Монголын самбо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Хурд” дэвжээний бөх, ОУХМ М.Тогтохбаяр бөхийн төрлүүдээр хичээллэж, амжилт гаргаж яваа. Их спортод хөл тавьсан хүүгээ аав, ээж нь дэмжсэнээр тамирчин болох гараагаа эхлүүлсэн гэдэг. Жүдо, самбогоор хичээллэсэн цагаасаа жингийнхээ тамирчдын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болсон түүнд оролцоогүй тэмцээн цөөн.Тэрбээр зорьсон хэргээ бүтээж, дэлхийн болоод эх орныхоо дэвжээнээс өдгөө олон медаль хүртжээ. Гаргасан амжилтаараа хамгийн олон мөнгөн медаль хүртсэн түүний дайчин, зоримог барилдааныг бөхийн хорхойтнууд үзэх дуртай. Тухайлбал, 2017 онд болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ, залуучуудын ДАШТ, 2019 онд БНСУ-ын Чунжү хотод зохион байгуулсан дэлхийн тулааны спортын II наадмаас тус бүр мөнгөн медальтай ирж, спорт сонирхогчдыг баярлуулж байв.
-Та бөхийн олон төрлөөр хичээллэдэг. Самбо, жүдогийн тэмцээнээс нэлээд медаль хүртсэн. Өөрийнхөө хүслээр тамирчин болохоор шийдэв үү?
-Би аавынхаа талаас бөхийн удамтай. Манай Увс аймгийн Тэс сумаас төрсөн спортын алдартан олон. Тэднээс улсын харцага Н.Жаргалбаяр, Т.Баасанхүү нар аавын ойрын садан. Миний хувьд тамирчин болох гараагаа их спортоос эхлүүлсэн. Одоо жүдо, самбо, кураш, жиү жицүгээр хичээллэдэг. Сурагч байхдаа аймгийнхаа дасгалжуулагч Ю.Баттогтох багшийн удирдлагад хичээллэхээр ирсэн анхны өдрөө тамирчдын бэлтгэл хийж байгааг хараад их сонирхсон. Үндэсний бөхөөр барилдана гэж ирсэн миний сэтгэлийг жүдо тэр өдөр эргэж буцахааргүй татаж билээ. Шагналынхаа анхны салхийг хүрэл медалиар хагалж байснаа одоо ч бэлгэшээдэг. Жүдогоор хичээллээд удаагүй байхдаа 2011 онд аймгийн АШТ-д өрсөлдөж, хэсгийн аваргын төлөө барилдаанд өрсөлдөгчөө ялсан юм. Тэр үед футболктой барилдсан тул шүүгч хасаж, хүрэл медаль хүртлээ. Медалиа зүүгээд гэртээ ирэхэд аав, ээж баярласан гэж жигтэйхэн. Тэр тэмцээний дараахан баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн Говь-Алтайд болоход түрүүлж, УАШТ-д оролцох эрх авсан. Анхны хүрэл медаль намайг олон талаар сорьж, үнэ цэнтэй ирсэн болохоор шагналынхаа дээр залдаг.
-Таны медалиудын ихэнх нь мөнгө гэж сонссон. Тамирчдад бас л үнэ цэнтэй олддог шагнал. Урам зориг төрүүлж, медалийн хур далласан тэмцээнийхээ тухай сонирхуулаач?
-Би 2015 онд зохион байгуулсан самбо бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэв. Тэр шагналаасаа урам авч, Азийн болоод ДАШТ-д өрсөлдөх эрмэлзэлтэй болсон. Намайг бөхийн спортод хөл тавьсан цагаас өнөөг хүртэл аав, ээж минь бүх талаар дэмжиж ирлээ. Гадаад, дотоодын томоохон тэмцээнд оролцох зардал, оюутны сургалтын төлбөр гээд олон зүйлд сэтгэл харамгүй тусалдаг. Би 2014 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсэхээр ирэхдээ “Увс нуур” дэвжээний дасгалжуулагч Д.Энхболд багшийн шавь болж, үргэлжүүлэн хичээллэж, жүдо бөхийн залуучуудын УАШТ-ээс хоёр жил дараалан мөнгөн медаль зүүсэн. 2017 онд насанд хүрэгчдийн Азийн АШТ, залуучуудын ДАШТ болоход мөн л өрсөлдөж тус бүр мөнгөн медаль өвөртөлсөн. БНСУ-ын Чунжү хотод 2019 болсон дэлхийн тулааны спортын II наадамд оролцож, самбогийн төрөлд мөн л мөнгө зүүсэн. Энэ мэтчилэн яривал би мөнгөн медалийн даллагатай. Дэвжээнээс хүртсэн шагналын ихэнхийг мөнгө эзэлдэг юм. Медалиудаа харахаар “Чамд аварга болоход нэг алхам дутуу байна. Өнгийг нь хувиргаж алт болгоорой” гэж хэлээд байх шиг санагддаг. Би ид барилдаж, амжилт гаргадаг үе дээрээ байна. Тиймээс 30 хүртлээ зодоглоно гэж боддог.
-Жүдогийн тамирчид самбо бөхийн тэмцээнд оролцож харагддаг. Хэзээнээс сонирхож хичээллэв?
-Би самбогоор 2015 оноос хичээллэсэн. Үндэсний бөхтэй олон зүйлээр төстэй тул хичээллэхэд дөхөм санагддаг. 2017 оны намар Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлагад Сербийн Новисад хотод самбо бөхийн залуучуудын ДАШТ зохион байгуулахад оролцохоор тамирчидтайгаа хилийн дээс алхаж байлаа. Тэнд дэлхийн шилдгүүдтэй хүч сорихдоо Монголд болдог тэмцээнээс асар өөр болохыг мэдэрсэн. Тамирчин хүн хаана ч болсон тэмцээнд сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй оролцохоос амжилт нь шалтгаалдаг. Тэр жил аав, ээжээсээ зардлын мөнгө багагүй гаргуулсан болохоор баярлуулах бодолтой явсан. Новисадаас зорьсон зүйлээ биелүүлж, эх орондоо мөнгөн медальтай сэтгэл өндөр ирж байлаа.
-Самбо бөх ОХУ-ын үндэсний спорт. Манай тамирчдын хамгийн хүчтэй өрсөлдөгч хойд хөршийнхөн шүү дээ.
-Тийм ээ. Монгол бөхчүүд гадаадынхнаас хүч бяраар илүү, дайчин зоримог. Барилдахдаа учраадаа бууж өгөхийг хүсдэггүй, эцсээ хүртэл тэмцдэг. Энэ утгаар яривал манайхан бөхийн ямар ч тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгодог. Сербийн Новисад хотод болсон самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга миний хувьд анх удаа өрсөлдсөн гадаадын томоохон тэмцээн байлаа. Тэр үед аавынхаа “Ялсан, ялагдсан ч эцсээ хүртэл тэмцдэг бай” гэж хэлсэн үгийг санаж байсан болохоор нэг их сүрдэж, эмээсэнгүй. Надад алдах зүйл байхгүй. Хожсон, хожигдсон ч өөрт байгаа бүх боломжоо ашиглана гэсэн бодолтой байв. Тэр тэмцээний III тойрогт ОХУ-ын бөхтэй учраа таарсан. Барилдааны эхэнд хоёр оноо алдан, түүнд хожигдож яваад цаг дуусахаас хоёр минутын өмнө тактикаар ялав. Тэрбээр надаас биеэр жижиг ч хэвтээ барилдаанд гаргууд байлаа. Барилдааных нь онцлог, арга барилыг багагүй судалж, босоогоос барилдвал хожих боломжтойг тооцоолсон. Үндэсний бөхийн хөл авах мэх самбод байдаг болохоор надад өрсөлдөгчөө буулгаж авахад давуу тал болсон юм. Хэдий өрсөлдөгч гэлээ нэгнээсээ суралцах зүйл тамирчдад их бий. Нэг жинд барилдсан бөхчүүдтэй тэмцээнд дахин таарах тохиолдол байдаг тул хэвтээ барилдаанаа сайжруулж, мэхний хувилбаруудаас суралцах хэрэгтэйг ойлгосон. Би аваргын төлөө Киргизийн бөхтэй барилдсан. Бид өмнө нь нэг бус удаа таарсан болохоор ялна гэсэн бодол миний сэтгэлд үргэлж байдаг байв. Тэрбээр шалмаг хөдөлгөөнтэй, босоо барилдаанаас хэвтээ рүү шилжихдээ мэхээ тасралтгүй хийдэг. Түүний барилдаан их өвөрмөц. Өрсөлдөгчдөө тактик боловсруулж, ялах боломж өгдөггүй.
-БНСУ-ын Чунжү хотод 2019 онд болсон дэлхийн тулааны спортын II наадамд Монголын самбочид багаараа амжилттай оролцож, II байрт шалгарсан. Тэр наадамд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч тус улсын бөх байсан.
-Тийм ээ, дэвжээнд аав, эх орныхоо нэрээр дуудуулж, медаль хүртэх бүртээ тамирчин болсноороо үргэлж бахархдаг. Би тус наадмын самбо бөхийн төрөлд өрсөлдөхдөө хамгийн сонирхолтой барилдааныг БНСУ-ын тамирчинтай өрнүүлсэн. Тэрбээр Азийн тамирчдаас миний хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Барилдааны явцдаа мэхний олон хувилбартай гэдгээ харуулж, намайг багагүй сандраасан. Надад хариу мэх хийх боломж ер өгөхгүй байв. Түүнийг босоо барилдаанаас ялах амаргүй байсан тул хэвтээ рүү шилжиж хожсон. Тэр наадмаас би мөнгөн медальтай ирсэн. Монголын самбо бөхийн тамирчид тэр жил шагналын хур далласан он байлаа. Тэр жилийн арваннэгдүгээр сард насанд хүрэгчдийн ДАШТ Чёнжүд зохион байгуулахад Д.Алтансүх, Д.Пүрэвдорж ах нар түрүүлж, дэлхийн аварга болсон доо.
-“Хурд” дэвжээний бөхчүүд Д.Энхболд багшаар их бахархдаг юм билээ. Тамирчдаа ямар арга барилаар бэлтгэл хийлгэж, амжилтад хөтөлдөг вэ?
-Бөхийн эрдэм заасан багш нартаа би их баярладаг. Д.Энхболд багшийнхаа удирдлагад зургаан жил бэлтгэл базааж байна. Тамирчдаараа хүчний бэлтгэл, мэхний гүйцэтгэл түлхүү хийлгэдэг. Бидэнд “Та нар дэвжээнд өөрийнхөө бодлоор барилд. Би та нарын бэлтгэлийг өөрийнхөө хэмжээнд сайн хийлгэсэн, ялах, ялагдах нь өөрийн тань хичээл, зүтгэлээс хамаарна. Өрсөлдөгчөө буулгаж авахын тулд байгаа бүх боломжоо ашигла” гэдэг. Бэлтгэл хийлгэхдээ шавь нарынхаа барилдааны онцлогт тохируулж, мэх заана. Бидэнтэй нэг жинд таардаг бөхчүүдийн барилдааны арга барилыг хэдийн судлаад мэдчихсэн байдаг. Хүн тус бүрт “Чи түүнтэй барилдвал ийм мэх хий, тэгж барилдвал ялах магадлал өндөр” гэх зэргээр мэхний хувилбар хэлнэ, бас санал болгоно. Бид багшийхаа зөвлөснөөр өрсөлдөгчөө хожиж байсан удаа олон. Тэгвэл Ю.Баттогтох багш бэлтгэл хийлгэхдээ уян хатан байлгахад анхаарал хандуулдаг. Монголчууд хайр нь дотроо хал нь гаднаа гэж ярьдаг даа. Багш минь тийм л хүн. Харахад ширүүн хэрнээ их зөөлөн сэтгэлтэй. Бидэнд “Жүдо гэдэг чинь уян хатан гэсэн утгатай. Та нар тийм л байх ёстой“ гэж зөвлөдөг юм.
-Монголын жүдо бөхийн тамирчдаас та нэг жинд Г.Мөнхбаттай олон таарч, барилдсан байх аа?
-Тэгсэн. Жингийнхээ бөхчүүдээс жүдо, самбо бөхийн тэмцээнд түүнтэй олон таарсан. Тэрбээр надаас ах тул барилдааны туршлагаар илүү. Бид бэлтгэл хамт хийдэг болохоор нэгнийхээ барилдааныг мэднэ. Би 2017 онд болсон насанд хүрэгчдийн УАШТ-д ялагдчихаад “Нэг бөхөд арай л олон хожигдлоо, хэзээ нэгэн цагт ялах өдөр ирнэ” гэж бодож байлаа. Түүнтэй хойшид таарах болохоор барилдаанд нь тааруулж, мэх хийж сурсан. Бид УАШТ-ий хэсгийн аваргын төлөө барилдахаар таарав. Түүнтэй барилдахдаа үүрүүлж, хоёр оноо алдлаа. Тэгэхээр нь зүүн талдаа тонгорч, дараад 8:2-оор хожсон. Дотоодын тэмцээнд олон түрүү авсан, дэлхийн аваргад нэг бус өрсөлдсөн хүчтэй өрсөлдөгчөө ялчихаад их баярлаж билээ. Тэр тэмцээнд би мөнгө, Г.Мөнхбат ах хүрэл медаль хүртсэн. Миний жинд түүнээс гадна Д.Амартүвшин, Л.Өнөболд гээд олон өрсөлдөгч бий. Тэдэнтэй таарсан удаа цөөнгүй болохоор барилдааныг нь сонирхож харна. Би жүдо бөхийн үндэсний шигшээ багт хоёр жил бэлтгэл хийж, тэмцээнд оролцсон. Гадаадын бөхчүүдээс 60 кг-д зодоглодог Японы Рюүжү Нагаямагийн барилдааныг сонирхож судалдаг юм. Би жингийнхээ бөхчүүдээс биерхүү болохоор хүч, бяр гарган, урагшаа давшиж барилддаг. Тиймдээ ч тэмцээнд сэтгэл зүйгээ сайтар бэлтгэж оролцдог, дэвжээнд омогшиж барилдах дуртай, өөрийнхөө бүх боломжийг гаргаж, өрсөлдөгчөө ялах сонирхолтой.
-Кураш бөхөөр хичээллэдэг хэрнээ үндэсний бөхөөр яагаад барилддаггүй юм бэ?
-Самбо, жүдо бөхөөр амжилт гаргасныхаа дараа алсдаа үндэсний бөхөөр хичээллэх бодол бий. Курашаар хичээллэхэд үндэсний бөхийн барилдаантай төстэй зүйл олон. Би 2018 онд кураш бөхийн УАШТ болоход өөрийн сонирхлоор оролцож, Гавьяат тамирчин Ч.Болдбаатар ахыг ялж, мөнгөн медаль хүртэж байв. Би одоо жүдод 66, самбод 62 кг-д барилддаг.Тамирчдад жин хасах нь нэмэхээс хэцүү байдаг юм. Жин хассан үед тэмцээний эхний тойрогт гарахад барилдаандаа нэг л сайн орж өгдөггүй. Харин эхний даваагаа амжилттай давчихвал цаашаа ажрахгүй барилдчихдаг.
-Бөхөөр хичээллэхэд саад бэрхшээл бишгүй л тулгарсан байлгүй.
-Тамирчдын тохиолддог саад бэрхшээлийг би ч гэсэн сэтгэлийн хатаар туулсан. Гэхдээ зорилго минь урагшуулж, өдий зэрэгт хүргэсэн юм шүү. Хэцүү болгонтой тулгарах тусам дэвжээндээ ирж, өөрийгөө дайчилдаг байлаа. 2018 онд хөлөө бэртээчихээд тэвчээр гаргаж, бэлтгэлээ хийгээд яваад байлаа. Жүдо бөхийн УАШТ-ий товлосон хугацаа дөхсөн тул оролцохыг хүссэнгүй. Д.Энхболд багшдаа энэ тухайгаа хэлтэл “Чи яах гэж өдөр бүр бэлтгэл хийдэг юм. Тэмцээнд өрсөлдөгчдөө ялахыг хүсэж, зориогүй юм уу” гэв. Гэртээ ирээд багшийн хэлсэн үгийг бодож, тэмцээнд оролцохоор шийдлээ. Тэр тэмцээнээс мөнгөн медаль хүртчихээд шагналын тавцанд зогсож байхдаа намайг зоригжуулж, хурцалсан багшдаа баярласан. Тэмцээний дараа багш “Бэртэл гэмтлийг ялан дийлэх зориг та нарын сэтгэлд байдаг зүйл. Зорилго, зориг байхад амжилтаас атгадаг юм шүү дээ” гэж билээ.
-Дүү нар тань үндэсний бөхөөр барилддаг уу?
-Би айлын ууган хүү, дөрвөн дүүтэй. Гэрийнхнээсээ ганцаараа их спортын зам сонгосон. Наймдугаар ангийн дүү минь надаас биерхүү, үндэсний бөхөд сонирхолтой. Намайг бодвол сэтгэлийн догдлол ихтэй. Бидэнд “Би угаас бөх болохоор төрсөн” гэж хааяа онгирдог юм. Дүү минь өнгөрсөн жилээс үндэсний бөхөөр бэлтгэл хийж эхэлсэн. Миний хамгийн их санаж, тэмүүлдэг газар бол төрсөн нутаг минь. Аавындаа зун очиж, алжаал тайлах дуртай. Нутагтаа хөл тавиад хамгийн түрүүнд багшийндаа зочилдог. Төрсөн газрынхаа уул уснаас эрч хүч, энерги аваад ирэх сайхан. Тэс сумаас төрсөн алдартнуудынхаа адил нутаг, аав, багшийнхаа нэрийг өндөрт өргөж явахыг үргэлж хичээдэг. Хоёр жилийн өмнөөс “Увс нуур” дэвжээ нэрээ сольж, “Хурд” гэх болсон. Жил бүрийн улсын баяр наадмаар нутгийнхаа хүчтэнүүдийг дэмжиж, барилдааныг нь үздэг.
-Багшаас тань гадна самбо бөхийн шигшээ багийн тамирчдаас хэн таны хамгийн сайн зөвлөгч вэ?
-Хамгийн ойр байдаг хүн тамирчдынхаа дутагдлыг үнэнээр нь хэлдэг. Самбо бөхөөр хэрхэн барилдаж, амжилт гаргах талаар Ц.Батцэцэг эгч байнга зөвлөдөг юм. Тэрбээр миний бэлтгэл хийхийг харчихаад “Чи хүчний бэлтгэл түлхүү хийгээд биеэ хатуу болгочихсон байна. Тиймээс уян хатан болох хэрэгтэй” гэдэг.
-Чөлөөт цагаар ном унших дуртай гэв үү?
-Тамирчдад амралт их чухал. Би чөлөөт цагаараа ном унших дуртай. Найзуудтайгаа хааяа сагсан бөмбөг тоглодог. Хамгийн сүүлд Х.Баянмөнх аваргын амьдрал, амжилт, спортын замналын тухай өгүүлсэн “Хагас зуун жилийн ганцаардал…миний ялалт”, “Монгол бөхийн барилдааны ов мэхийн чуулган судар” гэсэн ном уншлаа.