Монголын байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер П.Мишээлт дасгалжуулагч Б.Ганзоригийн шавь болж нум, сумтай анх нөхөрлөжээ. Өдгөө тэрбээр “Алдар”-аар” овоглож, харваачдын эгнээнд хэдийн байр сууриа эзлээд байна. Түүнд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ, ДАШТ, Азийн АШТ, олон улсын гээд оролцоогүй тэмцээн ховор. Түүнтэй ярилцлаа.
-Монголын байт харваачид Швейцарын Лозаннад зохион байгуулсан Дэлхийн цомын II цуврал тэмцээнд оролцлоо. Тамирчидтайгаа ойрын өдрүүдэд холбоо барив уу?
-Бид мэдээлэл солилцож байгаа. Байт харваа бие, сэтгэлийн хатуужил тэсвэр шалгадаг спорт. Тэмцээнд амжилт гаргахад цаг агаар их нөлөөлдөг. Тамирчид ширүүн бороо, хүчтэй салхи, халуун наранд харваж л байдаг. Дэлхийн цомын тэмцээний үеэр бороо орж, сэрүүн байсныг дуулгасан. Дэлхийн байт харвааны холбооны цахим хуудсанд тавьсан мэдээллээс тамирчдаа тэмцээнд хэрхэн оролцсоныг харлаа. ОУХМ Б.Урантунгалаг эгч амжилттай цэц сорьж, үндэснийхээ дээд амжилтыг хоёр оноогоор ахиулж шинэчилсэн. Тэрбээр өмнө нь АНУ-д 2011 онд болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд 661 онож, дээд амжилтыг 16 оноогоор урагшлуулсан юм. Манайхан тэмцээний дараа Францын Парисыг зорьсон. Тэнд ирэх сарын 18-27-нд зохион байгуулах байт харвааны хувийн болон багийн төрөлд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд өрсөлдөнө.
-Таны сонирхлыг ээж тань дэмжиж, энэ спорт урвуулсан гэв үү?
-Би Баянзүрх дүүргийн улсын тэргүүний, лаборатори 33 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч байхдаа энэ спортоор хичээллэсэн. Тэр үед сурагчдын өвлийн амралт эхэлсэн тул амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлье гэж бодоод байт харваа, буудлагын спортыг сонирхсон юм. Ээж минь нэг өдөр “Алдар” спорт хороо руу дагуулж очоод байт харваатай нөхөрлүүлсэн. Түүнээс хойш дасгалжуулагч Б.Ганзориг багшийн шавь болж, өнөөг хүртэл цэц сорьж байна.Тэр үед хичээлээ тараад л бэлтгэл хийхээр яарна. Хааяа хичээл орохгүй цонхолбол заал руу гүйчихдэг байлаа. Намайг сургуулийн захирал, ангийн багш, хамт олон минь ойлгодог болж, тэмцээнтэй үед хичээлээс чөлөөлж оролцуулна. Манайхан ч энэ спортод татагдах үеэс дэмжиж тусалсаар ирсэн.
-Анх хичээллэж буй тамирчид харвах техник зөв эзэмшихийн тулд олон сар резин татдаг. Эхэндээ сонирхолтой санагдаагүй л байх.
-Нум барьж үзэхийг хүссэн надад гурван сар резин татах сонирхолтой байгаагүй. Арай гэж суртал нум татууллаа. Багш бидэнд “Та нар нумаар шууд харвахгүй. Нарийн техникүүдийг эзэмшиж, биедээ хэвшүүлэхийн тулд эхлээд резин дараа нь нум татна” гэж ойлгуулсан болохоор тэсээд л бэлтгэлдээ яваад байв. Зарим нэгийг нь бэлтгэл таслахаар багш “Чамд өгөх нумыг чинь хойшлуулна шүү” гэхээр эргэн ирж, идэвхтэй хийнэ. Нэлээд удсаны эцэст нум барьж, анхны сумаа харвахад их гоё санагдаж билээ. Би үеийнхнээсээ биерхүү. Миний нумд таарах сум тэр үед ховор. Надаас бусад нь таван сумтай. Нөхдийгөө харваж дууссаны дараа хоёр сумаар ээлжилж харвана. Тэр үеэс харвааны гайхамшгийг мэдэрч, сэтгэл улам татагдах болсон.
-Та богино хугацаанд амжилт гаргасан тамирчдын нэг. Ямар тэмцээнээс анхны медалиа зүүж, нумаа мялаав?
-Тамирчид шагналынхаа салхийг хүрэл медалиар хагалах сайн гэж бэлгэшээн ярьдаг. Бэлтгэл хийж эхэлснээс хойш нэг жилийн дараа МҮОХ-ны нэрэмжит тэмцээнд өрсөлдөж, хүрэл медаль хүрсэн. Тэр шагнал урам өгч, тууштай хичээллэх эрч хүч хайрласан. Өөрийгөө сорихоор анх оролцсон болохоор тэмцээний дүрмийг сайн ойлгохгүй харваад л байлаа. Тэгсэн медалийн төлөө цэц сорихоор шалгарснаа сонсоод өөртөө итгээгүй. Миний шагналуудын хамгийн дээр хүрэл медаль минь байдаг. Түүнээс хойш өсвөр үе, насанд хүрэгчдийн АШТ-д алгасалгүй оролцож, олон медаль зүүжээ.
-Хүрэл медалийн буухиаг дараа нь ямар шагналаар үргэлжлүүлсэн бэ?
-Тэр жилийн зун өсвөр үеийнхний УАШТ боллоо. Тэмцээнд шилдгүүдтэй өрсөлдөв. Харваж сураад удаагүй хэрнээ л медаль зүүчих болов уу гэсэн найдлага төрж, санаанд багтаад байлаа. Тэр тэмцээний ганцаарчилсан харваанд хүрэл, холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн. Аав, ээж минь хүйтэн бороонд нойтон хувцастай харваад даарах вий гэж санаа нь зовж суусан гэдэг. Медалиа зүүгээд очиход тэд минь баярлаж угтсан. Би бэлтгэл сайтай үедээ өөртөө итгэлтэй байдаг. Итгэл, найдвар амжилт руу хөтөлдөг болохыг тэр тэмцээнээс ойлгосон. Найман жил харвахдаа гурван нум сольсон байна.Одоо БНСУ-д үйлдвэрлэсэн “Win&Win Archery” фирмийн нумаар харвадаг.
-Тэмцээний үед нар шарах, бороо орох, хүчтэй салхилахад хамгийн хэцүү байдаг гэж харваачдын ярихыг бишгүй сонссон
-Тийм ээ, тэр өдөр ширүүн бороо үе үе орж харвахад амаргүй байлаа. Нойтон хувцастай удаан зогсоход ядарч зутардаг. Тийм үед сумны тусгал хүртэл өөрчлөгдөнө. Хэцүү байсан ч багшийнхаа зөвлөснөөр харваж, амжилт гаргасан. Багш “Тэнд хараалж онилно шүү. Бороо, салхитай үед аль болох хурдан харва. Удах тусам сумны тусгал сарнидаг юм шүү” гэж хэлсэн. Сүүлдээ ч иймэрхүү зүйлд дасаж, тэнгэрийн байдлыг ажиглаад ямар цаг агаартай өдөр байхыг гадарладаг болсон. Монголчууд хайр нь дотроо, хал нь гаднаа гэж ярьдаг. Манай багш тийм л хүн. Харахад тайван хэрнээ цаанаа нэг сүрдмээр. Шавь нараа магтаж, бас шүүмжилж ч чаддаг. Хэнд урам хайрлаж, хэнийх нь шарыг нь хөдөлгөж урагшлуулахаа сайн мэднэ. Багш ямар зантай байгааг харц, үйл хөдлөлөөс нь хараад андахгүй. Тэмцээнд оролцохдоо хүртэл багшийгаа ажиглана. Эвгүйхэн харвал “За энэ удаагийн харвалт багшид нэг л таалагдсангүй дээ” харин инээвэл нь “Ашгүй дээ” гэж боддог.
-Спортын талбарт үлдэхийн тулд тамирчид саад бэрхшээлтэй багагүй тулгардаг. Нэг нь үлдэхэд нөгөө нь явж байгаа харагддаг. Та ч бас иймэрхүү зүйлтэй нүүр тулсан байлгүй.
-Тамирчин болох, сонирхож хичээллэхээс огт өөр. Үүрэг хариуцлагатай байхаас гадна эх оронч үзэлтэй болж төлөвшдөг. Саад бэрхшээлтэй тулгарах тусам хатуужил тэвчээрт суралцаж, бие, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэнэ. Амжилтад хүрэх амархан биш. Халуунд халж, хүйтэнд хөрч хэдэн цаг зогсох энүүхэнд. Тамирчин хүнд унах үе байхад бас босох өдөр ч бий. Алдаа, оноо аль алинтай нь урагшилж, ойр дотнынхоо хүмүүсийн тус дэм, итгэл найдвараас эрч хүч, урам зориг авдаг. Би ч бас тамирчдад тулгардаг зовлон жаргал, туулдаг замыг тойроогүй. Шантарсан үедээ дуртай спортоосоо холдох тухай огт боддоггүй. Харин саад бэрхшээлийг давах гарц түрүүлж хайдаг байлаа. Гэрийнхнийхээ тус дэм, амжилт руу хөтөлж яваа багшийнхаа сэтгэл, зүтгэлийн хүчинд хэцүү бүхнийг даван туулж, ард нь гарсан .
-Гадаадын тэмцээнд оролцохоор харваачидтайгаа хилийн дээс анх алхсанаа сонирхуулж яриач.
-АНУ-д 2015 онд болсон өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцохоор хилийн дээс анх алхсан. Тэнд очоод гадаадын тэмцээн Монголд болдгоос олон зүйлээр өөр байдгийг олж харлаа. Хэдий бага байсан ч үеийнхээ тамирчдын харваж байгаа техникүүдийг сайн ажигласан. Тэр дундаа БНСУ-ын тамирчдын нэгэн жигд, зөв техниктэй харвахыг хараад бахархаж байлаа. Миний хувьд дэлхийн аваргын тэмцээнд дундаж л харвасан. Хугацааг нь тулгаж явсан болохоор олон цагийн нислэгт ядарсан. Тэндээс ирэхдээ өөрийнхөө хэмжээнд багагүй туршлага хуримтлуулсан гэж боддог.
-Европынхон Азийн харваачдаас юугаараа ялгарч байгааг анзаарав уу?
-Япон, БНХАУ, БНСУ-ын тамирчид өдөр бүр шаргуу бэлтгэл хийдэг нь тэмцээний явцаас анзаарагдсан. Тэд харвах техникүүдийг биедээ бүр дадал болгосон байдаг. Тэмцээнд огт сандарч тэвдэхгүй, тайван харвах нь энгийн бэлтгэл хийхтэй адил хэвшил болсон байв. Миний үлгэр дуурайл авдаг тамирчны нэг бол дэлхийн хошой аварга Ким Вон Жин. Тэрбээр амжилт, чансаагаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг. Түүний харвах техник гайхалтай. Монголын байт харвааны тамирчид бор зүрхээрээ зүтгэж, тэмцээнд оролцдог. Манайд энэ спортыг сонирхдог үзэгч цөөн. Мэддэггүй хүмүүс ч бий. Гэхдээ манай харваачид хичээвэл боломж байгаа гэдгийг олон улсын тэмцээнүүдэд харуулсан.
-Шигшээ багийнхаа тамирчдаас хэнээс үлгэр дуурайл авч, суралцдаг вэ?
-Би ах, эгч нараасаа байнга суралцдаг. Тэднийхээ зааж зөвлөснийг нь бэлтгэл хийхдээ хэрэгжүүлж, амжилт гаргасан удаа цөөнгүй. Олимпын наадамд эх орноо төлөөлж оролцдог Б.Урантунгалаг эгч, Ж.Гантөгс ах нараас суралцах зүйл их бий. Бид тэдэнтэй санал бодлоо хуваалцаж, алдаагаа давтахгүйн тулд анхаарал хандуулдаг.
-Амжилт гаргахад тухайн тамирчны зан чанар, мэдрэмжээс бүх зүйл шалтгаалдаг. Шагналууд дунд чинь өөрийг тань олон зүйлээр сорьж, үнэ цэнтэй олдсон медаль байдаг биз.
-Бий, бий. Олон тэмцээнд цэц сорилоо. Монголд болсон насанд хүрэгчдийн УАШТ-д хувийн ганцаарчилсан, холимог хос, багийн төрөлд таван алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилттай. 2019 онд болсон УАШТ-ий үеэр мөрөндөө гэмтэл авсан, харвахад зовуурьтай байсан ч тэвчээд оролцсон. Дотроо шаналж байгаагаа хэнд ч хэлсэнгүй. Өрсөлдөгчдөө нүүрний хувирал, сэтгэл зүйгээ харуулалгүй өрсөлдсөөр медалийн төлөө харвахаар шалгарлаа. Тэр тэмцээнээс зүүсэн мөнгөн медаль намайг олон зүйлээр сорьж, үнэ цэнтэй ирсэн шүү.
-Байт харвааны тамирчид бэртэх нь харьцангүй бага. Гэхдээ бэртэл, гэмтэл авах магадлалтай спортын хүнд төрөлд багтдаг юм билээ.
-Хүмүүс байт харвааг спортын төрлүүдээс хамгийн гэмтэл багатай гэж боддог. Хүнд анзаарагдахгүйгээр үе, мөгөөрс, зөөлөн эдийн гэмтэл бэлтгэл хийхдээ, эсвэл тэмцээний үед авдаг. Бидэнд эрүүл мэнд хамгийн чухал. Бэртэл бага гэлтгүй амжилтад сөргөөр нөлөөлнө. Хичээллэж буй спортынхоо арга барил, техникийг зөв сурч, сайтар эзэмшихгүй бол харамсах зүйлтэй нүүр тулдаг. Тиймээс бэртлээс аль болох хол байж, бэлтгэлийн ачааллаа тааруулж, амралт, нойр, хоолоо зөв зохицуулах хэрэгтэй.
-Энэ спортоор хичээллэдэг тамирчид дуу цөөнтэй байх нь анзаарагддаг. Өөрийн тань зан чанарт тохирдог уу?
-Бөх, бокс, тулааны спортын тамирчид шиг сэтгэл хөдлөлөө тэгтлээ ил гаргадаггүй. Анхаарлаа төвлөрүүлж, тооцоолж харвадаг болохоор тайван байхыг хичээдэг. Өрсөлдөгчөө хожно гэж тэмцээнд оролцдоггүй юм. Алдаа, оноо нь зөвхөн минийх байдаг болохоор өөртэйгөө өрсөлддөг. Олон жил харвахаар сэтгэлээ чагнаж, өөрийгөө мэдрэх мэдрэмж өндөр болдог. Харвах үед юуг буруу хийвэл алдах, яавал зөв онодгийг мэддэг болохоор анхаарлаа өөр зүйлд сатааруулдаггүй. Тэмцээний тов дөхөх тусам дотогшоо илүү төвлөрч, өрсөлдөгчөөсөө илүү өөрийгөө анзаарах нь чухал байдаг.
-Багийнхаа харваачидтай хамгийн сүүлд ямар сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэв?
-Хааяа нэг олддог амралтын өдрийг үр дүнтэй өнгөрүүлж, гэртээ тухлах дуртай. Би амарч байхдаа тэмцээн, бэлтгэлийн тухай яриа өрнүүлдэггүй. Цар тахлаас сэргийлсэн хөл хорионы үед дасгал хийхгүй удах хамгийн хэцүү байсан. Хөдлөхгүй удахаар бие хөшиж, нозоороод нэг л хачин. Тэр үед бие гэрт ч сэтгэл харвааны талбайд оччихдог байлаа. Харваагаа үгүйлж, хамт олноо санахаар өөрийн эрхгүй уулзмаар санагддаг. Бидэнд тэр бүр олддоггүй чөлөөт цаг хөл хорионы үеэр л гарсан. Гэртээ ном уншиж, найзуудтайгаа цахимаар холбогдон интернэтээс жор хараад амттай хоол, бялуу хийж сурлаа. Найзууддаа саяхан энэ тухайгаа сонирхуулж, өдөр бүр хийх тусам урам орж олон төрлийн хоолны жортой болох талаар ярилцсан.
-Монголын байт харваачид санаачилж, “360” талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан. Стандартад нийцсэн талбайд бэлтгэл хийх амжилт гаргахад нөлөөлсөн болов уу?
-Тийм ээ. Байт харвааны тамирчид олон улсын жишигт нийцсэн талбайд гурван жил бэлтгэл базааж байна. Өмнө нь зориулалтын талбайгүй байхад энд тэнд очиж бэлтгэл хийх хэцүү байсныг нуух юун. Одоо орчин нөхцөл сайжирсан болохоор тамирчдын амжилтад нөлөөлж байгаа. Бид байгуулсан талбайгаа “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн. Манай харваачид таатай орчинд бэлтгэлээ базаавал гадаадын тамирчдаас дутахгүй амжилт гаргана. Энэ спорт өсвөр насны тамирчдаар хүрээгээ тэлж байгаа. Хамгийн гол нь зорилго, тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Амархан ирдэг амжилт гэж хаана ч байхгүй. Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баяр энэ жил тохиож байна. Энэ ташрамд, үе үеийн алдартнуудыг төрүүлсэн “Алдар” спорт хорооны удирдлага, хамт олон, шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нартаа амжилт хүсээд, баярын мэнд дэвшүүлье. Мөн чин сэтгэлээсээ дэмждэг гэр бүл, найз нөхөд, бидний тэмцээнийг үзэж урам хайрлаж, эрч хүч өгдөг спорт сонирхогчдодоо баярласнаа илэрхийлье.