Спортын мастер Д.Батцолмон хүүхэд байхдаа сагсан бөмбөгийн спортод хөл тавьж, дасгалжуулагч Л.Аюурзана, Б.Дамба, Ц.Чинбат багшийн удирдлагад бэлтгэл базаан, олон тэмцээнд оролцсон.Тэрбээр дулааны инженер мэргэжилтэй, одоо ч спортоос холдоогүй. Оюутан байхдаа МУИС-ийн шигшээ баг, “Хөдөлмөр”, “Алдар” нийгэмлэгийн багт тоглож, тамирчин болох замналаа эхлүүлжээ. Ахмадын УАШТ-д жил бүр оролцдог тэрбээр өдгөө энэ спортод хөдөлмөр, амьдралаа харамгүй зориулсан үе үеийн ахмад тамирчдын амжилт, дурсамжаар теле цуврал нэвтрүүлэг, баримтат кино хийж, цэнхэр дэлгэцээр спорт сонирхогчдод хүргэж байгаа. Түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.
-Та “БНМАУ-ын сагсан бөмбөгийн түүх” баримтат киноны хүрээнд теле цуврал нэвтрүүлэг үзэгчдэд хүргэж байгаа. Үүнийг хийхээр хэзээнээс төлөвлөв?
-Монголын сагсан бөмбөгийн спортын үе үеийн тамирчдын түүх, амжилтаар теле цуврал нэвтрүүлэг, баримтат кино хийхийг олон жилийн өмнөөс бодсон. Ажил, амьдрал гээд хамт тоглодог байсан нөхдөө ч анзаарах сөхөөгүй явтал түрүүчээсээ хорвоогийн мөнх бусыг үзээд эхэлжээ. Үлдсэн найзуудаа дуртай спортод нь буцаан авчирч, дурсамжаар нь аялуулъя гэж бодоод “Хобби алтан цагариг” клуб байгуулсан юм. Залуудаа энэ спортоор хичээллэж, амжилт гаргасан нөхөд минь тэмцээний үеэр уулзаж, халуун яриа өрнүүлдэг болсон. Бид уулзах болгондоо энэ спортын түүхийг бичих сэн гэж ярьдаг байлаа.Сэтгэл, амьдралаа спортод харамгүй зориулсан тэднийхээ амжилт, дурсамжийн түүхийг хойч үедээ үлдээх нь зүйтэй гээд энэ ажлыг эхлүүллээ. Монголд 1954 онд сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах албан ёсны анхны тэмцээн болсон гэж үздэг ч архивын материалыг судлахад 1949 оны Ардын хувьсгалын 28 жилийн ойн баяр наадмаар албан ёсны тэмцээн болжээ. Тэмцээнд Хятадын соёлын ордны ажилчид, “Цэрэг” нийгэмлэгийн баг талбайд шохойгоор гортиг татаж, самбаргүй шонд цагариг өлгөөд волейболын бөмбөгөөр талдаа 30 минут, нийт нэг цаг тоглоход Монголын офицерын сургуулийн баг аварга болж “Рекорд цол” хүртсэн байдаг. Үүнээс үзэхэд одоогоос 62 жилийн өмнө анхны тэмцээн болсныг Цэргийн төв музейгээс олсон баримт нотолно.
-Монголын сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсаны 60 жилийн ойн баяр ирэх жил тохиох бил үү?
-Тийм ээ, 1959 онд БТСХ-ны урилгаар Бээжингийн их сургуулийн биеийн тамирын тэнхимийн багш Ю Гань манай улсад гурван сарын хугацаатай ирж, “Алдар” нийгэмлэгийн тамирчдаас сонгон авч, бэлтгэл сургуулилалт хийж эхэлжээ. Энэ хугацаандаа сагсан бөмбөгийн дасгал, техникийн талаар тамирчдад заасан нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд томоохон хувь нэмэр болсон түүхтэй. 1960 онд Ю Гань багшийн урилгаар манайхан БНХАУ-ын Бээжин, Шанхай, Ухань, Ханжоу, Гуанжоу зэрэг хотоор явж, уулзалт тэмцээн зохион явуулсан нь гадаадын тамирчдаас их зүйл сурах туршлага болсон байна. 1962 онд ЗХУ-аас уригдан ирж, Монголд ажилласан ЗХУ-ын Гавьяат багш, тамирчин В.В.Горохов, ууган мастер С.Чойен нар санаачилж Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулсан нь тухайн үеийн хурлын тэмдэглэлд бий. Монголын сагсан бөмбөгийн холбооны даргаар Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор “элэгний” хэмээх М.Шагдарсүрэн, нарийн бичгийн даргаар А.Дансранжав, үзэл суртал, сурталчилгаа зохион байгуулагчаар С.Чойенг томилж, тус холбооны улсын анхны орон тооны бус шигшээ багийн бүрэлдэхүүнийг байгуулж, баталсан. Тэгэхээр цаасан дээр анх үзэглэж, архив болгон протокол хөтөлсөн өдрөөс Монголын сагсан бөмбөгийн холбоог албан ёсоор байгуулсан гэж үздэг. Тус холбооны үе үеийн удирдлага энэ түүхэд тулгуурлаж ойн баярыг тэмдэглэж ирсэн.
-Сагсан бөмбөгийн спортын түүхийг судлахад маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж байгаа юм байна.
-Үндэсний архивын газарт суухдаа амаргүй ажил болохыг ойлгосон. Ахмад тамирчдын зөвшөөрлөөр гэрт нь зочилж, яриа өрнүүлэхэд заримд нь мартаж, санах зүйл багагүй гарсан тул судалгаагаа архивын баримтад тулгуурлахаар шийдсэн юм.
-Баримт хэр олдож байна вэ?
-Теле цуврал нэвтрүүлэгт ахмад тамирчдыг оролцуулах зэрэг нь санаснаар бүтчих ажил биш бололтой. Зарим нь гадаадад гэр бүлээрээ амьдарч байна. “Баянгол” спорт хорооны дарга, Монголын сагсан бөмбөгийн ууган мастер С.Чойен багш, Д.Содномзундуй гуай нар амьд сэрүүндээ энэ спортын тамирчдын амжилтын талаарх түүхийг бичихээр ярилцаж, найман хуудас гар бичмэл үлдээснийг Гавьяат дасгалжуулагч Б.Дамба багш надад өгсөн юм. Тэд 1994 он хүртэлх спортын мастер цолтнуудын төрсөн он, сар, гаргасан амжилтыг жагсаан бичсэн байв. Тэр үеийн тамирчдад спортын мастер цол хүртээхэд Биеийн тамир, спортын улсын хорооноос тодорхойлж, тушаал гаргадаг байж. Намайг түүх бичиж байгааг хүмүүс дэмжиж, материал өгдөг болсон. Сонирхуулахад, Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Монголын сагсан бөмбөгийн холбоог найман жил удирдахдаа энэ спортын түүхийг бичсэн 72 хуудас материал өгсөн нь судалгааны ажлыг урагшлуулахад дөхөм болсон. Энэ мэтчилэн олдсон материалуудаа нэгтгээд баяжуулж байна.
-Хийсэн нэвтрүүлгээ хүргэхийн тулд хэнд эхэлж хандсан бэ?
-Спортын сэтгүүлч, хөтлөгч Ц.Баярсайханд санал тавьсан. Надтай ярилцаж, үзэгчдэд цуврал нэвтрүүлэг хүргэсэн түүний сэтгэл, зүтгэлд их баярлаж байгаа. Сагсан бөмбөгийн үе үеийн тамирчдын түүх, амжилтыг өгүүлснээрээ энэ нэвтрүүлэг анхных. Үүгээрээ ч олны сонирхлыг их татсан. Энэ спортын төлөө амьдрал, хөдөлмөрөө харамгүй зориулсан тэдний он жилүүдийн түүхээр үзэгчид аялсан болов уу.
-Спорт сонирхогчид тантай сэтгэгдлээ хэр хуваалцаж байна вэ?
-“MNB sport” сувгийнхантай хамтран эхний гурван нэвтрүүлгийг хүргэсний дараа хүмүүс хандаж эхэлсэн. Эхний нэвтрүүлгийг энэ спортод дуртай үнэнч фэнүүд сонирхож үзсэн болов уу. Харин гурав дахь нэвтрүүлгээс бидний үеийн тамирчдын тоглолтыг Спортын төв ордныг хөл тавих зайгүй дүүргэсэн хөгжөөн дэмжигчид үзсэн. Тэд одоо 60 орчим настай. Тухайн үеийн сагсан бөмбөгийн ертөнцөөр аялж, сэтгэл догдолсон нь илт анзаарагдсан. Уригдсан зочдыг хараад “Өө, энэ тамирчин тань тэр нийгэмлэгийнх, бөмбөгийг тэгж шидэж оруулдаг, тэгж довтолж, хамгаалдаг байсан” гээд өөр хоорондоо ярьж эхэлсэн тул нэвтрүүлэг ч сонирхолтой болсон. Үеийнхэн минь надтай холбогдож, “Нэвтрүүлэгт орсон тамирчид тэр үеийн тоглолтуудыг нүдэнд харагдтал ярихад өөрийн эрхгүй сэтгэл догдоллоо” гэж байв. Миний хувьд тав дахь нэвтрүүлгээ үзэгчдийн хүртээл болголоо. Цар тахлын дэгдэлтээс сэргийлсэн хөл хорионы үед олонд хүргэсэн болохоор нэг нэвтрүүлэгт 12-оос илүү зочин урих боломжгүй байлаа. Энэ нэвтрүүлэгт оролцсон зочдоос гадна өөр олон хүний ярилцлагыг ч баримтат кинонд оруулна.
-Сагсан бөмбөгийн тухай өгүүлж, үзэгчидтэй цэнхэр дэлгэцээр уулзах нь ахмад тамирчдад сайхан санагдсан байх.
-Эхний нэвтрүүлэгт Батлан хамгаалын сайд асан, хошууч генерал Л.Моломжамц гуайг оролцуулахад “Би Москвад цэргийн инженерийн мэргэжил эзэмшсэн. Тэр цагаас насаараа цэрэг, армийн тухай ярьлаа. Залуудаа сагсан бөмбөг тоглож байснаа өгүүлж, зурагтаар гарна гэж хэзээ ч бодоогүй, баярлалаа” гээд нулимс дуслуулсан шүү. Тухайн үеийн ЗХУ, БНМАУ-ын хүндэт төмөр замчин Л.Дашзэвэг гуай өдгөө 78 настай. Тус байгууллагад олон жил ажилласан хэрнээ зурагтаар олны өмнө гарч байгаагүй гэнэ лээ. Харин сагсан бөмбөгийн тамирчин байснаа ярьж, спорт сонирхогчидтой анх удаа уулзлаа. Тэрбээр 1975 онд энэ спортоос зодог тайлахаасаа өмнө 1955 онд БНХАУ-ын Хөх хотод Төмөр замчдын спортын наадам, 1965 онд Болгарт Армиудын АШТ, 1966 онд БНГАУ-ын “Динамо” нийгэмлэгийн сагсан бөмбөгчидтэй нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцсон юм билээ.
-Сагсан бөмбөгийн тамирчдаас нэлээд тоглогч гадаадад амьдардаг тухай өгүүлсэн. Тэдэнтэй уулзахаар хилийн чанадыг зорих уу?
-Би өмнөх үеийнхээ тоглогчдыг судалж, тэдэнтэй амжилт хэрхэн гаргасан талаар яриа өрнүүлдэг байлаа. Дахиад хэдэн нэвтрүүлэг хүргэсний дараа баримтат киногоо хийнэ. Тэр нэвтрүүлэгт гадаадад амьдарч буй тамирчдаас урьж, оролцуулна. Төлөвлөсөн ажлаа амжуулчихаад оны сүүлчээр хилийн дээс алхаж, үеийнхээ тамирчидтай уулзана. Тухайлбал, Швейцарын Женевт В.Төмөрбаатар, Францад Л.Бадрал, Германд Б.Дашдорж, А.Отгонболд, Унгарт Ж.Бат-Өлзий, н.Ганхуяг, Америкт Б.Баатаржав, Л.Тунсагбаяр, Д.Ганзориг нар амьдардаг.
-Цар тахлын үед олон хүний хийхээр зорьсон ажил саатаж байгаа. Баримтат кино бүтээх ажилд тань иймэрхүү зүйл багагүй тулгарсан биз?
-Бурхны оронд заларсан, сагсан бөмбөгийн түүхэнд зайлшгүй бичигдэх хүмүүсийг хэрхэн хамруулах талаар төлөвлөж байна. Тухайлбал, Л.Намдаг, С.Чойен, Л.Аюурзана, Д.Содномзундуй зэрэг тамирчдын тухай өгүүлэх юм. Тэдэнтэй хамт нэг, эсвэл эсрэг багт нь тоглож байсан таван тамирчинтай ярилцаж, түүхийг нь бүтээх санаа бий. Тэднийг урихын тулд багагүй хүч, хөдөлмөр зарцуулж таарах нь. Зарим нь гадаадаас Монголд ирэхээр зорьж буй ч цар тахлын улмаас хил нээх, эсэх асуудал хойш чангааж байгаа. Миний хувьд ахмад тамирчдаа нэвтрүүлэгтээ амжиж оролцуулахын тулд цаг хугацаатай уралдаж байна. Эхлүүлсэн ажлын маань гол зорилго бол Монголын сагсан бөмбөгийн түүхийг баримтжуулан бичиж, Үндэсний төв архивт хүлээлгэж өгөх.
-Сүүлийн үед ахмадын УАШТ-д олон баг өрсөлдөж, ана мана тоглодог болжээ.
-2003 оноос “Хобби алтан цагариг” клуб байгуулж “Алдар”, “Хөдөлмөр” нийгэмлэгт хамт тоглож байсан тамирчидтайгаа Ахмадын УАШТ-д оролцож байна. Тус тэмцээнийг 1982 оноос эхэлж зохион байгуулсан. Тэмцээний 11 дэх удаагийн зохион байгуулалтад хамтран оролцсон. Ахмадын сагсан бөмбөгийн УАШТ-ийг зохион байгуулахад дэмжсэн MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Алтайн бүргэдүүд” клубийн С.Бат-Очир, “Майн инфо” ХХК-ийн Д.Төрбат, “Геотранс” ХХК-ийн Ц.Бямбацоож, “Милл Хаус” ХКК-ийн захирал Ж.Чинзориг нарт баярлаж талархсанаа илэрхийлье. Ахмадын УАШТ өргөжиж, 2019 онд ОУХМ Б.Бадралын нэрэмжит тэмцээн зохион байгуулахад 56 багийн 560 тамирчин оролцсон. 2020 оны тэмцээнийг зохион байгуулахаар медалиа хийлгэсэн байсан ч цар тахлаас үүдэж хойшлогдсон. Ирэх долоо, наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
-Монголд сагсан бөмбөгийг хятадууд анх хөгжүүлсэн гэдэг.
-Хятад барилгачид Энхтайваны, Арслантай гүүр, Улсын их дэлгүүр, Спортын төв ордныг барьсан. Тэд чөлөөт цагаараа гадаах талбайн шороог тэгшилж, шийд зоон, сагсан бөмбөг тоглодог байж. Тухайн үед Хятад, Монгол, Оросын улс төрийн бодлого, нийгмийн харилцаа ч сайн, их бүтээн байгуулалтын ид үе байв. Хятадууд талбайд бөмбөг, шийдээ орхиод явахаар монгол хүүхдүүдэд тоглох боломж олддог байжээ. Шороон талбайд тэдний тоглохыг харах нь тэр үеийн хүүхдүүдэд хараад ханашгүй гайхамшиг байсан гэдэг. Тэр үед сагсан бөмбөгтэй зэрэгцээд спортын бусад төрөл ч хөгжсөн. Монгол хүүхдүүд хятад барилгачидтай тоглож, эхэндээ хожигддог байсан бол сүүлдээ эн тэнцүү өрсөлддөг болсон байдаг. Үүний дараа зарим сургууль, нийгэмлэгийн гадаа сагсан бөмбөгийн шороон талбай байгуулж, дотор зааланд зориулалтын самбартай болсон юм билээ. Үүнийг олохын тулд маш их материал судаллаа.
-Монголд тухайн үед Хятадын Ю Гань хэмээх тоглогч ирж, сагсан бөмбөгт сонирхолтой хүүхдүүдийг сонгон авч, заасныг ахмад тамирчид дурссан. Та энэ талаар сонирхолтой баримт олсон байх.
-Хятад улсаас ирсэн Ю Гань багш Монголд ажиллахдаа энэ спортод сонирхолтой хүүхдүүдийг сонгон авч, сагсан бөмбөг анх заасан түүхтэй. Түүний орчуулагчаар Т.Доржзав багш ажилладаг байжээ. Тэрбээр химийн мэргэжилтэй хэрнээ сонирхлоо дагаж сагсан бөмбөгийн шүүгч, дасгалжуулагч болсон. Түүний хүү Д.Нямдорж өдгөө сагсан бөмбөгийн “Хобби алтан цагариг” клубт тоглодог. Монголын сагсан бөмбөгийн холбооны гадаад харилцааг хариуцаж байсан Ш.Ананд 2002 онд Бээжинд очихдоо Ю Гань багштай уулзахад тэрбээр “Бүх Хятадын сагсан бөмбөгийн холбооны зөвлөхөөр ажиллаж байна. Би Монголд 1959 онд ажиллаж байлаа” хэмээн дурссан байдаг. Харин оросууд манайханд сагсан бөмбөгийн мэргэжлийн холбоо байгуулах, олон улсын сагсан бөмбөгийн дүрэм боловсруулж, тэмцээн зохион байгуулах зааврыг орчуулж байсныг дээр өгүүлсэн. Тэгэхээр монголчуудад хоёр хөршийнхөн сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх суурийг тавьжээ.
-Монголд сагсан бөмбөгийн хоёр холбоо бий. Хоёулаа тамгатай тул, тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Холбоод хороондоо эв түншингүй байх нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлдөг тал бий.
-Би сагсан бөмбөгийн хоёр холбооны үйл ажиллагаанд оролцдоггүй. Харин Монголын сагсан бөмбөгийн холбоог анх үүсгэн байгуулсан Удирдах зөвлөлд нь байдаг. Өдгөө хоёр холбоо өөрийн гэсэн тамгатай, тусдаа үйл ажиллагаа явуулж буй. Миний хувьд хоёр холбоо нэгдэж, гадаад, дотоодод сагсан бөмбөгийн чиглэлээр сурсан өндөр мэдлэгтэй тайлбарлагч, олон улсын шүүгч залуустай гэрээ хийгээд менежментийг нь өгчих хэрэгтэй санагддаг. Хэрвээ нэгдвэл менежментийн чадварлаг баг гаргаж, гадаад, дотоодын багтай холбон, шилдэг тамирчдыг тэмцээнд алгасалгүй оролцуулдаг болчихвол сайн сан гэж боддог юм. Мэдээж эв түнжингүй байдал нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж байгаа нь ойлгомжтой.
Ц.БАТБААТАР