Нийгмийн эмзэг хэсэг, ялангуяа орон гэргүй иргэд цар тахлын үед төрийн үйлчилгээ, дэмжлэг авч чадаж байна уу. Мөн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан уу зэрэг асуудлаар нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Б.Мөнхбаяртай ярилцлаа.
-Цар тахал, тэр дундаа хатуу хөл хорионы үеэр цөөнгүй иргэн орлогоо алдаж, амьжиргааны түвшин нь доошилсон. Ийм асуудалтай тулгарсан иргэдэд төр, засгаас ямар тусламж, дэмжлэг үзүүлж байна вэ?
-“Ковид-19”-ийн улмаас 2020 оны арваннэгдүгээр сараас нийслэлд бүх нийтийн бэлэн байдал зарласан. Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээ цар тахал, хөл хорионоос шалтгаалж тасалдаагүй, хэвийн үргэлжилж байна. Бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг сар бүр тогтсон хугацаанд нь олгож буй. Түүнчлэн зарим төрлийн тэтгэмж, жишээ нь, хүүхдийн мөнгө, өндөр настнуудын тэтгэврийг тогтсон хугацаанаас нь өмнө өгч байгаа. Мөн иргэд заавал банканд очиж, үйлчилгээ авах шаардлагагүй болсон. Иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, бусад төрлийн дэмжлэгийг банкных нь дансанд шууд шилжүүлэх боломж бүрдүүлсэн юм. Үүнээс гадна хөл хорионы улмаас ажил, үйлчилгээ нь тасалдаж, өрхийн орлого нь тасарсан айл өрхүүдэд дэмжлэг үзүүллээ. Энгийн үед хэвийн ажиллаж, амьдарч байсан ч цар тахлаас шалтгаалан орлогогүй болсон иргэдийг хүнс, түлшний багц дэмжлэгт хамруулсан. Улсын онцгой комиссын даргын тушаалаар баталсан түр журмын хүрээнд манай байгууллага нийслэл, дүүргийн Онцгой комисстой хамтран уг ажлыг зохион байгуулж байна. Тусламж дэмжлэгийг айл өрхөд хүргэх ажлыг дүүргүүдийн Онцгой комисс, Шуурхай штаб, Улаан загалмайн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн хариуцаж, гүйцэтгэлээ.
-Улаанбаатар хотод хэдэн өрхөд тусламж үзүүлсэн бэ?
-2020 оны арваннэгдүгээр сард анх хөл хорио тогтоосноос хойш 85 000 орчим өрхөд хүнс, түлшний дэмжлэг үзүүлсэн байна. Нийгмийн халамжийн олон төрлийн үйлчилгээг давхардуулан авдаггүй хүмүүсийг уг дэмжлэгт хамруулахыг зорилоо. Хөл хорионы улмаас ажил, үйлчилгээ нь зогсож, орлогогүй болсон иргэдийг хамруулсан гэж ойлгож болно.
-Тусламж шаардлагатай бүх өрхийг үүнд хамруулж чадсан уу?
-Хөл хорио тогтоосны улмаас тусламж, дэмжлэг шаардлагатай боллоо гэж дүүргүүдийн Онцгой комисст хүсэлт гаргасан айлуудын жагсаалтыг нэгтгэж, судалсан. Жишээ нь, өнгөрсөн арванхоёрдугаар сард хүсэлт гаргасан 36 000 өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийж, бусад төрлийн халамжид хамрагддаг, эсэхийг нь шалгасны үндсэн дээр 20 000-д нь тусламж үзүүлэхээр сонголоо. Ингээд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тухайн айлуудад хүнсний тусламж үзүүлсэн. Дараа нь дүүргүүдийн Онцгой комисст хандсан иргэдийн хүсэлтийг дахин нэгтгэн, өнгөрсөн хоёрдугаар сард “Нэг хаалга, нэг шинжилгээ” арга хэмжээний үеэр 22 000, дөрөвдүгээр сард 25 000 өрхийн судалгаа, жагсаалтыг боловсруулж, нийслэлийн Онцгой комисс, ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагад өглөө. Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын хувьд тусламжийг биечлэн хүргэх бус, судалгаа хийх, иргэдийн хүсэлтийг нэгтгэх, холбогдох байгууллагуудад нь дамжуулах зэрэг ажлыг идэвхтэй хийж байгаа. Тухайн өрхөд хүрч ажиллах арга хэмжээг дүүрэг, хорооны ажилтан, албан хаагчид зохион байгуулдаг.
-Сүүлчийн хөл хорио 28 хоног үргэлжилж, энэ сарын 8-нд дууслаа. Бараг сар буюу нэлээд удаан үргэлжилсэн. Энэ хугацаанд хэр олон иргэн тусламж хүссэн бэ. Засгийн газраас 300 000 төгрөг олгосонтой холбоотойгоор тусламж шаардлагатай өрх цөөрсөн болов уу?
-Тусламж хүссэн иргэдийн тоо энэ он гарснаас хойш харьцангуй цөөрсөн. Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлсэн нь үүнд нөлөөллөө. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хатуу хөл хорио тогтоохын өмнө Засгийн газраас иргэн бүрт 300 000 төгрөг олгосон. Мөн хүүхдийн мөнгийг хугацаанаас нь өмнө өгч буй. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 5-нд, тавдугаар сарын 3-нд олгосон. Сүүлийн 28 хоногийн хөл хорионы хугацаанд УОК-ын шийдвэрийн дагуу 3000 өрхөд хүнсний дэмжлэг хүргэжээ.
-Орон гэргүй, хаягийн бүртгэлгүй иргэн нийслэлд хэд байна вэ. Хөл хорионы үеэр тэд хаана байрласан бол?
-Энгийн үед буюу цар тахлаас өмнө бид жилд 1-2 удаа илрүүлэг арга хэмжээ зохион байгуулдаг байлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Цагдаагийн удирдах болон Нийгмийн халамжийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг олон байгууллага уг арга хэмжээнд оролцдог. Нийслэлд буюу аль дүүрэг, хороонд гэр оронгүй хэдэн хүн байгааг энэ арга хэмжээний үр дүнд илрүүлж, тэдгээр иргэнийг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу түр хоноглох үйлчилгээнд хамруулдаг. Цар тахлын үед нийслэлийн ЗДТГ-аас уг ажлыг нэлээд эрчимжүүлж, өнгөрсөн оны гурав, тав, арваннэг, он гарснаас хойш хоёр, дөрөвдүгээр сард нийт таван удаа илрүүлэг арга хэмжээ зохион байгууллаа. Гэр оронгүй иргэдийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.8-д заасны дагуу түр хамгаалах байранд байрлуулсан. Нийслэлийн хэмжээнд гэр оронгүй 850 гаруй иргэн байдаг гэх бүртгэл бий.
-Тэдгээр иргэн халдвар хамгааллын дэглэм сахиж, коронавирусээс урьдчилан сэргийлж чадсан болов уу. Дархлаажуулалтад хамрагдсан уу?
-2020 онд гэр оронгүй иргэдийг төрийн бус зургаан байгууллагад түр байршуулахаар гэрээ байгуулсан. Уг нь ийм үйлчилгээг гүйцэтгэх байгууллагуудыг жил бүр тендер зарлаж, сонгон шалгаруулдаг. Гэхдээ цар тахлын онцгой үе таарсан учраас өнгөрсөн жил хамтран ажилласан зургаан байгууллагын гэрээг хатуу хөл хорио дуустал үргэлжлүүлэхээр хугацааг нь сунгасан юм. Тэдгээр байгууллагад 2020 оны аравдугаар сараас өнгөрсөн дөрөвдүгээр сар хүртэл нийт 248 иргэнийг байрлууллаа. Үүнээс гадна нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төвд 200 орчим иргэн байрлуулж, халдвар авах эрсдэлээс сэргийлсэн. Тэдгээр иргэн “Нэг хаалга, нэг шинжилгээ”-нд хамрагдсан. Мөн коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэлээ. Үндсэндээ гэр оронгүй иргэдийг халдварт өртөхөөс сэргийлж, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан.
-Нийслэлд гэр оронгүй 850 гаруй иргэн байгааг та дурдлаа. Харин цар тахлын үед орон байраар хангагдсан нь 450 орчим байна.
-Тэнэмэл, гэр оронгүй иргэн гэж 30-аас дээш хоногоор гэрээсээ дайжиж, суурин амьдраагүй хүнийг хэлдэг. Магадгүй илрүүлэг арга хэмжээний үед гэр оронгүй гэж бүртгэгдсэн ч гэр бүл, ах, дүү, хамаатан садан нь татан авах, өөрөө түр хамгаалах байранд очихыг хүсэхгүй байх зэрэг янз бүрийн тохиолдол бий. Ерөнхийдөө бүртгэлтэй нь 850 гаруй. Үүнээс тусгай төвд тогтмол байрлаж, үйлчилгээ авдаг 200 гаруй иргэн бий.
-Гэр оронгүй иргэдийн дунд хаягийн бүртгэлгүй, бичиг баримтгүй хүн цөөнгүй байх. Засгийн газраас олгосон 300 000, дархлаажуулалтад хамрагдсан урамшуулал болох 50 000 төгрөгөө тэд хэрхэн авах вэ?
-Засгийн газраас иргэн бүрт 300 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн даруйд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ажлын хэсэг байгуулж, гэр оронгүй, түр хоноглох үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн. Төрийн бус байгууллагуудад байрлаж, мөн төвлөрсөн хогийн цэгүүдэд албан бус хөдөлмөр эрхэлж буй иргэдийн судалгаа, жагсаалтыг ажлын хэсгийнхэн нэгтгэсэн. Үүний дараа тэдгээр иргэнд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн банкныхантай хамтран тодорхойлсон юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүн бичиг баримт, банкны данстай юу зэргийг тодруулсан. Юуны өмнө УБЕГ-тай хамтран иргэдийн бичиг баримтыг нөхөн олгох асуудлыг шийдвэрлэж байна. Мөн Төрийн банкнаас бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, иргэд данс нээлгэхийн тулд заавал банкны салбарт очих шаардлагагүй болсон. Төрийн банкнаас явуулын баг ажиллуулж, газар дээр нь очиж иргэдэд данс нээж өглөө. Ингэснээр бичиг баримтын зөрчилгүй болсон иргэдийн дансанд 300 000 төгрөгийг нь шилжүүлж эхэлсэн. Иргэд 300 000 төгрөгөө аваад зогсохгүй улсын бүртгэл, бичиг баримтын асуудлаа шийдүүлж, банкны данстай болчихож байгаа юм. Дархлаажуулалтад хамрагдсаны урамшуулал болох 50 000 төгрөгөө ч энэ зарчмаар авна. Зарим хүний бичиг баримтын зөрчлийг шийдвэрлэх ажил өдгөө үргэлжилж байна.
-Хогийн цэгүүдэд гэр оронгүй олон хүн бий юү?
-Төвлөрсөн хогийн цэгүүдэд гэр оронгүй бус, тогтсон хаягтай иргэд өдрийн цагаар ажиллаж байгааг судалгаа, тандалтаар тогтоосон. Өдөр нь ажиллаад, орой нь гэртээ харьдаг. Тэдний тухайд ихэвчлэн бичиг баримтаа нөхөж авах, банкны данс нээлгэх, эсвэл идэвхгүй болчихсоныг нь сэргээлгэх зэрэг асуудлаа шийдвэрлүүлсэн. Манай байгууллагынхан төрийн бус байгууллага, нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төвд байрлаж, үйлчилгээ авч буй иргэдэд түлхүү анхаарч ажилласан. Засгийн газраас 300 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн үед төрийн бус байгууллага болон дээрх төвд 269 иргэн байрлаж байв. Үүнээс 130 нь иргэний бүртгэл, банкны дансны асуудалтай байлаа. Тэдний асуудлыг шийдвэрлэж, төрийн дэмжлэгийг олгох ажил үргэлжилж буй. Энэ нь жилийн турш үргэлжлэх ажил.
-Улсын бүртгэлээс мэдээлэл нь олдохгүй, асуудлыг нь шийдэх боломжгүй иргэн бий юү?
-Регистрийн дугааргүй, хаана төрснөө ч мэдэхгүй хүн бий. Энэ тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодорхой асуулгын аргаар, хамаатан, саднаар нь дамжуулаад ч юм уу, тухайн иргэний хэн болохыг тодорхойлдог юм билээ. Ингэснээр бичиг баримтыг нь нөхөн олгох боломжтой.
-Энэ сарын 8-наас хөл хориог сулрууллаа. Бас урин дулаан цаг ч болсон учраас төрийн бус байгууллага, Нийгмийн хамгааллын тусгай төвд байсан хүмүүс явчихсан уу. Эсвэл үргэлжлүүлэн байрлаж байна уу?
-Одоогоор 90 гаруй иргэн байна. Түр хамгааллын үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудтай байнга холбоотой байдаг хүмүүс л үлдсэн гэсэн үг. Иргэдэд дэмжлэг үзүүлж, нийгэмшихэд нь туслах, ногоо тарих, ургац хураах гэх зэргээр хөдөлмөр эрхлүүлж, зөвхөн гэрээний хугацаанд бус, жилийн турш харж ханддаг байгууллагууд бий. Харин бусад иргэн төвөөс явсан байна. Тэднийг жилийн турш буюу 12 сар, 365 хоног байлгах боломжгүй. Цаг агаар дулаарахаар өөрсдөө л явчихдаг. Оргож зугтах тохиолдол ч цөөнгүй. Тиймээс дулаарах, хөл хорио цуцлахаас өмнө тэднийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилго тавьж, хэрэгжүүллээ.
-Төрийн бус байгууллагуудад иргэдийг байрлуулахад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ. Төсөв хангалттай юу?
-Гэр оронгүй иргэдийг байршуулах, нийгэмшүүлэх үйлчилгээ эрхлэх байгууллагууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас магадлан итгэмжлэл авах шаардлагатай. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудаас сонгож, уг ажлыг хэрэгжүүлдэг. Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хуулийн дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулж, тухайн жил баталсан төсвийн хүрээнд тендер зарладаг. Ингээд тендерт шалгарсан байгууллагуудтай дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэс болон манай байгууллага гурвалсан гэрээ байгуулдаг юм. Орон гэргүй хүмүүсийг түр хоноглох үйлчилгээнд хамруулах, нийгэмшүүлэхэд нийслэлийн хэмжээнд жилд 196 сая төгрөг төсөвлөдөг. Уг төсөв хүрэлцдэггүй. Иргэнийг жилийн турш байрлуулан, үйлчилгээ үзүүлнэ гэвэл 196 сая төгрөг нь 52 хүнд л хүрэлцэхээр төсөв. Тиймээс зөвхөн өвөл л орон байраар хангах боломж бидэнд байдаг. Ихэвчлэн аравдугаар сараас дараа оны дөрөвдүгээр сар хүртэл л орон байраар хангадаг. Харин цар тахлын үед хөл хорионы улмаас нэлээд олон сарын турш байрлууллаа. Тиймээс үндсэн төсөв хүрэлцээгүй тул нийслэлийн Засаг даргад хүсэлт тавьсны үндсэн дээр нэмэлт зардлыг шийдвэрлүүлсэн.