Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулийн 4а ангийн сурагч Г.Мишээл ширээний теннисээр хичээллэж, богино хугацаанд амжилт гаргаж яваа өсвөрийн тамирчдын нэг. Түүнийг “Friends” клубт хичээллэхээр хөл тавихад авьяас, ур чадварыг нь хөгжүүлж, ахиулахад дасгалжуулагч Ж.Болд, Ш.Оюун багш нарын хичээл зүтгэл их нөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн аравдугаар сард Баянгол дүүрэгт зохион байгуулсан өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд удаалж, мөнгөн медаль хүртсэн юм. Түүнийг “Шинэ танил” буландаа онцоллоо.
-Ширээний теннисээр хэзээнээс хичээллэсэн бэ?
-2018 оны аравдугаар сараас эхэлж хичээллэсэн. Багш нарынхаа хичээл зүтгэлийн ачаар богино хугацаанд амжилт гаргаж байгаа. Би Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулийн 4a ангид сурдаг. Өнгөрсөн намар зохион байгуулсан Баянгол дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж багш, гэр бүл, ангийн хамт олон, найз нөхдөө баярлуулсан. Тэр үед медалиа харахад сэтгэл өөрийн эрхгүй огшиж билээ. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн сурагч Үжин байлаа.
-Өрсөлдөгчөөсөө суралцах зүйл хэр их байв?
-Тэмцээнд чадварлаг олон өрсөлдөгчтэй таарсан. Тэр дундаас Үжингийн эргэлттэй цохилт тун сонирхолтой, бүр гайхалтай санагдсан. Түүний тоглолтоос суралцах олон давуу тал харагдсан. Намайг мөнгөн медаль хүртэхэд аав “Миний охин сайн тоглолоо, баяр хүргэе, хайртай шүү” гэж урам хайрласан.
-Тамирчин хүн тэмцээнд оролцохдоо багш, баг хамт олон, хичээллэдэг клубийнхээ нэр хүндийг өргөхийг их хичээдэг шүү дээ?
-Миний хувьд үүнийг тамирчин хүний хариуцлага гэж ойлгодог. Ж.Болд багш намайг аваргын төлөө тоглохоор гарахын өмнө “Өрсөлдөгчөө сайн мэдэрч тогло. Эмээж сандралгүй, өөрийнхөө ур чадварыг гаргаж тайван тоглоорой” гэж хэлсэн.
-Медаль хүртсэнийг ангийн тань нөхөд сонсоод хэрхэн хүлээж авав?
-Тэмцээн өндөрлөсний дараа медалиа зүүгээд ангидаа ороход багш, ангийн нөхөд минь баяр хүргэж, сэтгэл өндөр угтсан. Хамт олныхоо баярласан харцыг харахад надад ч сайхан сэтгэгдэл төрсөн. Би энэ спортоор хичээллэснээс хойш аливаа зүйлд тайван, хүлээцтэй ханддаг боллоо. Спорт намайг өмнөх үеэс минь өөрчилж чадсанд үргэлж баярладаг. Энэ ташрамд, үеийнхээ хүүхдүүдэд “Аливаа зүйлд хичээл зүтгэлтэй байвал амжилтад хүрдэг юм шүү” гэж хэлье