Цагтаа чуулгынхаа сор нь явсан, өдгөө ч үеийнхнийхээ дунд согоо нь болсон Гомбосүрэнгийн Удвал хэмээх сайхан эмэгтэйтэй ярилцлаа. Бүжгийн урлагтай 55 жилийн амьдралаа холбож, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга (ЦДБЭЧ), Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга (ХЦДБЧ)-ын ачааны хүндийг үүрэлцсэн тэрбээр сайн бүжигчнээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр түвшний балетчныг төрүүлж, чиглүүлсэн ижий юм.
Түүний ууган хүү У.Бат-Эрдэнэ Пермийн балетын сургуулийг дүүргэсэн, Монголынхоо тайзан дээр анхлан 18 удаа пируэт (pirou¬ettes) эргэсэн зэрэг мэргэжлийн балетчдын шандсыг сорьдог хүнд хэцүү, шинжээчдийн онцолдгоор жинхэнэ гарамгай буюу виртуоз техникийг чадамгай эзэмшиж, гүйцэтгэсэн уран бүтээлч. Агаарт хоёр удаа эргэлдээд, залгуулан фуэтте (fouettе) эргэсэн балетчин түүнээс өөр байхгүй гэдэг юм билээ. Үүнийг мэргэжлийнхэн ч хэлдэг. Одоо хэр нь түүний санаачилсан нэгэн хүнд элементийг гүйцэтгэсэн хүн олон улсын хэмжээнд байхгүйг Ж.Филипп, В.Писарёв, М.Агостино нарын алдартай олон балетчин онцолсон нь бий. Түүнийг бүжигчин болгохоор “ташуурдсан” ижийгийнх нь ярилцлагыг хүргэж байна.
-Таны амьдралын хагас зуу гаруй жил нь бүжгийн урлагтай холбоотой. Энэ замыг сонгосон шалтгаан нь юу бол?
-Бүжгийн урлагт чин сэтгэлээсээ дурлаж, бүжигчин болсон хүн. Би 1950 онд Архангай аймагт төрсөн, аав, ээж минь Өгийнуур сумын уугуул. Миний ээж уг нь 11 удаа төрсөн юм билээ. Надаас өмнөх зургаан хүүхэд нь эндсэн учраас аав, ээж хоёр нутаг сэлгэж, нүүе гэж бодсон уу, хэдхэн сартай байхад минь нийслэлд ирж амьдрах болжээ. Би дөрвөн дүүтэй, бид хэдийн бага нас тэр үеийн бусад хүүхдийнхтэй л адил өнгөрсөн. Дөрөв, таван настайдаа би нугарах гээд л янз бүр болдог байсныг эмээ маань гярхай ажиглаж, анзаараад, цирк рүү дагуулж яваад, шалгуулсан. Тэгээд нэг хэсэг бэлтгэл, сургуулилалт хийгээд овоо зүгшрээд, янз бүрийн тоглолтод оролцож байснаа санадаг юм. Найман нас хүрээд нийслэлийн тавдугаар дунд сургуульд орлоо, нугардаг болохоор багш нар маань урлагийн арга хэмжээнүүдэд байнга л оролцуулдаг байлаа. Гуравдугаар ангид байхдаа Пионерын ордны бүжгийн дугуйланд хичээллэх болсноор энэ урлагтай амьдралаа холбосон. Ингээд 1966 онд наймдугаар анги төгсөөд, ирэх намар нь дэвшин суралцах байсан хүн чинь Монголын ардын армийн дуу, бүжгийн чуулга (Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга)-д бүжигчнээр орчихсон. Үүнээс хэдэн сарын өмнө Ц.Сэвжид гуай нэг орос багштай хамт дунд сургуулиудаар явж, бүжигчин болох хүүхдүүдийг сонгож, шалгаруулахад нь би тэнцсэн юм, уг нь. “Шалгалтаа дуусгаад Ардын дуу, бүжгийн чуулгад ирээрэй, манайд бүжигчин бол” гэж Сэвжид багш хэлсэн. Гэтэл манай Дөрвөн буудалын нэг охин жигтэйхэн гоё цэргийн хувцастай явж байхтай таарлаа. Тэр бол Гавьяат жүжигчин, дуучин Н.Отгон л доо, тэгээд “Цэргийн чуулгад орсон, манайд бүжигчин авч байгаа” гэхээр нь өмссөн хувцас нь гоё санагдаад, чуулгын байрыг заалгаж аваад, яваад очлоо. Жижүүр нь шалгаруулалт дууссан гэсэн боловч бүжгийн багш Банзрагчийн өрөө рүү дагуулаад явсан. Тэрбээр чуулгын уран сайхны удирдагч Дугарсүрэн гуайд намайг танилцуулаад “Боломжийн охин харагдаж байна, шалгаад үзвэл ямар вэ” гэсэн. Ингээд л хэдэн хүн цуглаад шалгалаа. Тэнцлээ л гэсэн. Эрүүл мэндийн үзлэгт ороод, тэнцэх, эсэхээ шийдэх ёстой учраас тэр дагуу Цэргийн госпитальд шинжилгээ, үзлэгт хамрагдсан. Ингэж дагалдан бүжигчин болсноо ижий, аавдаа хэлэлгүй нуучихсан. Аав намайг бүжигчин болно гэхээр дурамжхан, хууль цаазын сургуульд оруулах сонирхолтой байсан юм. Ингээд бараг хагас сарын дараа анхны цалингаа авч, гэртээ ирээд “Би бүжигчин болсон. Анхны цалингаа ч авчихлаа” гэж хэлээд санаа амардаг байгаа.
Тэр үед дагалдангаар жил хэртэй ажиллуулсны дараа мэргэжлийн шалгалтад оруулаад, тусгай комиссын хяналтаар жинхлэх, эсэхийг шийддэг байлаа. Бид бөөнөөрөө тэр шалгалтдаа тэнцээд, мэргэжлийн бүжигчин болсон доо. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 55 жил бүжиглэж байна.
Би 1966-1980 он хүртэл Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад гоцлол бүжигчнээр ажиллаж байгаад Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад дасгалжуулагч багшаар томилогдсон юм. Энэ чуулга маань анх хамтлаг гэсэн статустай байж байгаад ансамбль болж өргөжиж байсан үе л дээ. Дасгалжуулагч багшаар ажиллахын зэрэгцээ бүжиглэсээр байсан. Тус чуулгадаа 1996 он хүртэл ажиллаад, тэтгэвэрт гарсан.
Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад байхдаа хань ижилтэй болж, үр хүүхдүүдээ төрүүлсэн болохоор маш их бэлгэшээдэг, ерөөлтэй сайхан газар даа. Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад олон шавь төрүүлсэн, бас л сайхан, өгөөж буянтай газар.
Ирэх онд Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын маань 80 жилийн ой тохионо. Үүний хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа. Удахгүй эрдэм шинжилгээний хурал болно.
Мөн энэ онд ЦДБЭЧ-ын Бүжгийн алба байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна.
-Та бүхнийг ид бүжиглэж байх үед эдгээр чуулга уран бүтээлчдийн боловсон хүчний дутагдалтай байсан гэдэг. Маш их ачаалалтай ажиллаж байсан талаараа ахмад уран бүтээлчид ярьдаг.
-Манай Бат-Эрдэнэ эмээ, өвөөгийндөө өссөн. Тэд хүүгээ бүжигчин болгох их дургүй байлаа. Аав, ээж маань “Урлагийн хүн байх хэцүү. Чи өөрийгөө хар, гэрийн бараа харахгүй шахам. Гэр орон, хэдэн хүүхдээ “хаясан. Хүүгээ бас ийм болгох нь уу” гэнэ. Үнэхээр л тийм байсан. Сайн хань, эцэг, эх минь л энэ хэдэн хүүхдийг өсгөсөн дөө. Бид үнэхээр цаг завгүй ажилладаг байлаа. Гадаад, дотоодын тоглолтууд, бэлтгэл, сургуулилалт, урлагийн бригад гээд явж өгнө. Хөдөө урлагийн бригадаар явахад дор хаяж 45 хонодог, цаашлаад хоёр сар болдог байлаа шүү дээ. Боловсон хүчин дутмаг учраас залуу бүжигчдийг хүнтэй сууж, хүүхэд төрүүлэхийг бараг л хорьдог байсан гэж болно. Гэтэл дөрвөн хүүхэд төрүүлчихсэн, гоцлол бүжигчин намайг “хаагуур” нь яаж амжуулав гэх жишээтэй. 1978 онд нэлээд хэдэн бүжигчин хүүхэд сургуулиа төгсөж ирснээс хойш жил бүр шахам тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.
-Танай хүүхдүүд бараг бүгдээрээ урлагийн замналтай юм билээ. Ач, зээ нараас мэргэжлийг тань өвлөсөн нь байна уу?
-Би таван сайхан үртэй, хоёр хүү, гурван охин. Бага хүү маань л урлагаас тэс өөр замаар явж, Тагнуулын дээд сургууль, одоогийн Үндэсний тагнуулын академи төгссөн. Том хүү, удаах охин маань сонгодог болон ардын бүжиг, нөгөө хоёр охин төгөлдөр хуур, хийлийн чиглэлээр мэргэжлийн сургуульд сурч, төгсөцгөөсөн. Ач, зээ нараас маань хөгжим, бүжгээр замнасан нь одоогоор алга. Бат-Эрдэнийн маань охин аав, ээжийгээ дагаж театрын тайзан дээр өссөн болохоор балетад сонирхолтой байх шиг. Аав нь харин “Өөрийнх нь сонголтыг харна. Заавал балетчин болгоно гэж зүтгэхгүй, хүнд хөдөлмөр” гэж байна лээ. Том охин Батцэцэгийн маань охин дизайн урлагийн чиглэлээр сурч байна.
-Ууган хүү Бат-Эрдэнэ тань олон улсад танигдсан балетчин. Өдгөө дэлхийн түвшинд үнэлэгдсэн дасгалжуулагч, багш, шүүгч. Та мөрөөдөл, сэтгэлдээ хөтлөгдөн бүжигчин болсон шиг Бат-Эрдэнэ ч энэ замыг өөрийн хүслээр сонгосон уу, эсвэл ээжийн нөлөө байв уу?
-Том хүүгээ бүжигчин болгох сонголтыг би хийчихсэн юм. Өөрөө бол бөх их сонирхдог байсан. Нэг өдөр ажлаа тараад иртэл нөхөр маань “ЗХУ-ын Пермийн балетын сургуульд хүүхэд шалгаруулж авах тухай зарлал радиогоор сонслоо” гэж байна. Тэгэхээр нь хүүгээ дагуулаад очлоо. Эхлээд монгол мэргэжилтэн, багш нар шалгасан. Тэр дунд ДБЭТ-ын гоцлооч Н.Баатар (“Тунгалаг Тамир” киноны Эрдэнэ), А.Навчаа нар байсан. Миний хүү чинь их том хацартай хэрнээ туранхай байсан юм. Тэгтэл Н.Баатар гуай “Гуравхан хуруу хүзүүтэй чи яаж балетчин болох юм” гээд гаргачихжээ. Нөгөөх маань “Ашгүй би тэнцсэнгүй” гээд учиргүй баярлаж байгаа юм.
-Н.Баатар гуай залуудаа ёстой егөөтэй, “хорон” үгтэй хүн байж дээ.
-Үүний дараа удалгүй Пермийн сургуулийн багш нар хүүхдүүдийг шалгасан юм. Хүүд минь бүжигчин болох нэг “юм” байгааг би мэдэж байсан учраас дахиад л дагуулаад явлаа. Маш олон хүүхэд шалгаруулалтад орсноос эхний шатандаа тэнцчихсэн. Ингээд хасагдаж, шигшигдсээр эрэгтэй, эмэгтэй тус бүр найман хүүхэд үлдсэний нэг нь хүү маань байв. Хүүхэд шат ахих тусам улам хичээдэг юм билээ. Би ч зүгээр суухгүй хөл, гарыг нь “татаж, чангаагаад” сунгалтын дасгал хийлгэж аминдаа л бэлтгэж байгаа юм. Ингэж 1981 онд Пермийн балетын сургуулийг зорьж, найман жил суралцаад, төгссөн. Тухайн үед сургуулиас нь надад урилга илгээж, хүүхдийнхээ төгсөлтийн нэгдсэн тоглолтыг үзэх боломж олгосон. Нөгөөтээгүүр, хүү минь Москвагийн олон улсын балетчдын уралдаанд оролцохоор сонгогдсон юм билээ. Энэ бол чансаагаараа дэлхийд тэргүүлдэг уралдаан шүү дээ, дөрвөн жилд нэг удаа болдог. Балетчдын олимп ч гэдэг. В.Н.Толстухин гэдэг мундаг багш нь Бат-Эрдэнийг бэлтгэж оролцуулсан. Бид уралдаан болохоос хэд хоногийн өмнө Москвад очсон. Би их азтай, өчнөөн өдөр үргэлжилсэн тэр том уралдааныг эхнээс нь эцсийн дүнгээ танилцуулж дуустал нь үзэж, хүүгээ шагнал гардахыг харсан. Ийм завшаан хүн болгонд тохиохгүй. “Бат-Эрдэнэ гарцаагүй хүрэл медаль авна” гээд багш нь баярлаад байсан ч тусгай байрт орсон. Шүүлтийн явцад том улсуудын нөлөө гэхчлэн янз бүрийн л юм болдог байх. Үүнээс гадна өөр нэг төрлийн шагнал авсан. Шалгаруулалтын сүүлчийн өдрийн тоглолтыг М.С.Горбачёв эхнэр, охинтойгоо үзэж байсан. Сураг сонсох нь ээ, манай хүүг “жижигхэн монгол” гээд асууж, сонирхож байсан гэсэн. Энэ уралдаанд манайхаас бас Х.Гэрэлчимэг, Б.Түвшинбат нар оролцсон юм шүү дээ.
-Ийм хэмжээний балетчин төрүүлсэн ээжийн сэтгэл ямар байсныг төсөөлөхөд л баяр бахдал төрж байна. Тэр үед хүүгээ нэр хүндтэй тайзан дээр бүжиглэхийг хараад юу бодсон бэ?
-Үнэхээр гайхамшигтай, баярлаж, бахархсан. Бас яах бол гэж айж, сандарч, үсрэх, эргэхэд нь өндөлзөөд бүр хөлс гардаг юм билээ. Үзэгчид хүүд минь алга ташиж, цэцэг навч шидэж, суудлаасаа босохыг харахаар огшихоос аргагүй, үнэхээр гоё мэдрэмж. Уралдааны үеэр Соёлын яамны орлогч сайд Ж.Баатарцогт гуай Германаас ирж таарсан. Тэгээд “Энэ хүүхдийн талаар мэдээ дамжуулав уу” энэ тэр болоод санаа тавьсан. Пермийн балетын сургуулийн уран сайхны удирдагч Л.П.Сахарова, манай Б.Жамъяндагва багш гээд олон мундаг хүнтэй хамт баярлаж, догдлоод сууж байлаа. Ингээд уралдааны дүнг шөнө гурван цагийн үед танилцуулах хооронд бүжигчид Их театрын тайзны ард, энд тэндгүй хэвтэж, суугаад хүлээж байсан. Би Монголоос авч явсан “Сарлаг”, “Унага” чихэр, бас нөхөр маань боорцог хийгээд бид хоёрт явуулсныг цүнхэлчихсэн байснаа гаргаад дунд нь тавьчихлаа. Тэгсэн боорцгийг чихэртэй хольж идээд амттайг нь шагшицгааж билээ. Б.Жамъяндагва багш л энэ талаар орчуулж ярьж байсан. Москвагийн Их театрт уралдааны дүнгээ сонсчихоод байж байтал Ази, Номхон далайн орнуудын балетчдын уралдааны урилгыг Бат-Эрдэнэд гардуулсан.
Ингээд Монголдоо ирээд ДБЭТ-т томилогдож, хоёр жил гаруй ажилласан.
-Ер нь аливаад ээжийн зөн совин гэж айхавтар хүчтэй зүйл бий. Бат-Эрдэнэ таны сонголтоос зөрсөн бол хайран авьяас “үрэгдэх” байсан болов уу. Өөрөө юу гэдэг бол?
-“Ээжийг дагасан нь зөв болсон. Таны ачаар ийм амжилтад хүрлээ. Гэхдээ би бөхөөр ч амжилт гаргах боломж байсан гэж боддог” гэдэг юм. Ер нь их тууштай, зоримог хүүхэд л дээ. Үр дүнд хүртлээ сөхрөхгүй, уйгагүй зүтгэнэ. 1992 онд Болгарын Варнагийн олон улсын балетчдын уралдаанд оролцоод, буцах замын зардалгүйн улмаас хамт явсан бүжигчин, төгөлдөр хуурч хоёроо Москвагаас Улаанбаатар луу нисгээд, өөрөө үлдчихсэн. Тэнд удаан хугацаанд дасгал, сургуулилалтгүй байж болохгүй нь гээд “Русский балет” театрт очоод учир явдлаа хэлжээ. Тэнд хэдэн өдөр бэлтгэл хийж байтал өнөөх алдартай В.Гордеев “Русский балет”-д ажиллангаа балетмейстрээр суралцахыг санал болгосон байгаа юм. Тэр болтол хүүгээс сураг байхгүй хоёр сар болов. Одоогийнх шиг гар утас, интернэт байгаагүй үе шүү дээ. Бидний санаа зовоод хэцүүдэж байтал сураг гарлаа. Ардын дуу, бүжгийн чуулгынхан Монголын соёлын өдрүүдээр Европын орнуудаар аялан тоглоод буцахдаа Москвад бууж, хүү тэдэнтэй санамсаргүй таарч, захиа дайжээ, хөөрхий. Ийм л сүрхий, тууштай хүү дээ.
-Та ХЦДБЧ-д дасгалжуулагч багшаар 20 орчим жил ажиллахдаа олон шавьтай болсон нь ойлгомжтой. “Гарын шавь” гэж онцолдог доо, тийм нь хэд байгаа бол?
-Чуулгын хэмжээнд дасгалжуулагч багшаар ажиллаж байсан болохоор шавь олон. Тэр дундаас “гарынх” гэж онцолбол дөрвөн бүжигчин бий, тэднээс хоёр нь Гавьяат жүжигчин. Хамгийн анхны шавь Бэхбат маань Гавьяат болсон.
-Бүжигчнийхээ хувьд та Бат-Эрдэнэд юу гэж зөвлөж, захидаг байв?
-Балетын сургуульд шалгуулахаас нь эхлээд л “Чи чадна, сурна, чадах ёстой. Миний чадаагүйг гүйцээх ёстой” гэж ирсэн. Их сонин, хүүг Пермь рүү явдаг жил Ю.Оюун, О.Батсайхан нар Москвагийн олон улсын балетчдын уралдаанаас медаль хүртсэн. Тухайн үед манайх зусланд гарсан байсан ч тэр уралдааныг зурагтаар үзэхээр би нөхөр, том хүүтэйгээ үлдлээ. Тэгээд “Энэ уралдааны алтан медалийг миний хүү хэзээ нэгэн цагт заавал авна” гэж Баагийдаа хэлсэн минь биеллээ олсон. Энэ их сайхан дурсамж.
Би ч цагтаа чамлахааргүй бүжигчин явсан. Ер нь зарчимч, хүнлэг байхыг эрхэмлэж, өөртөө ч, хүүхдүүд, ач, зээ нартаа ч хатуу, чанга шаардлага тавьдаг хүн, би. Баагий маань Пермьд анх оччихоод даруйхан л буцах юм сан гэж боддог байсан гэдэг. Хүүг явах үеэр өвөөгийнх нь бие нэлээд тааруухан, эмнэлэгт хэвтэж байсан. “Миний хүү санаа зоволтгүй, ирэх жил ирэхэд нь эрүүл саруул угтана” гээд, эмээгийнх нь боож бэлдсэн ууттай чихрийг 10 төгрөгтэй хамт өгөөд явуулсан ч удалгүй элэгний хавдраар өнгөрсөн. Аавыг хөдөөлүүлдэг өдөр хүүгээс анхных нь захиа ирж таараад бид бүгд баахан хямарсан даа. Өвөө нь байхгүй болсныг зуны амралтаар иртэл нь хэлээгүй. Хэрэв дуулсан бол сургуулиа хаяад л ирэх хүүхэд. Өвөөгийнх нь өгсөн 10 төгрөг маш их учир утгатай зүйл учраас Бат-Эрдэнэ одоо ч нандигнан хадгалдаг юм.
Гунхсан алхаа, гоолиг бие, жавхаатай, толиотой байдлаараа үлгэрлэн, өдгөө ч бүжиглэсээр яваа Г.Удвал гуай 70 гаруй настай. Түүнийг сайн мэдэх хүмүүс, хамт ажиллаж байсан уран бүтээлчид нь “Мундаг бүжигчин” хэмээн тодотгосон бол зарим нь “Төр, засаг цолыг нь хүртээгээгүй ч хэдийн Гавьяат жүжигчин “болчихсон” гэж магтлаа. Г.Удвал гуай хоёр жилийн өмнө нийгмийн сүлжээнд “од” болжээ. Нийслэлийн Баянгол дүүргийн ахмадуудын “Баянгол аялгуу” хамтлагийн гишүүн тэрбээр Армийн чуулгад бүжигчин байсан Д.Туулын хамт цэрэг хувцастай бүжиглэж буй бичлэгийг хүмүүс фэйсбүүк хуудсаараа олон мянган удаа үзэж, шагшсан байна лээ.
Ийм нэгэн ижийд сэтгэлийн бэлэг барихаар түүний хүү, олон улсын “World ballet grand prix” уралдааны уран сайхны удирдагч, АНУ-ын Нью-Йорк хотод балетын багшаар ажилладаг У.Бат-Эрдэнэтэй цахим шуудангаар холбогдлоо.
Тэрбээр “Ээж минь уйгагүй хөдөлмөрч. Энэ зан чанарыг нь би бага боловч “авсан” байх. Бүжигчнийхээ хувьд ч мундаг, техник сайтай, гялалзаж явсан хүн. 1982 онд шиг санаж байна, С.Сүхбаатар гуайн дэглэсэн “Уулзалт”-ыг бүжиглэхдээ өвдөг дээрээ тайзыг бүтэн тойрсон. Монголд анх удаа ийм техникийг гүйцэтгэсэн, тэмдэглүүштэй түүх. Одоо тэгж эргэж мэдэх жавхаатай хэвээр байгаа нь бахархмаар” хэмээгээд сониноор дамжуулан “Ээж ээ, тандаа хязгааргүй хайртай” гэснийг уламжилъя.
С.Удвал гуай ЦДБЭЧ болон ХЦДБЧ-ынхаа үе үеийн уран бүтээлчид, багш нар, хамт олон, удирдлагад үргэлж талархаж явдгаа мөн “Өнөөдөр” хэмээх үнэ цэнтэй сониноор дамжуулахыг хүссэнийг ёсчлон биелүүлж байна. “1966 онд чуулгад анх бүжигчин болж, өнөөдрийг хүртэл хамтдаа явж байгаа таван эмэгтэй, нэг эрэгтэй бүжигчин, сайхан найз нартаа ч мэнд хүргэе” гэснийг болгооно уу.