга гаргажээ. Монгол, БНСУ-ын хамтарсан “Ногоон хэрэм” төслийнхөн бас энэ чиглэлийн ажил хийсэн.
-Тооройг ямар арга, технологиор тарьдаг юм бол?
-Үрээр болон мөчрийн тайрдас, эсвэл үндэснийх нь ичмэл нахиаг шилжүүлэн суулгах замаар тарих боломжтой. Эдгээрээс үрээр тарих арга илүү оновчтой. Учир нь, ичмэл нахианаас ургасан хэсгийг хашиж хамгаалахад их хэмжээний зардал шаарддаг.
-Говийн ширүүн уур амьсгалыг хэдэн зуун жил эрслэн “зогсож” ирсэн тэвчээртэй, хүлцэнгүй ургамлыг “Улаан ном”-д бүртгэхэд хүргэсэн гол хүчин зүйл юү вэ?
-Байгаль, цаг уурын нөлөө их. Ялангуяа усны нөөцтэй холбоотой. Бас ямаа, тэмээ зэрэг амьтан энэ модны залуу мөчрийг идэхдээ гэмтээж, сэргэн ургах боломжгүй болгодог. Говийн зарим айл тооройгоор тавилга, хэрэгсэл хийх, малын хашаа хороо барих зэргээр ашигладаг тохиолдол ч бий. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад орчимд байсан 300 гаруй тоорой ус чийгийн хангамж нь тасарснаас болоод сүйдэж дууссан харамсалтай жишээ бий. Одоо тэнд тав, зургаахан л үлдсэн.
-Энэ модыг элдэв навчит гэж нэрлэдэг нь ямар учиртай вэ?
-Навчных нь хэлбэрээс үүдэлтэй. Нэг зүйлийн бургас, найман зүйлийн улиасныхтай ижил хэлбэртэй навч зөвхөн л тооройд байдаг.
-Та бүхэн 15 жилийн турш судалж, туршиж, хөдөлмөрлөсний үр дүнд зорилгоо тодорхой хэмжээнд биелүүлж чаджээ. Харин цаашдын төлөвлөгөө, зорилт юу вэ?
-Говийн ургамлыг тал хээрт аажмаар шилжүүлэх, нутагшуулах зорилготой. Мэдээж энэ чиглэлийн нарийвчилсан судалгаа хийж байна. Яваандаа тооройн төгөл бий болгох, Алтайн ар говь дахь модлог, ховор ургамлын баян бүрдэд тулгуурласан, эрдэм шинжилгээний лабораторитой судалгааны төв байгуулах төлөвлөгөөтэй буй.
-Тооройн тухай хүмүүс тэр бүр мэддэггүй, сонирхолтой баримт хэлж өгөөч?
-Тооройн буулт гэж зүйл бий. Нэг ёсондоо хужир. Энэ нь шингэн болон хуурай хэлбэртэй. Үүнийг монголчууд эртнээс ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн. Гамбир, талхны гурилыг исгэх зорилгоор хэрэглэдэг, мөн үсээ угаадаг байж. Мөн цусны даралт бууруулахын тулд ашигладаг байжээ.
Ярилцлагын төгсгөлд тэрбээр хүмүүст нэг зүйлийг онцгойлон захих хүсэлтэй байгаагаа дурдаад “Бид байгалиас үргэлж ямар нэг зүйл авч, нөөц баялгийг нь хүртэж амьдардаг. Хааяа ч гэсэн үүнийхээ хариуг барих хэрэгтэй. Энэ бол маш амархан. Ердөө эзний сэтгэлээр хайрлан хамгаалахад л хангалттай” хэмээн өгүүлсэн юм.