БАЙНГЫН ХОРОО
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх худалдан авах ажиллагааны явцын талаар сонслоо. Төрийн худалдан авах ажиллагааны газар (ТХААГ)-ын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу энэ талаар танилцуулав. Тэрбээр “Улсын хэмжээнд 457 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээрээс 37 хувь буюу 204-ийнх нь тендерийг зарласан. БШУЯ-ны 47 төсөл, арга хэмжээнээс 33, Соёлын яамны 10 төслөөс гурав, Биеийн тамир, спортын улсын хорооны төсөвт тусгасан долоон арга хэмжээнээс тавынх нь ажлын даалгавар, зураг төсөв, ТЭЗҮ, холбогдох мэдээллийг ирүүлээгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд улирлын шинж чанартай ажлыг төсөв батлагдсан даруйд нь худалдан авах ажиллагааг эхлүүлнэ гэж заасан байдаг. ТХААГ-ын зохион байгуулах төсөл, арга хэмжээний жагсаалт батлагдсанаас хойш ажлын тав хоногийн дотор зураг төсөв, ТЭЗҮ-ээ төсвийн ерөнхийлөн захирагч нар ирүүлсэн байх ёстой. Өнөөдрийн байдлаар зөвхөн дээрх гурван салбарын хувьд 41 төсөл, арга хэмжээний холбогдох материалыг ирүүлээгүй буюу тендер зарлах боломжгүй байгаа” гэв.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмснээр жилд дунджаар 140 объект ашиглалтад оруулсан аж. 2020 онд 63 цэцэрлэг, 31 сургууль, 2019 онд 46 сургууль, 76 цэцэрлэг ашиглалтад оруулснаар гурван ээлжээр хичээллэхгүй байх нөхцөл бүрдүүлснийг БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан мэдээлэлдээ онцлов. Мөн салбарын мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах, нэгдсэн сан үүсгэх, бүх шатны боловсролын байгууллагын мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах, сургалтын платформ, контент боловсруулж, бүх нийтийн хүртээл болгох үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгааг БШУЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн газрын дарга О.Дүнжиннамдаг танилцуулсан юм. Багш нарыг зөөврийн компьютероор хангах талаар УИХ-ын гишүүд асуув. Үүнд “Анх удаа буюу 2015 онд 25 мянган багшийг “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд компьютероор хангасан. Сургуулийн 31, цэцэрлэгийн есөн мянга орчим багшид зөөврийн 40 мянган компьютер шаардлагатай. Комьпютерын нэг бүрийн үнийг 1.5 сая төгрөгөөр тооцоход 60 орчим тэрбум төгрөг хэрэгтэй” гэж хариуллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг дараа нь сонсов. Танилцуулгад “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т “Цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийнэ” гэж заасан. Үүнийг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд 2021 оны хичээлийн жилд шаардагдах 23.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэх хэрэгтэй”-г онцлов. Мөн санхүүжилтийг 2022 оны улсын төсөвт тусгах, хоолзүйч, тогооч бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлж, цалин, хөлс, нийгмийн баталгааг нь хангах, дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн орчин бий болгох ёстойг хөндлөө. Түүнчлэн сургуулийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг хүн амын зохистой хооллолтын талаарх зөвлөмжид заасан хэмжээ, инфляцын түвшинтэй уялдуулан шинэчлэн батлах, орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн аюулгүй хүнсээр ханган нийлүүлэх тогтолцоог бий болгох шаардлагатайг ажлын хэсгийнхэн хэлэв. Ингэснээр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЭРХЭЛСЭН ТҮР ХОРОО БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИВ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Улаанбаатар хотын есөн дүүрэг, 169 хороонд 1 597 290 хүн амьдарч байгаа аж. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 мянган аж ахуйн нэгжийн 75 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг бөгөөд нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 24 их наяд 683 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувьтай тэнцэж байгаа гэнэ. Хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ, хүртээмжийг дээшлүүлэх, айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан, дулааны тогтвортой эх үүсвэрээр найдвартай хангах, замын түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг хуралдаанаар хөндлөө. Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, өрсөлдөх чадвартай, иргэдийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэхээр тогтоолын төсөл боловсруулжээ.
ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо уржигдар хуралдлаа. Монгол Улсад уг халдвараар 53 734 хүн өвчилснөөс 46 748 нь эдгэрч, үлдсэн нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эмчлүүлж буй иргэдээс 2209-ийнх нь биеийн байдал хөнгөн, 1403 нь хүндэвтэр, 509 нь хүнд, 122 нь нэн хүнд байгааг Шадар сайд хэлэв. Улсын хэмжээнд 2 067 292 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөснөөс 1 812 265 нь нэгдүгээр, 667.3 мянган иргэн хоёрдугаар тунгаа хийлгэжээ. Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдан, 2021-2022 онд хэрэгжүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай, коронавирусийн халдвартай холбоотой эмчилгээ, үйлчилгээнд шууд нэвтрүүлэх төслүүдийг хэлэлцжээ. Эмч, эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний багийнхан болон ахмад настан, суурь өвчтэй хүмүүс, нийт иргэдийн дунд дархлаа хэр тогтсоныг судлахаар дээрх төсөлд тусган, хийж байгаа аж. Халдварын тохиолдол, өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн талаар судалгаа хийх, шаардлагатай бол нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулахыг байнгын хорооны дарга чиглэл болгов. Мөн иргэдийн хөл хөдөлгөөнийг хянах, халдвар хамгааллын дэглэмийг боловсронгуй болгох, УОК болон аймаг, орон нутгийн Онцгой комисс хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны үеийн арга хэмжээг нарийвчлан зохицуулах, банк санхүүгийн салбарын мэдээллийг түр хорооны гишүүдэд сар бүр танилцуулах, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар дараагийн хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.