Хөнгөн атлетикийг спортын хатан хаан хэмээдэг. Тиймдээ ч бүх спортын суурь нь болдог. Монголын тамирчид Азийн болон ДАШТ, олон улсын марафонд хурд сорьж, амжилт гаргах болсон. Тэдний дунд олимпын наадмын эрх өвөртөлсөн гурван марафонч бий.ОУХМ Б.Мөнхзаяа нөхөр Б.Доржпаламын удирдлагад бэлтгэл базаан, Токиог зорихоор зэхэж буй. Түүний эхнэр нь Монгол Улсын 3000, 5000, 10 000, 21, 42 км-ийн зайн гүйлтийн дээд амжилтыг эзэмшдэг. Тэдэнд “шандас” сорьж, шагналын тавцанд медаль зүүсэн олон тэмцээн бий. Тухайлбал, 2017 онд Тайванийн “New taipei” олон улсын марафонд түрүүлж, алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин, мөн БНСУ-д зохион байгуулсан “Gunsan”, БНХАУ-ын Донгяанг, мөн 2018 онд тус улсын Шиан, Япон, Монгол тал нутгийн, “Улаанбаатар” олон улсын марафон, УАШТ-ий 5000, 10 000 метрт алтан медаль хүртсэн гээд тоочвол барахгүй. Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б. Доржпаламыг ярилцлагад урилаа.
-Токиогийн олимп хаяанд ирчихлээ. Манай марафончид бэлтгэл хэр базааж байна вэ?
-Бид Төв цэнгэлдэх, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гол бэлтгэлээ базааж байгаа. Дасгалжуулагчийн хувьд тамирчдаа Токиогийн олимпод амжилттай оролцуулахын тулд бүх зүйлээ дайчлан ажиллаж байна. Манай улс эх газрын төвд уулын бүс, далайн түвшнээс 1200-1400 метрийн өндөрлөгт оршдог. Тиймээс тамирчдаа дунд уулын бүс, цаашлаад 2100 метрийн өндөрлөгт ачаалал даах чадварыг нь нэмэх зорилгоор бэлтгэл хийлгэж, олимп эхлэхээс 21 хоногийн өмнө далайн чийглэг уур амьсгалд дасган, цагийн зөрүүг гаргана. Бид өмнө нь зардлаа хэмнэж, ӨМӨЗО-ы Хөх хот, БНХАУ-ын Тяньжинь, Бээжин, БНСУ-ыг зорьдог байсан. Сүүлийн хоёр жил хуурай, сэрүүн нөхцөлд бэлтгэл хийлээ. Тамирчид өвөл мөс, цастайд халтирч унах, хөл, шөрмөсөө гэмтээж болзошгүй тул тусгайлан хийх дасгалуудаа бүрэн гүйцэтгэж чаддаггүй. Хэрвээ цар тахал дэгдээгүй бол Японд бэлтгэл хийгээд олимпод оролцохоор төлөвлөсөн байлаа. Дэлхийн олон улс цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед бид ч гэсэн өөрийн нөөц, боломжид тулгуурлахаар хичээж байна. Манай тамирчид энэ сарын дундуур Архангайн Тариат сумыг зорьж, Тэрхийн цагаан нуурын хөвөөн дэх жуулчны баазад өндрийн бэлтгэл базаана. Эрүүл агаарт тамирчдын сэтгэл тайвширч, байгалийн нар, салхинаас энерги авч, эрч хүчтэй болдог.
-Хөнгөн атлетикийн олимпын эрх олгох тэмцээнүүд өнгөрсөн жил болсон. Манайхаас хэдэн тамирчин Токиог зорих бол?
-Үндэсний шигшээ багийнхнаас Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Ц.Бямбажав нар дасгалжуулагч О.Оюунтуяа, Б.Мөнхзаяа миний удирдлагад Токиогийн олимпод оролцоно. Монголын хөнгөн атлетикийн холбоо эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчнаа олимпод оролцуулахаар төлөвлөсөн байв. Цар тахал дэгдсэн тул олимпын эрх олгох тэмцээнийг цуцалж, хойшлуулсан. Зарим улсад зохион байгуулсан марафонд өрсөлдөх байсан ч хил нээгээгүй, нислэгийн хуваарь таараагүйгээс бэлтгэл сайн хийсэн тамирчид үлдсэн. Тэд олимпын эрх авах өндөр магадлалтай байв. Парист 2024 онд болох олимпод манайхан энэ удаагийнхаас илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцох байх.
-Олимпын марафонд гүйх манай тамирчид туршлагатай. Гэхдээ дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх тул бэлтгэлээс гадна олон зүйлд анхаарах байх.
-Манайхан “Рио 2016” олимпод оролцохдоо 12 цагийн зөрүүг сайн гаргаагүй уралдсан. Тэгээд ч бэлтгэл сайн базааж амжаагүй. Токиод дэлхийн хамгийн шилдэг тамирчид ирнэ. Хөнгөн атлетикийн спортынхон халз тулааныхан шиг оноолт таардаггүй. Гараанаас гарсан тамирчин түрүүлэхийг зорьдог тул бүгд хүчтэй өрсөлдөгч. Тиймээс цагийн тактик боловсруулж уралддаг. Нэг км тутмыг минутаар бодвол гурван минут 10,эсвэл гурван минут 30 секунд гэсэн тооцоо гаргаж, тогтмол хурдаа удаан хадгалж гүйх байдлаар оролцдог. Тухайлбал, нэг улсын дөрвөн тамирчин тактикийн уралдаан гаргах тохиолдол бий. Нэг нь урагш зугтаж, нөгөө нь тамирчдыг хөшөөх, төлөвлөсөн тактикийг нь алдагдуулах маягаар гүйнэ. Манай тамирчид цагийн үзүүлэлтээ баривал марафонд өмнөх амжилтаасаа байр ахина. Тэгэхээр өрсөлдөгчдөөсөө илүү өөртэйгөө сайн ажиллах хэрэгтэй.
-Катарт болсон ДАШТ-д тамирчдаа юун дээр алдаа гаргасныг та харсан байх. Тиймээс энэ удаа арай өөрөөр төлөвлөсөн болов уу?
-Тийм ээ, монголчуудын оролцсон тэмцээнүүдийг харахад хэт халуунд гүйхдээ бачимддаг нь ажиглагдсан. Тийм үед шингэн их алддаг тул хурд нь саарч сульддаг. Токиогийн олимп оргил халууны үед болно. Тамирчидтайгаа халуунд хэрхэн гүйх талаар ярилцаж байгаа. Бид олимп эхлэхээс сарын өмнө тухайн газарт нь очиж, чийглэг уур амьсгал, орчин нөхцөлд нь дасан зохицох байдлаар бэлтгэл хийвэл үр дүнтэй. Олимпын марафон гүйлтийг Японы хамгийн хойд цэг болох сэрүүн уур амьсгалтай Хоккайдо, Саппоро аралд зохион байгуулна.
-Тэр ДАШТ-ий халуун, хүнд нөхцөлд манайхан уралдаж, хамаг хүчээ шавхан барианд орохыг хараад бахархаж байлаа. Тэр үед монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсан шүү.
-Катарт 2019 онд болсон ДАШТ-ий марафонд манлайлж явсан тамирчид, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж бие нь муудсан. Тэнд 100 гаруй тамирчин уралдсанаас тал нь тэмцээнээ үргэлжлүүлсэн. Монголын тамирчид дайчин зан, бие, сэтгэл зүйн хатуужил тэсвэрээр гадаадынхнаас ялгардаг. Миний хувьд халуун цэг дээр нь байсан болохоор тамирчдаа хараад сэтгэл өвдөж байлаа. Дэлхийн шилдгүүд ч тэмцээнээ өндөрлүүлж байхад манайхан өөртөө баймгүй тэвчээр гарган уралдсаар замаа дуусгасан. Тамирчдынхаа ядарч, хөл нь гуйвчихсан, хамаг тамир тэнхээ, хүчээ шавхсаныг хараад өөрийн эрхгүй сэтгэл шимширч билээ. ДАШТ-д хэн дуртай нь оролцдоггүй. Ямар ч хүнд нөхцөлд уралдсан дундаас нь орхих тамирчны сэтгэл зүйд таагүй дурсамж үлдээх тул манайхан зорилгынхоо төлөө зогсолтгүй урагшилсан даа.
-Дасгалжуулагчийн ухаан, ур чадвараас тамирчдын амжилт шалтгаалдаг. Танд ажил тань хааяа амаргүй санагддаг биз?
-Дасгалжуулагч тамирчин байхаас хэцүү. Тамирчин амжилт гаргахын төлөө бэлтгэл сургуулилалт хийж, зөвхөн зорилгын төлөө зүтгэдэг. Тэгвэл дасгалжуулагч өөрийгөө бус, тамирчин болгоныг амжилтад хүргэхийн төлөө бэлтгэл сургуулилалтад нь нэгбүрчлэн санаа тавьж, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлыг нь цаг тутам анхааран, ар гэрийг нь судалж, байнга холбоотой хамтран ажилладаг. Товчхон хэлбэл, олон зүйлд сэтгэлээ чилээж, хямардаг, стресс бухимдал ихтэй ажил. Энэ бүхний ард амжилттай гарахад ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг юм.
-Хөнгөн атлетикийн дасгалжуулагчид гэр бүлээрээ спортын төлөө нэг зорилготой зүтгэх нь амжилт гаргахад давуу тал болдог биз?
-Бид хэдий гэр бүл ч бэлтгэлийн үед дасгалжуулагч, тамирчны хүрээнд ажилладаг. Харин гэртээ бол Б.Мөнхзаяа айлын эзэгтэй, хань, ээж. Эхнэрээ тамирчных нь хувьд загнаж, уйлтал нь зэмлэх үе цөөнгүй. Би чинь эх орныхоо нэрийн өмнөөс шилдэг тамирчин бэлтгэж, олимпод амжилттай оролцуулах үүрэг хүлээсэн хүн шүү дээ. Гэр бүлийн хувьд бүх зүйлд хамт байдаг болохоор амжилт гаргахад ч илүү үр дүнтэй. Тиймээс нойр хэр авч амарсан, ажил, амралт, хоолоо хэрхэн зохицуулсан, эсэхийг мэдэх боломжтой. Миний хувьд сэтгэл зүйн байдлыг нь өдөр бүр ажиглаж бэлтгэл хийлгэдэг. Дасгалжуулагчаас гадна сэтгэлзүйч нь ч болдог. Дардан замаар замнадаг амьдрал гэж хаана ч байхгүй. Гэр бүлд сайдах, муудах үе бишгүй. Тэр болгонд нэгнээ ойлгож, буулт хийн, урам хайрлан тайвшруулах, сэтгэлийг нь сэргээх зэргээр хамтдаа урагшилж байна.
-Марафонд зөвхөн африкчууд тэргүүлэх бус, азиуд ч амжилт гаргах боломжтойг дасгалжуулагчийн хувьд харуулахыг хичээж байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, Япон Улс марафон гүйлтээр Сидней, Афины олимпын хоёр эмэгтэй аваргатай. Өдгөө азиуд амжилт гаргах магадлал өндөр болсон. Тэд дайчин, зоримог, хөдөлмөрч, саад бэрхшээл тулгарсан ч амархан бууж өгдөггүй. Хүнд нөхцөлд хатуу бэлтгэл сургуулилалтыг бие, сэтгэлийн хатаар даван туулдаг. Цагийн үзүүлэлтүүд нь маш сайн, амжилтаа олон жил хадгалдаг.
-Тамирчны карьераа хэзээ өндөрлүүлж, дасгалжуулагчаар ажиллав?
-Би Увс аймгийн Наранбулаг сумын уугуул. Дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа 2000 онд дасгалжуулагч Б.Батчулуун багшийн удирдлагад энэ спортоор хичээллэсэн. Багш тэр үед “Энэ хүүхэд гүйх сонирхолтой. Өнөөдрөөс эхэлж бэлдье” гээд ах, эгч нартай хамт бэлтгэл хийлгэсэн. Түүнээс хойш өсвөрийн УАШТ-д оролцож, медаль хүртдэг болов. Авсан шагналуудаасаа урам авч, амжилт гаргах боломжтой юм байна гэж бодоод үргэлжлүүлэхээр шийдсэн. Улаанбаатар хотод оюутан болж ирээд мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлж, 2011 онд үндэсний шигшээ багийн тамирчин болж байлаа. Лондоны олимпын эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцож, олон гараанд уралдсан. Тэр үед 50, 100 км-т гүйж, 2014 онд зодог тайлсан.
-Дасгалжуулагч болоход тань спортын хүрээллийнхэн арай л эрт зодог тайлчихав уу даа гэж байсан.
-Гэр бүлээрээ нэг спортоор хичээллэж, амжилт гаргах амаргүй. Тус тусдаа бэлтгэл хийж, өөртөө анхаарал хандуулахад хүндрэл багагүй тулгарсан. Гадаадын тэмцээнд хамтдаа оролцоход өндөр зардал гардаг байсан тул нэгнийхээ амжилтын төлөө хамтран ажиллаж, үр дүнд хүрэх хэрэгтэйг ойлгосон. Тиймээс би дасгалжуулагч болж, эхнэрээ тамирчнаар үлдээн бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулдаг боллоо. Монголд хөнгөн атлетикийг ойлгож үздэг үзэгч, дэмждэг байгууллага ховор. Цэргийн байгууллагын авдаг цалингаар амьдардаг бидний хувьд хамтдаа хурд сорино гэдэг амаргүй санагддаг байлаа. Амжилт гаргаад ирээрэй гээд гар сарвайх байгууллагагүй үед бид аав, ээж, ах, дүү, найз нөхдөөсөө зардал олдог байв. Ямар ч үед үр хүүхдүүдээ ойлгож, байгаа бүхнээ өгдөг хүн бол аав, ээж л байдаг. Тэд минь бидэнд одоо ч санаа тавьдаг. Сайхан сэтгэл, хайр, халамжийнх нь дэмд бид амжилтын төлөө хамтдаа зүтгэж байна. Бид нэг хүүтэй. Хүүг минь гэргийн аав, ээж харж асардаг. Тэдний тус биднийг амжилт гаргахад их нөлөөлж байгаа. Найдвартай ар талд хүүгээ даатгадаг болохоор тамирчдаа сэтгэл тайван бэлтгэл хийлгэдэг. Токиог зорихоос өмнө хүүгээ авчирч, ээжтэй нь хамт байлгасан. Бэлтгэл ачаалалтай хийх үед хүү ээжийнхээ хажууд байж, эрч хүч, энерги өгдөг. Энэ нь нэг талаар эхнэрийн бэлтгэлийг сайн хийлгэх миний бас нэг тактик л даа.
-Та хичээлдээ гүйх, бэлтгэл хийх, тэмцээнд оролцох гээд их завгүй өнгөрүүлжээ.
-Тэгсэн. Би оюутан байхдаа олон ажлыг зэрэг амжуулж, завгүй өнгөрүүлсэн. Өдөр бүр бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байсан хэрнээ хичээл, ангийнхаа нөхдөөс хөндийрөөгүй. Сүүлийн үед залуус хичээл, сургуулиасаа нэг их хэтрэхгүй байх шиг санагддаг. Хүн завгүй байх тусмаа их ажил амжуулдгийг оюутан байхдаа мэдэрсэн. Өөрийгөө олон зүйлд сорьж, гүйх нь надад хамгийн аз жаргалтай санагддаг байж билээ. Хэрвээ би тэр үед дасгалжуулагч байсан бол тамирчдаа өөрийнхөө үеийнх шиг явахыг харвал бие тань ядарна ингэж, тэгж болохгүй гэж зөвлөх байсан болов уу. Одоо тэр үеэ бодохоор яаж тийм их зүйлийн ард гарч амжуулдаг байсан юм бол гэж боддог юм. Хүн залуу насны хурд, хүчээр олон ажлыг төвөггүйхэн амжуулдаг. Тэгээд ч дуртай спортдоо сэтгэл гаргахад ямар ч саад бэрхшээл хорьж чадахгүй.
-Өөрийг тань дасгалжуулагч болсноос хойш Б.Мөнхзаяагийн амжилт тодорхой хэмжээгээр ахисан. Ийм шийдвэр гаргахад хэрхэн хүлээж авсан бол?
-Бид 2016 онд нэлээд ярилцаж байж, би дасгалжуулагчаар ажиллах шийдвэр гаргасан. Хамгийн боломжтой хувилбар бол “Чи эмэгтэй марафонд хурд сорьж, харин би дасгалжуулагч болъё” гэхэд уриалгахан хүлээж авсан. Риогийн олимпын дараа төлөвлөгөө гаргаж Б.Мөнхзаяаг бэлтгэл хийлгэж, 2017 онд Тайваньд зохион байгуулсан тэмцээнд түрүүлсэн. Тэр тэмцээний үеэр ширүүн бороо орж, тамирчид их хүйтэнд уралдсан. Дараа нь залгуулаад БНСУ-д болсон олон улсын марафонд оролцож мөн тэргүүлсэн. Амжилтаа эрс ахиулж, хоёр дахь тэмцээн дээрээ үндэснийхээ амжилтыг шинэчилж байлаа. Түүнээс хойш олон тэмцээнд оролцож, 2018-2020 он хүртэл бүх амжилтаа шинэчилж, байраа урагшлуулсан. Зөв алхам хийснийг минь эхнэрийн гаргасан амжилтууд харуулсан. Бид Токиогийн олимпын дараа Парисынхад оролцох төлөвлөгөөтэй байгаа. Наана нь хоёр ДАШТ, Азийн тоглолт, наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
-Япончууд эхнэрийн тань амжилт, амьдралын талаар баримтат кино хийснийг санаж байна.
-Япончууд хэдэн жилийн өмнөөс ямар тамирчид олимпыг зорих вэ гэдгийг судалж, медаль авах магадлалтай, ирээдүйтэй тамирчдыг орон орноос сонгон, цуврал баримтат кино хийж байгаа. Тэд “Монголд марафон хөгжөөгүй, ард түмнийх нь спорт биш байтал нэг охин Азийн ихэнх тэмцээнийг тэргүүллээ. Японд хөнгөн атлетик үндэсний спорт болтлоо хөгжчихсөн байхад манай тамирчидтай зэрэгцэн гүйж байгаа Б.Мөнхзаяа хэрхэн амжилтад хүрсэн нь бидний анхаарлыг татсан. Тиймээс баримтат кино хиймээр байна” гэж тус телевизийнхэн биднийг 2018 онд өмнөд хөршид бэлтгэл хийж байх үеэр санал тавьсан. Тэд хоёр сар дагаж, Монгол, Япон, Хятад, Хонконгод зургаа авсан. Тухайн баримтат кино, бас нэвтрүүлгээрээ хөгжөөн дэмжигчдийн клуб үүсгэх бас нэгэн зорилготой байсан болов уу. Үүний дараахан Японд Б.Мөнхзаяагийн хөгжөөн дэмжигчдийн клуб байгуулсан. Японд тэр жилийн гуравдугаар сарын 17-нд баримтат кино анх гарснаас хойш нэг бус удаа цацагдсан. Монгол хүн марафонд амжилт гаргаж эхэлснийг олон талаас нь харуулж, сонирхолтой байдлаар үзэгчдэд хүргэсэн.
-Монголчууд марафонд амжилт хэзээ ч гаргахгүй гэж боддог байсан тэдний таамаглалыг Б.Мөнхзаяа эвдсэн нь сонирхлыг нь бүр ч их татсан байх.
-Японы тамирчдыг бодвол монголчуудын гэр бүл төлөвлөлт нээлттэй. Ид амжилт гаргах насандаа гэрлэж, хүүхэдтэй болсон ч марафоноор үргэлжлүүлэн хичээллэж, амжилтаа жилээс жилд ахиулсаар байгаа нь тэднийг гайхшируулсан байх. Тэнд тамирчид нь карьераа өндөрлүүлсний дараа 35 наснаас хойш гэр бүлээ төлөвлөдөг. Манай марафончид ажил, амьдралын хамаг ачааг нуруун дээрээ үүрсэн хэрнээ зав гарган бэлтгэл хийж, ямар нэгэн компани, корпорацын дэмжлэггүй, санхүүгийн хүндхэн асуудлыг өөрийн бор зүрхээр яаж ийж зохицуулаад, тэмцээнд амжилт гаргаад байгаа нь анхаарлыг нь татдаг болов уу. Тус телевизийнхэн хүн хүсэл, мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чадвал амжилтад хүрдгийг нэвтрүүлгээрээ харуулахыг зорьсон.