УИХ-ын гишүүн, сайд асан Н.Цэрэнбаттай ярилцлаа.
-Та юу хийж байна вэ?
-“Дархан арьс, ширний цогцолбор” төслийг удирдан ажиллаж байна. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан томоохон төслийн нэг. Улаанбаатарын утаатай адил олон жил ярьж байгаа асуудал шүү дээ. Ажлын байрыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, экспортыг дэмжих гээд олон зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тусгайлсан бүтэц бий болгон ажиллаж байгаа юм.
-Утаа гэснээс таныг сайд байхад нийслэлийн агаарын бохирдол нэлээд буурсан шүү дээ.
-Агаарын бохирдлыг бууруулна гэж олон жил ярьж ирсэн асуудлыг Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолыг баталж, манай Засгийн газар амжилттай хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд бид шаргуу ажиллаж, төрийн өмчийн үйлдвэр барьж, сайжруулсан шахмал түлшээр Улаанбаатар хотыг хангаж эхэлсэн. Хүмүүс аливаа зүйлийг амархан мартдаг. Олон жилийн турш сэтгэл зовоосон тэр асуудлыг эхнээсээ мартаж байх шиг байна. Тухайн үед олон нийт агаарын бохирдлоос хамгаалахын тулд амны хаалт зүүхийг уриалж, төр, засгийг шахаж шаардаж байсан шүү дээ. Өдгөө үр дүнд нь хүмүүс эрүүл орчинд амьдрах боломж, нөхцөл сайжирсан. Нийслэлийн иргэд Налайх дүүрэгт очиж салхилдаг байсан бол Налайхынхан хотын төвийг зорьдог болсон нь худлаа биш биз дээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Засгийн газар, үнэмлэхүй олонх бүхий парламентын гишүүд орон даяар энэ ажлыг сурталчилж, уриалан, төсөвт шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусган дэмжиж, хамтран ажилласан. Үүнийг шийдсэнээр олон жил хуримтлагдсан, цөөнгүй ужиг асуудлын ард гарсан. Улмаар хөгжлийн дараагийн үе шатныхаа талаар ярих боломж нээгдсэн.
-Та сайдаар ажиллаж байхдаа шийдвэрлэсэн асуудлуудаас алийг нь онцлох вэ?
-Уул уурхайтай холбоотой асуудлын тухайд хэлье. Төр, засаг бизнес эрхлэгчдийг дарамталж, дээрэмдлээ гэх шүүмжлэл тухайн үед гарч л байсан. Уул уурхайтай холбоотой үл ойлголцол юунаас эхтэй вэ гэдгийг эхлээд харах учиртай. Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн газар, орон нутгийн иргэдийн эрх ашгийг зөрчиж, байгаль орчныг сүйтгэсэн. Тиймээс анхны зориулалтаасаа өөрөөр ашигласан, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Үүний үр дүнг ч бас мартах гэж байна. Орхон гол хүрэн, улаанаар урсаж, урсгал голдирлыг нь өөрчилж байсан цаг саяхан шүү дээ. Хоёр жилийн өмнөөс үүнийг таслан зогсоож, шийдвэртэй арга хэмжээ авч эхэлсэн нь манай Засгийн газрын ирээдүйдээ хийсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг гэж хэлнэ.
Үүний зэрэгцээ Экологийн цагдаагийн албыг шинээр байгуулсан. Иргэддээ Үндсэн хуулиар олгосон эрхийг нь хангаж ажиллахын тулд мэргэжлийн хүмүүс байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийг зөвхөн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор цуцалдаг байсан бол байгаль орчны гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, зарим аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагааг хууль, хяналтын байгууллага хянаж, шалгаж, зохих хариуцлагыг нь үүрүүлдэг болсон. Хуулийн дээгүүр гишгэлдэг, өөр хоорондоо тохирч, хуйвалддаг хэсэг бүлгийнхний буруутай үйл ажиллагааны золиос болж, итгэлээ алдаж байсан хүмүүст энэ үйл явдал том тус дэм хүргэсэн гэж боддог. Уул уурхайнхантай сүлбэлдэж, албаны бус эрх ашигтаа хөтлөгдсөн хүмүүсийн үйл ажиллагааг ингэж зориг гарган хязгаарлаагүй бол өнөөдөр ямар байхыг хэлж мэдэхээргүй байна. Өмнөх Засгийн газрууд үүнийг хийж чадаагүй шүү дээ. Өвөг дээдсээс өвлөж үлдсэн онгон байгаль, тахилгат шүтээнийх нь дэргэд хүчит техникийн моторын дуу тасардаггүй байлаа. Гутайн даваа, Тост, Тосон бумба, Ноён уул гэхчлэн тусгай хамгаалалттай олон газрын хил хязгаарыг Засгийн газрын шийдвэрээр аварч үлдэж чадсан.
Мөн 2012 онд усны асуудал хариуцсан агентлагийг төсөв мөнгө хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар татан буулгасан. Үүнийг манай Засгийн газар сэргээн байгуулсан нь зөв шийдвэр байсан. Ирээдүй хойчдоо цэвэр агаар, цэнгэг ус, унаган байгалийг нь өвлүүлж үлдээх чиглэлд У.Хүрэлсүхийн Засгийн газар шаардлагатай шийдвэр, арга хэмжээг авч ажиллаж чадсан. Ерөнхий сайд танхимын сайдуудаа дэмжиж, бодлогын уялдаа холбоог сайтар хангаж ажилласны үр дүн гэж хэлж болно.
-Эдгээр ажил бодлогын түвшинд залгамж халаатай үргэлжилж чадаж байгаа болов уу?
-Тухайн үеийн УИХ, Засгийн газар бүхий л шийдвэрээ хуулийн дагуу гаргаж, хэрэгжүүлж ирсэн. Харин шүүхийн шатанд байсан зарим асуудал уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн талд гарсан сурагтай байна лээ. МАН-ын Засгийн газар буухиалан ажиллаж байгаа учраас эдгээр бодлого, шийдвэр амжилттай үргэлжилж байгаа гэдэгт итгэлтэй байна.