Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- ын гишүүн Г.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Вакцинд хамрагдаагүй иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхгүй гэж Засгийн газар мэдэгдлээ. Хуульд зааснаар дархлаажуулалт нь сайн дурын, заавал хийлгэх, сэргийлэх тарилга гэсэн төрөлтэй. Ингэж албадлагын арга хэмжээ авч болох уу?
-Дархлаажуулалтын тухай хуулиар тогтоосон эдгээр гурван ангиллын алинд нь коронавирусийн вакциныг хамааруулах тухай албан ёсны шийдвэрийг эрх бүхий байгууллагаас гаргаагүй байгаа. Гэхдээ Шадар сайд ХЭҮК-т ирүүлсэн албан бичигтээ вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр явуулна гэж мэдэгдсэн. Сайн дурын үндсэн дээр дархлаажуулалт хийж байгаа тохиолдолд вакцинд хамрагдаагүй иргэний төрөөс эд мөнгөний тусламж хүртэх, зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг шийтгэлийн арга хэмжээ авах эрх зүйн үндэслэлгүй. Хувийн хэвшлийн зарим байгууллага дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах шийдвэр гаргасан талаар манайд гомдол ирүүлсэн юм. Үүний мөрөөр уг зөрчлийг таслан зогсоохоор комиссын гишүүний шаардлагыг холбогдох хуулийн этгээдэд хүргүүлсэн.
-Коронавирусийн вакцины үр дүн, сөрөг нөлөөллийн талаар бүрэн мэдээлэл алга учир иргэд хийлгэх, эсэхээ шийдэж чадахгүй байх шиг. Тэгэхээр Засгийн газраас үүний талаар баталгаатай, бүрэн дүүрэн мэдээллээр хангах ёстой байх, тийм үү?
-Дархлаажуулалттай холбоотой мэдээллээр иргэдийг бүрэн дүүрэн хангах нь Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн Засгийн газрын үүрэг. Вакцины талаарх мэдээлэл хангалтгүй байна гэх иргэдийн шүүмжлэл үндэслэлтэй. Коронавирусийн халдварын эсрэг хүн амаа дархлаажуулах бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө, “Пфайзер”, “АстраЗенека”, “Спутник-V”, “Вероселл” вакциныг манай улс зөвшөөрч, баталгаажуулсан шийдвэр, үүний шинжлэх ухааны үндэслэл, вакцины найрлага, хориглох заалт, тарилгын дараа гарч болох хүндрэл, энэ үед авах арга хэмжээний төлөвлөгөөг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй арга хэлбэрээр түгээх ёстой. Мэдээлэл нээлттэй, ил тод байна гэдэг нь зөвхөн хүний эрхийг хангаж байгаа хэрэг биш, төр ба иргэний итгэлцэл, хамтын ажиллагааны үндэс учраас удирдлага, зохион байгуулалтын хувьд ч чухал асуудал юм.
-Засгийн газрын мэдэгдэлтэй холбоотойгоор иргэдээс ХЭҮК-т ямар нэг өргөдөл, гомдол ирүүлсэн үү. Танайхаас Засгийн газарт шаардлага, зөвлөмж хүргүүлсэн болов уу?
-Засгийн газар, эрх бүхий бусад байгууллагад бид энэ талаарх байр сууриа албан ёсоор илэрхийлсэн. Тухайн мэдээлэл хийсэн өдөр буюу өнгөрсөн лхагва гарагт нийслэл болон орон нутгийн иргэдээс ХЭҮК-т 13 гомдол ирүүлсэн юм. Тухайлбал, дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилгоор шийтгэл, урамшууллын арга хэмжээ авахаар болсон, суурь өвчтэй, тарилгын дараах хүндрэлд мэдрэг байж болзошгүй хүмүүст вакцинд хамрагдахыг тулгаж байгаа, Засгийн газраас өмнө нь мэдэгдсэний дагуу “Спутник-V” вакцин хийлгэхээр төлөвлөсөн хүмүүст сонголт хийх боломж олгоогүй, вакцины талаарх мэдээлэл хангалттай биш зэрэг асуудал үүнд багтаж байгаа. Одоогоор эдгээрийг шалгах, нөхцөл байдлыг нь үнэлж, дүгнэх ажиллагаа явуулж байна.
-Вакцинд хамрагдсан хүмүүсийг л орон нутаг руу зорчуулах боломжтой гэх зэргээр иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа нь зөв үү. Үүнээс үүдэж хувийн хэвшлийн байгууллагууд ч хүртэл вакцинд хамрагдсан, эсэхээс шалтгаалж үйлчилгээ үзүүлнэ гэх боллоо.
-Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт нь хүний эрх, нийтийн эрх ашгийн эмзэг, зохистой тэнцвэрийг олох шаардлагыг бий болгож байна. Тодруулбал, хүн амаа дархлаажуулж, хэвийн амьдралдаа эргэн орох гарцаагүй шаардлага бий. Улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргааны байдал, сурч боловсрох, чөлөөтэй зорчих гээд бусад олон эрх, эрх чөлөөний өнөөгийн нөхцөл үүнийг шаардаж байна. Олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын зөвлөснөөр хүн амын гуравны хоёрт нь коронавируст халдварын эсрэг дархлаа үүсвэл сүргийн дархлаа тогтоно гэсэн. Харин Монгол Улс хүн амынхаа 60 хувийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Нөгөөтээгүүр, коронавирусийн халдвар, вирусийн шинэ хувилбарууд, вакцины үр нөлөө, тарилгын дараах хүндрэлийн талаарх мэдээлэл бүрэн дүүрэн биш нөхцөлд дэлхий нийтээрээ эрсдэлтэй сонголт хийж байгаа. Шинжлэх ухааны мэдээлэл нь хангалттай тодорхой биш ийм нөхцөлд эрсдэлтэй хүн амаа хамгаалах, вакцинжуулалтыг болгоомж, хяналттай явуулах шаардлагатай. Ялангуяа хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэй болон хорт хавдар зэрэг хүнд өвчтэй, дархлаа султай хүмүүсийг вакцинд хамруулахад онцгойлон болгоомжтой хандаж, эдгээр иргэнд чиглэсэн албадлага, урамшууллын арга хэмжээ хэрэглэхгүй байх нь зөв. Мөн коронавируст халдварын эсрэг дархлаажуулах тарилгын дараах хүндрэлийг магадлан тогтоох, эрсдэл учирсан иргэдийг мэдээллээр ханган, эмчлэх чиглэлээр бодлого, төлөвлөгөө нэн яаралтай боловсруулах шаардлагатай.
-УИХ-ын нэр бүхий гишүүд өлсгөлөн зарлаж байна. Тэдний нөхцөл байдлыг сурвалжлах сэтгүүлчид болон дулаан хувцас, дэвсэх олбог хүргэж өгөх гэсэн иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Энэ талаар танайхаас ЦЕГ-т шаардлага хүргүүлсэн. Үүнд хариу өгсөн үү?
-Үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа тохиолдолд өлсөгчдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах нөхцөлийг төр үүсгэх ёсгүй. Хүний амь нас, хүн оршихуйн цөмийг хүндэтгэх, хамгаалах нь Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн эрх зүйн амин сүнс юм. Тиймээс өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж хуурай дэвсгэр, дулаан хучлага, хувцас, салхины хаалтаар хангах, бие засах, бүлээн ус уух, эмнэлгийн тусламж авах боломжийг нэн даруй бүрдүүлэхийг ЦЕГ-аас ХЭҮК шаардсан. Үүний мөрөөр хуурай, эсгий дэвсгэрийг нэн даруй оруулж, эмнэлгийн тусламж үзүүлэн, заасан хугацаанд буюу нэг хоногийн дотор ЦЕГ-аас хариуг нь бичгээр ирүүллээ. Уг албан бичигт цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын нөхцөл байдал, халдвар тархахаас хамгаалах шаардлага, хэрэгжүүлэх ёстой хууль тогтоомжийн талаар мөн тайлбарласан байна.
-Цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг цагдаа дуудаж, байцаалт авч байна. Үндсэн хуулиар олгосон иргэний эрхийг ингэж хязгаарлах нь зөв үү?
-Энэ асуултад нийтлэг байдлаар хариулах боломжгүй. Аливаа хязгаарлалт нь үндэслэлтэй, олон нийтийг худал мэдээлэл, төөрөгдлөөс хамгаалах зорилгодоо нийцсэн, эсэх нь тухайн нөхцөл байдал, тодорхой хэрэг тохиолдлоос хамаарна. Нэг талаас олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг хязгаарлах, нийтийн дэг журам, тайван байдлыг хамгаалах шаардлага бий. Ялангуяа цар тахлын нөхцөлд энэ нь чухал ач холбогдолтой. Нөгөө талаас худал мэдээлэл түгээхийг хориглосон эрх зүйн зохицуулалт нь хэтэрхий өргөн хүрээтэй, хууль зүйн ойлголтууд, түүний хэрэглээ нэг мөр биш байгаагаас иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах эрсдэл үүсгэж буйг УИХ-д өргөн барьсан, 20 дахь илтгэлдээ онцолсон. ХЭҮК-ын цахим хуудаснаас уг илтгэлийг бүрэн эхээр нь үзэх боломжтой. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол зөв, буруу, алдаа, оноогоо ил ярилцах, шүүн тунгаах боломжийг олон нийтэд олгодог, төрийн үйл ажиллагаа ил тод, итгэх үнэнтэй байхын суурь юм. Тиймээс энэ эрх чөлөөний хязгаарлалтыг боломжит хамгийн бага түвшинд тогтоох ёстой.
-Ялалтын талбай, тэр орчмын газраар алхаж, салхилах гэсэн хүмүүсийг явуулахгүй, хөөж туусан гэх иргэдийн мэдээлэл байна. СЕХ, эрх бүхий байгууллагыг хамгаалах нэрээр мөрөөрөө явж буй иргэдийг ингэж хөөж туух нь зөв үү?
-Энэ талаарх мэдээллийг ХЭҮК-т ирүүлсэн. Үүний мөрөөр хязгаарлалт тогтоосон шийдвэрийн хууль зүйн үндэслэл, авсан арга хэмжээ нь тавьсан зорилгодоо тохирсон, эсэхийг хянан, эрх зүйн баримт бичгүүдийг судалж, холбогдох албан тушаалтнуудаас нь тайлбар авна. Ажиллагаа дууссаны дараа үр дүнг нь мэдээлье.
-Нийслэлийн оршин суугчид 28 хоногийн хугацаанд хатуу хөл хорионд байлаа. Энэ хугацаанд хүний эрхийн зөрчил хэр нэмэгдсэн бол. Танайд ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх нь ямар төрлийн зөрчил байна вэ?
-Гомдол мэдээллийн тоо эрс нэмэгдэж байна. 2020 онд 793 гомдол, мэдээлэл хүлээн авсны 119, 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 450 гомдол ирүүлсний 79 нь цар тахлын эсрэг төрөөс авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай холбоотой байлаа. Сүүлийн долоо хоногт ирүүлсэн, дархлаажуулалттай холбоотой албадлагын арга хэмжээний талаар гаргасан гомдол, мэдээллийн тоо үүнд багтаагүй. Зорчих, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай гомдол, мэдээлэл зонхилж байна.