Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа. Манай улс анх удаа эмийн хяналт, зохицуулалтын агентлаг байгуулж, өнгөрсөн хоёрдугаар сараас үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Тус газрынхан өдгөө ямар ажлууд хийж байгаа, цаашид эмийг хэрхэн хянах зэрэг асуудлаар түүний байр суурийг сонссон юм.
-Манай улсад анх удаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа. Ийм агентлаг байгуулах зайлшгүй шалтгаан, нөхцөл нь юу байв?
-Эмийн асуудал үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Тиймээс уг асуудлыг хариуцсан бие даасан агентлаг байгуулан ажиллуулдаг олон улсын жишиг бий. Манайх шиг хүн ам харьцангуй цөөн, хоёр том гүрний дунд оршдог, дийлэнх эмээ импортолдог улсад эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хянах чиг үүрэгтэй, төрийн захиргааны байгууллага зайлшгүй шаардлагатай байсан. Олон хүний хичээл зүтгэлийн үр дүнд хэд хэдэн Засгийн газар дамжин ярьсаар энэ асуудал шийдэгдлээ. Ингээд Засгийн газрын 2020 оны 222 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулсан. 100 гаруй жилийн түүхтэй эм зүйн салбарынхны хувьд энэ нь удаан хүлээсэн мөрөөдөл биеллээ олсон хэрэг. Бие даасан чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг байгуулснаар эмийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах, хяналт зохицуулалтыг нэг бүтцэд төвлөрүүлэх боломж нээгдэж байгаа юм.
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар үйл ажиллагаа явуулаад гурван сар өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажлууд амжуулав. Шинэ байгууллагын хувьд төсөв, санхүү зэрэг бэрхшээл цөөнгүй тулгарсан уу?
-Шинэ байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлэхэд хүндрэлтэй асуудлууд цөөнгүй тулгарна. Гэхдээ суурь, эхлэлээ зөв тавих нь чухал гэж харж байна. Байгууллагынхаа үйл ажиллагааг өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн. Тухайн үед хувийн компьютертойгоо ганц өрөөнд тойрч сууж байснаа бодоход одоо байрандаа орж, бүрэн төвхнөсөн гэж хэлж болно. Өмнө нь өөр өөр байгууллагын харьяанд, тусдаа чиг үүрэгтэй байсан газар, хэлтсүүдийг нэгтгэж, бүтэц, бүрэлдэхүүнээ баталлаа. Өнгөрсөн хугацаанд хуримтлагдаж, хүлээгдсэн тусгай зөвшөөрөл, лиценз олгох зэрэг олон ажлыг цэгцэлсэн.
-Хүний нөөцийн асуудлаа хэрхэн шийдэв. Хэчнээн газар, хэлтэс, мэргэжилтэнтэй вэ?
-Засгийн газрын тогтоолоор манай агентлагийн бүтцийг 80 хүний орон тоотой байхаар баталсан. Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны, Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын, Эм хангамжийн, Чанарын хяналтын, Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн, Захиргаа, удирдлагын газар, Эмийн бүртгэлийн, Эмийн үйлдвэрлэлийн хэлтэс, Эм шинжлэх лаборатори гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байгаа. Өмнө нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагад, тус тусдаа байсан чиг үүргүүдийг нэг газарт төвлөрүүлсэн гэсэн үг. Тухайлбал, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл, эмийн зар сурталчилгааны зөвшөөрөл, импорт, экспортын лиценз олгох, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга зэргийг нэг доор төвлөрүүлээд байна.
-Иргэд баталгаатай, чанартай эм хэрэглэх боломж бүрдүүлэх нь танай байгууллагын гол ажлуудын нэг гэж харж байгаа. Энэ боломж, нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх бол?
-Манай байгууллагын үйл ажиллагааны гол зорилго нь чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, зах зээлд стандартын бус бүтээгдэхүүн нэвтрэхээс урьдчилан сэргийлэх. Өөрөөр хэлбэл, баталгаатай, аюулгүй, үр дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслээр иргэдийг хангаж, амьдралын чанарыг нь сайжруулах юм. Нөгөөтээгүүр, иргэд хаана амьдарч байгаагаас үл хамааран боломжийн үнэтэй эмээр, жигд хүртээмжтэй хангагдахад анхаарна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхийн тулд зах зээлийн тандалт, судалгаа тогтмол хийх шаардлагатай. Мөн лабораториудын чадавхыг сайжруулж, бүртгэлгүй эмийг зах зээлээс эргүүлэн татах, зар сурталчилгааг хянах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Тухайлбал, эмийн үнийг хэрхэн зохицуулах вэ?
-Зах зээл дэх эмийн үнийг хянах олон зарчим байдаг. Иргэд өвчин эмгэгийн улмаас эдийн засгийн дарамтад орох, улмаар ядууралд нэрвэгдэхээс сэргийлэх, эрүүл мэндийн салбарын төсвийг үр ашигтай зарцуулах нь төрийн үүрэг. Манай агентлагийн зүгээс улсын хэмжээнд эмийн нэгдсэн худалдан авалтыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Зайлшгүй шаардлагатай зарим эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчээс шууд, эсвэл олон улсын байгууллагаар дамжуулан хямд үнээр худалдан авч, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Мөн үнийн ил тод байдлыг хангах зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Ингэснээр эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ буурч, чанар сайжрах учиртай.
-Эмийн чанар, хүртээмж, үнэ, зохистой хэрэглээний талаарх цахим судалгааг танай байгууллагаас улс даяар авч буй юм байна. Судалгааны үр дүн гарсан уу?
-Цахим судалгаанд 5000 гаруй хүн хамруулахад 44.3 хувь нь эмийн сангаас эм авахдаа чанарт нь итгэдэг гэж хариулсан байна. 47.2 хувь нь зах зээл дэх эмийн үнийг өндөр гэж үзсэн. 54.3 хувь нь санхүүгийн хүндрэлийн улмаас шаардлагатай эмээ авч чаддаггүй хэмээлээ. Олонх буюу 77 хувь нь эмийн үнийг зохицуулахад төрийн оролцоо шаардлагатай гэж үзсэн байна. Уг нь эмийн бүртгэлийн “Licemed” цахим программыг манай улсад 2007 оноос хойш ашиглаж байгаа. Гэсэн ч судалгаанд хамрагдсан иргэдийн 70 хувь нь Монгол Улсад бүртгэлтэй эмийн зааврыг уг программаас харж байгаагүй гэж хариулсан. Тэгэхээр иргэдэд эдгээр мэдээллийг хүргэх шаардлагатай нь харагдаж байгаа юм. Түүнчлэн тусгайлан сумын эмийн сангийн талаар судалгаа хийж үзлээ. Ингэхдээ 18 аймгийн 303 сумын 1000 гаруй иргэнээс цахимаар судалгаа авсан. Сумын иргэдийн 30 гаруй хувь нь эмийн сангаас шаардлагатай эмээ авч чаддаггүй, 53 хувь нь нөөц хангалтгүй гэж хариулсан. Энэ нь цаашид алслагдсан орон нутагт эмийн нэр, төрөл, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатайг илтгэлээ.
-Чанарын шаардлага хангахгүй эмийг зах зээлээс татах, мөн цахимаар болон эмийн сан, зах, худалдааны төв зэрэгт борлуулж буй бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэгт өдгөө хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Шээсний замыг халдваргүйжүүлэх бактерийн эсрэг бэлдмэл болох нитроксолин буюу “5-НОК” шахмал эмийг үйлдвэрлэгчээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу зах зээлээс эргүүлэн татлаа. Уг эм нь Словени улсын “Лек фармацеутикалс” үйлдвэрийнх. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс эмчилгээний удирдамжаас нитроксолин эмийг хасах шийдвэр Хүний эмийн зөвлөлөөс гаргасан. Эм бол ашгийн төлөө сурталчилдаг бараа, бүтээгдэхүүн биш. Сүүлийн үед цахим эмийн сан гэх мэт шинэ үйлчилгээ гарч, бүртгэлгүй эмийг олон нийтэд зөвшөөрөлгүйгээр сурталчлах тохиолдол газар авсан. Уг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай болон Зар сурталчилгааны тухай хуулиар эл асуудлыг зохицуулж, Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар сурталчилгааны агуулгыг хэлэлцсэний дараа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгодог. Манай агентлагийн хувьд эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэхийн тулд “Эмийг зараар биш, жороор хэрэглэе” цахим аян эхлүүллээ. Аяны хүрээнд эмийн талаар олон нийтэд цогц мэдээлэл хүргэх юм. Түүнчлэн зөвшөөрөлгүй зар сурталчилгаа түгээсэн байгууллага, аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага тооцох, бүртгэлгүй эмийг хураах, эргүүлэн татах зэрэг ажлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө болон Оюуны өмчийн газартай хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-“Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүсийг эмчлэхдээ С, D аминдэм, уламжлалт анагаах ухааны тан хэрэглэж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Олон улсад халдвар авсан иргэдийг ямар эмээр эмчилж байгаа вэ. Энэ талаар танай байгууллагаас судалсан уу?
-Коронавирусийг эмчлэхэд С, D аминдэм, цайр хэрэглэх нь зүйтэй гэх мэдээлэл сүүлийн үед их гарах болсон. Эдгээр аминдэм нь хүний дархлааны системийг тэнцвэржүүлж, бие махбодыг шим тэжээлээр хангахад чухал үүрэгтэй. Гэхдээ ДЭМБ-аас эдгээрийг “Ковид-19”-ийг эмчлэхэд хэрэглэ гэж зөвлөөгүй. Олон оронд коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхдээ дээр дурдсан аминдэмүүдийг хэрэглэсэн боловч үр дүнтэй гэдэг нь батлагдаагүй. Тиймээс ашиг олох зорилгоор С, D аминдэм, цайр “Ковид-19”-ийг эмчилдэг гэсэн буруу мэдээлэл иргэдэд өгөхгүй байх нь чухал. Дэлхий дахинд коронавирусийн эмчилгээнд моноклон эсрэг биеийн эмчилгээг өргөн хэрэглэж байгаа. Энэ нь лабораторийн нөхцөлд гаргаж авсан, вирусийн эсрэг тэмцэхэд бидний бие махбодын хариу урвалыг өдөөдөг уургууд юм. Моноклон эсрэг биеийг өмнө нь эмчлэгддэггүй байсан хавдар зэрэг олон өвчний эмчилгээнд хэрэглэж байгаа. 2019 оны мэдээгээр л гэхэд дэлхийд хамгийн эрэлттэй 10 эмийн долоо нь моноклон эсрэг бие байсан. Одоогоор “Ковид-19”-ийн эмчилгээнд хэрэглэх 70 гаруй моноклон эсрэг биеийг олон улсад судалж буйгаас адалимумаб, LY-CoV555, регданвимаб зэрэг хэд хэдэн төрлийг нь ашиглаж эхэлсэн. Бидний хувьд эдгээр шинэ эмийг судалж, бүртгэх асуудлыг бодлогоор дэмжиж, эмчилгээний практикт нэвтрүүлэх чиглэлээр ажиллана.
-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон. Хуулийг шинэчлэх нь ямар давуу тал, ач холбогдолтой вэ?
-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуульд нэмэлтээр тусгах саналуудыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан дэд ажлын хэсэг зүйл, заалт бүрээр нь нэгтгэн боловсруулж, олон нийтээс цахимаар санал авсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид багтсан. Эмийн чанар, хангамж, хүртээмжийг сайжруулах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, аюулгүй байдлын судалгаа хийж, зах зээлээс эргүүлэн татах, үнийг нь зохицуулах зэргийг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Хуулийн төслийн хэлэлцүүлэг өдгөө үргэлжилж байна.
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чиг үүрэгт эмнэлгийн тоног, төхөөрөмжийн шалгалт, тохируулгын ажил багтсан. Энэ чиглэлээр юу хийж байгаа бол?
-2015 оноос манай улсын эрүүл мэндийн салбарт, тэр дундаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулгад хэмжил зүйн үйл ажиллагааг стандартын дагуу хэрэгжүүлж эхэлсэн. Өчигдөр тохиосон Дэлхийн хэмжил зүйн өдрийн уриа нь “Эрүүл мэндийн салбар дахь хэмжил зүй” байлаа. Энэ нь “Ковид-19” цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад хэмжил зүйн шинжлэх ухааны ач холбогдол өндөр болохыг тодотгож буй юм. Ойрын хугацаанд эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг олон улсын стандартын дагуу ангилж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ. Мөн шалгалт, баталгаажуулалт, засвар, үйлчилгээ хийхээр төлөвлөж байна.
Бэлтгэсэн: Ч.Мөнх