Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон цар тахлын голомтод амь нас, эрүүл мэндээ үл хайрлан, эмчийн тангаргаа чанд сахисан эмч, сувилагч нарт Гавьяат цол, төрийн дээд одон, медаль хүртээсэн билээ. Ингэснээр Хүний гавьяат эмч 21, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан 11-ээр нэмэгдсэн юм. Гавьяат цолтнуудын дунд таван сувилагч байсан нь олны талархлыг хүлээв. Гавьяат цол хүртсэнийх нь маргааш Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал, доктор Н.Цогбадрахтай ярилцлаа. Улс оронд нүүрлэсэн цар тахлын аюулаас үүдэн олон нийтэд илүүтэй танил болсон тус байгууллагыг удирдаж буй дарга чухам хэн юм, ямар амжилтуудыг нь төрөөс өндрөөр үнэлж, Хүний гавьяат эмч хэмээх эрхэм цолыг хүртээсэн юм бол гэж хэн хүнгүй сонирхох нь дамжиггүй. Түүнийг уншигчидтайгаа уулзуулахаар урьсан юм. Н.Цогбадрах эмч Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. “Уянгын”, “артелийн” ч гэдэг, одоогийнхоор бол брэнд хийцийн гэрийн эрээн модоор алдаршсан байгууллагын мужаан аав, оёдолчин ээжийн хүү. Арван хүүхэдтэй айлын удаах хүү тэрбээр 1980 онд гадаадад цэргийн сургуульд явахаар бэлтгэлээ ханган, карантинд байх үедээ гэнэтхэн эх орондоо сурахаар шийджээ. Батлан хамгаалах яамны Боловсон хүчний хэлтсийн даргад зэмлүүлээд, нулимс унаган байж хуваариа солиулан Анагаах ухааны дээд сургуулийн оюутан болсон түүхтэй түүний ажил, амьдралын замнал өнөөдрийн амжилтад хөтөлсөн юм. Тэрбээр ажлын гараагаа төрөлх сумыхаа эмнэлгийн эмч, эрхлэгчээс эхлүүлжээ. Тэнд арав гаруй жил ажилласны дараа Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмчилгээ эрхэлсэн орлогч, Хүүхдийн сувиллын дарга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга, 2015 оноос Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байна.
-Та сумын эмч байхдаа бүх төрлийн өвчтэй хүмүүсийг эмчилж, мэс засал ч хийж байж. Эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн юм билээ. Энэ сонирхолтой түүхийг хожуу сөхөхөөр үлдээгээд одоо эрхэлж буй ажлын тань талаар эхэлж ярилцъя. Халдварт өвчний голомт руу хамгийн түрүүнд явж ордог эр зоригтнууд бол танай хамт олон гэж боддог. Танайхан хэдүүлээ вэ, мөн байгууллагын нэрийг яагаад Зоонозын гэх болсны учрыг хэлж өгөөч?
-Эр зоригтнууд гэж та онож хэллээ. Би бас тэгж боддог. 1931 онд Тарваган тахал эсэргүүцэх лаборатори нэртэй байгуулсан, 90 жилийн түүхтэй үндэсний төв. Нийслэл, 15 аймагт салбартай, үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулдаг. Нийт 400-гаад ажилтан, албан хаагчтай. Судлах хүрээ ихсэж, үйл ажиллагаа нэмэгдэх хэрээр нэрийг нь зургаан удаа өөрчилж ирсэн. Гоц халдварт өвчин судлах төв гэдэг байснаа Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв болгосон. Сүүлд зөвхөн Монгол оронд гарч буй байгалийн голомтот халдварыг судлах биш, гадаад улс орнуудад дэлгэрч буй мал, амьтны гаралтай өвчин, халдваруудыг ч судалж, тэмцэх юм гэсэн үндэслэлээр Зоонозын гэж олон улсын нэршлээр 2012 онд нэрлэсэн. Зоо гэдэг бол мал, амьтан, харин ноз гэдэг бол судлах гэсэн утгатай, грек хэлнээс гаралтай үгнүүд юм. Цаашид төвийн маань ажил улам нэмэгдэнэ. Яагаад гэхээр дэлхий даяар мал, амьтны гаралтай халдварт өвчин нэмэгдэх төлөвтэй. Коронавирусийн цар тахал эхнийх нь ч биш, эцсийнх ч бас биш гэж ойлгох хэрэгтэй. SARS гарч байх үед шинэ вирус л гэж байлаа. Гэтэл хэдхэн жилийн дараа өнөөдрийн энэ өвчин дэлхийг бүрхээд байна. Мутацын төрөл 200 гарснаас томоохон дөрөв нь маш их аюул тарьж буйг дэлхийн судлаачид байнга мэдээлэх боллоо. Үүнээс хойш юу ч болж мэдэх учраас улс орон бодлого, чиглэлээ ийш нь төвлөрүүлж, энэ салбараа улам хөгжүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байна. Байгууллага удирдаж байгаа даргыг төрөөс шагнаж урамшуулна гэдэг бол хувь хүнийг нь мэргэжилтний хувьд үнэлэхийн сацуу ажилтан, ажиллагсдын хамтын ажлын үр дүнг цэгнэж байна гэж ойлгодог. Ганц хүн айл болохгүй гэдэгчлэн дарга ганцаараа бус, хамт олныхоо хүчээр сайн ажилласан тул коронавирусийн халдварыг дотоодод тархаахгүй арван сар барьж чадсан. Энэ амжилтыг ч гэсэн үнэлж надад Гавьяат цол олгосон болов уу. Тиймээс энэ бол хамт олны минь шагнал юм.
-Эрүүл мэндийн салбарт анхан шатны нэгжээс нь авхуулан дунд, дээд шатанд ажиллаж байгаа юм байна. Ажлын гараагаа эхэлсэн Уянга сумын эмнэлэгт ирэхэд тань ямархуу орчин хүлээж байв?
-Эмчийн гол ажил бол өвчтэй хүмүүсийг оношилж, эмчилж, эдгээх. Энэ ажлаа тэнд 10 гаруй жил хийх зуураа эрхлэгчийн хувиар төрөлх сумынхаа эмнэлгийг юуны өмнө боловсон хүчний чадамжтай болгохыг зорьсон. Зорьсноо биелүүлсэн. Хот руу шилжих үед манайх найман их эмчтэй болсон байлаа. Унаа, рентген аппаратаас авхуулаад тоног төхөөрөмжөөр ч гайгүй болгосон. Мэс заслын тасагтай, сум дундын түвшинд үйл ажиллагаа явуулж байлаа. Одоо эмнэлэг маань бүр илүү чадавхтай болсон байна лээ. Нутгийн зон олон энэ амжилтыг минь үнэлсэн болов уу, одоогоос хоёр жилийн өмнө эмнэлгийн 80 жилийн ойгоор Ард түмний гавьяат эмч гэдэг алдрын эзэн болгосон юм. Үүнд нь би их баярласан. Хүмүүсийн, үйлчлүүлэгчдийн талархсан сэтгэлийн илрэл юм даа.
-Одоо та эмч болсон түүхээсээ хуучлаач.
-Уянга сумдаа наймдугаар анги төгсөж, Арвайхээр хотын нэгдүгээр арван жилийн сургуулийн аравдугаар ангийг дүүргээд, 1980 онд Анагаахын дээдэд элсэж орсон. Би эмч болно гэж эхэндээ хүсэж байгаагүй юм. Математик, шугам зургийн хичээлд дуртай, сайнд тооцогддог байсан болохоор техникийн талын мэргэжилтэй, автын инженер ч юм уу болно гэж боддог байлаа. Гэтэл онц төгссөн хүүхдүүдэд гадаадын цэргийн дээд сургуулийн хуваарь шууд өгнө гэхээр нь авчихсан. Уралдаант шалгалт өгч, ЗХУ-ын Ленинград хотын цэргийн дээд сургуульд явах болдог юм байна. Карантинд очоод, хуваариа аваад, хувцсаа захиалчихсан байсан хүн гэнэтхэн шийдвэр гаргаад дотооддоо сурахаар боллоо.
-Юу болов, цэргийн амьдрал таалагдаагүй хэрэг үү?
-Намайг өсгөж, хүмүүжүүлсэн 80 гарсан настай өвөө минь дургүй байв. Өвөө минь эмийн болон Чойрын номтой, эрдэмтэй хүн. “Хүүгээ Шашны дээд сургуульд оруулна аа” гэдэг байлаа. Гэтэл би эцэг, өвгөдийнхөө саналыг тухайн үедээ сонсохгүй, ер нь тэр тухай бодсон ч үгүй, цэргийн дарга болохоор шийдсэн. Нэг өглөө аав минь хөдөөнөөс ирсэн ахтай ярьж байхдаа “Хамгийн түрүүнд амьдралд хүрч бидэнд тус болох байх гэж харж байсан хүү минь гадаадад сургуульд явах болоод байна. Буруу замаар явбал яана, мэргэжлээ зөв сонгосон ч юм уу, үгүй ч юм уу” гэх зэргээр надад нэлээд гомдонгуй ярьж байхыг нь сонсчихов оо. Тэгснээ шөнөжин нойргүй бодож хоноод өглөө нь Батлан хамгаалах яамны Боловсон хүчний хэлтсийн даргатай уулзан, мэргэжлээ сольж, эх орондоо сурмаар байгаа тухайгаа хэллээ. Тэгсэн дарга “Юу яриад байгаа юм. Алив, үүнийг цэрэгт явуул, 150 дугаар ангид хуваарил” гээд гаргахад нь нүдэнд нулимс цийлгэнэж билээ. Тэгтэл удалгүй буцааж дуудсанаа шийдэж өгсөн л дөө. Сольсон мэргэжил нь эмч. Ингэж АУИС-д орсон түүхтэй, 1989 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн.
-Бодож, төсөөлж байгаагүй мэргэжил байв уу?
-Тийм. Гэхдээ огцом гаргасан шийдвэр зөв байх талтай байдаг. Би алдаагүй гэж боддог. Тухайн үед хэлсэн аавын үг сэтгэлд их гүн туссан л даа. Олон дүүтэй ах байж, аав, ээждээ туслахаа бодохгүй гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирсэн юм. Анагаахын дээдэд сурч байхдаа өвдөөд, хоёр жилийн чөлөө авлаа. Өвөө минь тэр үед эрдмийнхээ шидийг үзүүлсэн. Ардын уламжлалт анагаах ухаанаар давхар эмчилж байж эдгээсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа өвдөж зовсон хүмүүсийг хараад мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмших хэрэгтэй юм байна, байдаг л дундаж биш, сайн эмч болох ёстой гэсэн ойлголт төрсөн. Сургуулиа төгсөөд “Төрөлх сумандаа эмчээр оч, өвчлөлийг багасга, эхийн эндэгдлийг бууруул” гэсэн даалгавар авлаа. Тэндээ 10 гаруй жил ажилласан. Намайг эмчээр очиход аав, ээж, өвөө, ах, дүү нар их баярлаж билээ. Суманд сайн л бол нэг, эсвэл хоёр жил болоод аймгийн төвийн, улмаар удалгүй улсын эмнэлэгт ажилладаг болно гэсэн хувийн төлөвлөгөөтэй очсон хүн тийм олон жил болчихсон. Төлөвлөсөн ажлуудаа хийхээр зүтгэсээр байтал цаг хугацаа яваад өгөв. Эхний жил ганцаараа байлаа. Жилийн дараа манай гэр бүлийн хүн дотрын эмчээр очсон. Миний гэргийг Л.Алтанцэцэг гэдэг. Сумын эмнэлэгтээ хоёулаа ажилласаар, сүүлдээ шилжье гэх бодолгүй болж билээ. Сумын эмч юу хийдэг вэ, бүхнийг гардан гүйцэтгэнэ. Дотор, хүүхэд, мэдрэл, мэс засал, гэмтэл, төрөх гээд бүхий л чиглэлээр ажиллана. Бүр бариач ч болно. 1992 онд эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжил эзэмшсэн. 1995 онд сумандаа Мэс заслын тасаг нээж, эмэгтэйчүүд, хэвлийн хөндийн өвчнийг эмчлэх чиглэлээр ажиллуулсаар мэргэжилдээ улам дурласан. Ингэж ажилласаар, ажил, амьдралын их сургуулийг нутгийнхаа зон олны дунд дүүргэж, “Би эмч” гэж бардам хэлэхтэйгээ болсон. Манай Уянга 8000-аад хүнтэй, жилд 280-300 эх амарждаг том сум. Гэр бүлийн хүнтэйгээ ээлжилж дуудлагад явдаг байсан болохоор эхний жилүүдэд гэртээ хамт суух зав зай маруухан.
-Өдөр бүр шахам эх нярайлдаг байжээ?
-Тийм. Тэгэхээр жилийн 365 хоногийн 300- д нь төрөхийн орны хажууд зогсож байдаг гэсэн үг. 1999 онд эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийнхээ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалаад байтал “Чингэлтэй” эрүүл мэндийн нэгдлийн орлогч даргаар ажиллах санал тавьснаар бид нийслэлд шилжиж ирсэн юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмчилгээ эрхэлсэн орлогчоор тав, Хүүхдийн сувиллын даргаар хоёр, мөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн даргаар найман жил ажиллаад, 2015 онд Зоонозын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт зарлахад оролцож, сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд ажиллаж байхдаа мал, амьтны гаралтай өвчинтэй тэмцэх ажил зохион байгуулж эхэлсэн. Тухайн үед Хайлаастад шүлхий гарахад 15 ортой эмнэлэг байгуулж, хоёр сар хэртэй ажилласан юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирээд байхад SARS, H1N1 халдвар тархахад тус газрын харьяа 27, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэж, чиглүүлэн удирдаж ажилласан. Тэр үед би эрүүл мэндийн салбар маань гамшиг, осол, халдварт өвчин дэлгэрэх үед бэлэн байдал муутай байж болохгүй юм байна гэж бодсон. Энэ чиглэлд судалгаа хийж, асуудал тулгарвал хэрхэн шийдэж болох талаар гарц хайсаар “Гамшиг, газар хөдлөлтийн үеийн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал” гэсэн сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Эмчийн үүргээ гүйцэтгэлээ. Цаашид эрүүл мэндийн салбарын талаарх төрийн бодлогод чадах хэмжээгээрээ хувь нэмэр оруулъя, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт болон бүхий л зүйлд нь тус нэмэр болох юм хийе гэж бодоод эрдмийн ажил нухсан. Энэ хүртэл хийсэн ажил, хуримтлуулсан туршлага Зоонозын өвчин судлалын талбарт ажиллах, удирдан зохион байгуулах ажилтан болоход нөлөөлсөн. Энэ их өвөрмөц салбар, орчин. Дэлхийд өнөөдөр таван халдвар шинээр бүртгэхэд гурав нь мал, амьтны гаралтай байна. Нийт халдварт өвчний 70 хувь зоонозын гаралтай байдаг. Халдвар нэг хүнийг биш нийтээр нь хамарч, улс орнуудын эдийн засагт хохирол учруулдаг тул сайн бодлого шаарддаг салбар. Тийм болохоор өөрийн сурч мэдсэнээ, олж авсан туршлагаа энэ чиглэлд зориулъя гэж шийдээд захирлын сонгон шалгаруулалтад оролцсон юм.
-Та хөдөө ажиллаж байхдаа тарваган тахлын голомтод хоёр удаа ажилласан гэж байсан.
-Тийм түүх бас бий. Ер нь сумын эмчийн мөн чанар тийм. Хаана, хэн өвдөнө, тэнд хүрч тусалж, үйлчидэг.
-Танай гэр бүлийнхний тухай асууя. Гэргий тань хувийн эмнэлэгтэй гэсэн. Ямар чиглэлээр ажилладаг вэ?
-Уламжлалт болон дотрын чиглэлийн “Ээлтэй оточ” гэдэг сувилал ажиллуулдаг юм. Баянзүрх дүүрэгт байдаг. Өөрийнх нь мэргэжил уламжлалт анагаах ухаан, дүрс оношилгоо. Одоо бол эмнэлгээ короновирусээр өвчлөгсдийг эмчлэхэд зориулан өөрчлөн зохион байгуулаад ажиллаж байна. Манай гэр бүлийн хүн МУИС-ийн хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр олон жил ажилласан. Тус сургуулийн багш, оюутан 10 мянгаад хүний эрүүл мэнд, эрүүл ахуйд санаа тавьж ажиллаж ирсэн.
-Коронавирустэй тэмцэх үйлсэд гэр бүлээрээ зүтгэж байгаа юм байна. Хүүхдүүд дунд тань эмч бий юү?
-Манайх охин, хүү хоёртой. Одоогоор хоёулаа тус тусын гэр бүлээрээ Австрали улсад амьдарч байна. Охин эдийн засаг, хүний нөөц, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй болсон. Тэнд энэ мэргэжлээрээ ажилладаг. Хүү эмч. Одоогоор эрүүл мэндийн эдийн засгийн магистр хамгаалахаар суралцаж байгаа. Хүүхдүүд хойтон жил эх орондоо ирэх төлөвлөгөөтэй.
-Та байгууллагын даргын хувьд ойрын ирээдүйд ямар ажил хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна вэ?
-Манай орон хүн амаасаа 20 дахин олон мал сүрэгтэй, араатан, жигүүртнээр баялаг онцлогтой. Тиймээс цаашид мал, амьтны гаралтай халдварт өвчин гарсаар байх магадлалтай тул улс, нийгмийн аюулгүй байдлыг хангах үүднээс Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагааны хүрээг тэлэх үүднээс улсын хилийн тодорхой боомтуудад салбар байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ саналыг Засгийн газар мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хэрэгжүүлэх болов уу гэж найдаж байгаа. Энэ ажлыг томоохон зорилтоо болгон ажиллана.