“Алтан зул”, “Зүүд”, “Дандаа чамайг хайрлаж явъя” дуу сонсогчдын сэтгэлд хэдийн хоногшсон. Эдгээр бүтээлийн эзэн нь “Өргөө” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин С.Бархас. Тэрбээр Монголын эстрад урлагийн 1980-1990 оны төлөөлөл, тухайн үеийн залуусын шүтээн байв. Урын сан дахь бүтээлүүд нь FМ радио, телевизүүдийн “Ая дууны мэнд” нэвтрүүлэгт байнга эгшиглэдэг. Түүнтэй спортын тухай яриа өрнүүлэхэд “Ах нь спортод сонирхолтой, тэр дундаа сагсан бөмбөгт илүү дуртай. Байрныхаа залуустай хааяа тоглож, сэтгэлээ сэргээдэг. Дүү нарт амархан бууж өгөхгүй, ана мана үзнэ шүү дээ” гэв. Хүүхэд байхдаа энэ спортоор хичээллэж, шаггүй тоглочихдог түүнийг спорт нийгэмлэгүүд шигшээ багтаа уралдан урьдаг байжээ. Түүнийг энэ удаа “Зөвхөн спортын тухай” буланд онцоллоо.
-Таныг сагсанбөмбөг ярихаар нүд нь сэргээд ирдэг, ямар ч тоглолттой байсан зохицуулаад л тэмцээнд оролцдог тухай сонсож байлаа. Хэн энэ спортоор хичээллэхийг санал болгов?
-Би өөрийнхөө сонирхлоор энэ спортод татагдсан. Намайг Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч байхад УБДС-аас ОУХМ С.Хүрэлсүрэн, А.Булга хэмээх оюутан дадлага хийхээр ирсэн юм. Тэд намайг олж хараад сургуулийн шигшээ багийн аравдугаар ангийн ах нартай хамт тоглуулав. Жаахан хүүд шигшээ багийнхантай тоглоно гэдэг тэр үед нэр төрийн хэрэг байлаа. Юрий Гагарины нэрэмжит тэмцээн жил бүр дөрөвдүгээр сарын 12-нд зохион байгуулдаг байсан юм. Миний хувьд тэр тэмцээнд анх удаа сургуулийнхаа тамирчидтай тоглож, энэ спортод хөл тавьж билээ. Есдүгээр ангид байхдаа дүүргийнхээ сургуулийн дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн АШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэн. Хойтон жил нь Улаанбаатар хотын бүх дүүргийн сургуулиудын дунд болсон тэмцээнд өрсөлдөн түрүүлж, аваргаар шалгарчихав. Манай сургууль тэр үед “Хоршоолол” дараа нь “Алдар” нийгэмлэгт харьяалагдах болсон юм. “Хоршоолол” нийгэмлэгийн шигшээ багт тамирчин хэрэг болбол биднээс урьж, тоглуулна. Бид ч тэр үед бусад багийг нэлээн сандаргадаг байлаа. ОУХМ Н.Мэндсайхан, Д.Баттөмөр, Д.Балдансүрэн бид хэд Д.Санжжав дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байсан юм. Манай 33 дугаар сургуулиас төрсөн урлаг, спортын алдартан олон. Тухайлбал, миний төрсөн ах, ОУХМ С.Сүрэнжав чөлөөт бөхийн тамирчин. Аравдугаар ангид байхдаа Мексикийн Мехикод болсон олимпод барилдсан. Сургуулийн захирал, багш нар хичээл, шалгалтаас чөлөөлж олимпод оролцуулж байв.
-Спорт нийгэмлэгийн шигшээ багт сурагч байхдаа уригдахыг бодоход та тэр үед “Од” байжээ.
-Аравдугаар ангиа төгсөөд Батлан хамгаалахын их сургуулийн хөгжмийн салаанд цэргийн алба хаалаа. Тэнд дуу, хөгжимтэй учирч урлагт дурласан. Гэхдээ дуучин болсон хэрнээ л сагсан бөмбөгөөс холдож чадаагүй. 1979 онд МУИС-д геологи, уул уурхайн факультетийн шигшээ багт тоглоод түрүүллээ. Намайг тоглодгийг мэдээд “Алдар” нийгэмлэгээс шигшээ багтаа тоглуулах санал тавив. Тэгтэл манай хамтлагийн гишүүд дэмжсэнгүй. Тэр үеийн шигшээ багууд аваргын төлөө зодолдохоос холгүй ана мана үзэлцдэг. Медалийн төлөө улайрч тоглоод гар, хөл, нүүрээ шалбалах нь энүүхэнд. Нүд, хацар хөхрөөд ирэхээр хамтлагийнхан минь “Чи одоо бөмбөг хөөхөө боль. Тайзан дээр хөхөрсөн нүд, шалбарсан нүүртэй гарч, үзэгчдийн өмнө дуулах муухай” гэдэг байв. Миний хувьд дуу, хөгжимд сэтгэл хүчтэй татагдсан болохоор урлагийн замаа сонгосон.
-Таныг ахмадын аварга шалгаруулах тэмцээнд оролцдогийг санаж байна. Ямар багт тоглодог вэ?
-Ахмадын АШТ-ий нас насны ангилалд олон жил тоглолоо. “Андууд”, “Хобби” багийн аль алинд нь тоглож алт, мөнгөн медалийг нэг бус удаа зүүлээ. Би одоо ч зааланд очиж бөмбөг шидэх дуртай. Манай хамтлагийнхан сүүлдээ намайг ойлгож “За чи багтаа очиж тогло. Тоглолтын цагаас хоцорч болохгүй шүү ” гэдэг болсон. Сагсан бөмбөгт ид дурлачихсан байхдаа хөгжим зөндөө тоглолоо, хойшдоо спортоор замнана гэж бодож явсан үе бий. Би хамтлагийнхаа уран бүтээлчдийг нэг өдөр зааланд авчраад бөмбөг шидүүлж үзээд элгээ хөштөл инээсэн. Тэдний тоглохыг хараад “Сэрэлт” киноны хүүхдүүд бөмбөг залаад гүйдэг хэсэг санаанд орж, нулимсаа гартал хөхөрсөн шүү.
-Хамтлагийнхнаа дургүйцэж “Чи одоо бөмбөг хөөхөө боль” гэхээр танд ямар санагддаг байв?
-Би өвөл зохион байгуулдаг тэмцээнд оролцдоггүй. Шинэ жилийн баярын тоглолтод орж, тайзан дээр дуулах гээд завгүй байдаг. Тэгээд ч тоглолтын үеэр бэртэж гэмтэнэ гэж болгоомжилно.
-Спортоор хичээллэсний ач тусыг мэдэрдэг үү?
-Спорт намайг тэсвэр хатуужилтай болгож, тоглолтын олон цагийн ачааллыг даахад сургасан. Бөмбөг шидсэний хүчинд өдгөө хөдөлгөөний дутагдалд ороогүй эрүүл саруул амьдарч явна. Залуудаа тайзан дээр хоёр цаг тасралтгүй дуулахдаа хөлсөө гартал хоёр тийш гүйдэг байв. Тэр үед тэмцээний уур амьсгал, үзэгчдийн догдлолоос спортын гайхамшгийг мэдэрдэг байсан бол одоо эрүүл мэндээ бодож тоглодог болсон. Залуу байхдаа ахынхаа барилдахыг сонирхож харна “Алдар” спорт хорооны Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багш ахын минь шавь. Тэрбээр багшаа гэж их хүндэлдэг. Манай гэр бүл спортлог. Ах, эгч, дүү спортоор хичээллэж, амжилт гаргасан. Би сүүлийн үед спортоос сагсан бөмбөгийн тухай өгүүлсэн уран бүтээлтэй болох сон гэж бодох боллоо. Яруу найрагчид шүлгийг нь бичээд өгвөл, манай “Өргөө” хамтлагийнхан аялгууг нь хийчихнэ.
-“Алдар”-ын тамирчдаас хэр суралцдаг байв?
-“Алдар”-ын шигшээ багт тоглоход Л.Аюурзана багш дасгалжуулдаг байлаа. Би тэр үед тамирчдаас ОУХМ П.Батжаргалаас олон зүйл сурсан. Түүний хамгаалалт, холболт, үсрэлт, дайчин тоглолтууд их гоё санагддаг тул үлгэр дуурайл их авна, бас давуу талуудаас нь суралцдаг байв. Түүнийг бидний үеийн хөгжөөн дэмжигчид андахгүй. Би багтаа хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж, бөмбөгийг гурваас шиддэг байлаа.