Төгөлдөр хуурч А.Ханболдтой ярилцлаа
-Таны уран бүтээл өндөр үү. Консерваторт багшилж байгаад уран бүтээлээр дагнахаар ажлаа өгсөн гэж сонссон.
-Тийм ээ. 2016 оноос хойш гурван жил сургуульдаа ажиллаад, чөлөөт уран бүтээлч болсон.
-Зохиолч, орчуулагч Г.Аюурзана, яруу найрагч Л.Өлзийтөгс нар хүүгээ төгөлдөр хуурч болгоно гэж зүтгэв үү. Эсвэл өөрөө сонирхлоороо хөгжмийн мэргэжлийн сургуульд элссэн юм болов уу гэж боддог юм. Сургуульд орсон үеийнхээ тухай яриач.
-Намайг таван настай байхад аав, ээж минь одоогийнхоор Монгол Улсын Консерваторын элсэлтийн шалгалтад оруулахад тэнцсэн. Аав, ээж минь анхлан чиглүүлж өгсөн ч зургадугаар ангиасаа сонгодог хөгжмийг илүү гүнзгий ойлгож, мэдэрснээр хөгжимчин болох шийдвэрийг өөрөө гаргасан. Суралцсаар байгаад сургуулиа төгөлдөр хуурч мэргэжлээр бакалавр, дараа нь магистрын зэрэгтэй төгссөн. Миний багш бол төгөлдөр хуурч Т.Нямсүрэн.
-Нэг хэсэг гадаадад суралцсан байх аа?
-Мэргэжлээрээ ОХУ, Австрид хэсэг хугацаанд суралцсан.
-Хөгжмийнхний зарим нь шантраад сургуулиасаа гардаг. Оюуны “шөрмөс шандастай” нь төгсдөг гэж боддог. Танд замын дундаас буцах санаа төрж байв уу. Тийм бол бэрхшээлийг хэрхэн давсан бэ?
-Ямар ч бэрхшээл тулгарсан бодитоор хүлээн авч, даван туулдаг. Миний амьдралд тохиолдсон маш сонирхолтой, үнэ цэнтэй зүйл бол 17 настайдаа анхан шатанд нь суусан випашяна бясалгал юм. Мөн ном уншихад бодол, санаа цэгцэрдэг. Багадаа хөлбөмбөг үргэлж тоглодог байлаа. Хүүхэд насны минь нэгэн баяр баясгалан бол хөлбөмбөг.
…Энгийнээр хэлэхэд хөгжим бол орчлон ертөнц, амьдрал, хүнийг аялгуу, хэмнэл, гармонийн нэгдлээр илэрхийлдэг цогц урлаг. Амьдрал өөрөө хаос, зарим талаараа утга учиргүй ч юм шиг. Тиймээс хүн юуг үнэ цэнтэй, утга учиртай гэж үзнэ, тэр нь тухайн хүний амьдралын утга учир болдог. Сонгодог хөгжмийн сод бүтээлүүд сонсогчийн мэдрэмжийн ертөнцийг баяжуулж, мэдлэгийг дээшлүүлдэг…
-Гар, хуруугаа гэмтээх вий гэж айлгүй тоглодог байжээ?
-Тийм ээ.
-Төгөлдөр хуурч байхын давуу тал нь юу вэ. Эсвэл энэ нь өнөөгийн манай нийгэмд тийм ч чухал, хэрэгтэй мэргэжил биш үү?
-Нийгэмд бүх мэргэжил хэрэгтэй. Гол нь өөрийн хүсэл, мөрөөдлийг дагаж, дуртай мэргэжлээ эзэмшиж, ажиллах нь зөв. Миний хувьд төгөлдөр хуурч байна гэдэг аз жаргалтай, утга учиртай, сайн сайхан амьдрахын нэр.
-Сонгодог хөгжимчин эрэгтэйчүүдийг ойлгох, ойлгохгүй нь бий. Эр хүн байж элдэв ажлаас хойш суусан, биеийн амрыг харсан гэж хүртэл нүд үзүүрлэх талтай. Танд хэн нэгэн ингэж хандаж байв уу. Тийм бол хариу хэрхэн өгч байв?
-Би ийм асуудалтай тулгарч байгаагүй. Төгөлдөр хуурч болоход нэгдүгээр ангиас магистр төгсөх хүртэл 16 жил суралцдаг. Цаашид бүх насаараа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хугацаанд сонгодог хөгжмийн түүхэн дэх бүх үеийн, гол хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хөгжимддөг. Бид яг л тамирчид шиг тогтмол бэлтгэл, давтлагатай байх шаардлагатай. Хөгжимчин аливаа уран бүтээлийг тоглож амилуулахын тулд мэдлэг, боловсрол өндөртэй, баялаг мэдрэмжтэй, урлагийн гүн, нарийн сэтгэлгээтэй байх ёстой. Хөгжимчин байх гэдэг нь оюуны, сэтгэлийн, биеийн маш их хөдөлмөр. Харин ахуйн бусад асуудлын тухайд бол мэргэжлээс шалтгаалах зүйл үгүй, бүхнийг бид адилхан л туулдаг.
-Хөгжимчид янз янз. Зөвхөн өнөө, маргааш хийх ёстойгоо амжуулаад, маргааш, ирээдүйн тухай бодолгүй ажиллаж, амьдрах нь бий. Зарим нь ихэд бүтээлч байх. Ажлынхаа хажуугаар том том зохиолуудыг өөрийн болгож, концертын танхимд тоглодог. Таныг бүтээлч талдаа хөгжимчин гэж хардаг. Бичлэгүүдээ интернэтэд байршуулдаг, суут хөгжмийн зохиолчдын тухай бусдад зориулж бичдэг. Энэ бүхнийг юуны төлөө хийдэг вэ?
-Би төгөлдөр хуурын бие даасан тоглолт хоёр удаа хийсэн. 2015 онд А.Скрябины гол бүтээлүүдийг, 2017 онд Л.В.Бетховены гол сонатуудыг тоглосон. 2016-2019 онд Консерваторт бүжиг, дуулаач, хийл, хийлийн чуулга, үлээвэр, үндэсний хөгжмийн ангийн олон оюутан, сурагчдад концертмейстер багшаар ажилласан. Ер нь бол орчин үеийн рок, поп зэрэг эстрадын бүх урсгалын дууг тоглох амархан. Харин сонгодог хөгжмийн зохиол, ялангуяа том хэлбэрийн бүтээл хөгжимчнөөс өндөр ур чадвар шаарддаг. Сонгодог хөгжимчид нь хөгжмийн зохиолч бүтээлээрээ илэрхийлсэн бүх санаа, мэдрэмжийг яг тэр хэвээр нь, огт өөрчлөхгүйгээр, тэгсэн мөртлөө өөрийнхөө ертөнцтэй хослуулан сонсогчдод хүргэдэг гол дамжуулагч нь. Таны асуултын тухайд гэвэл, хөгжмийн тухай ойлголт, санаа бодлоосоо хааяа урлаг сонирхогчидтой хуваалцахаар бичдэг юм аа. Харин хөгжим зохиох бол хязгааргүй эрх чөлөө шиг санагддаг.
-Төрж, өссөн гэр тань зохиол, орчуулга, яруу найргийн орчин. Эндээс та юуг насан туршийнхаа боловсрол болгон шингээж авсан бол?
-Олон зүйлийг авсан. Гэхдээ хүн өөрийн амьдралыг өөрөө л бүтээх ёстой. Аав, ээжээс гадна миний хувьд эрхэм, хайрлаж хүндэлдэг хүмүүс бол хоёр эмээ минь юм. Хоёр эмээдээ үргэлж талархдаг.
-Аавынхаа зохиол бүтээлүүдээс ширээний ном, магадгүй байнга мөрдөх зарчмаа болгосон нь байж болох юм. Ямрыг нь нэрлэх вэ?
-Бүх номыг нь гэж хэлнэ. Аав минь эрхэм дээд хүн.
-Ээж тань нэлээд өвөрмөц сэтгэлгээтэй яруу найрагч. Нууц мэдээлэл өгөөч. Ээж нь шүлэг, бүтээлээ их амархан төрүүлдэг үү, эсвэл янз янзаар бодож, бичиж, устгаж, дахин эхлүүлж байж эцсийнх болгодог болов уу?
-Ээж бүх зүйл дээр их хурдтай. Шүлэг зохиолоо ч түргэн бичдэг. Ээж минь хамгийн гайхамшигтай эмэгтэй.
-Та гэр бүлтэй болсон уу?
-Болоогүй ээ.
-Уран бүтээлийн ойрын ирээдүйн төлөвлөгөөг тань сонирхъё. Тоглолт хийх үү, магадгүй хөгжим зохиож байна уу?
-Хөгжим зохиодог. Би төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багшаар хөгжмийн зохиомжийн хичээл хувиараа заалгадаг байсан юм. Уран бүтээлийн төлөвлөгөө бий.
-Хөгжим, ялангуяа сонгодог хөгжимд хайнга ханддаг залууст юу хэлэх вэ. Сонгодог хөгжим яагаад хүнд хэрэгтэй вэ?
-Энгийнээр хэлэхэд хөгжим бол орчлон ертөнц, амьдрал, хүнийг аялгуу, хэмнэл, гармонийн нэгдлээр илэрхийлдэг цогц урлаг. Амьдрал өөрөө хаос, зарим талаараа утга учиргүй ч юм шиг. Тиймээс хүн юуг үнэ цэнтэй, утга учиртай гэж үзнэ, тэр нь тухайн хүний амьдралын утга учир болдог. Сонгодог хөгжмийн сод бүтээлүүд сонсогчийн мэдрэмжийн ертөнцийг баяжуулж, мэдлэгийг дээшлүүлдэг. Сонгодог хөгжим биднийг хүн чанартай болгодог. Мөн амьдралыг утга учраар дүүрэн, баялаг болгож, нийгмийг соён гэгээрүүлэн, хүнийг олон талаар хөгжүүлдэг.