МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй Чойжгаваагийн Наранбаатартай хаяанд ирсэн Токиогийн олимпын наадамд Монгол Улсын баг, тамирчид бэлтгэлээ хэрхэн базааж байгаа болон үүний хүрээнд өрнөж буй ажил үйлс хийгээд цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Зуны 32 дугаар олимпын наадам хаяанд тулчихаад ид “бужигнаж” байгаа энэ үед МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бусдын биед хүнд гэмтэл учруулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж, асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байна. Тэгэхээр өнөөдөр нөхцөл байдал хэр байна вэ, та бүхний ажилд ямар нэгэн саад, бэрхшээл, дарамт шахалт байна уу гэдгээс яриагаа эхлэх үү?
-МҮОХ нь олимпын хартийн дагуу баг, тамирчдаа зохион байгуулан оролцуулах гол үүргээ гүйцэтгэсээр байна, цаашдаа ажил үргэлжилнэ. Энэ үйлсэд Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ), спортын холбоодтойгоо нягт хамтран ажиллаж буй. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд өдгөө байгууллагынхаа ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буйн хувьд хэлэхэд, манай ажил ямар нэгэн саад тотгор, дарамт шахалтгүй хэвийн үргэлжилж байна. Хэдийгээр цар тахлын хүнд нөхцөлд байгаа ч МҮОХ бэрхшээлийг сөрж, төлөвлөсөн цуврал ажлаа цалгардуулалгүй амжуулж ирлээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярын хувьд таагүй явдалд холбогдсон ч энэ асуудал хуулийн байгууллагаар хараахан эцэслэн шийдэгдээгүй учраас тодорхой ярих боломжгүй, бас энэ талаар бидэнд мэдээлэл өгөөгүй. ОУОХ-ноос манайд албан бичиг илгээж, тайлбар өгөхийг хүссэний дагуу бид болсон явдлын талаар, асуудал ямар шатанд буйг бодитоор мэдээлсэн. Уг нь ерөнхийлөгч маань олон ажил төлөвлөн, санаачилгатай, эрчимтэй зүтгэж байсан. Ийм асуудал үүссэн нь харамсалтай. Өдгөө МҮОХ-ны үндсэн, тулгамдсан ажил нь удахгүй Япон Улсын Токио хотод эхлэх зуны 32 дугаар олимпын наадамд оролцоход олон талт бэлтгэлээ ягштал хангах. Цар тахлын үеийн хатуу чанга хязгаарлалт бүхий анхны олимпод ОУОХ, Зохион байгуулах хороо, Токио хотын захиргаа, Японы Засгийн газраас хамтран баталсан хэд хэдэн шинэ дүрэм журмыг баг тамирчдадаа танилцуулан, ягштал баримтлах, допингоос сэргийлэх, нислэгийн асуудлыг нарийвчлан зохицуулах гээд олон цогц асуудлыг дотоод, гадаадын байгууллагуудтай харилцан шийдэж байна.
Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-н дахь Олимпын наадамд бэлтгэх ажлын дэд хэсгийн гурван ч удаагийн хуралд оролцон, бэлтгэл ажил ямар түвшинд байгаа талаар нухацтай хэлэлцсэн. Энэхүү ажлын хэсэгт манайхаас МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган, гадаад харилцааны ажилтан Б.Баяртуяа, спортын холбоод хариуцсан ажилтан З.Галхүү болон миний бие гэсэн дөрвөн хүн хамрагдсан. Ерөнхий сайдын ахалсан Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо удахгүй хуралдана. Харин МҮОХ нь ОУОХ-той хамтран “Токио-2020” наадмын эрхийг хүртэн, улмаар тодорхой амжилт гаргах тамирчдыг олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан, таван жилийн турш санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, спортын найман төрлийн 17 тамирчныг хамруулсан. Жүдо бөхийн Д.Сумъяа, Л.Сосорбарам, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү, буудлагын О.Гүндэгмаа, Ц.Анударь, Э.Даваахүү, боксын Б.Чинзориг, М.Намуун, чөлөөт бөхийн Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, таеквондогийн П.Тэмүүжин, хөнгөн атлетикийн Д.Гантулга, байт харвааны Ж.Гантөгс, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг нар дасгалжуулагчдын хамт дээрх хөтөлбөрт хамрагдсанаас одоогоор 12 тамирчин “Токио-2020” олимпыг зорих эрхээ өвөртөлсөн. Зарим нь Олон улсын спортын холбооны эцсийн шийдвэр удахгүй гарахыг хүлээж байна. Хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ОУОХ, МҮОХ, спортын холбоодтой дөрвөлсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутам нэг тамирчинд 1000 ам.доллар, дасгалжуулагчид 400 ам.доллар олгон, холбооны үйл ажиллагаа, эм, аминдэмээр хангахад санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлдэг юм. Түүнчлэн МҮОХ-ноос цар тахлын бэрхшээлтэй үед ОУОХ, Азийн олимпын зөвлөлтэй хамтарсны үр дүнд спортын холбоод, тамирчдад тусламжийн гараа сунгах бололцоо бидэнд олгосон. Мөн бусад чиглэлийн сургалт, төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
-Хоёр сар гаруйн дараа Токиогийн олимп эхэлнэ. Шигшээ багийнхан, тамирчдын бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?
-Цар тахлын уршгаар тамирчдын бэлтгэл сайн хангагдахад хүндрэлтэй зүйл нэлээд гарсан нь яах аргагүй бодит байдал. Гэхдээ олимпод бэлтгэж байгаа манай тамирчид цаг нартай уралдаж бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийж байна. Үндэсний шигшээ багийн тамирчид өнгөрсөн онд өөрсдийн клуб, спорт холбоодын бэлтгэлийн танхимдаа, бүр гэртээ хүртэл бэлтгэлээ хийж байсан бол энэ оны нэгдүгээр сараас эхлэн олон улсын “Найрамдал” цогцолбор, Хандгайтын “Их тамир” бэлтгэлийн бааз, Техник спортын төв зэрэг хэд хэдэн газарт байрлаж, нэгдсэн системтэйгээр бэлтгэлээ хийж байгаа. БТСУХ-ноос эдгээрийн хөрөнгийг нь шийдвэрлэж өгсөн.
-Энэ удаагийн олимп манай баг, тамирчдын хувьд юугаараа онцлог бол?
-МҮОХ нь баг, тамирчдаа зохион байгуулан, 1964 оноос хойш нийт 13 удаа зуны олимпод оролцсон. Монголын баг тамирчид “Токио-1964” олимпод анх удаа хөл тавьснаас хойш яг 57 жилийн дараа Япон Улсад 14 дэх олимпын наадамдаа алтан соёмбот далбаагаа мандуулах гэж буй нь манай спортын түүхэнд тун дурсгалтай үйл явдал. Өнгөрсөн он жилүүдэд Монгол Улс 13 олимпод спортын 11 төрлөөр оролцсон. Чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага буюу топ дөрвөн спорт нь олимпын медальтай төрөл гэдгийг ард иргэд андахгүй. Гимнастик, дугуй, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, байт харваа, усанд сэлэлт, таеквондо олимпын тавцанд өрсөлдсөн спортын төрлүүд юм.
Энэ удаагийн олимпод Монгол Улс багийн спортоор анх удаа оролцох гэж байгаа нь нэг онцлог. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн багийнхан маань эрхээ авч, бидэндээ хамгийн сайхан бэлэг барьсан. Тэд Швейцар улсад тэмцээнд оролцохоор хилийн чанадад наадмын бэлтгэлээ улам сайжруулж буй бол эрэгтэйчүүдийн багийнхан Австри, Унгар улсад зохиох олимпын эрхийн шийдвэрлэх сүүлчийн тэмцээнийг зорьсон. Түүнчлэн ширээний теннисээр манай улс 65 жилийн түүхэндээ анх удаа эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд хоёр тамирчин эрх авсан нь бас нэгэн онцлог юм. Мөн “Токио-2020” олимпын наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүд бүтэн багаараа оролцох дээд амжилт тогтоон, БНХАУ, Япон, АНУ, ОХУ-ын том багтай ижил түвшинд хүрсэн нь бахархалтай. Өнөөдрийн байдлаар манай улс спортын найман төрлөөр 23 эрхийг албан ёсоор авсан нь батлагдсан. Үүн дээр мэдээж жүдо бөхөөр 12-14 эрх нэмэх сайхан боломж бий. Жүдочид зургадугаар сард Будапештийн ДАШТ-ий дараа олимпын эрхийн эцсийн таатай мэдээгээр чих мялаана. Мөн “Рио-2016” олимпын наадамд анхлан оролцсон манай таеквондочид Йорданы Амман хотноо эрх олгох энэ жилийн цорын ганц, хатуу тэмцээндээ өрсөлдөнө. Тэд Киргизэд бэлтгэлээ сайн базааж, эрх авна гэж найдаж сууна.
Харин хүндийг өргөлтийн тамирчид бас л зам зуурын хүндрэл гачланд өртсөн ч Азийн АШТ-д чамгүй амжилттай оролцон, хүрэл медальтай эх орондоо ирсэн. Хүндийг өргөлтийн шинэчилсэн чансаа энэ сарын 31-нд гарна. Чансаагаараа 1-2 тамирчин олимпын эрх авах болов уу гэж тооцоолж байгаа. Ялангуяа М.Анхцэцэгтээ их найдаж байна. Ер нь нийтдээ 45 тамирчин бүхий баг Токио хотыг зорих болов уу гэсэн өөдрөг тооцоо бий. Хэрвээ ингэж чадвал бид түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багаа олимпод оролцуулсан бас нэгэн дээд амжилт тогтооно гэсэн үг. Гэхдээ “Ковид-19” өвчний тархалт дэлхий нийтэд буурахгүй байгаа ийм цаг үед тамирчид маань гадаадад халдвар тусахаас эхлээд ноцтой хүндрэл гарсаар байна. Тэгсэн ч бэлтгэл, сургуулилалтаа алгасахгүй хийж, эрхийн төлөөх тэмцээнүүдэд таслахгүй оролцсоор байгаа. Бид бүхэн бас Токиогийн олимпын наадамд бэлтгэх хүрээнд тамирчдынхаа сэтгэл зүйд онцгой анхаарч, Сэтгэл зүйн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж байгаа. Өмнөх олимпын наадмуудын бэлтгэлд энэ үйл ажиллагаа нь ийм өргөн цар хүрээтэй, шинжлэх ухааны үндэстэй байгаагүй. Бэлтгэл, сургуулилалтын үед сэтгэл судлаачид байнга хамт байгаа. Мөн хоол судлаачидтай анх удаа хамтарч байгаагийн зэрэгцээ “Токио-2020” олимпын багт “Ковид-19” хариуцсан тусгай эмч ажиллаж эхэлсэн.
-Жүдо бөхийн тамирчид маань коронавирусийн халдвар авсны улмаас тэмцээндээ оролцож чадаагүй тохиолдол гарсан. Ийм асуудлаас сэргийлж ямар арга хэмжээ авч байгаа бол?
-Дэлхийн хаана ч, хэн ч халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн учраас хэлж, таамаглах аргагүй. Нөгөөтээгүүр, спортын дийлэнх төрөл нь халз тулаан, хамтын, багийн шууд өрсөлдөөн учраас халдвар авахгүй гэх баталгаагүй. Үүнээс л сэргийлж хаана хаанаа хичээж, халдвараас боломжоороо сэргийлэхээр хатуу журам, дүрэм боловсруулан ажиллаж байна. ОУОХ, Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах хороо олон улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан энэ удаагийн наадмын үеэр баримтлах, урьд өмнөхөөс онцлогтой журмуудыг гаргаж буй. Жишээ нь, наадам эхлэхээс зөвхөн тав хоногийн өмнө олимпын хотхонд очсон байх, тэмцээн нь дууссан тамирчин, дасгалжуулагч 48 цагийн дотор тосгоноос гарч явах ёстой. Олимп зохион байгуулж буй орныг зорихоосоо 96 цагийн дотор хоёр удаа шинжилгээнд хамрагдах, Японд ирсэн хойноо мөн PCR шинжилгээ өдөр бүр өгөх шаардлагатай гэхчлэн халдвар хамгаалал, урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарсан олон шинэ журмыг ОУОХ, “Токио-2020”-ийг Зохион байгуулах хороо баталжээ. Бид энэ бүхний дагуу шуурхай ажиллаж, спортын холбоод, тамирчид, багш, дасгалжуулагчдадаа дахин дахин сурталчлан таниулж, зөвлөгөө өгч байна.
-Тамирчдаа вакцинжуулалтад бүрэн хамруулж дууссан уу?
-МҮОХ-ноос ЭМЯ-нд хүсэлт тавьсны дагуу БТСУХ-той хамтран олимпод оролцох тамирчдаа “АстраЗенека” вакцинаар дархлаажуулалтад бүрэн шуурхай хамруулсан. Халдварт өртсөн манай жүдочдын хувьд вакцинжуулалт эхлээгүй байх үед тэмцээнд оролцохоор гадаадад зорчоод ийм байдал үүссэн. Казахстаны тэмцээнээс Япон, БНСУ, Герман, Франц зэрэг орны тамирчид халдвар авсан нь батлагдсан. Бид Олон улсын олимпын хороо, “Токио-2020”-ийг Зохион байгуулах хорооноос тавьсан аюулгүйн ажиллагааны бүх дүрэм, журмыг ягштал мөрдөх үүрэгтэй.
-Монгол Улсаа төлөөлөн олимпын наадамд баг, тамирчдын ёслолын болон тэмцээний хувцасны асуудлаа бүрэн шийдчихсэн биз дээ?
-МҮОХ нь Олимпын хартид тусгагдсан олимпод өмсөх хувцасны зааврын дагуу дотооддоо зөвлөх, хяналт тавих, ОУОХ-нд мэдээлэх, зөвшөөрөл авах онцгой үүргийг хүлээдэг. Харин энэ удаа төрийн байгууллагатай тохиролцсоны дагуу БТСУХ нь энэ чиглэлээр идэвхтэй ажиллан, хувцасны асуудлыг иж бүрдлээр нь шийдвэрлэсэнд талархалтай байна. “Токио-2020” олимпын нээлт, хаалтын үеэр өмсөх ёслолын болон бэлтгэлийн хувцас бэлэн болсон.
-Манай энэ л юм дуулгах байх гэдэгчлэн энэ олимпоос медаль авах хамгийн найдвартай тамирчин, спортын төрөл аль нь бол. Ам гарч болдоггүй гэдэг ч бас нэг “гижигдэх” юм байна уу?
-Нуулгүй хэлэхэд, бидний зорилго бол 1-2 олимпын аваргатай болох, тав хүртэл медаль хүртэх. Бокс, буудлага, жүдо, чөлөөт бөхөөр ийм боломжтой гэж найдахаас гадна өөр төрлүүдээр медальд хүрэх “нууц зэвсэг” хэд хэд бий. Одоо ярих нь эртэднэ. Бас энэ олимпын дараа шигшээ багийнхны нэг үе солигдох үйл явц гарцаагүй тохионо. Нэлээд шинэчлэгдсэн шинэ залуу багийнхан “Парис-2024” олимпод зодоглох байх. Спортын амьдралын жам юм даа.
-Паралимпийн наадамд төчнөөн тамирчин оролцоно гэсэн нэгдсэн дүн байгаа юу?
-Монголын паралимпийн хорооныхон маань энэ тал дээр илүү мэдээлэл өгнө. Одоогоор таван төрлөөр долоон тамирчин оролцоно гэсэн мэдээлэл бий. Энэ наадмаас медаль хүртэх өндөр магадлалтай тамирчин цөөнгүй байгаа.