Сонгуулийн үеэр цахим орчинд түгээж буй мэдээлэлд хэрхэн хандах нь зохистой талаар Хэвлэлийн хүрээлэнгийн олон нийттэй харилцах мэргэжилтэн, сургагч багш Т.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.
-Мэдээллийн төөрөгдөл гэж юү вэ. Ямар хүмүүс мэдээллийн төөрөгдөлд ордог вэ?
-Мэдээллийг зохион байгуулалттайгаар гуйвуулж, тодорхой арга технологийн тусламжтайгаар хүмүүсийг төөрөгдүүлэх хандлага газар авсан нь олон улсад тулгамдаж буй томоохон асуудал болоод байна. Энэ бол энгийн нэг мэдээллийг түгээж, хүмүүс түүнийг нь уншин, төөрөлдөөд өнгөрч байгаа хэрэг огт биш. Нийгэмд хагарал, үл итгэлцэл бий болгох, улмаар ардчиллын үйл явцад итгэх иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлөх ч аюултай.
Мэдээллийн гуйвуулга, төөрөгдөл гэдэг нь шинэ ойлголт биш. Технологийн хөгжлийн үр нөлөөнөөс шалтгаалж өнөө цагт ингэж чухлаар яригдах болсон нь энэ. Сүүлийн 10 гаруй жилд хүмүүс ухаалаг утас ихээр ашиглаж, цахим сүлжээг өдөр тутам хэрэглэснээр мэдээллийг нягталж нэвтрүүлэх үйл явц нь зөвхөн сэтгүүлчдэд хамаатай ажил биш боллоо. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч буюу хүмүүс өөрсдөө мэдээлэл бүтээж, цахим сүлжээгээр дамжуулж байна гэсэн үг. Энэ явцад ташаа мэдээллийг шууд түгээх нь элбэг тохиолддог. Ер нь ямар мэдээлэл вэ гэдгээс шалтгаалаад дэлхий нийтээрээ төөрөгдөлд өртөж байна.
…УИХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээс цахим сүлжээнд түгээсэн мэдээллийн 22 хувь нь сонгогчдын боловсролд нэмэр болохоор байсан. Харин орон нутгийн сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр ийм төрлийн мэдээллийг долоон хувьтай л түгээсэн юм…
Оросын тролл фирм буюу Санкт-Петербург дэх Интернэт судлалын агентлагийн талаар хэдэн жилийн өмнө тэнд ажиллаж байсан сэтгүүлч Людмила Савчук “Энэ бол ухуулга биш” хэмээх ном хэвлүүлж, “хөлсний бичээчид”-ийн үйл ажиллагааг илчилсэн. Номд өгүүлснээр томоохон фирмийн давхар бүрт компьютер эгнүүлэн тавьж, хүмүүс өдөр шөнөгүй ээлжлэн ажиллаж, мэдээллийн сайт, цахим сүлжээнд тодорхой зорилготойгоор сэтгэгдэл бичиж, “дээрээс өгсөн” зааврын дагуу пост, агуулгыг түгээдэг гэж байсан. “Хөлсний бичээчид” нь сэтгэгдэл үлдээгчид, зааварчилгаа өгөгчид, редакторууд гэсэн олон ангилалтай байдаг гэсэн. Түүгээр ч зогсохгүй тэдний олонх нь бичиг үсгийн боловсрол муутай тул зөв бичих дүрмийн багшаар хичээл заалгадаг гэх. Манайд ч бас мэдээллийг энэ мэтээр зориудаар гуйвуулж түгээх явдал байгааг үгүйсгэхгүй.
-Сонгуулийн сурталчилгаа эхэлж байна. Манайд энэ үеэр сонгогчдыг мэдээллээр төөрөгдүүлэх нь ихэсдэг үү?
-Өнгөрсөн оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр фэйсбүүкээр түгээсэн мэдээлэлд манай хүрээлэнгээс судалгаа хийсэн. АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хийсэн энэхүү судалгааны үр дүнд мэдээллийн 70 гаруй хувь нь худал, бүрэн бус, дэгсдүүлсэн, мөн улс төрийн нам, нэр дэвшигчийн талаарх ил далд сурталчилгаа байсныг тогтоосон юм. Нягталж шалгасан, баримттай мэдээллийг фэйсбүүкээр дамжуулж буй байдал ердөө 20 гаруй хувьтай байсан.
-Ер нь ямар төрлийн мэдээлэл нь хүмүүсийг илүү төөрөгдүүлж, санаа бодлыг нь өөрчлөх эрсдэлтэй вэ?
-40 хүртэлх насны хүмүүсийн дунд судалгаа хийхэд давхардсан тоогоор тэдний 86 хувь нь фэйсбүүк, 67 хувь нь телевиз, 39 хувь нь сайтаас мэдээлэл авдаг гэсэн. Мөн өглөө сэрээд л фэйсбүүкээ шадгадаг гэж судалгаанд оролцогчид хариулсан. Баримт нотолгоогүйгээр мэдээлэл түгээх, хэн нэгний үзэл бодлыг “баримт” болгох зэрэг арга техник бүхий худал, бүрэн бус мэдээлэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр фэйсбүүкийн хуудас, группүүдэд түгээмэл ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, бусдын үзэл бодол төдий мэдээллийг сонгуулийн үеэр бид фэйсбүүкээр түгээмэл хүлээж авдаг байх нь. Мөн орон нутгийн сонгуулийн үеэр фэйсбүүкийн хуудас, группээр түгээсэн таван мэдээлэл тутмын нэгийг нь ямар нэг хуурамч дүрс, эвлүүлгийн хамт цацсан байсан.
Нөгөө талаас сэтгүүл зүйн мэдээ, материал, нийтлэл, нэвтрүүлэг хэмээн иргэд найдаж, далд сурталчилгааны төрлийн агуулгад итгэх хандлагатай байна. Хэдийгээр уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримттай, баталгаатай, эх сурвалжтай мэдээлэл түгээдэг ч сонгуулийн үеэр далд сурталчилгааны төрөл нэмэгдсээр байна. Иргэд сэтгүүл зүйн агуулга болон пиар нийтлэл, нэвтрүүлгийг төдийлөн ялгахгүй байгаа нь ажиглагддаг. Тэгэхээр мэдээллийн төөрөгдөл бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллагууд бас тодорхой хэмжээнд оролцож байна гэсэн үг.
-Мэдээллийн боловсрол гэж юу юм бол. Цахим сүлжээний хэрэглэгч мэдээллийн төөрөгдөлд орохгүйн тулд ямар зарчим баримтлах нь зүйтэй вэ?
-Судлаач Д.Цэрэнжав гуай нэг ярилцлагадаа хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаар энгийн сайхан тодорхойлсон байсан. “Сонин хэвлэлийн уншигч, телевизийн үзэгч, радиогийн сонсогч, тэгээд интернэтийн хэрэглэгч болохын тулд бид ердөө бичиг үсэгтэй байхад л хангалттай. Тусгай боловсрол ч хэрэггүй. Гэтэл нийгмийн амьдрал улам бүр нарийн төвөгтэй болж, нөгөө талд нь олон нийтийн мэдээллийн суваг, хэрэгсэл дэндүү олширсон тул тэр их мэдээлэл дунд хөл алдахад хүрдэг. Нэг үйл явдлыг хэдэн янзаар тайлбарлахад жирийн иргэд хэн нь үнэн яриад байгааг мэдэхгүй болж, бухимддаг” гэж тэрбээр хэлсэн.
Саяхныг болтол манай монголчуудын 90-ээс дээш хувь нь бичиг үсэгтэй гэж ярьдаг байлаа. Гэтэл бичиг үсгийн боловсрол хүний хөгжлийг хэмжихгүй, үүний дараагийн шат буюу хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол илүү чухал болоод удаж байна. Хэвлэл мэдээллийн суурь боловсрол нь маш өргөн ойлголт. Үүнд уламжлалт медиаг ойлгох, шинэ тутам медиа буюу нийгмийн сүлжээг зөв зүйтэй хэрэглэх, худал мэдээлэл, мэдээллийн ёс зүй зэрэг олон агуулга багтана. Бичиг үсэг тайлагдсан гэж тайвшраад явж болохгүй гэсэн үг. Бидэнд шинэ тутам юм шиг санагдаж буй хэвлэл мэдээллийн суурь боловсролд (медиа литераси) ЮНЕСКО аль 1980 оноос анхаарч эхэлсэн юм.
Мэдээллийг нягтлан шалгахдаа дараах алхмыг баримтлах хэрэгтэй. Нэгдүгээрт, эх сурвалжийг баталгаажуулах бөгөөд ингэхдээ тухайн постыг түгээсэн хүний хаягийг тандаж, бусдын нэр, зургийг ашигласан, хуурамч, эсэхийг нь шинжлэх нь зөв. Мөн мэдээллийн огноог шалгах хэрэгтэй. Зарим тохиолдолд хэдэн жилийн өмнөх зураг, мэдээллийг дахин түгээж, өөрчилсөн байдаг. Түүнчлэн тухайн мэдээлэл нь таны хувийн итгэл үнэмшилтэй нийцэж байгаа, эсэх, эсвэл би өрөөсгөл ойлголттой байсан юм биш биз гэж хандах хэрэгтэй. Түүнчлэн ямар ч мэдээллийг бүрэн гүйцэд унших нь зүйтэй. 1930-аад онд АНУ-д CBS радиогоор цацсан нэгэн нэвтрүүлэгт эрдэмтэд хачин жигтэй харь гаргийн хөлөг олж, дотроос нь харь гаргийнхан гарч ирэн, ойролцоо байсан цэргүүд рүү довтолсон тухай өгүүлдэг. Тухайн үед радио нь мэдээллийн гол эх сурвалж байсан тул олон хүн нэвтрүүлгийн эхний хэсгийг сонссон даруйд гэрээсээ дайжиж, зарим нь байрныхаа хонгилд бүгсэн гэдэг. Уг нь нэвтрүүлгийн төгсгөл хэсэгт харь гаргийнхан бактериас болж үхсэн, бас Английн зохиолч Херберт Веллесийн зохиолоос сэдэвлэснийг дурддаг. Принстоны их сургуулийнхан дараа нь энэ нэвтрүүлгийн үр нөлөөг судлахад эхний хэсгийг нь сонсоод айж сандран гэрээсээ гарч явсан хүмүүс бусдадаа нөлөөлж, огт сонсоогүй хөршүүд, гудамжинд таарсан дурын хүнийг дүрвэгч болгож, өөрсдийгөө дагуулсан байдаг. Бараг зуун жилийн өмнөх түүх боловч одоо ч бидэнд хамаатай хэвээр. Цахим сүлжээ нь хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлд суурилдаг тул хошигносон, элэглэсэн пост мэдээлэл маш их байдаг бөгөөд сонгуулийн үеэр ч үүнийг ашиглан, контент түгээдгийг анхаарах хэрэгтэй.
-Текст, зураг, дүрс бичлэг, аудио зэрэг олон хэлбэрээр мэдээлэл бэлтгэн түгээдэг. Эдгээрийн үнэн, эсэхийг хэрхэн нягтлах боломжтой вэ?
-Аль ч хэлбэрийн мэдээллийг нягталж шалгах боломжтой. Мэдээлэлтэй өдөр тутамд харьцдаг хүн аливаад шүүн тунгаах сэтгэлгээгээр хандаж, ийм дадалтай болох, ядаж л хуурамч юм шиг харагдаж байгаа зургийг магадалж, нягтлан, интернэтээс зөв, оновчтой хайлт хийж, шалгах зэрэг энгийн чадварыг өөртөө “нутагшуулах” ёстой. Фэйсбүүкээс ажиглахад зарим хүн өөртөө хэрэгтэй мэдээллийг хэрхэн олж авах, хайх тухай ойлголтгүй байдаг. Албан байгууллагын утасны дугаар асууж пост бичиж байгаа хүмүүс ч харагддаг. Энэ бол ганц хайлт хийгээд олж авах боломжтой мэдээлэлд хүрч чадахгүй байна гэсэн үг. Тиймээс хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг бүх насныханд тодорхой судалгаа, үнэлгээ хийсний үндсэн дээр заах шаардлагатай. Ингэхдээ бүр эхнээс нь буюу мэдээлэл гэж юу болох, үүний нөлөө, мэдээллийг хайх, шүүх, нягтлах арга, холбогдох хууль, эрх зүйн орчин, цаашлаад сэтгүүл зүйн салбар, цахим сүлжээний зохистой хэрэглээний талаарх ойлголт, мэдлэгийг нь нэмэх ёстой. Манайхаас “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” нэртэй гарын авлага бэлтгэн түгээж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 200 гаруй багшид хичээл заасан.
-Аливаа хуудсыг дагах, хэн нэгэнтэй найз болох зэргээр хэрэглэгч өөрийнхөө хүрээллийг тэлдэг. Өөрөөр хэлбэл, тэрхүү хуудсаар, эсвэл найз тань ямар мэдээлэл түгээж байна, түүнийг л хүлээн авдаг шүү дээ.
-Их биш, зөв мэдээлэл хэрэгтэй гэж үг бий. Иргэд цахим сүлжээг мэдээллийн гол эх сурвалжаа болгож буй талаар дээр дурдсан. Тиймээс сэтгүүлчид, хэвлэлийнхэн цахим сүлжээг нэг сувгаа болгож, контентоо хэрэглэгчдэдээ хүргэж байна. Энэ нь ч зүйн хэрэг. Гэхдээ фэйсбүүкийн алгоритм нь өөрөө хувь хүний хэрэглээг дэмждэг тул хэрэглэгчид хэвлэл мэдээллийн байгууллагын пэйж хуудсыг дагах бус, сэтгүүлчидтэй аль болох найзалж, тэдний сэтгэгдлүүдээс мэдээлэл авах сонирхолтой байдаг. Үүнээс үүдэж, сэтгүүлчид зарим тохиолдолд мэдээллийг өөрийн фэйсбүүк хаягнаас яаран хуваалцах гээд алдаа гаргах, олон нийтийг төөрөгдүүлэх эрсдэл үүсгэдэг тал бий.
УИХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээс цахим сүлжээнд түгээсэн мэдээллийн 22 хувь нь сонгогчдын боловсролд нэмэр болохоор байсан. Харин орон нутгийн сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр ийм төрлийн мэдээллийг долоон хувьтай л түгээсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ тоо ямар хэмжээнд байхыг бид удахгүй судална. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд нэгдэн, баримт шалгах баг ажиллуулж, тусгай булан хөтөлдөг болсон. Мөн мэдээллийн боловсролын талаар мэдлэг түгээж байгаа. Боловсролын байгууллагынхан ч бас манай сургалтыг сонирхож, багш нартаа хичээл заалгах хүсэлтэй байгаад талархаж байна. Гэхдээ мэдээллийн төөрөгдөлтэй тэмцэх нэрээр мэдээллийг хязгаарлах санал, санаачилгыг огтхон ч дэмжиж болохгүй. Төр, засгийн зарим албан тушаалтан ийм санал гаргаж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах тухай эмзэг асуудлыг хөндөж буй тул мэдээллийн гажуудлын эсрэг бодлого, зохицуулалт нь олон талын оролцоонд түшиглэсэн, хүний эрхийн хэм хэмжээнд суурилсан байх нь чухал юм.