Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 26-нд бүрэн эрхийнхээ дагуу зарлиг гаргаж “Эрдэнэс силвер ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Шагнал гардуулахдаа Дундговь аймгийн Салхитын мөнгөний ордыг түшиглэсэн “Эрдэнэс силвер ресурс” компанийг амжилттай удирдаж Монгол Улсын нийт 230 мянган ахмад буурлын зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн өрийг тэглэх, 238 мянган ахмадад байгалийн баялгийн хишиг нэг сая төгрөгийн хувь хүртээх боломжийг бүрдүүлж, монгол хүн баялагтаа эзэн болох, баялгийнхаа үр шимийг хүртэх үндэс суурийг тавьсныг үнэллээ” гэж тодотгосон юм. Хэдийгээр элдэв хардлага сэрдлэг дагуулж алтны компанийн захирлыг алт, мөнгөний орд эзэмшдэг төрийн өмчит компанийг удирдуулсан, одоо бүр нэг өдөр хоёр одонгоор энгэрийг нь цооллоо хэмээн гоочилсон ч бодит үнэнийг түүхэнд бичиж үлдээх ёстойн учир зарим зүйлийг тодотгоё.
ЯАГААД Т.МӨНХБАЯР ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛОВ?
Тэр дахин давтагдахгүй ч байж мэдэх ямар түүх үлдээсэн бэ? Ерөнхийлөгчид иргэдээс ирүүлдэг өргөдөл, гомдлын дэндүү том хувийг тэтгэврийн өртэй иргэдэд тулгарсан бэрхшээл, амьдралын гачигдал, үүнээс үүдэлтэй гуйлт эзэлдэг байсан нь аль ч цаг үеийн Ерөнхийлөгч нарт байсан бэрхшээл. Гэхдээ тэд толгой даан шийдэж байсангүй. Тэгэх боломж ч хомс. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оныг үдэж, 2020 оныг угтах мөчид хэлсэн үгийнхээ төгсгөлд Монгол Улсын бүх ахмадуудын тэтгэврийн өрийг тэглэх “солиотой” шийдвэр гаргаж дуулиан тарив. Олон хүн 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж ойлгосон байх. Харин үүний дараа Салхитын ордын асуудал үргэлжилж, Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар “Эрдэнэс бонд” гаргах асуудлыг шийдвэрлэсэн. Ердөө маргааш нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ хуралдаж “Эрдэнэс” бонд гаргах тухай болон “Эрдэнэс Монгол” ХХК арилжааны банкуудтай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг үнэт цаас гаргаж төлөх гэрээ”-нд гарын үсэг зурах эрх олгох тухай зэрэг асуудлыг шийдвэрлэв.
Тэр ордод хөрөнгө олж тоног төхөөрөмж, ажиллах хүчин бий болгож, олборлолт хийгээд ахмадуудын өрийг дарах, байгалийн баялаг 1 сая төгрөгийг бүх ахмадад олгоно гэдэг гарын үсэг зурахтай харьцуулшгүй том ажил Т.Мөнхбаярын “хар толгой” дээр буув. Гэхдээ тэр чадсан. 2019 оны 12 дугаар сарын 25-нд Салхитын мөнгөний ордын дээж 50 кг мөнгөн гулдмайг Монголбанкны Эрдэнэсийн санд тушаав. Мэдээж Т.Мөнхбаяр гэхээсээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тухайн үед “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан П.Ганхүү нар “Гадаад албан нөөц 4 тэрбум ам.долларт хүргэсэнд баярлаж байна”, “Үндэсний баялгийн сангийн эхлэлийг тавилаа”, “Түүхэн үйл явдлын гэрч боллоо” гэцгээгээд таван жилийн гэрээ байгуулчихлаа. Сонгуулийн жил эхэлж байсныг ч хэлэх үү, тухайн үеийн УИХ, Засгийн газрын хувьд ч, эрх баригч намын хувьд ч том ажил мөн. Тэд энэ талаасаа л харсан байх. Уг нь том зурагаар нь харвал Монгол Улсын түүхэнд давтагдашгүй үйл хэргийн эхлэл энд байв. Учир нь цаашид нийгмийн халамж, ахмадуудын тэтгэврийн сангийн асуудлыг улам боловсронгуй болгож хууль батлах замаар хэлэлцээд гажуудлуудыг засаад, тогтолцоог сайжруулаад явах нь ойлгомжтой. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан энэ шийдвэр шиг хуримтлагдсан асуудлыг зоригтой шийдвэрлэх алхам дахин хийгдэхгүй, хийх ч шаардлагагүй биз ээ. Үр дүн нь дээр дурьдсанчлан Монгол Улсын нийт 230 мянган ахмад буурлын 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн өрийг тэглэх, 238 мянган ахмадад байгалийн баялгийн хишиг 1 сая төгрөгийн хувь хүртээж чадлаа. Энэ бол өрх бүрийн хаалгаар орсон байгалийн баялгийн хувь хишиг мөн. Яг ингэж хүртээхийг олон жил мөрөөдсөн, энэ сэдвээр олон ч сонгуулиар сурталчилгаа хийсэн. УИХ-ын 2020 оны сонгуулиар ч, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар ч “Хийсэн, Чадсан” гэж ам дүүрэн хэлэх цөөн ажлын нэг нь энэ байлаа. Тэглээ гээд Ерөнхийлөгч Х.Баттулга “Би санаачилсан” гэж цээжээ дэлдсэнгүй, “Хувь хишиг түгээх мөнгийг би олж ирсэн” гэж Т.Мөнхбаяр ч дуугарсангүй. Учир нь тэдэнд хэлсэндээ хүрэх л чухал болохоос хэн амжилтын эзэн байх нь сонин биш байв.
Гэхдээ л Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өөрийнхөө бүх эрх мэдлийг зольж байж Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд тусгасан үнэт зүйлсийг амилуулж бодит ажил болгож чадсан нь түүхэн үнэн. Тэрбээр энэ шийдвэрээрээ олон асуудлыг цэгцэлсэн. Юуны өмнө өөрт нь ирдэг гомдол саналуудыг ширээнийхээ нүдэнд хураах биш шийдвэрлэж чадсаныг дээр дурьдлаа. Цаашилбал Салхитын ордын асуудалтай холбогдуулан хууль хяналтын байгууллагаа цэгцлээд авсан. Талцсан, авлигажсан байдлыг арилгах арга хэмжээ авсан. Та бүхэн санаж байгаа бол “Ван, Янгийн хэрэг” гэгддэг Салхитын ордын лицензийг эзэмшигч “Жи Пи Эф” ХХК-ийн захирлуудын шүүгчдэд өгсөн авлигын хэрэг Прокурорын шатнаас цааш шийдэгддэггүй байв. Одоогийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тухайн үед УИХ-ын гишүүн байхдаа “Шүүгч нарын ХОМ-ийг харахад нэлээд нь нэг тэрбум төгрөгөөс дээш үнэтэй орон сууцанд амьдарч байна”, “Захиргааны хэргийн шүүгчийн хүүхдийн дансанд 500 сая төгрөг байна” гэхчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж “хорт хавдар” болтлоо хүндэрсэн авлигын хэргийг уудлалцаж байсныг сайн санаж байна. Тэрбээр 2018 оны гуравдугаар сарын 12-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “36 лиценз сэргээсэн нэр бүхий 22 шүүгчийн баримт” бариад шалгуулна гэж мэдэгдсэн. Мөн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр шүүхдэхэд шүүгч нар анхан шатанд 50 мянган ам.доллар, дунд шатанд 100 мянган ам.доллар, дээд шатанд 200 мянган ам.доллар авч байна. Ийм байхад шударга ёс хаяад хэцүү” гэхчлэн ноцтой мэдэгдлүүдийг хийсэн билээ. Өнөөдөр “Шүүгчид айдас, дарамттай ажиллаж байна” гэх гомдол гарч байгаагийн цаана хэт даврагсад мэт авирлаж байсан шүүгчид төрийн хуулийн өмнө айж эмээхтэйгээ болсоны илрэл ч цухалздаг боллоо. Тэр үед Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын төр шүүгчээ, прокуророо гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцож чадна. Авлига авсан нь тогтоогдсон тохиолдолд АТГ-т итгэхгүй байвал ҮАБЗ-д ханд” гэсэн онцгой санаачилгуудыг зоригтой гаргасан нь цаг үеэ олсон шийдэл байжээ гэдэг нь одоо ч нотлогдсоор байна. Ийнхүү Салхитын орд шүүх, прокурорын байгууллагын хэт даварсан гэмээр ноёрхлыг шударга ёсны өмнө ганхуулж, авлига авсан гэм бурууг илчилсэн нийгмийн чухал ач холбогдлын нэгэн гэрч болов.
ЖИЖИГ ОРД ТОМ ӨГӨӨЖ ӨГЧ БОЛДГИЙГ САЛХИТ ТӨСӨЛ ХАРУУЛЛАА
Хошигнож хэлбэл ёстой нөгөө “тонгорог, хүүхэн хоёр жижигддэггүй” гэгч боллоо. Салхитын ордод өмнөх эзэд нь шүүхээс ял авсан бараан түүхээс болоод хэн ч ойртож чадахгүй, ойртсон ч захиран зарцуулах том шийдвэр гаргаж чадахгүй дөлөөд байв. Гэтэл хөрсөн дороос нь алт мөнгөө аваад л ахмадуудад тараачихлаа шүү дээ. Товчхондоо байгалийн баялгаас иргэд бодитоор хүртэв. Эрх баригч аль нэг нам, эсвэл Засийн газар Салхитын ордоос төдөн төгрөг орчмын алт, мөнгө гарна, түүнийгээ төдөөр тушааж ахмадууддаа эсвэл иргэддээ тараана зарцуулна гэсэн мөрийн хөтөлбөр, төсвийн хууль батлаагүй байсан ч ийм арга замаар өгөөж хүртээчихлээ, хуримтлагдсан асуудал шийдчихлээ. Дээр нь тархинд нь “Би монгол хүн учраас ордоосоо ашиг хүртсэн” гэсэн мессеж үлдээсэн, энэ нь мөнгөний тооноос илүү ач холбогдолтой. Үүнийг анзаараагүй, анзаарахыг хүсээгүй зарим хүн, сошиалд муулах, шоолох нь хамаагүй түүхэнд тэмдэглэж үлдээх ёстой. Хожмын өдөр хэн нэг нь яг ийм ажил хийчихээд “Монгол Улс түүхэндээ анх удаа…” гээд зарлавал яах вэ? Тиймээс тодорхой бичиж түүхэнд үлдээе.
Салхит төслийг хүлээж авах үед уурхайн нөхцөл байдал хөлдөж бүрэн зогсчихсон, хүдрийн нөөц нь 2 сая 461 мянга 710 тонн байсан бол одоо олборлолт хэвийн, 1-р үйлдвэр сар тутамд 350 тонн баяжмал үйлдвэрлэдэг тогтмол ажиллагаатай болоод жил гаруйн нүүр үзлээ. Төслийг хүлээж авснаас хойшхи нөөцийн хөдөлгөөн болон 2020 онд хийсэн нэмэлт хайгуулын үр дүнд 3 тэрбум 169 сая 815 мянган тонн болсныг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлагнаж улсын нөөцөд бүртгүүлчихээд байна. Дээрх амжилт хувийн хэвшлийн менежментээр төрийн өмчит компанийг удирдвал ямар их ач холбогдолтой, их зүйл хийж болдгийг харууллаа. Давталгүй дүгнэхэд нийт 1 их наяд 145 тэрбум 467 сая 709 мянган 448 төгрөгийн байгалийн баялгийг Салхит төсөл хуулийн хүрээнд төрд хүлээлгэн өгөөд байна. Үүнийг л менежментийн гайхамшиг, менежерийн чадвар гэнэ биз дээ? Хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй энэ гавьяаг Монгол Улсын, төрийн байгууллагуудын сан хөмрөг, архивуудад тэмдэглэн түүхэнд үлдээх учиртай юм.
Логикийн дагуу дээрх нөхцөл байдлаас урган гарсан бас нэг “мессеж”-ийг мартаж болохгүй. Хэрэв энэ жижигхэн орд ийм хэмжээний ашиг өгч чадаж байгаа юм бол стратегийн том ордуудыг ийм менежментээр хөдөлгөвөл ямар хэмжээний үр ашиг өгөх бол гэдгийг бодох л ёстой. Үүнд гадны хөрөнгө оруулагчдыг урьж даллаад, өндөр хүүтэй зээл авч түүндээ боомилуулаад, өндөр ханштай зөвлөх үйлчилгээ авах тийм ч чухал биш бололтой юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Энэ нь одоо ажиллаж байгаа стратегийн томоохон ордууд буруу ажиллаад байна гэсэн хэрэг биш. Харин Салхитын жишгээр дотоод нөөц боломжоо ашиглаад зөв менежмент хийх туршлага болон сэтгэл байвал гарц байдаг юм байна шүү гэсэн “мессеж” юм.
РОМАНТИК МАНЛАЙЛАГЧ, МЕНЕЖЕР
Өнөөдөр харж байхад “Эрдэнэс Монгол”-ын арав гаруй охин компаниас мөнгө авчирдаг нь “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс силвер ресурс” хоёр л байлаа. “Эрдэнэс Тавантолгой” бол төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хамаг хөдөлмөрийн үр шимээ зарцууллаа. Тээвэрлэлтийнх нь хөгжил дэвшил бол “цусны эргэлтийнх нь гол судас” учраас тамираа тасартал хөрөнгө хаясны үр дүнд төмөр замтай болоод авлаа. Мундаг! Үүний зэрэгцээ “30 000 хонь” урд хөршид бэлэглэж харилцааны торгон мэдрэмжээр хүнд үеийг давахад ч хандивлаж л байлаа, Улаанбаатарыг утаагүй болгох том төсөл мөн л тэдний хөрөнгөд сууриллаа. Нөгөөх нь “Эрдэнэс силвер ресурс”. Бусад нь өр, алдагдал, олон даргын тансаглал. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Тиймээс төрийн өмчит компаниудыг зөв хөгжүүлэх, томоохон төслийг удирдах менежерүүдийг сонгох асуудал маш чухал юм байна. Учир нь Салхит төслийн амжилтын гол эхлэл нь гоочлуулдаг нэг сэдэв болох “алт, мөнгөний уурхай ажиллуулж байсан” Т.Мөнхбаярын туршлагатай ихээхэн холбоотой. Нэг төсөл хэрэгжүүлэхдээ зөв төлөвлөдөг, хөрөнгө оруулагчдад юу амлахаа мэддэг, түүндээ хүрэхгүй тохиолдол гаргаж байгаагүй түүх нь уг төслөө үр дүнд хүнд хүрч чаддагийг харлаа. Манайхан туршлагатай хүн томил гэхээр олон жил ажилласан, олон үйлдвэр удирдсан ахмад геологич томилох гээд байдаг. Гэтэл төсөл бахь байдгаараа байх нь ч бий. Харин цаг үе өөр шаардлага тавиад байгааг Салхит төслөөс харлаа. Бизнес төслийг шат дараалалтай төлөвлөж, хөрөнгө босгож зөв зээл тавьж төлөвлөгөөний дагуу төлж дуусгаад төслөө гүйцэд хэрэгжүүлнэ гэдэг их өөр туршлага юм байна. Өөрөөр хэлбэл бид өмнөхөөсөө тэс өөр цаг үетэй нүүр тулжээ. Үүнийг мэдээд Ерөнхийлөгч Х.Баттулга бизнесмэн Т.Мөнхбаярыг төрд урьсан байх. Азаар тэр нь нам бус байсан. Муулбал бөхөөр танил гэж л хардах юм биз. Гэхдээ Т.Мөнхбаярын хийсэн бодитой ажил, үлдээсэн мөр баларшгүй юм.
Тэр бол маш романтик манлайлагч, менежер гэж би хэлнэ. Хэчнээн туршлагатай, ахмад геологичид ч өмнөх эзэд нь шүүхээр шүүгдэж яллагдсан “түүх”-тэй ордод гаднынхны хөрөнгийг татаж баялгаа олборлож ашиглаад зээлийг нь төлөөд ашигтай үлдэх ухаан, хамгийн гол нь тийм эр зориг цогцлох нь юу л бол. Дээр нь гарааны эхэнд компанийн үйл ажиллагаагаа өөрөө өөрийгөө санхүүжүүлж төрөөс санхүүгийн дэмжлэг огт аваагүй гэдгийг онцлоё. За, тэгээд “шахааны” ТУЗ-тай, “шахааны ажилчид” олонтой байхад ийм том төслийг амжилттай хэрэгжүүлэх үнэхээр төвөгтэйг хөндлөнгөөс харлаа. Гэвч “Эрдэнэс силвер ресурс” компанид өнөөдөр өндөр мэдлэг боловсролтой, дэлхийн харилцааны гол гол хэлийг үндсэн хэрэглээ болгож чадсан, идэвх санаачлагатай, дээр үеийнхээр бол “ШБОС” танилцуулж ажил хэрэг болгож чаддаг олон бахархам залуус ажиллаж байна. Энэ мөчид тэдний үлгэр мэт сонсогдох боловч Монголд хэрэгтэй, гарцаагүй хийх ёстой тэр сайхан төслүүдийг бүрэн гүйцэд сонсож ойлгодог, тэдэнтэй адилхан сэтгэж зорьж ажиллаж чаддаг удирдагч тэдэнд хэрэгтэй. Тэд Т.Мөнхбаяр захирлыгаа тэгж л үнэлж ярьж байна. Хэрэв романтик төсөл сэтгэхгүй бол түүнийг дэмждэг менежерээр удирдуулаагүй бол тэр сайхан залуусын сэтгэлгээ унтарна, бөхнө, ширгэнэ шүү дээ. Ажиглаад байхад олон газарт залуусаа төсөл санаачлаад ороход “Ингэж солиорч байхаар урдах ажлаа хий” гэдгээс болоод залуус хөгжихгүй, захирлынхаа өөдөөс сөрөхгүй нүдэнд өртөхгүй ажиллаж цаг нөхцөөж, оргилсон хүсэл тэмүүллээ ширгээж эхэлдэг. Энэ л хамгийн харамсалтай. Хөлөг онгоц хийе гээд ороод ирсэн залууг солиор гэхээсээ түрүүлж алив үзье, яаж хийх вэ, хаанаас хөрөнгө босгох вэ, ашигтаа хэрхэн хүрэх вэ зах зээлээ яаж төлөвлөв гээд хамт “романтиклаад” дэмжээд төгс хэрэгжүүлдэг тийм л удирдагчийг залуу үе хүсч байна. Энэ л төрийн өмчит компанид агаар ус мэт хэрэгтэй байна.
Монголд олон “Салхит” төрвөл Баялгийн сангийн аргаар тулгамдсан асуудлаа шийдэж хуримтлагдсан нөөцөөрөө Монголынхоо ирээдүй, хойч үед тустай бүтээн байгуулалт хийж иргэдээ сайхан амьдруулж чадна. Үүнийг олон улстөрчийн амнаас сонсож олон сонгуулиар мэхлүүлж байсан ч одоо бол итгэл төрж байна. Нүдээр харсандаа итгэхээс аргагүй шүү дээ. Уул уурхайн баялаг эргэж нөхөгдөхгүй онцлогтой. Хэзээ нэгэн цагт дуусна. Одоо байгаа шигээ ийм төлөвлөгөөгүй, маргаантай, замбараагүй байдлаар шийдвэл бид тулгамдсан асуудлуудаа “тэврээд” хоосон л үлдэнэ. Тиймээс Салхитын жижиг ордоор ийм олон асуудлыг шийдэж болж байгаагийн адил Үндэсний баялгийн сангаа хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг “Салхит” төсөл, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Т.Мөнхбаяр харууллаа.
“БҮХ ЮМ ТЭГЭЭС” БАЙТУГАЙ “ХАСАХ”-ААС ЭХЭЛСЭН
Т.Мөнхбаярын “Эрдэнэс силвер ресурс” дэх цаг тоолол 2019 оны 12 дугаар сарын 23-нд ТУЗ-тай хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар эхэлдэг. Түүнийг ажил хүлээж авахад тус компанийн 2019 оны санхүүгийн тайлангаар 517.7 сая төгрөг байсан бол 2020 оны тайлангаар 1.3 их наяд төгрөг болж өсчээ. Ашиг нь анх авахад алдагдалтай буюу (-) дүнтэй байсан бол 2020 оны тайлангаар 50.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай болсон байна. Тийм ч элбэг тааралдах үзүүлэлт биш. Хэтрүүлж хэлбэл “Үсрэнгүй хөгжсөн” байгаа биз?
Анх үндсэн долоон ажилтан, орон нутгийн нэг ажилтантай гараагаа эхэлсэн бол өнөөдрийн байдлаар буюу 17 сарын дотор үндсэн 156 ажилтан, тэдний 30 хувь нь орон нутгийн ажилтнууд болжээ. Туслан гүйцэтгэгч компани байхгүй, тэдэнд өгөх гэрээт ажлыг төлбөр байхгүй байсан бол одоо нийт 5 туслан гүйцэтгэгчийн 370 ажлын байр, 7 туслан гүйцэтгэгчийн ээлжийн ажилтан гээд уурхайн бүсэд нэг ээлжинд 550 хүн ажиллаж байна. 2020 оны байдлаар 5 туслан гүйцэтгэгч компанид гэрээний төлбөрт 23 тэрбум төгрөг олгосон нь эдийн засгийн үр ашиг, ажлын байрыг дэмжсэн, төр хувийн хэвшлийн хамтарсан төсөл амжилттай болсон байгаа биз? Одоо тус компани Баяжуулах-2 үйлдвэрийн 4 объектийн бүтээн байгуулалтын ажлыг 80 хувьтай гүйцэтгэж, 150 ажилчны 1600 м.кв орон сууц болон оффисын 650 м.кв талбайтай шинэ барилгыг тус бүр гурван сарын дотор бариад Улсын комисст хүлээлгэн өгчихсөн байна. Анх ажил хүлээж авахад нь газрын дорх баялгаа тогтоож төрийн мэдэлд бүртгүүлэх ажиллагаа хийгдээгүй байсан бол 2020 оны 8 дугаар сард Овоот хяр хайгуулын лицензийг хүлээн авч хайгуулын ажил гүйцэтгэсний дүнд ердөө дөрөвхөн сарын дотор буюу 2020 оны 12 дугаар сард Монгол Улсын Эрдэнэсийн санд 53.1 тонн алтны нөөцийг бүртгүүлж төрийн өмчийн баялгийг баталгаажуулан 2021 онд эдийн засгийн эргэлтэд оруулахад бэлэн болгочихоод байна. Төрийн өмчит компани, “нинжа” хөрөнгө оруулагчийн маш хурц ялгаа энэ. Гавьяа биш гэж үү? Өнөөх хосоороо ирсэн одонгийн утга учир ийм хөдөлмөрийн үр дүнг үнэлэхэд амилахгүй гэж үү?
НУУЦЫН ДАРДАСТАЙ БИЧИГ
“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад нууцын дардастай гурав дахь албан бичиг ирсэн гэдэг. Үргэлжилж ч мэднэ. Албан бичгүүдийн төгсгөлд нь “Иймд Эрдэнэс силвер компанийн Гүйцэтгэх захирлыг өөрчлөх асуудлаар ТУЗ-д чиглэл өгч шийдвэрлүүлэх боломж байгаа тул хэрэгжүүлнэ үү” гэсэн байдаг юм гэнэ билээ. Ерөөсөө зайлуулах ганц арга байгаа нь “компанийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор түрээ барьж ТУЗ-д нь чиглэл өгөөд захирлыг өөрчлүүлье” гэсэн агуулгатай. Ийм утгатай гурван бичиг бүгд ТУЗ-ийн дарга Д.Ганбатын гарын үсэгтэй төдийгүй яг энэ даргын ч хүсэл эрмэлзэл биш гэдэг нь мэдрэгдээд байдаг. “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа болохоор “АТГ, Прокурорын байгууллагаас компанийн удирдлагад ирсэн бичгүүд түүнийг шалгаад гэм буруугүйг тогтоосоныг тодорхойлж байна. Нэгэнт намайг Эрдэнэс Монголыг удирдаж байх цаг үед Эрдэнэс Силвер компани хүүгүй 50 сая ам.долларын зээлийг “Трафигура”-аас зээлсэн, төлөвлөгөөний дагуу зээлээ хугацаанд нь амжилттай явж байгаа болохоор надад Т.Мөнхбаярыг өөрчлөх шалтгаан алга. Улс төрийн шалтгаанаар огцруулах гэж байгаа бол энэ оны төгсгөлд зээлийг бүрэн төлсний дараа болбол яасан юм бэ. Хэрэв түүнийг огцруулснаас болоод төсөл гацаж төлөвлөгөө бүтэлгүйтвэл үлдсэн өрийг хэн хариуцах вэ. Шаардлагатай бол ЗГХЭГ-ын даргын гарын үсэгтэй бичиг өгнө үү” гэсэн байдаг. Төрд хувийн хэвшлийн туршлагатай менежер уригдаж ажиллахад ийм хувь тавилан хүлээж байдаг нь харамсалтай. Ер нь яагаад ч ТӨБЗГ гэж байгууллага байсаар байтал ЗГХЭГ-аас шахалт үзүүлж, улс төрийн реакциар дарамтлаад байдаг юм бэ? Энэ “үйл хөдлөл” нь “Төрийн өмчит компани ашигтай ажиллах тусам муу юм уу” гэж асуумаар эгдүүцэл төрүүлдэг. Хэрэв энэ төслийг “дээрэмдэх” дээрээ тулбал “Эрдэнэс Монгол”-ын Д.Хаянхярваа, “Эрдэнэс силвер”-ийн Т.Мөнхбаяр нар ажил хүлээж авсан хугацаанд нь Төрийн ордон болон эрх баригч Намын цагаан ордноос мэргэжлийн бус хэчнээн хүнийг шахаж ажилд нь хүндрэл учруулдаг, ямар хэмжээний бараа, материал хууль бусаар нийлүүлэх гэж шахаж дарамталдгийг хэвлэлийн бага хурал хийлгэж зарлачихаад шунаад байгаа суудлуудыг нь суллаад өгчихөөсэй. Тэгвэл жинхэнэ утгаараа Салхитаас эхэлсэн салхи шуурга болон хувирах юм шүү. Салхи эргэлээ ч сайнаар л эргэх учиртай!
Бэлтгэсэн: У.Оргилмаа