Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд гэр хорооллын айлууд хашаандаа мод тарих санаачилгыг энэ хавраас эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Уг ажлын талаар нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөтэй ярилцлаа.
-Нийслэлд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн арчилгаа, тордлого үргэлжилж байгаа. Тэгвэл гэр хорооллын айлууд мод тарих ажлыг хэзээнээс эхлэх вэ?
-Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих, арчлах ажлыг эрчимжүүлэх үүргийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албаныханд өгсөн. Үүний хүрээнд хийх хамгийн гол ажил бол “Өрх бүр хашаандаа мод тарья” аян. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг аяныг санаачилж, нийслэлийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэх юм. Энэ сарын 15-нд тохиох Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр аяныг эхлүүлэхээр төлөвлөлөө. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 100 хорооны 5000 айл хашаандаа мод тарина. Тухайлбал, Баянзүрх дүүргээс 20, Сүхбаатараас 11, Чингэлтэйгээс 13, Сонгинохайрханаас 35, Хан-Уулаас 13, Баянголоос найман хороог хамруулахаар болсон. Тухайн дүүргийн хүн амын тооноос хамаараад хорооны тоо харилцан адилгүй байгаа юм. Ерөнхийдөө гэр хорооллын айлууд хашаандаа мод тарина гэж ойлгож болно.
-Мод тарих, арчлах зөвлөгөө, мэдээллийг иргэдэд хэрхэн өгөх вэ. Иргэд ямар мод тарихаа өөрсдөө сонгох уу?
-Нийслэлийн ЗДТГ-аас иргэдэд суулгацыг нь үнэгүй өгнө. Үүний зэрэгцээ тарих, арчлах арга, аргачлалын талаар холбогдох мэргэжлийн байгууллагынхан зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Зөвхөн суулгац бус, бордоо, хар шороо зэргээр мод тарихад хэрэгтэй бүхнээр нь хангахаараа энэ ажил онцлогтой. Тухайлбал, 14 төрлийн модны 3-4 настай, 50-90 см-ийн өндөртэй суулгац өгөхөөр болсон. Тэгэхээр иргэдийн хувьд хичээл зүтгэл гаргах нь л чухал.
-Аянд хамрагдах 5000 айлыг сонгосон уу. Хамрагдах хүсэлтэй иргэдийг нэмж бүртгэх үү?
-Хороо, дүүргийн холбогдох албаныхан суулгац, бордоо, бууц, элс зэрэг хэрэгцээт зүйлээ татаж авсан. Мөн айлуудаа ч хэдийн сонгож, аяныг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тиймээс иргэдийг нэмж бүртгэх боломжгүй. Хамруулах өрхүүдийг сонгохдоо нэлээд судалгаа хийж, мод тарьж, ургуулах боломжтой, сэтгэлтэй хүмүүсийг сонгосон гэж дүүрэг, хорооноос мэдээлсэн. Ер нь мод тарих хүсэлтэй иргэн олон байна. Олон иргэн “Манайх хашаандаа мод таримаар байна, уг ажилд оролцъё” гэх болсон. Тиймээс бидний хувьд үүнийг ирэх жилүүдэд илүү өргөн хүрээнд үргэлжлүүлж, олон айл хамруулах хүсэлтэй байгаа. Хамгийн гол нь эхний ээлжид хамрагдсан 5000 өрх маш хариуцлагатай байж уг ажлыг цааш үргэлжлүүлэх үндэс суурийг сайн тавих ёстой. Тэд үр дүнгүй ажиллавал дараагийн ээлжид хамрагдах хүсэлтэй иргэдийн боломжийг хязгаарлах эрсдэлтэй. Тиймээс үүнд маш хариуцлагатай хандаарай гэж иргэдээсээ хүсье.
-Аяны үр дүнг хэн хэрхэн хянах вэ?
-Нийслэл ЗДТГ-аас хороодоороо дамжуулан хяналт тавина. Хорооны нэг хэсгийн ахлагч 100-200 өрх хариуцдаг. Хэсгийн ахлагч хариуцсан өрхийн гишүүдтэй тогтмол холбоотой ажилладаг. Энэ зарчмынхаа дагуу аянд хамрагдсан айлуудын ажлын үр дүнг маш сайн хянах боломжтой гэж харж байна.
-Улаанбаатар хотын гэр хорооллын хэдэн хувьд нь өдгөө ногоон байгууламж байна вэ. Аяныг хэрэгжүүлснээр уг үзүүлэлт хэдэд хүрч өсөх бол?
-Нийслэлийн гэр хороолол одоогоор 16 500 га талбайг хамарч байна. Нийт талбайн 71 хувь нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон газар. Харин 29 хувийг нь гудамж, зам, талбай эзэлдэг. Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөнд тусгаснаар бол гэр хорооллын бүсэд өнөөгийн байдлаар ногоон байгууламж огт байхгүй. Тиймээс л энэ жилээс гэр хорооллын бүс рүү чиглэсэн ажлуудыг онцолж буй юм. Хотын гэр хороолол дахь цэцэрлэгжүүлэх боломжтой талбайн хэмжээг 1818.78 га гэж тооцоо, судалгаануудын үр дүнд тогтоосон. Тэгэхээр бидний өмнө энэ хэмжээний талбайг ногоон бүс болгох зорилт байна гэсэн үг.
-Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээр Улаанбаатар олон улсын жишгээс нэлээд доогуур байдаг. Уг үзүүлэлт өдгөө хэдэн хувьтай байна вэ?
-Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Өдгөө уг үзүүлэлт 5.1 ам метр байна. 2016 онд 1.7 ам метр байснаа ийнхүү өсөөд буй юм. Өнгөрсөн онд гэхэд Улаанбаатар хотод 180 га газарт ногоон байгууламж шинээр бий болгосон. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2025 он гэхэд үүнийг найман ам метрт хүргэж нэмэгдүүлэхээр тусгасан. Уг зорилтод хүрэхэд нэлээд амаргүй байх болно. Үүнд хүн бүрийн хичээл зүтгэл чухал.
-Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр өөр ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?
-2021 онд шинээр 40 000 ам метр талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнийг аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлагатай уялдуулан хэрэгжүүлэхээр болсон нь энэ жилийн онцлох ажлуудын нэг юм. Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмын 50 метр газраа хариуцан тохижуулна гэж заасан нийслэлийн ИТХ-ын 2012 оны тогтоол бий. Мөн газрын эзэмшигчийн хариуцлагын гэрээ гэж бий. Уг гэрээний 4.1-т “Газар эзэмшигч ойр орчмынхоо 50 метр талбайг зүлэгжүүлж, өнгө үзэмжийг сайжруулж, арчиж тордоно” гэж заасан. Харамсалтай нь, энэ заалт төдийлөн хэрэгждэггүй. Тиймээс бид хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөлөө. Үүний хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил газрынхаа ойр орчмын 50 метр талбайг зүлэгжүүлж, тохижуулна. Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс тухайн байгууллагыг дэмжиж ажиллана. Жишээ нь, зарим томоохон групп, компани “Манайх ойр орчмынхоо газрыг үлгэр жишээ болгон тохижуулъя. Та бүхэн бидэнд арга зүйн дэмжлэг үзүүлээч, мэргэжлийн байгууллагын хүмүүстэй чинь хамтран ажиллая” гэсэн. Үүнээс үзэхэд аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцох хандлага ажиглагдаж байгаа. Мөн уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 75 га талбайг нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ жил нөхөн сэргээнэ. Туул голын дагуух газруудад урамшуулалт эргүүл ажиллуулж, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлнэ гэх мэтээр төлөвлөсөн ажил олон бий.
-Аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмынхоо газрыг хэзээ тохижуулж эхлэх вэ. Үүнийг сайн дурын үндсэн дээр хийх үү, эсвэл албадлагын шинжтэй арга хэмжээ авах уу?
-Бидний хувьд юуны өмнө “Өрх бүр хашаандаа мод тарья” гэсэн томоохон аянаа эхлүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарна. Үүний дараа аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах юм. Ингэхдээ албадлагын ямар нэгэн арга хэмжээ авахгүй. Тухайн байгууллага газрын гэрээнд заасан үүргээ л биелүүлнэ гэсэн үг. Цар тахлын хүнд үед, урт хугацааны хөл хорионы дараа үйл ажиллагаагаа дөнгөж сэргээж буй байгууллагыг заавал ийм ажил хий гэж шахаж болохгүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс ч хувийн хэвшлийнхэндээ дарамт шахалт учруулах бус, зөвлөн туслах чиглэлээр ажиллахыг байнга сануулж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд үүнд идэвх зүтгэлтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Бэлтгэсэн: Ч:Мөнх