Монголын спортын түүхэнд ширээний теннисчид нэгэн шинэ хуудас нээв. Манай одон бөмбөгчид олимпын наадамд өрсөлдөх эрх анх удаа авч,Токиог зорих боллоо. Катарын Доха хотод өнгөрсөн гуравдугаар сард болсон тэмцээнд ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Б.Болор-Эрдэнэ нар ганцаарчилсан төрөлд оролцож, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ ийн өвөртөлсөн юм. Энэ удаагийн олимпод монголчууд спортын 13 төрлөөр оролцох эрх аваад байна. Үндэсний шигшээ баг, “Оч төв” клубийн тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Юуны өмнө Танд баяр хүргэе. Монголын теннисчид олимпын наадамд оролцох болсон нь олны талархлыг хүлээгээд байна.
-Катарт хоёр том тэмцээн болсон юм. Эхнийхэд нь 80 гаруй улсын тамирчин өрсөлдсөн ч бид амжилт гаргаагүй. Харин хоёр дахь нь олимпын эрх олгох Ази тивийн сүүлчийн тэмцээн байв. Тэмцээнд 14 улсын тамирчин таван хэсэгт хуваагдаж тоглосон. Бүсүүдээс тус бүр нэг, зургаа дахь эрхийг таван бүсээс II байрт шалгарсан тамирчдаас хамгийн өндөр оноотойд нь өгсөн. Тэр эрхийн эзэн бол Энэтхэгийн тамирчин Шарат Камал Ачанта байлаа. Манайхан Зүүн Азийн бүсэд тоглож, хоёр эрх авлаа.
-Гадаадын тамирчин, дасгалжуулагчид монголчуудыг спортын энэ төрлөөс олимпын эрх авахгүй гэж боддог байсан таамгийг манайхан амжилтаараа үргээсэн. Харин Ази тивийнхэн хэрхэн хүлээж авсан бол?
-Олимпын эрх олгох тэмцээний системийг 2016 оноос хойш шинэчилсэн. Миний хувьд үүнийг олон орны тамирчдад олимпын наадамд оролцох боломж бүрдүүлсэн гэж ойлгосон. Тухайн жил Азиас Узбекистан, Казахстаны теннисчид олимпын наадамд анх удаа өрсөлдсөн юм. Энэ жил Сири улсын 11 настай эмэгтэй тоглогч бүсээсээ шалгарч, Токиог зорих болсон нь дэлхийд шуугиан тарилаа. Монголын тамирчид олимпод оролцох хоёр эрх авахад зарим улсын тамирчин, дасгалжуулагч нар итгэж ядан байв. Бид боломжоо ашиглаж чадсан. Зүүн Азийн бүсэд шилдэг тамирчин олон бий. БНХАУ, БНСУ, Японы теннисчид өмнөх тэмцээнүүдээс эрх авсан, БНАСАУ-ын баг цар тахлын улмаас бүрэлдэхүүнээрээ оролцоогүй нь бидэнд нэг талаар том боломж олгосон. Хэрвээ оролцсон бол эрх авах амаргүй болох байв.
-Монголд хөгжсөн ууган спортуудын нэг нь ширээний теннис. Манайхан ДАШТ-д өрсөлддөг ч олимпын эрх авч байгаагүй. Тэгвэл энэ удаа үе үеийн тамирчдын мөрөөдөл биелсэн гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ, бид Дохагаас эх орондоо сэтгэл өндөр ирсэн. Манай Ширээний теннисний холбоо байгуулагдаад 60 жил болж байна. Бидний хувьд олимпын наадамд оролцох нь мөрөөдөл байсан бол энэ удаа зорилгоо биелүүллээ. Ширээний теннис спортын бусад төрөлтэй харьцуулахад тоглолтын олон техниктэй. Сонирхон тоглогчид олон жил хичээллэж байж, мэргэжлийн тамирчин болдог. Би энэ спортоор 22 жил хичээллэсэн. Миний багш С.Галбадрах, УАШТ-ий гурван удаагийн аварга, ОУХМ цолтой. Одоо холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Тэрбээр 1990-ээд оны хүндхэн үед ширээний теннисний спортын галыг унтраалгүй өнөөг хүртэл хөгжүүлж, үе үеийн тамирчдыг бэлтгэж ирсэн. Бидний амжилт багшийн минь сэтгэл, зүтгэлтэй их холбоотой.
-Нийгэм, эдийн засгийн хүндхэн үед бууриа сахин үлдэж, спортыг хөгжүүлсэн цөөн хүний нэг нь Таны багш юм байна.
-Бид амжилтад хүрэхийн тулд олон саад бэрхшээлийг даван туулсан. Тэр үед стандартад нийцсэн тоглолтын танхим байгаагүй, өвлийн хүйтэнд халаалтгүй зааланд бэлтгэл хийх тохиолдол ч байлаа. Ширээгээ машинд ачаад нэг заалнаас нөгөө рүү нүүнэ. Монголбанкны ерөнхийлөгч агсан О.Чулуунбат гуай биднийг дэмжиж, өөрийн хөрөнгөөр “Оч төв” клуб байгуулж, техник хэрэгслээр хангасан. Залуучуудыг 2005 оноос Ази тивийн болон ДАШТ-д оролцоход ирэх, очих зардлыг нь хариуцаж, зарим нэгийг нь цалинжуулдаг байв. Тэрбээр залуудаа энэ спортоор хичээллэж, спортын мастер цол хүртсэн юм билээ. УОК-ын захирамжийн дагуу олимпын наадамд оролцох багийн тамирчид клубтээ байрлаж, бэлтгэлээ базааж буй. Токиог зорих өдөр хоног ойртох тусам бидний үүрэг, хариуцлага өндөр болж байна.
-Улсынхаа шилдгүүдтэй өрсөлдөж, олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор шалгарах амаргүй байсан биз.
-Монголын ширээний теннисний тамирчид үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн жилээс багтсан. Миний хувьд Катарын Дохад хөл тавихын тулд улсынхаа шилдгүүдтэй өрсөлдөж, шалгарах амаргүй байлаа. Тус тэмцээнийг Тайландад өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард зохион байгуулах байсан ч цар тахлын улмаас хойшилсон. Энэ жил тус хотод болох тухай мэдэгдэл ирсний дараахан бид олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт байрлаж, бэлтгэлээ хийсэн.
-С.Галбадрах багш тоглолтын өмнө шавь нартаа юу гэж зөвлөв?
-Өрсөлдөгчөөсөө аль болох түрүүлж довтлох, тоглолтын уур амьсгал, орчин, нөхцөлд хурдан дасан зохицохыг бидэнд зөвлөсөн.
-Өрсөлдөгчдөөсөө давуу тал олж харав уу?
-Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Ираны тамирчин Нима Аламиан байлаа. Дэлхийд чансаагаараа 120-д бичигддэг тэрбээр энэ удаагийн тэмцээнээс олимпын эрх өвөртөлсөн. Түүнтэй Токиогийн олимпын талбарт таарч магадгүй л юм. Тус улсын теннисчид Европын лигийн тэмцээнд байнга оролцдог тул туршлагатай, авьяас, ур чадвар, хурд, хүчээр биднээс илүү. Манайхан тэндээс ирээд хурд, хүч, эхний гурван бөмбөгийг хүлээн авах техник, дундын зайнаас тэсрэлттэй довтлох бэлтгэл, тактик боловсруулалтдаа анхаарч байгаа.
-Хүүхдүүд багаасаа ширээний теннисээр хичээллэж, мэргэжлийн тамирчин болох гараагаа эхлүүлдэг. Хурд, хүч, хөдөлгөөн шаарддаг спортын тамирчдын төлөөлөл нь өсвөр үеийнхэн харагддаг.
-Ширээний теннисний спорт өндөр хөгжсөн оронд хүүхдүүдийг гурав, дөрвөн настайгаас нь сонгон, мэргэжлийн тамирчнаар бэлтгэдэг. БНХАУ, Японы шилдэг тамирчдаас 14-15 насныхан цахиур хагалж байна. Би 11 настайдаа энэ спортоор анх хичээллэсэн. Тэр үед БНСУ-аас Пак Жи Хён багш хүүхдүүдийг дасгалжуулахаар Монголд ирж таарсан. Тэрбээр намайг харчихаад ширээний теннисээр хичээллэхэд “хөгшин” байна гэж билээ.
-Та 22 жил хичээллэхдээ саад бэрхшээлтэй багагүй тулгарч, амжилтаас атгасан байх.
-Үлдэх үү, явах уу гэсэн сонголттой тулгарч, эргэж буцсан удаа цөөнгүй. Намайг тэр үеэс өнөөг хүртэл тууштай дэмжиж, амжилт гаргахад нөлөөлсөн хүн бол миний аав. Бөмбөг, цохиуртай нөхөрлөсөн анхны өдрөөс гэр бүлийнхэн минь ойлгож ирлээ. Алдаа, дутагдал, ялалт, ялагдал, уналт, босолт, баяр гунигтай маань хамт урагшилж, дэргэд дэм болдог байв. Монголд спортоор амьдрах хэцүү. Тиймээс ажиллахын хажуугаар зав гаргаж хичээллэдэг. Ажилдаа анхаарал хандуулаад теннисээс хөндийрөх гэвэл багш “Өдий хүртэл зүтгэчихээд одоо хаяж болохгүй. Чи тууштай хичээгээд үз” гэж зөвлөн, буцаан авчирдаг байлаа. Миний өрсөлдөгчид ажиллахын зэрэгцээ амжилт гаргасаар байсан нь намайг хурцалж үлдээсэн. Тэднээс хоцрохгүйн тулд хичээсэн, бас зүтгэсэн. Би БНХАУ-д холбооны инженер мэргэжлээр суралцан, ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо, технологийн сургуулийг төгссөн. Оюутан байхдаа спортоос хэсэг завсарласан.
-Эргэн ирж, бүхнийг эхнээс нь сурах хэцүү байсан уу?
-Тэгсэн. Монголд 2011 онд ирэхэд ширээний теннисний олон улсын дүрэм шинэчлэгдэж, цохиур, резин, цавуу нь өөр болсон байв. Тамирчид хурд, хүч их гарган тоглодог тул үзэгчид бөмбөгийг нь гүйцэд харахгүй байна гэсэн асуудал гарсан юм билээ. Ийм шалтгаанаар бөмбөгийг ижил ойлгодог нэг төрлийн цавуунд тохирсон мод, резин байх ёстой гэсэн дүрэм хэрэгжиж эхэлсэн. Надад энэ бүхэн дахин шинээр эхэлж байгаа мэт санагдсан. Тэр жил зохион байгуулсан УАШТ-д эхний найм, дараа жил нь дөрөвт хасагдсан бол 2013 онд түрүүлж, хоёр дахь удаагаа аваргаар шалгарсан юм. Түүнээс хойш 2019 он хүртэлх УАШТ-ээс тус бүр гурван алт, мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
-Та Азийн наадам, ДАШТ-д олон удаа өрсөлдсөн санагдана.
-Ширээний теннисний ДАШТ сондгой тоотой жил ганцаарчилсан, дан хос, холимог хос, тэгш тоотойд багийн төрлөөр болдог. Багийн, ганцаарчилсан төрөлд 2005-2016 он хүртэл долоо удаа, Азийн наадамд 2002, 2014, 2018 онд оролцож, өөрийгөө сорьсон. Тэмцээнд оролцох тусам чамгүй туршлага хуримтлууллаа. Тэмцээн болгон өөрийн гэсэн онцлогтой. Азийн наадам, тивийн АШТ, ДАШТ-ий уур амьсгал, орчин нөхцөл, үзэгчид хүлээн авч буй нь хүртэл өөр. Монголын ширээний теннисчид 2012 онд ДАШТ-ийн Е зэрэглэлд тэргүүлж, 112 дугаар байраас 97-д жагсаж байлаа. 2012-2016 оны хооронд 112 дугаар байраас 67 дугаар байр хүртэл урагшлуулан С зэрэглэлд багтсан.
-Аав тань теннис тоглодог. Хүүгээ энэ спортод урвуулахдаа хожим амжилт гаргахыг нь мэдэрсэн байжээ.
-Аавын хамгийн дуртай спорт. Москвад сурдаг байхдаа монгол оюутнуудын дунд зохион байгуулсан ширээний теннисний тэмцээнд оролцож, түрүүлсэн гэдэг. Миний хувьд эхний хэдэн жил идэвхтэй тоглож, дундаас нь сонирхол буурсан тал бий. Харин амжилт гаргах тусам улам дурласан. Би хүүхэд байхын шартай. Энэ зан минь спортод үлдэхэд багагүй нөлөөлсөн. Миний үеийн өрсөлдөгчид намайг их хурцалсан. Тамирчид өөрийгөө хөгжүүлэх тусам, алдаа дутагдал гаргах нь багасдаг. Одоо бол туршлагадаа тулгуурлаж, хурд, хүч нэг их гаргахгүйгээр өрсөлдөгчийнхөө алдаа, сул талыг нь тооцоолж, тактикаа зөв боловсруулан буулгаж авахыг боддог болсон.
-Ажиллахын хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох хэцүү биз?
-Миний эхнэр, хамт олон минь сайн ойлгож бэлтгэл хийх, тэмцээнд оролцох боломж олгодог. Ямар ч ажилтай байсан, сонгосон спортдоо зав гаргаж, амжилтаа ахиулах зорилготой зүтгэж байна. Би айлын ууган хүү, нэг эмэгтэй дүүтэй. Дүү минь ширээний теннисээр нэг хэсэг хичээллэж байгаад өөрийн сонирхлоор урлаг руу урвасан. Одоо уран бүтээлээ Emma нэрээр поп урсгалаар туурвиж байгаа.
-Тэмцээний тов ойртох тусам тамирчдын сэтгэл зүй өөр болдог юм билээ. Та тайван байдаг уу, эсвэл догдолж сандардаг уу?
-Ширээний теннис жүдо, бокс, чөлөөт бөх шиг жин, нас хязгаарладаггүй. Тэмцээн эхлэхээс сарын өмнө хоолоо сойж, өрсөлдөгчидтэйгөө хэрхэн тоглож, амжилт гаргах талаар боддог. Тоглолтынхоо гаргалгааг заримдаа зүүдэндээ харах нь ч бий. Тоглолтын өмнөх долоо хоногт анхаарлаа төвлөрүүлж, хүмүүстэй тэр бүр яриа өрнүүлдэггүй. Харин тэмцээн өндөрлөсний дараа тайвширч, хэд хоног юу ч бодохгүй амардаг.
-Сэтгэлд тань дурсамж болж үлдсэн тэмцээнийхээ тухай яриач.
-Германы Дортмунд хотод 2012 онд болсон багийн ДАШТ-д манай тамирчид С.Галбадрах багшийн удирдлагад Е хэсэгт тоглон, тэргүүлж, 97 дугаар байр луу урагшлан, V зэрэглэлд тоглох эрх авсныг дээр хэлсэн. Тэр тэмцээнд багийн ахлагч, улсын дөрвөн удаагийн аварга Л.Алтантулга нэг, би хоёр, улсын хоёр удаагийн аварга Б.Билэгт гурав, Б.Баатарсүрэн дөрөв, Б.Батдэлгэр тавдугаар ракитаар нэг баг болж тоглосон. Аваргын төлөө Шри Ланкагийн багтай оноо 2:2 болж тэнцэхэд сүүлийн шийдвэрлэх тоглолтыг би хийж, багтаа хожил авчирсан мөчийг санахад сайхан байна.
-Шийдвэрлэх тоглолтоос багийн хувь заяа шалтгаалах тул Таны хувьд хүндхэн үүрэг байж.
-Тийм шүү, тэр үед Л.Алтантулга хоёр хожиж, Б.Билэгт бид хоёр ялагдчихсан байлаа. Тэнцсэн хоёр багийн аль нэгийнх нь оноо гурав болж, аваргаар шалгарна. Хэрвээ би ялагдвал багаа баллах гээд байлаа. Тэгээд ч сэтгэлд онцгүй мэдрэмж үлдэх тул хамаг хүчээ дайчилж, хожлыг өөрийн талд эргүүлж, нөхдөө аварсан. Бид уулзахаараа тэр тэмцээнийг дурсах дуртай.
-Хятадын тамирчин Ма Лонг, Зан Жике нартай Азийн АШТ-д өрсөлдөхдөө сонирхолтой тоглосныг тань сонссон.
-БНХАУ-д 2015 онд зохион байгуулсан Азийн АШТ-д улсын дөрвөн удаагийн аварга ОУХМ Я.Бэгз ахтай дан хосын төрөлд, шилдэг 32-т олимпын аварга, Зан Жике, Ма Лонг нартай тоглохдоо 3:1-ээр хожигдсон. Япон, БНСУ, БНХАУ-ын шилдэг тамирчидтай тоглож, нэг парт хожно гэдэг хэцүү байлаа. Биднийг тэдэнтэй тоглохоор болсныг мэдсэн Казахстан, Узбекистан, Киргизийн тамирчид “Та хоёрт амжилт хүсье” гэсэн мөртлөө нэг л шоолонгуй харж байлаа. Тэдэнд эхний тоглолтод хожигдож, дараагийнхад нь хожиж, оноо тэнцэхэд үзэгчдийн харц, хамаг анхаарал тоглолтын ширээнд төвлөрсөн. Бидний хувьд тэр тоглолт Азид болсон тэмцээнүүдээс хамгийн сонирхолтой нь байв.
-Тамирчны карьераа өндөрлүүлээд дасгалжуулагчаар ажиллах бодол бий юү?
-Би “Шинэ өнөөдөр” хувийн бүрэн дунд сургуулийн шигшээ багийн 10 гаруй сурагчийг хоёр жил дасгалжуулж байна. Тус сургуулийн захирал Д.Баянмөнх энэ спортод элэгтэй, түүний хүүхдүүд ч хичээллэдэг. Тэрбээр сургуулийнхаа биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт ширээний теннисийг багтаасан юм. Миний хувьд хойшид өөрийн клубээ байгуулж, гарын шавь нараа бэлдэх бодол бий.
-Ширээний теннисний тамирчид бэртэх нь харьцангүй бага. Гэтэл спортын хамгийн хүнд төрөлд багтдаг нь ямар учиртай юм бол?
-Ширээний теннис спортын хүнд төрлүүдэд багтдаг. Тамирчид олон цаг тасралтгүй хөдөлж, бэлтгэл хийх үедээ ч зөөлөн эд, гар, мөрнийх нь шөрмөс сунах, тасрах, урагдах зэргээр дотуур бэртэл их авдаг. Тиймээс тоглолтын техникүүдийг эхнээс нь зөв сурч, сайтар эзэмших хэрэгтэй. Тоглолт эхлэхээс 30 минутын өмнө бүх үе мөчний сунгалтын дасгал хийж, биеэ халаасан байх ёстой. Өөрийн туршлагаас хуваалцахад энэ спортоор хичээллэхдээ зорилгоо эхлээд тодорхойлох хэрэгтэй. Мэргэжлийн тамирчин цаашлаад дасгалжуулагчаар ажиллахаар бол бэлтгэл хийх цаг, заваа ч гэсэн тооцоолох нь зүйтэй. Тууштай хичээллэхээр зоривол багшаа зөв сонгож, үргэлжлүүлэх нь чухал. Өөртөө итгэлтэй хүнд амжилт ойрхон байдаг. Ямар ч үед өөрийгөө бүү гол, хэзээ ч битгий бууж өг. Олон жилийн хөдөлмөр, хичээл, зүтгэлийн дүнд амжилт ирдэг. Энэ ташрамд, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, хамт олон, МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга, үе үеийн удирдлага, Монголынхоо үзэгчдэдээ баярласнаа илэрхийлье.