Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон есөн дүүргээс сонгогдсон гишүүд энэ сарын эхээр нийслэлийн удирдлагатай уулзсан юм. 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар хотын дарга уулзалтын үеэр гишүүдэд танилцуулсан. Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүдийг хотын дарга урьж, ирэх жилүүдэд хийх ажлаа танилцуулж, санал солилцсон нь анх удаа болсон үйл явдал байлаа. Иймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлээс сонгогдсон гишүүдийн түр хороо байгуулах санал гаргасан юм. Үүний дагуу УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон 23 гишүүн нэгдэж, нам үл харгалзан, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороог өнгөрсөн баасан гарагт байгууллаа. Тус хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай ярилцлаа.
-Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулсан нь ямар ач холбогдолтой вэ?
-Нийслэлийн эрх зүйн чадамжгүй байдал нь олон жилийн турш ужгирч, дангаар шийдэх боломжгүйд хүрсэн. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь нийслэлд оршин сууж буй. Дэд бүтэц, хотын эдийн засаг гацаанд орчихоод байна. Нийслэл хот асуудлаа дангаар шийдье гэхээр төсөв, хөрөнгө дутагдалтай, санхүүгийн эрх мэдэл хомс. Ийм байдлаар 30 гаруй жил явж ирсэн. Тэгэхээр хотоос сонгогдсон гишүүд тойрог, дүүрэг рүүгээ хандсан ажил хийгээд асуудал цэгцрэхгүй. Иймээс Улаанбаатар хотын асуудлыг нэг цонхоор харж, нэгдэж ажиллах шаардлагатай гэж гишүүд үзэж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг эрхэлсэн түр хороог УИХ-д байгуулъя гэж шийдсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийг дан ганц хотын удирдлагад даатгаж орхих бус, УИХ, Засгийн газрын түвшинд онцгой анхаарч ажиллах ёстой гэдгээр нь түр хороо байгуулахыг дэмжсэн. Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүд түр хороонд нэгдэж, хотынхоо хөгжлийн төлөө гар, бие оролцож, хөгжлийн шинэ шатанд гаргах зорилго тавилаа. Түр хороо нийслэлийн иргэдэд өдөр тутам тулгамдаж буй асуудлыг хотын удирдлагатай хамтарч шийдэж, ялангуяа бодлогын түвшинд нь дэмжиж ажиллана. Ерөнхий агуулгаараа бол нийслэлийг эрх зүйн чадамжтай хот болгоно. Энэ хэрээр ажлыг нь шахаж, хяналт тавих юм.
-Мэдээж Улаанбаатар хотод тулгамдаж байгаа маш олон асуудал бий. Ажлаа юунаас эхлэх вэ. Цаашид юунд анхаарч ажиллах вэ?
-Улаанбаатарт агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, хүн амын хэт төвлөрөл гээд тулгамдсан олон асуудал байдаг. Эдгээрийг бараг амтай болгон ярьдаг ч яг аль нь нэн тэргүүнд шийдвэл зохих асуудал вэ гэдгийг статистик, тоо баримт, судалгаатай гаргаж ирээд, иргэдээсээ асууж, тодорхойлсон зүйл өнөөг хүртэл байхгүй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлээс сонгогдсон гишүүдийг урьж, хотод тулгамдсан асуудлуудыг анх удаа тооцоо, судалгаатай тайлагнасан. Мөн ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм. Хотын хүн ам 1990 оныхтой харьцуулахад бараг гурав дахин нэмэгдлээ. Өдгөө 45.5 хувь нь орон сууцад, 54.5 хувь нь гэр хороололд амьдарч байна. Мөн их, дээд сургууль, коллежийн 95.8, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 31.3-47.1 хувь нь хотод төвлөрчээ. Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 75.8 хувь буюу 152 мянга гаруй нь нийслэлд байрлан үйл ажиллагаа явуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 66.6 хувийг бүрдүүлж байна.
Эдгээр тоо баримтаас үзэхэд, Улаанбаатар хот маань Монгол Улсын эдийн засагт үлэмж нөлөө бүхий хүн ам, эдийн засаг, бизнесийн цогцолбор төв болсон нь харагдаж байгаа юм. Гэхдээ асуудал мундахгүй их. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн тоо орон сууцад амьдарч буйгаас даруй 10 хувиар их байна. Нийслэлд 569 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь нийт тээврийн хэрэгслийн 54.5 хувь. Тээврийн хэрэгсэл ихээр төвлөрсөн учраас авто зам ачааллаа дийлэхээ больсон. Судалгаагаар Улаанбаатар хотын иргэдийн 85 орчим хувь нь тулгамдаж байгаа асуудлаараа замын түгжрэлийг нэрлэсэн. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажлын бүтээмж, чадвар буурч байгаа. Ажлын өдөр ид ачааллын үед Улаанбаатар хотын иргэд найман км цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцож байна. Импортоор оруулж ирж буй машинуудыг цэгцлэхгүйгээр, ямар нэгэн бодлого, шийдвэр гаргахгүйгээр энэ байдлаар явбал 2024, 2025 онд Улаанбаатар хот тэг зогсох хэмжээнд хүрэх судалгаа бий. Тиймээс түгжрэлийг бууруулах, дахин төлөвлөлт хийх, хөрс, агаарын бохирдлыг шийдэх, гэр хорооллыг цахилгаан, дулаанаар хангах, орон сууцжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэх мэт шийдэх олон асуудал бий. Төсөв ч нэлээд шаардагдана. Түр хороо энэ бүх асуудлыг шийдэх гарц, гаргалгааг эрэлхийлж, бодлогын түвшинд анхаарч ажиллан, нийслэлийн удирдлагууд Засгийн газартай хамтарч асуудлыг шийднэ.
-Нийслэлийн Засаг дарга та бүхнийг уриад төсөв, төлөвлөгөөгөө танилцуулахад УИХ-ын дарга Г.Занданшатар таван “Т” бодлогод анхаарч ажиллана гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж яриач?
-Улаанбаатар хотын хөгжлийн бодлого иргэд эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болоход чиглэх ёстой. Тиймээс түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах, газрын харилцааг шинэтгэх гэсэн таван чиглэлд бодлогоо тодорхойлсон. Энэ бодлогыг УИХ-ын түвшинд дэмжиж, тусалж, хэрэгжилтэд нь хяналт тавина. УИХ-ын дарга Г.Занданшатар түр хороо байгуулах санал гаргахдаа таван “Т” бодлогод анхаарч ажиллахыг чиглэл болгосон. Энэ нь төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг бүрдүүлье, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё юм.
Үндсэн хуулиар УИХ-д олгосон хууль, төсөв батлах онцгой бүрэн эрхийн хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдсан эдийн засаг, нийгмийн асуудлыг нийслэл бие даан шийдвэрлэх төсөв, хөрөнгийн чадавхтай, эрх мэдэлтэй байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, холбогдох хууль, тогтоомжийг шинэчлэх, боловсронгуй болгох чиглэлд түр хороо анхаарал хандуулна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот эрх зүйн хувьд бие даасан, өөрөө орлогоо олдог, орлогоороо асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжиж, шаардлагатай гэвэл хууль, эрх зүйн хүрээнд шинэтгэл хийж, хамтарч ажиллана.
-Зөвхөн Улаанбаатар хотоос гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүд түр хороо байгуулахыг дэмжинэ гэж байсан. Нийт хэдэн гишүүн нэгдээд байна вэ?
-Улаанбаатар хотоос сонгогдсон 23 гишүүнээс гадна Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт, Сэлэнгэ аймгаас сонгогдсон Д.Өнөрболор нарын гишүүн хамтарч ажиллахаа илэрхийлээд байгаа. Улаанбаатар хотын асуудал бол зөвхөн энэ хотод амьдарч байгаа иргэдийн асуудал биш. Орон нутагт оршин сууж буй иргэдийн үр хүүхдүүд нийслэлд ажиллаж, амьдарч, сурч, бизнес, арилжаа наймаа хийж, нийгэм, эдийн засгийн харилцаанд орж байна. Тэгэхээр энэ бол Монгол Улсын нийт хүн амд хамаарах асуудал юм. Тиймээс түр хороонд орон нутгаас сонгогдсон гишүүд ч нэгдэх нь гарцаагүй.
Дэлхийд нэг саяас дээш хүн амтай 400 гаруй хот байдгийн нэг нь Улаанбаатар. Гэтэл энэ хот Монгол Улсын газар нутгийн ердөө 0.3 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний газарт нийт хүн амын тал хувь нь аж төрж буй нь Улаанбаатар хотыг зайлшгүй тэлэх шаардлагатайг харуулж байна.
-Түр хороо ямар хугацаанд үйл ажиллагаа явуулах вэ?
-УИХ-ын тухай хуулийн 29 дүгээр зүйлд түр хороог тухайн ээлжит чуулганы хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол ажиллах хугацааг дахин нэг чуулганы хугацаагаар сунгаж болно гэж заасан. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулахыг батлахад УИХ-ын олон гишүүн түр биш, байнгын хороо болж ажиллах санал гаргасан. Тэгэхээр түр хороо энэ хавар, намрын чуулганаар хэрхэн ажиллаж, ямар үр дүн гаргаснаас шалтгаалж, цаашид хэрхэхийг шийдэх болов уу.
-Монгол Улс парламентын засаглалтай болсон 30 орчим жилийн хугацаанд анх удаа Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн түр хороо байгууллаа. Энэ нь мөн л УИХ-ын түүхэнд тэмдэглэх үйл явдлуудын нэг болов уу. Уг хороо Улаанбаатар хотод ямар давуу талуудыг бий болгох вэ?
-Засгийн газар саяхан нийслэлд түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жил бүр 420 тэрбум орчим төгрөг төсөвлөхөөр шийдсэн. Энэ нь Улаанбаатарын жил бүр улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгийг хотод нь үлдээнэ гэсэн үг юм. Иргэн Доржийн төлсөн татвар эргээд өөрийнх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа болж үлдэнэ. Цаашлаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэлд концесс болон үнэт цаас гаргах эрх олгосон. Энэ эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нарийвчилсан зохицуулалтыг Нийслэлийн эрх зүйн байдлын, Өрийн удирдлагын болон Концессын тухай хуульд тусгах шаардлагатай. Дахиад хэлэхэд, түр хороо нийслэл хотоо төрийн бодлогоор дэмжиж ажиллана.
-Түр хороог яагаад та даргалах болсон бэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн, нийслэлийн унаган иргэн. Үүнээс гадна дүүргийн анхан шатны нэгжээс эхлэн ажиллаж ирсэн учраас нийслэл хотынхоо тулгамдсан асуудлуудыг сайн мэднэ. Нэг үгээр бол, нийслэл Улаанбаатар хотынхоо зовлон, жаргалыг ойлгоно. Тиймээс л түр хороо байгуулах санаачилгыг дэмжиж, гардаж ажиллах гэж байна.
-Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүнтэй уулзчихаад дүүргийнх нь тухай асуухгүй бол болохгүй. Тус дүүрэгт хамгийн том тулгамдсан асуудал юу вэ. Түүнийг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?
-Баянзүрх бол нийслэлийн хамгийн том дүүрэг. 370 мянга гаруй иргэнтэй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүн амын бараг дөрөвний нэг нь аж төрж, амьдардаг гэсэн үг. Энэ хэмжээгээр олон асуудал тулгамддаг. Цахилгаан, төвлөрсөн дулаан, бохир, цэвэр усанд холбогдоогүй айл олон бий. Энэ асуудал зөвхөн Баянзүрх гэлтгүй, бүх л дүүрэгт тулгардаг. Түр хороо энэ асуудлыг цогцоор нь авч үзэж, шийдэх гарц, гаргалгааг эрэлхийлнэ.
Баянзүрх дүүрэгт хамгийн тулгамдсан асуудал нь эмнэлэг. Дүүргийн хэмжээнд улсын тодотголтой эмнэлэг байхгүй. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийднэ. Тиймээс Баянзүрх дүүргээс сонгогдсон таван гишүүнтэйгээ ярьж, Засгийн газар хүсэлт тавьсан. Эмнэлгийн асуудлыг Засгийн газар, Ерөнхий сайдад танилцууллаа. Ерөнхий сайд нааштай хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн. Сонгинохайрханд ашиглалтад оруулсан 250 ортой эмнэлэгтэй дүйцэхүйц, олон улсын жишигт нийцсэн эмнэлгийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байгуулна. Цаашид эмнэлгээс гадна эрүүл мэнд, боловсролын салбарт илүү анхаарч ажиллана. Ахмадын сувилал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, насанд хүрэгчдэд зориулсан сувилалтай болоход анхаарал хандуулна. Баянзүрх дүүрэгт олон зах үйл ажиллагаа явуулдаг. Мөн дүүрэг маань газар нутгаа тэлэх боломжтой. Тиймээс төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд Зайсан, хотын төв рүү явдаг биш, байгаа газраасаа хотын төвд байгаа мэт үйлчилгээ авдаг орчныг бүрдүүлэхээр зорьж буй.
Бэлтгэсэн: Б.Баяр