МҮХАҮТ-аас “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт” санаачилга дэвшүүлээд буй. Эл санаачилгын талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.
-МҮХАҮТ-аас “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт” санаачилга гаргасан. Бизнест тулгарч буй бодит хүндрэлүүдийн талаар статистикт тулгуурлаж мэдээлэл өгнө үү. Тухайлбал, хэдэн компани татварын өртэй байна вэ?
-Манай улс өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-ноос хилээ хаасан. Үүнээс улбаалан цар тахлын том сорилтыг бид туулж байна. Монголын эдийн засаг 2020 онд буурна гэж Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тооцож байсан. Яагаад гэвэл сонгуулийн жил байсан. Сонгуулийн жилд гадаадын хөрөнгө оруулалт царцдаг. Тухайн үед эрх барьж байгаа нам төсвийн мөнгийг үргүй зардаг. Энэ бол манайд угаасаа л байж ирсэн хандлага. “Оксфорд Мартин” судалгааны институт дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар дэлхийд хамгийн хатуу хорио тогтоосон улс Монгол гэдгийг зарласан. Манай хөл хорио 96.3 хувийн зогсолттой байжээ. Санаж байгаа бол бид жилийн өмнө эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй, гэхдээ эдийн засгаа давхар тооцсон зөв хослолыг авч үзэх ёстой гэж хэлж байсан. Тухайн үед эрүүл мэнддээ ч, эдийн засагтаа ч маш сайн анхаарч цар тахлын үеийн хямралаас гарах Хятадын загвар бол маш зөв байсан. Бид ч гэсэн Хятадын загвараар ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Харамсалтай нь, эрүүл мэнддээ анхаарч байна гээд эдийн засагтаа маш хатуу хорио тогтоочихсон. Аливаа зүйлийг хоёр талаас нь тайлбарлаж болно. Эцсийн дүндээ өнөөдөр ямар байна вэ гэдгээр нь хэмжинэ. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар ашиг, алдагдлын тайлангаа ирүүлсэн 34 мянган компани бий. Үйл ажиллагаа явуулаагүй гэж 98 мянган аж ахуйн нэгж, хуулийн этгээд мэдүүлсэн.
Тэгэхээр жилд 62 мянга орчим компани ямар нэг байдлаар тайлан ирүүлдэг байсны 27 мянга нь тайлангаа өгч чадаагүй гэсэн үг. Компани, аж ахуйн нэгжээс гадна хувиараа бизнес эрхэлдэг бүлгийн ажил бүхэлдээ зогссон. Яагаад гэж асуувал хариулт нь тодорхой. Хөл хорио тогтоож, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Олон салбарын үйл ажиллагааг зогсоосон шүү дээ. Аялал жуулчлалын салбартай хамааралтай ажилладаг олон хүн бий. Хоол үйлдвэрлэл, гар урлал, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа ч аялал жуулчлалтай хамааралтай байх жишээтэй. Үүнээс гадна орчуулагч, жолооч гээд дам байдлаар олон ажлын байр бий болгодог салбар. Мөн хувиараа үйлчилгээ үзүүлдэг үсчин, гоо сайханч гэх мэт хүн оролцуулахаар 500 мянган ажлын байр байхгүй болно гэж бид таамагласан. Гэтэл Монголд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар тэднийг ажилгүй болсон гэж шууд тодорхойлж болдоггүй.
Үндэсний статистикийн хорооны аргачлалаар бол ажилгүйдэл 4.3 хувиар буурсан. Дэлхийн банк ажлын байрны 43 хувь нь байхгүй болсон гэдэг. Энэ бидний 500 мянган ажлын байр байхгүй болно гэсэн тооцоотой нийцэж байгаа. Үндсэндээ энэ тоонууд хоорондоо нийцэж байна л даа. Хатуу хөл хориог сулласан ч хэсэгчилсэн хөл хориогоо үргэлжлүүлсээр байна. Сүүлийн дөрвөн сар буюу 120 хоногийн 50 орчимд нь хатуу, бусад үед нь хэсэгчилсэн хориотой байлаа. Ийм үед эдийн засаг ямар байх вэ гэдэг асуултын хариулт ойлгомжтой. 10 их наядын хөтөлбөр зарласан боловч хүртээмж, олдоц, шалгууртай холбоотой гомдол их ирүүлж байна. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй, өмнөх зээлээ төлсөн байх шаардлага тавьж байна гэнэ. Аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь энэ шалгуурт нийцэхгүй учир зээл авч чадахгүй. Нийт тав орчим их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн гэсэн. 700 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ. Шийдвэр байгаа оносонгүй. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгууль Монголын улс төр, эдийн засгийн шийдвэрт маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Гадаад болон дотоодын судалгааны дүнг харахад нөхцөл байдал амаргүй байна. Үндэсний статистикийн хорооноос Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн эхний улиралд 15.7 хувиар өссөн гэсэн дүн гаргасан.
-Харин тийм. Маш өндөр өсөлттэй гарлаа.
-Эдийн засаг ингэж өсөх ямар ч үндэслэл байхгүй. Хатуу хөл хориотой байлаа, хэсэгчилсэн хорио үргэлжилж байна. Хот, хөдөөгийн хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Хил хаалттай. Хилээр нэвтрүүлэх ачаа өмнөхөөс эрс багассан. Үнэ ханш өссөн. Зарим салбарын үйл ажиллагаа зогссон. Ийм байхад ингэж өснө гэж үү. Тэгэхээр статистикийн байгууллага буруу мэдээлэл гаргаж байна. Буруу мэдээлэлд үндэслэвэл буруу л шийдвэр гаргана. Бодит нөхцөл үнэхээр хүнд байгаа. Иргэдийн орлого буурсан, гар дээрээ бараг мөнгөгүй болсон. Өрхийн дундаж орлого 50 орчим мянган төгрөгөөр буурсан гэсэн статистик гаргасан байна лээ. Үүнээс ч ихээр багассан гэж бодож байна. Үүнийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа. Нөгөө талдаа халамжийн журмаар хүүхдийн мөнгийг олгох хугацааг сунгасан, иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон, цахилгаан, дулааны төлбөрийг төр тэглэсэн. Энэ нь орлогыг бага зэрэг бууруулсан харагдуулж магадгүй юм. Бид уг нь ажлын байрыг дэмжих, хадгалах, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангаж өгөхийг хүсэж байгаа. Хатуу хөл хориотой ч коронавирусийн бүртгэгдэж буй тохиолдлын тоо өндөр, сулруулсан ч ялгаагүй байдаг боллоо. Оновчтой шийдвэр гаргаж, салбаруудаа зөв ангилаад, олон нийт цуглаж буй газруудаа хязгаарлан бусдыг нь арай өөр байдлаар анхаараач гэж өнгөрсөн жилийн турш, энэ он эхэлснээс хойш ч ярилаа. Дан ганц Монголд биш, дэлхий даяар амаргүй байна. Япон улс гэхэд дэлхийн II дайнаас хойших түүхэнд эдийн засгийн хамгийн том уналттай нүүр тулгарав. Америк 1900 оноос хойш хамгийн том сорилттой нүүр туллаа. Их хямрал, дэлхийн II дайн, Вьетнамын дайн, 2007-2009 оны эдийн засгийн хямралтай харьцуулахад гүн, үргэлжлэх хугацаа нь ч илүү байна гэж америкчууд ярих болсон. Гэтэл Хятад цар тахалтай тэмцэх менежмент, авч буй арга хэмжээ зөв байсан учир иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа ч тэлж чадлаа. Одоо хүн төрөлхтөн “Kовид”-ын өмнө болон хойно гэсэн цаг хугацааны хэмжүүртэй болох нь тодорхой болсон. Тэгэхээр түүхэнд “Ковид”-оос өмнө ийм байсан, хойш ийм болсон гэсэн яриа үлдэх байх.
-Цахилгаан, дулааны хөнгөлөлт үзүүлэхээ ирэх долдугаар сарын 1-нээс зогсооно. Эрчим хүчний хөнгөлөлт аж ахуйн нэгжүүдийн зардлыг нэлээд хөнгөлсөн. Буцаад төлбөрөө аваад эхлэхээр нөхцөл байдал улам хүндрэх үү?
-Дотооддоо халдвар алдсанаас хойш хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Энэ үед МҮХАҮТ-аас “Төр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо. Цахилгаан, дулаан, түрээс, цалин гээд тогтмол зардал гарна. Үүнийг яах юм бэ. Ямар нэг шийдэл байх ёстой” гэсэн санал Засгийн Газар, УИХ-д хүргүүлсэн. Үүний дагуу цахилгаан, дулаан, нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн. Энэ бол тогтмол зардлыг бууруулах том дэмжлэг. Үйл ажиллагаа нь хэвийн байгаа салбарт бол нэлээд хөнгөлөлт болж чадсан. Одоо үйл ажиллагаагаа сэргээлээ гэхэд орлогогүй, цалингаа тавих мөнгөгүй, эргэлтийн хөрөнгөгүй, зээлээ төлж чадахгүй байгаа хүмүүст бодит хүндрэл үүснэ. Судалгаанаас харахад манай нийт аж ахуйн нэгжийн 73 хувь нь зээлтэй. Эдгээр аж ахуйн нэгжийн 75 орчим хувь нь үйл ажиллагаагаа сэргээхийн тулд нэмж ямар нэг байдлаар эргэлтийн хөрөнгийн зээл хүсэхээ илэрхийлсэн. Тэгэхээр тэдний барьцаа хөрөнгө банканд байгаа. Өмнө нь авсан зээлээ төлөөгүй гээд шаардлага хангахгүй учир эргэлтийн хөрөнгөгүй гэсэн үг. Ингээд үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл, маш том дарамт үүсэх юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай хуулийг 2017 онд баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өнгөрсөн онд хэрэгжилтийг нь хойшлуулсан. Энэ жил дахиад хойшлуулж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бусад улс оронтой харьцуулахад манайх өндөрт тооцогддог. Үүнийг тохирох хэмжээнд тогтоох, хуримтлалын санд байршуулан, зөв менежмент хийх талаар анхаарах санал бид байнга тавьдаг.
-Дахиж хөл хорио тогтоохыг бизнесменүүд ч, иргэд ч таатай хүлээж авахгүй байх. Тийм нөхцөл анзаарагдсан.
-Бид оновчлолоо зөв тооцох ёстой. Эрүүл ахуйн дэглэмээ маш сайн сахиж, амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, ариутгах, агааргүй орчинд удаан байхгүй гэх мэт нөхцөл хангаж байгаа тохиолдолд халдварын тархац хязгаарлагдмал болно гэдгийг иргэд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд ойлгосон. “Ковакс” хөтөлбөр болон хоёр хөршийн тусламжтайгаар иргэдээ вакцинжуулах асуудлыг боломжийн шийдвэрлэлээ. Тиймээс цаашид хөл хорио тогтоохоо болих нь зүйтэй. Жишээлбэл, кино үзэхээр олноороо нэг дор удаан хугацаанд байхгүй, жижиг орон зайд олноороо хамт хооллохгүй гэх мэт тодорхой үйлчилгээг хязгаарлаад, эдийн засгийн бусад гол салбараа ажиллуулах нь зүйтэйг бүгд ойлгосон байх. Ингэхгүйгээр ажилгүй болсон олон хүний асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Компани, аж ахуйн нэгжүүдийг хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах ёстой. Аж ахуйн нэгжүүд бүгд хүнд байдалд, өр төлбөрт орсон. Бусад улс аж ахуйн нэгжээ дэмжих, ажлын байраа хадгалах томоохон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Манайх тэгж огт чадсангүй. Авч байгаа арга хэмжээ нь сонгуульд чиглэсэн, гал унтраах төдий байлаа. Хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүддээ боломж олгох хэрэгтэй, нэг удаагийн санхүүгийн том тохируулга хийх нь зүйтэй үзэж байна. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөөс чөлөөлөх, Монголбанкны зээлийн ангиллын жагсаалтаас хасах тохируулга хийе, иргэд, компаниудад дахиж ажлаа эхлүүлэх боломж олгоё гэж санаачилга гаргасан. Цар тахлын дараа эдийн засгаа огцом сэргээе гэж бодож байгаа бол төр бодлогын дэмжлэг үзүүлээд томоохон төсөл, хөтөлбөрүүдээ урагшлуулах, хувийн хэвшилдээ итгэх, дэмжих замаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Төр бүх ажлын байрыг бий болгож чадахгүй. Бүх боловсруулах болон уул уурхайн үйлдвэрлэлийг хариуцаж чадахгүй. Хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн моделио тууштай хамгаалж, дэмжээд бүх иргэн, аж ахуйн нэгждээ гарааны шинэ нөхцөл, боломж олгох зайлшгүй шаардлагатай.
-Ингэх нь зөв гэж олон хүн бодож байгаа. Иргэд, аж ахуйн нэгжүүдээ зээлийн, татварын өртэй гээд ялгаад байвал үйл ажиллагаа нь мөд сэргэхгүй байх.
-500 мянган иргэн ажлын байргүй болсныг дурдсан. Тэдний цаана төдий тооны гэр бүлийн амьдрал бий. Энэ хүмүүсийг тоохгүй орхивол ядуучуудын эгнээ рүү шилжинэ. Төрийн оролцох, шийдвэрлэх асуудал тэр хэрээр хүндэрч, нэмэгдэнэ. Тэдэнд ажиллах, амьдрах боломжийг нь олговол өөрсдийгөө аваад л гарна. Тэд лангуу ажиллуулах, эсвэл жижиг цех байгуулах зэргээр ажил эрхэлнэ. Дахиад 5-10 ажлын байр бий болгоно. Цалингаар нь дамжиж эдийн засагт тэлэлт бий болно. Төр ойлгомжгүй, гацаадаг хууль, дүрэм, журам, зөвшөөрлийн асуудлаа хянаж цэгцлэн, хялбаршуулаад эдийн засагт “хөдөлгөөнд орох” нөхцөлийг нь бий болговол үр дүнтэй. Ингэхгүйгээр хэдэн их наяд төгрөг оруулаад ч эдийн засаг тэлэхгүй. Зээл өгчихөөд хөлийг нь тушчихаад байвал яаж тэлэх вэ. Мөнгө эдийн засагт 5-8 эргэж байж бүтээмж болж хувирна. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг тэглэх санаачилгыг зарим хүн өмнө нь баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай харьцуулаад байна. Ил тод байдлын тухай хууль бол хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн нөлөөлөл, татварын дарамтаас болоод орлогоо бодитоор мэдүүлээгүй байсан хүмүүсийг өршөөх баримт бичиг байсан. Шударгаар мэдүүлээд урагшаа явъя гэсэн санаачилга. Харин бид татвараа төлөх мөнгөгүй, шаварт шигдсэн 27 мянган компанийг яаж буцаад үйл ажиллагаагаа эхлэх нөхцөлөөр хангах вэ гэдэг санаачилга гаргасан. Өөрсдөө шавраасаа гарч ир гээд орхивол ямар ч боломжгүй. Тиймээс төр шавраас гарах боломж олгох, бодлогын дэмжлэг зайлшгүй үзүүлэх ёстой. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бүгд идэвхжиж байж эдийн засгаа тэлнэ. Тэгэхгүйгээр үйл ажиллагаа нь хямраагүй дөрөв, тавхан салбар, уул уурхайг түшсэн орлогоор бид 500 мянган хүнийг ажлын байраар хангаж чадахгүй. Татварын бааз хумигдана, ажилгүйдэл нэмэгдэнэ. Үүнийг дагаж нийгмийн хямрал бий болно. Хямралаас гарах хурд удааширна. Хямралын үеэр алдсан ажлын байрыг сэргээхэд дунджаар 5-6 жил шаардлагатай байдаг. Үүнийг хурдасгах нь Монголын эдийн засагт ч, Засгийн газарт ч хэрэгтэй. Ийм арга хэмжээ авбал юу ч хийхгүй зүгээр сууснаас илүү хохирол багатай.
-Санаачилгад эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгж байгуулах тухай тусгасан байна. Энэ нь ямар бодлого, зорилготой юм бэ?
-Монголын эдийн засаг 2019 онд 5.7 хувиар өссөн. Үүнээс харахад манай эдийн засаг 2025 он гэхэд хоёр тэрбум ам.доллароор нэмэгдэх юм байна гэсэн төсөөлөл бууж байв. Гэтэл эдийн засаг агшчихлаа. Эдийн засгийн өсөлтийн энэ хурд бидний хүссэн хэмжээнийх биш. Эрүүл мэнд, ядуурал, утаа гээд нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй. Нэг хүнд ногдох ДНБ 8-10 мянган ам.доллар хүрч байж энэ асуудал шийдэгдэнэ. Тухайн иргэний орлого нэмэгдэж, бүтээмж нь сайжраад байвал хүүхдээ улсын сургуульд явуулна уу, хувийнхад явуулна уу тэр хүний сонголтын асуудал болохоос улс тэрэнд оролцоод байх шаардлагагүй болдог. Тэгэхээр халамжид зарцуулж байгаа үргүй зардлыг ажлын байр, үйлдвэржилтийг дэмжихэд зарцуулах нь зүйтэй гэдэг санал гаргаж байсан. Бидний тооцооллоор бол 2025 он гэхэд ДНБ-ийг хоёр дахин өсгөх боломж бий. Үүний тулд төслийн нэгж байгуулаад гол таван салбарын төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Малайзад эдийн засгаа эрчимжүүлдэг тусгай нэгжүүд байдаг юм билээ. Тэдгээр нь маш уян хатан, түргэн шуурхай ажилладаг. Хувийн хэвшилдээ тулгуурлаж үйл ажиллагаа явуулна, төр нь шаардлагатай боломжит дэмжлэг үзүүлдэг юм билээ. Ингэснээр эдийн засгаа маш сайн тэлдэг. Өнөөдөр манайхан ингэж ажиллах цаг нь болсон. Хятадын эдийн засаг дэлхийд хамгийн өндөр хувиар өсөж байна. Тэдний эдийн засгийн нэг хувийн өсөлт Монголд 0.83 хувийн нөлөөтэй гэж Дэлхийн банк танилцуулсан байна лээ. Хятадын өсөлтийг бид бодит боломж болгох ёстой. Тэгэхийн тулд уул уурхай, хөдөө аж ахуйтай холбоотой том төслүүдээ эхлүүлэх шаардлагатай. Гэхдээ төр хийх гэж оролдох нь буруу. Хувийн хэвшил манлайлаад, төр нь дэмжих замаар явбал үр дүнд хүрнэ.
-МҮХАҮТ зөвшөөрлийн тухай хууль баталж, зөвшөөрлийн тоог цөөлье гэсэн санаачилга гаргасан. Ямар судалгаанд үндэслэж ийм санаачилга гаргав?
-Зөвшөөрлийн тухай асуудал хөндөгдөж, танхим тооцоо судалгаа хийгээд олон жил болж байна. Олон ч УИХ, Засгийн газрын нүүр үзлээ. Иргэн, аж ахуйн нэгж аливаа үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд 930 гаруй төрлийн зөвшөөрлийг ямар нэг байгууллагаас авдаг. Үүнийг эрс бууруулахгүй бол төрийн хүнд суртал, шийдвэр гаргах цаг хугацаа богиносохгүй нь. Төр шилэн, цахим болъё гэж байгаа бол зөвшөөрлийнхөө тоог цөөлөх ёстой. Зөвшөөрлөөр аливаа зах зээлийн зохицуулалтын хуваарийг хийх тохиолдол байдаг. Нэг салбарт таван компани ажиллах уу, 10 уу гэдгийг тооцож зохицуулах тохиолдол зарим оронд бий. Хүний эрүүл мэнд, нийтийн аюулгүй амьдрахад нөлөөтэй зүйлсийг төр анхааралдаа авах нь зүйтэй байх. Бусдыг нь болиулах хэрэгтэй. Зөвшөөрлийг зохицуулах хоёр хуулийн төсөл боловсруулсан. Нэгийг нь Засгийн газар, нөгөөг нь УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан. Үүнийгээ нэгтгээд 200 гаруй нэр, төрлийн зөвшөөрлийг үлдээгээд бусдыг нь олгохоо бүр болих, эсвэл тухайн салбарын мэргэжлийн холбоодод эрхийг нь шилжүүлэх замаар олгодог болгох хэрэгтэй. Мэргэжлийн холбоодод олгоё гэхээр нэг салбарт ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон холбоо байна гэсэн асуудал яригддаг. Үүнийг Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг шинэчлэх замаар шийдвэрлэж болно. Тухайн салбарт мэргэжлийн нэг танхим байгуулчих хэрэгтэй.
Тэр танхим нь зөвшөөрөл, сургалт, зөвлөгөө, боловсон хүчин, хяналт шалгалтаа хариуцдаг болгож уг асуудлыг бүрэн цэгцэлж болно. Улаанбаатарт газрыг зөвхөн худалдаж авч байгаа. Гэхдээ газар эзэмших зөвшөөрлийг цөөн жилээр олгодог. Өнөөх газартаа хөрөнгө оруулаад барилга барья гэж бодъё. Бичиг баримтыг нь бүрдүүлж, гарын үсэг цуглуулж явсаар байтал газар эзэмших хугацаа нь дуусдаг. Дахиад бүх процесс эхнээсээ давтагдсаар эзэмшсэн газартаа барилга барьж чадаагүй 10-аад жил болсон тохиолдол ч бий. Ийм учраас хугацаандаа амжихын тулд танил тал харж, ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг. Олон зөвшөөрөл олгох үйл явц эдийн засгийг маш ихээр боомилж буйн нэг жишээ энэ. Уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч, зам барилгын төсөл хэрэгжүүлэхэд ямар нэг байдлаар зөвшөөрөл хэрэгтэй болдог. Мөн цаг авсан ажил болно. Тиймээс эдгээрийг цэгцлэх санаачилга гаргаж байна. Төр илүү хялбаршуулсан журам баримтлах хэрэгтэй. Төслүүдийг гацаах биш дэмжсэнээр хөрөнгө оруулалт татах, экспортыг нэмэх, ажлын байр бий болгох, татварын дүнг өсгөх гээд асар их эерэг үр дүнтэй. Төсөл хэрэгжүүлснээр тухайн аж ахуйн нэгж биш, цаана нь олон туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компани ажилтай болж, ажлын байрыг нэмэгдүүлдэг. Ингэж том, жижиг төслүүдээ саадгүй хэрэгжүүлж байж эдийн засаг тэлнэ. Төсөл нь экспортын баримжаатай бол илүү сайн.