Монголын боксын “Алтан хараацайнууд”-ын нэг, Ази тивийн хошой аварга, Ардын багш, Гавьяат тамирчин Х.Алтанхуягийн энэ спортод оруулсан хувь нэмэр их. Ширэн бээлийтэй нөхөрлөсөн цагаасаа дотоод, гадаадын олон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, өнөөгийн тамирчдын амжилтын буухиаг эхлүүлсэн түүнийг спорт сонирхогчид мартаагүй. Тиймдээ ч түүний нэрэмжит тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Тэрбээр шигшээ багийн дасгалжуулагчаар олон жил ажиллахдаа гарынхаа шавь нарыг бэлтгэж, амжилтаас атгуулан алдарт хүргэсэн гавьяатай. Тэднээс Ц.Амаржаргал, Н.Баярсайхан, Н.Энхбат нар аварга болж, багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлсэн юм. Дэлхийн боксын дэвжээнд шилдгүүдийг сөхрүүлж, эх орныхоо нэрийг цуурайтуулж явсан түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.
…Тэр үеийн “Советский спорт” сонинд “Ах дүү Монголын боксчид энэ тэмцээнд чамлахааргүй амжилттай тоглолоо. Тэр дундаа залуу тамирчин Х.Алтанхуяг Европын аварга, туршлагатай боксчинтой хүчтэй өрсөлдөв. Монголын бокс дэлхийд цуурайтах цаг ойртжээ” гэж бичсэн байв…
-Бокс сонирхож, ширэн бээлийтэй нөхөрлөн, рингэд ид “бужигнуулж” явсан Таны дурсамжаар аялмаар санагдаж байна?
-Би Завхан аймгийн Нөмрөг сумд төрсөн. Намайг бага байхад манайх Улаанбаатарт ирснээр Усны гудамжинд (одоогийн Циркийн ойролцоо) хүүхэд насаа үдсэн. 1959 онд оюутан, залуучуудын анхдугаар фестиваль болоход манай гэрийн ойролцоо байдаг “Соёл” нийгэмлэгийн жижиг стадионд боксчид ирж, бэлтгэл хийлээ. Тэд эхлээд бие халаалт хийн, гүйж байснаа бээлий өмсөөд тоглож эхэллээ. Тэр дундаас жижигхэн шар залуу онцгой байна аа. Өөрөөсөө ах болов уу гэмээр биерхүү, булчин шөрмөс нь зангирсан өрсөлдөгчтэйгөө их л эвлэгхэн, ухаалаг тоглож, бултаж зугтах, довтлохыг хослуулсаар ялчихав. Надад тэр үед бокс гэдэг чинь их гоё спорт юм байна, ерөөсөө тоглоё гэж бодогдсон. Гэхдээ хүсэл байвч тэр даруй биелсэнгүй. Хоёр жилийн дараа 14 настайдаа “Хоршоолол” нийгэмлэгт Гавьяат дасгалжуулагч Б.Мишигдорж багшийн секцэд орсон. 1963 онд болсон Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад анхны амжилтаа гаргаж, 60 кг-ын жинд түрүүлж байлаа.
-Монголд 1960-аад оны дундуур боксын спортыг нэг хэсэгтээ хориглосон гэдэг юм билээ. Тийм шийдвэр яагаад гаргасан юм бол?
-Монголд бокс хөгжөөд таван жил болж байтал 1963 онд бүх ард түмний II спартакиадын дараа 1964-1967 он хүртэл тодорхой бус шалтгаанаар боксыг хориглон, секц, дугуйлангуудыг хаасан. Тухайн үед өнөөгийнх шиг мэргэжлийн багш, дасгалжуулагч гэж байсангүй. Өөрийн сайн дураар хичээллэсэн залуус техникээ ч ялган салгаж мэдэхгүй, замбараагүй байж дээ гэж хожим бодсон. Боксын жаахан дөр суусан залуус сахилгагүйтэж, нийтийн үзвэр, бүжиг, цэнгээний үеэр зодоон цохион хийх болсон юм билээ. Хүүхэд, залуусын сонирхлыг ихэд татдаг энэ спортын хөгжил зогссон байх үед Б.Олзод багш 1967 онд Москвагийн биеийн тамирын дээд сургуулийг боксын дасгалжуулагч мэргэжлээр төгсөж ирээд, эргэж сэргээсэн юм. Багш өмнө нь тоглож байсан биднийг цуглуулж, нэмж шинэ хүүхдүүдийг сонгож сургалтаа эхлүүлсэн. Ширэн бээлий дахин өмсөж эхэлсэн тэр үед би 23 настай байлаа. Боксын спорт тэгтэл хөгжөөгүй байсан тул эхний жилүүдэд хотын аварга шалгаруулах тэмцээн л зохион байгуулдаг байв. Тэр нь бараг УАШТ-ий дайтай гэсэн үг. Миний хувьд зургаан удаа дараалан түрүүлсэн. Мөн спартакиадын хоёр түрүүтэй. УАШТ-д 1977 онд оролцсон.
-Та 60 кг-ын жинд тоглодог байсан. Тэр үеийн боксчдоос хэн хамгийн хүчтэй өрсөлдөгч тань байв?
-Би жингээ нэг ч удаа хасаж, нэмээгүй. Тэр үед энэ жинд цөөн боксчин байв. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч “Замчин” нийгэмлэгийн Ш.Сүрэнжав. Надаас хойш энэ жингээс Азийн аварга Г.Батбилэг, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Р.Отгонбаяр агсан, Азийн аваргын мөнгөн медальт Р.Жамган, “Сөүл-1988” олимпын хүрэл медальт Н.Энхбат, “Барселона-1992”-ын хүрэл медальт Н.Баярсайхан, Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Т.Үйтүмэн гээд шилдэг боксчин төрсөн. Сүүлийн үеийн тамирчдаас 60 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ сайн тоглосон доо.
-Гадаадын тэмцээнд хэзээнээс оролцож эхэлсэн бэ?
-1968 онд Югослав, Монголын тамирчдын уулзалт тэмцээн болж, манайхан Европын шилдэг боксчидтой тулалдах завшаан тохиосон юм. Б.Олзод багш оросуудаас тэдний талаар мэдээлэл багагүй цуглуулж, тактик боловсрууллаа. Би Буен Звонковтой учраа таарав. Техникийн хувьд төдийлөн сайн биш ч зайгаа авч байгаад солгой гарын хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө унагадаг “Хүнд цохилтын хаан” хочтой боксчин байлаа. Багштайгаа зөвлөлдөж эхний үед ойрхон тулалгүй, хаанаас, хэдийд яаж цохихыг нь тандаж, хүчийг нь сааруулж байгаад II раундаас довтлох тактиктай рингэд гарсан. Нөгөөх чинь намайг айгаад байна гэж бодсон бололтой “Хүрээд ир, үзье” гээд гараараа дохиж, сүр бадруулаад л. Би анаж байгаад л хамгаалалтаа сулруулах агшинд нь гэнэтхэн хурдтай угсруулаад цохисон. II раундын тоглолт дуусангуут багш “Чиний тактик зөв байна. Гэхдээ гуравдугаар үеийн эхэнд довтлоод хэрэггүй шүү” гэв. Минут хэртэй зугттал шар нь гозойгоод дахиад задгай дайраад орж ирж байна. Тэгэхээр нь сөрж дайраад бас угсруулаад цохичихлоо. Үзэгчид ч нижигнэтэл алга ташаад, гурван шүүгч санал нэгтэйгээр надад ялалт өгсөн. Ингэж олон улсын чанартай тэмцээнд оролцож, анхны ялалтаа байгуулав. Дараа нь 1969 онд Буриадад зохион байгуулсан “Байкал” сэтгүүлийн нэрэмжит бүх холбоотын тэмцээнд Чита, Эрхүү, Улаан-Үдийн боксчдыг хожсон Монголын анхны тамирчин болсон. Тус тэмцээний хамгийн техниктэй боксчноор ч шалгарлаа. 1970 онд есөн орны тамирчид оролцсон социалист орнуудын Нийгмийг аюулаас хамгаалах яамны “Динамо” нийгэмлэгийн тэмцээнд тоглож, мөн л анхны алтан медалийг зүүсэн.
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн боксчин Гавьяат тамирчин Н.Баярсайхан та хоёроос өөр байдаггүй. Тэр тухай сонирхуулж яриач?
-Ази тивийн аварга шалгаруулах боксын тав дахь удаагийн тэмцээн 1971 онд Иранд болсон юм. Манайхан тивийн аваргад анх удаа оролцох хүсэлтээ МАХН-ын Төв хороонд тавиад, дээрээс зөвшөөрөл ирсний дагуу Сөгнөгөрт 45 хоног бэлтгэл хийв. Байгалийн сайханд бэлтгэлээ базаасны дараа хотод 14 хоног хийж, Тегеранд очлоо. Тухайн үед Азид БНСУ, Тайландын боксчдыг хамгийн сайн нь гэлцдэг байсан. Тэр тэмцээнд 13 орны боксчид оролцлоо. Би эхлээд Израилын боксчныг хожоод, дараа нь Тайландын тамирчинтай тоглох оноолт таарав. Тоглохын өмнөх өдөр өнөөх тайланд нөхөр зочид буудлын гадаа үндэснийхээ тай боксын өшиглөж, өвдөглөх техникийг үзүүлж, чанга орилж хашхиран, сэтгэл зүйн дайралт хийж байна. Түүний орилж хашхирахаас нь айгаагүй ч гэсэн дотроо жаахан эвгүйцсэн. Өмнөх тойрогт Пакистаны тамирчинтай тоглохыг нь үзлээ. Рингэд гарч ирүүтээ шууд л довтолдог, хүнд цохилттой эвгүй залуу байна, гэхдээ хөл дээрээ сайн ажиллавал түүнийг ялах боломжтой санагдсан. Төлөвлөснөөрөө тоглолоо. Эхний раундад зүүн гараараа хааяа нэг цохиж, зай мэдэрч ухрах маягтай. Багш руу харвал “Довтлох болоогүй. Гол нь хөл дээрээ сайн ажиллаж, хүчийг нь сааруулах хэрэгтэй” гэж байна. Бүтэн үеийн турш зугтаасан болохоор II раундын дундаас хөл бадайрч, буланд хэдэн удаа шахууллаа. Тэр үнэхээр хүчтэй цохиж байна. Доороос цохисон нь элэг, бөөр доргиож, гар дээр цохисон нь шуу янгинуулаад л ер нь тун эвгүй. “Цохилтод нь өртөөд уначих вий дээ” гэж айсан ч юуны төлөө энд ирсэн билээ бодоод тэсээд л байлаа. Хамгаалалт сайн тулдаа арай л уначихаагүй. Энэ үед “Чиний давуу тал чинь баруун гарын шулуун цохилт шүү” гэж багшийн хэлсэн үг санагдаж, өөрийн мэдэлгүй хийчихлээ. Намайг зугтаагаад байхаар өрсөлдөгч маань довтолгоондоо улайрч, хамгаалалтаа нэлээд сулруулчихсан байсан. Гар тулаад явчихсан, тэр нөхөр ч унасан. Шүүгч найм тоолж, дуусангуут нь ухасхийгээд дахиад цохиод унагачихлаа. Даанч гүйцээх боломж олдсонгүй, цаг дуусчихсан. III раунд эхлэхэд арслан барс шиг дайрч байсан өрсөлдөгч маань илт айж хамгаалах нь тэр. Би санаачилгыг авсан болохоор үргэлжлүүлж дайрсаар оноогоор яллаа.
Финалд Энэтхэгийн боксчинтой таарсан. Тэр нөхөр нуруугаар өндөр ч надаас эмээгээд байлаа. Түүнийг нь ашиглаад шууд л довтолсон. Нэгдүгээр үеийн дунд хэрд угсруулаад хэд цохитол сөхрөөд суучихав. Тоолуулаад босоод ирэхэд нь дороос нь өлгөж цохиод, зүүн хажуугаас нэг таттал гуйваад явчихсан. Ингэж цэвэр хожиж, Монголын боксчдоос анх удаа Ази тивийн аварга болж билээ.
-Дараа нь 1975 онд гадаадад болсон тэмцээнд оролцсон байх аа?
-Тэр үед миний нас нэлээд хэвийсэн байлаа. Японы Йокохамад 29 настайдаа түрүүлж, хоёр дахь удаагаа Азийн аваргаар шалгарсан юм. Эхний даваанд тайланд, хоёрт БНСУ-ын боксчныг хожоод аваргын төлөөх тоглолтод Сингапурын тамирчныг буулгаж авлаа. Тэрбээр мэргэжлийн бокст орохоор Японд хоёр сар бэлтгэл хийсэн юм билээ. Зодоонч маягийн өндөр нөхөр харагдлаа. Гэхдээ л түүнийг ялах бодол сэтгэлд багтаад байлаа. Эхлээд дасгах маягаар өрж, аль гараараа хүчтэй цохидгийг нь мэдэж авахыг хичээсэн. Баруун гараараа хүчтэй цохиж, намайг багагүй сандрааж манаруулав. Дасгаж байгаад угсраад хэд цохитол далдираад байв. Тэгэхээр нь буланд шахаж байгаад бөмбөгдчихсөн. Ингэж оноогоор хожиж, хоёр дахь удаагаа Азийн аварга болсон. Хэрэв 1973 онд БНСУ-д болсон тэмцээнд оролцсон бол дахиад ч нэг түрүүлчих боломж байсан гэж боддог. Даанч манайхан Өмнөд Солонгосыг социалист орон биш гээд тамирчдаа явуулаагүй юм.
-Олимп, дэлхийн дэвжээнд хэрхэн өрсөлдөв?
-Би 1972 онд Мюнхений олимпод оролцохдоо эхлээд хийлж, хоёрт Аргентины тамирчныг ялж, гуравт Туркийн боксчинд 2:3-аар хожигдсон. Үнэнийг өгүүлэхэд, луйвардуулчихсан юм. Тухайн үед Монголоос шүүгч байгаагүй болохоор эсэргүүцэл бичээд заргаа авна гэдэг бүтэшгүй зүйл байсан. Түүнийг хожчихсон бол дараа нь Колумбийн тамирчныг амархан ялж, хүрэл медаль хүртэх байсан гэж боддог. “Монреаль-1976” олимпод эхний даваанд Болгарын боксчинд ялагдсан. Намайг авч явсан Б.Мишигдорж арга барилын хувьд Б.Олзод багшийн хаана нь ч хүрэхгүй байв.Кубын Хаванад 1974 онд сонирхогчдын боксын анхны ДАШТ болоход С.Дүгэржавтай хамт оролцсон. Манай жинд 30 гаруй орны боксчин өрсөлдсөн. Эхлээд Европын хошой аварга Польшийн Томчиктой таарч 2:3-аар хожигдлоо. Тэр үеийн “Советский спорт” сонинд “Ах дүү Монголын боксчид энэ тэмцээнд чамлахааргүй амжилттай тоглолоо. Тэр дундаа залуу тамирчин Х.Алтанхуяг Европын аварга, туршлагатай боксчинтой хүчтэй өрсөлдөв. Монголын бокс дэлхийд цуурайтах цаг ойртжээ” гэж бичсэн байв. ДАШТ дөрвөн жилд ганцхан удаа болдог байсан учраас дахин оролцох боломж надад гараагүй.
-Тамирчны карьераа өндөрлүүлж, дасгалжуулагч багшаар хэзээнээс ажилласан бэ?
-Биеийн тамирын төв зөвлөлийн дарга Ш.Магван гуай “Чи сурч мэдсэн бүхнээ хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй” гэж зөвлөсний дагуу Монреалийн олимпын дараа шигшээ багийн хоёрдугаар дасгалжуулагчаар В.Батбаяр багшийн удирдлагад 13 жил ажилласан. Багш тамирчдад онолын талаас нь заан зөвлөж, би практик бэлтгэлийг нь хариуцдаг байв. Шигшээгийнхэн “Алтаа багштай болгоомжтой орохгүй бол хэцүү” гэлцдэг байсан. Энэ хугацаанд Ц.Амаржаргал, Н.Баярсайхан нарыг бэлтгэсэн. Тэгээд ч шигшээгийн тамирчдын олонх нь миний шавь шүү дээ. Тэднийгээ удирдаж оролцсон тэмцээн цөөнгүй. 1983 оны “Химийн цом”-д Н.Энхбатыг оролцуулж, аварга болгосон бол Софигийн рингэд Ц.Амаржаргал, Р.Отгонбаяр нарыг медаль зүүлгэсэн. Хамгийн сүүлд 1998 оны Бангкокийн Азийн наадамд багаа ахалж, гурван хүрэл медальтай ирж байлаа. Мөн “Шижир алт” клубт ажиллахдаа “Жижиг Үүеэ” хэмээх Г.Ган-Эрдэнэ, Ц.Отгон-Эрдэнэ, О.Норовбал нарыг бэлтгэж, шигшээ багт оруулсан. Одоо ч гэсэн дасгалжуулагчийн ажлаасаа хөндийрч чадахгүй л явна.
-Монголын боксын дасгалжуулагчдаас таныг БНХАУ-д урилгаар ажилласан анхны мэргэжилтэн гэж ярьдаг шүү дээ.
-1990-2005 онд ӨМӨЗО-д ажиллаж, 1993 оны Бүх Хятадын спартакиадаас шавь нараа нэг алт, хоёр мөнгө, хоёр шагналт байр эзлүүлж, багаараа IV байрт шалгарав. Дараа нь Гуанжоу хотод Гуандунь мужийн шигшээ багийг дасгалжуулж, спартакиадаас алт, мөнгө, хоёр хүрэл медаль авч байлаа. Мөн Бээжинд зургаан сар ажиллаад Хөх хотод ирсэн.
-1990-ээд оны үед өмнөд хөршийнхний боксын тамирчдын ур чадварын түвшин ямархуу байсан бол?
-Боксын спортын хөгжил тийм ч сайнгүй байсан. Гэхдээ хөрөнгө мөнгөтэй улс болохоор сайн дасгалжуулагчдыг урьж, тамирчдынхаа ур чадварыг богино хугацаанд сайжруулсан. Хятад дотроо Уйгур, Шинжааны боксчид хүчтэй. Тэд ойрхон учраас Казах, Узбекистаны тамирчидтай хамтарсан бэлтгэл байнга хийдэг байсан нь нөлөөлсөн болов уу. Намайг Өвөр Монголд ажиллаж байхад Хятадын багууд ирж хамтарсан бэлтгэл хийнэ. 14 хонохдоо маш сайн судална шүү дээ. Тэднийг явмагц нь дараагийн баг ирэх жишээтэй. Ийм бодлого явуулсны үр дүнд Хятадаас олимп, дэлхийн аваргууд төрсөөр байгаа юм.
-Бээжингийн олимпын 81 кг-д түрүүлсэн Жан Шиаопин Өвөр Монголын тамирчин. Тэр таны шавь болж таарах нь.
-Жан Шиапон монгол аав, хятад ээжтэй. Шилийн хотод төрсөн. Өвөрлөгч ч гэлээ монгол хэлээр бараг ярьдаггүй. Эхэндээ ч мааруухан техниктэй, надад үргэлж загнуулдаг байлаа.
-Монголын боксын өнөөгийн хөгжлийн талаар бодлоо хуваалцаач.
-Монголын тамирчид орос суурьтай. Тэсвэр хатуужил, цохилт сайтай. Манай боксчидтой таарсан ямар ч улсын алдартай тамирчин биднийг сулхан, бэлэн хоол гэж басдаггүй юм. Өөрөөр хэлбэл, Монголын ширэн бээлийтнүүдийг санаснаар амархан хожих боломжгүй. Тэдний ялах ганц арга нь хуурч, анхаарал сарнисан үед нь гол мэхээ хэрэглэж хождог. Өнөө цагт боксын спорт хот, хөдөөгүй жигд хөгжиж байна. Хүүхэд, залуус энэ спортод сонирхолтой болжээ. Нэг жинд олон шилдэг өрсөлдөгч тоглож байна. Энэ нь хүүхдийн спортын наадмуудаас тодорхой харагддаг. Мөн сайн тоглодог байсан боксчид дасгалжуулагч болж, шавь нараа бэлдсэнээр шилдэг тамирчид төрж байна.