Казахстаны Алматы хотод зохион байгуулсан бөхийн төрлүүдийн олимпын эрх олгох, мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид амжилттай оролцож, хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль өвөртөлж, багийн нийлбэр дүнгээр тивдээ анх удаа тэргүүлж, цом гардсан. Тус тэмцээний 55 кг-ын жинд хүч сорьсон “Саха-2016” Азийн хүүхдийн спортын наадмын аварга, “Наньжин 2014” залуучуудын олимпын мөнгө, “Монголиа опен” тэмцээний алт, мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Налайх дүүрэг, зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ОУХМ М.Дөлгөөн түрүүлж, Монгол Улсаас тивийн аварга алдрыг хүртсэн 23, эмэгтэйчүүдээс ес дэх тамирчин болсон юм. Түүнтэй ярилцлаа.
-Та чөлөөт бөхөөр амжилт гаргаж яваа залуу тамирчдын нэг. Энэ спортод тэгтэл их дурлаагүй охиноо аав, ээж тань “ятгасаар” байгаад урвуулчихсан гэл үү?
-Тийм ээ, бөхийн спортод их сонин тохиолдлоор хөл тавьсан. Налайх дүүргийн чөлөөт бөхийн тамирчдаас Б.Батцэцэг эгч “Сингапур-2010” залуучуудын анхдугаар наадамд оролцож, алтан медаль хүртсэн. Түүнийг тамирчид “Баавгай” гэж хочилдог юм. Би тэр үед бөхийн спортын тухай ойлголтгүй, эмэгтэйчүүд барилддагийг ч мэддэггүй байв. Түүнийг чөлөөтөөр хичээллэдгийг анх сонсчихоод “Ямар сонин юм бэ, эмэгтэй хүн эрчүүд шиг барилддаг юм байх даа” гэж гайхдаг байлаа. Тэгтэл нэг өдөр Налайхынхан баяр хөөр болж, түүнийг их сүртэй угтаж авав. Надад тэр үед “Эрэгтэй хүүхдүүдтэй ноцолдоод унагачихдаг юм чинь чөлөөт бөхөөр хичээллээд үзье” гэх бодол төрсөн.
Үүнээс хойш нэг жилийн дараа дасгалжуулагч Б.Мөнхбаяр багшийн шавь болохоор зорьж очлоо. Дэвжээнд бэлтгэл хийсэн анхны өдрөө тамирчдад навсайтлаа шидүүлж, босох тэнхэлгүй болтлоо халуурч, хичээлдээ хэд хоног яваагүй. Хамаг бие булран өвдөх үед “Миний хичээллэх спорт энэ лав биш байна. Дахиж тийшээ хэзээ ч зүглэхгүй” гэж шийдсэнээ аав, ээждээ хэлтэл тун дурамжхан “Чи эрэгтэй хүүхдүүдтэй барилдаад унагачихдаг бяртай шүү дээ. Биеэ илааршихаар бэлтгэлдээ яваарай” гэсэн. Гэрийнхэндээ бэлтгэл хийж байна гэж худал хэлж, ангийнхантайгаа сургууль дээр өнжиж, орой харина. Багшийг “Чи яагаад бэлтгэл таслаад байна, дэвжээндээ ир” гэхээр нь “Хичээлдээ яваад амжихгүй байна” гэж зална. Хуурч байгааг аав удалгүй мэдэж, хоёр өдөр баахан зэмлэлээ. Би хүүхэд байхдаа хурдан морь унаж өссөн. Унаач хүүхдүүдийн дурлаад байдаггүй догшин морийг унаж уралддаг байсан. Аав, ээж минь намайг тэр үеэс хүчтэй болохыг мэдэж, бөхийн спортоор хичээллэхийг дэмжих болсон. Дуртай үедээ бэлтгэл хийж, дургүйгээ хүрэхээр тасалж явсаар тэр жил Дархан-Уул аймагт зохион байгуулсан өсвөр насныхны олон хотын нээлттэй тэмцээнд анх удаа оролцож, мөнгөн медаль хүртээд их урам авсан даа.
-Түүнээс хойш дэвжээндээ дуртай ирдэг болж, бэлтгэл таслах талаар дахиж бодоогүй байх, тийм үү?
-Багш намайг “Наньжин 2014” залуучуудын олимпын II наадамд оролцуулахаар бэлтгэж, “Чи Б.Батцэцэг эгчийнхээ амжилтыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Би чамайг дасгалжуулна” гэв. Тайландад болсон өсвөрийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж, тус наадамд оролцох эрх авсан. Залуучуудын олимпын спортын төрлүүдэд өрсөлдсөн Монголын таван тамирчнаас медаль хүртсэн нь би байлаа. Наньжины дэвжээнээс мөнгөн медаль зүүхдээ энэ спортын гайхамшгийг мэдэрч, багшаараа бахархсан.
-Өөрийг тань оролцсон тэмцээнүүдээсээ медаль хүртэж, шагналын буухиагаа таслалгүй өдий хүргэсэн тухай тамирчдаас сонссон.
-Надад олон зорилго бий, түүний нэг нь дэлхийн аварга болох. Миний хувьд 2012 он амжилт далласан жил байлаа. Залуу тамирчид тэр үед өсвөрийн УАШТ-д оролцохын тулд бүсийн тэмцээнээс эрх авдаг байв. Сэлэнгэ аймагт болсон бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлээд, УАШТ-д өрсөлдөж аваргаар шалгарлаа. Нэрэмжит тэмцээнээс мөнгө, хүрэл авдаг охиныг хүмүүс тэр үед түрүүлнэ гэж бодоогүй байх. Би тэр жил хилийн дээс анх удаа алхаж, Якутын Сахад болсон Азийн хүүхдийн спортын наадамд оролцсон юм. Тэмцээнд аваргын төлөө Казахстаны бөхөд нэгдүгээр үед 6:0, хоёрдугаархад 3:0-ээр хожигдчихлоо. Түүнд дахиад давхар хамуулбал ялагдах байсан тул мушгих мэх хийж, цэвэр хожсон. Багшаас сурсан энэ мэх намайг ялагдахаас олон удаа аварсан. Азийнхан бөхийн төрлүүдэд одоо ч тэргүүлдэг хэвээрээ. Тивийн АШТ-д шилдгүүд оролцдог болохоор их өрсөлдөөнтэй. Би БНХАУ-ын Шиан хотод 2019 онд зохион байгуулсан насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцож хүрэл, дараа жил нь Энэтхэгт болоход мөнгө, энэ жил Казахстаны Алматыд тэргүүлж, алтан медаль хүртлээ. Энэ мэтчилэн жил бүр амжилтаа ахиулсаар тивийн аваргаас иж бүрэн медальтай болсон.
-Алматыгийн дэвжээнд хүндхэн учраануудтай таарсан. Тэднээс хамгийн хүчтэй өрсөлдөгч тань БНСУ-ын бөх байсан уу?
-БНСУ-ын тамирчин Ким Хьон Жо надаас эгч, олимпын хоёр ч наадамд оролцсон болохоор туршлагаар илүү. Надтай учраа таарах бөхчүүдээс түүнийг л хүчтэй өрсөлдөх болов уу гэж таамаглаж байлаа. Тэнд очоод тамирчидтайгаа бэлтгэл хийх үедээ БНХАУ, Японы бөхчүүд цар тахлын улмаас тэмцээнд оролцохгүй болсныг мэдсэн. Дэлхийн чөлөөт бөхийн холбооны сайтад тавигдсан жингийнхээ тамирчдын нэрийг харж, барилдааныг нь судалж үзээд, тактик боловсруулсан. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга багш бидэнд “Та нар өрсөлдөгчийнхөө барилдаанаас гоё мэхийг бус алдааг нь түрүүлж хар. Сул талыг нь олж мэдвэл хожих боломжтой” гэж хэлсэн. Узбекистаны Мадина Усмонжонова, Казахстаны Айша Уалишан, БНСУ-ын Ким Хьон Жо нарын бичлэгийг үзэхдээ давшиж барилддагийг нь мэдэв. Миний хувьд хамгаалж барилдвал оноо алдах магадлалтай тул хөл авбал зүгээр юм байна гэж бодож, тэдний адил довтолж барилдахаар шийдсэн. Азийн аварга болчихоод Төрийн дууллаа сонсож огшсон тэр баярт мөчийг үгээр илэрхийлэхэд багадмаар санагдаж байна.
-Аваргын төлөөх барилдаанд Ким Хьон Жог амархан буулгаж авсан. Түүнийг ялсан тухайгаа сонирхуулж яриач.
-Тэрбээр маш тайван барилдсан. Өрсөлдөгчдөө сэтгэл зүйн байдлаа тийм ч амархан харуулах бөх биш шиг санагдсан. Түүнтэй хүч сорихоор дэвжээнд гарахдаа ялах зорилготой гарсан, түүнийгээ ч хэрэгжүүлсэн. Аваргын төлөөх барилдаанд 3:0-ээр хожиж яваад алдааг нь ашиглаж цэвэр дарсан. Тамирчин хүн өрсөлдөгчөө хожихын тулд хурдан сэтгэх ёстой. Барилдааны явцад сэтгэл зүйн байдлыг нь мэдэрч, сул талыг нь анзаардаг байх хэрэгтэй. Түүнээс биш өөрт байдаг хэдэн мэхээ хийгээд хожих гэж улайрвал амжилт гаргахгүй.
-Азийн аварга болсон баярт мэдээг ойр дотнынхоо хүмүүсээс хэнд түрүүлж дуулгав?
-Эмээдээ, дараа нь багш, аав, ээждээ дуулгасан. Би эмээдээ маш их хайртай. Намайг энэ спортод хөл тавьсан цагаас өнөөг хүртэл тууштай дэмжиж ирсэн. Тэмцээний өмнө бие халаалт хийж байгаад нүдээ бага зэрэг гэмтээчихсэн юм. Хоёр тойргийн барилдааны дараа хөхөрч, хавдсан нүднийхээ зургийг эмээ рүү явуултал өөдөөс “Чи наад нүдэндээ битгий санаа зов, орой сайн барилдаж түрээлээрэй” гээд зоригжуулж билээ. Аварга болчихоод дахин холбогдоход “Эмээ нь маш их бахархаж байна. Миний охины нүд нь яаж байна вэ” гэж санаа нь зовнингуй асуусан. Би Налайх дүүргийн унаган иргэн. Манай дүүргээс төрсөн алдартай тамирчид бий. Тухайлбал, үндэсний болоод чөлөөт бөхөөс Гавьяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат агсан, улсын начин, Гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Адъяатөмөр, мөн Гавьяат дасгалжуулагч А.Цэрэнсодном багш, ОУХМ Б.Батцэцэг эгч нар байна.
-Чөлөөт бөхийн спортод цахиур хагалж, амжилтад хүрсэн нэгэн үеийн тамирчдыг хоёр том тэмцээнээс медаль хүртэхийг хараад баярлаж л суулаа.
-Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид одоогоор Токиогийн олимпод оролцох долоон эрх авсан. Эмэгтэйчүүдээс 62 кг-д оролцох эрх л дутуу байна. Болгорын Софи хотод энэ сарын 6-9-нд зохион байгуулах олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнтэй. Энэ жинд эмэгтэйчүүдээс Х.Болортуяа эрх авахаар өрсөлдөнө. Тэмцээний дараа манай таван бөх, гурван дасгалжуулагч тус улсыг зорилоо. Тэднийгээ амжилттай оролцож, эрх авна гэж найдаж байгаа. Олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдсөн тамирчдаас 57 кг-ын жинд хүч үзсэн Б.Хонгорзулын барилдаан тун сонирхолтой санагдсан. Өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчдөө хожин, Төрийн далбаагаа мандуулж Токиог зорих эрх өвөртөлсөн түүний авьяас, ур чадвар, хичээл зүтгэлээр бахархаж байгаа.
-Өөрийг тань тамирчдын адил спортын зовлон, жаргалыг туулж, амжилтаас атгасан гэж боддог шүү.
-Миний хувьд харамсахгүйн тулд эцсээ хүртэл тэмцэх дуртай. Хилийн дээс алхаад л эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөхийг хичээдэг. Оролцсон тэмцээнээсээ медальгүй ирсэн удаа ч бий. Тийм үед “Би чадахгүй гэсэн сөрөг сэтгэлгээгээ таягдан хаяж чадна гэсэн итгэл найдвар тээх үед амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг төсөөлөөд үз” гэж өөртөө хэлж ялагдлаа ялалт болгохыг зорьдог байв. Дардан замаар замнаж амжилтаас атгадаг тамирчин байдаггүй юм. Уналт, босолтын аль алийг нь үзэж урагшилдаг. Надад бөхийн спортоос эргэж, буцсан удаа олон. Хоёр жил барилдаад дорвитой амжилт гаргаагүй тул болихоор шийдэн, ажил хийж явсан үе бий. Хүн өөрийнхөө дуртай зүйлээс хэзээ ч холдож чаддаггүй. Эргэлзсэний эцэст дэвжээндээ ирж, өөрийгөө ялсандаа одоо ч талархдаг. Тэр үед өөрөөсөө ийм сайхан спортыг яах гэж орхих гэж байв даа гэж асууж билээ. Амжилт гаргахад багшийн минь хичээл зүтгэл, гэр бүл, баг хамт олны уур амьсгал, хандлага их нөлөөлсөн шүү.
-Таны шүтдэг тамирчин хэн бэ?
-Надад эгч нарынхаа барилдаанаас сурсан зүйл их бий. Чөлөөт бөхөд хөл тавиад удаагүй байхдаа Б.Батцэцэг эгчийн барилдааныг сонирхож хардаг байв. Мэргэжлийн тамирчин болж, дэлхийн дэвжээнд гарч үзсэнийхээ дараа АНУ-ын тамирчин, ДАШТ-ий хошой алт, “Рио 2016” олимпын наадмын аварга Хелен Марелиусийн ур чадварыг шүтдэг болсон. Тэрбээр дэвжээнд үзэгчдийг алмайруулсан сонирхолтой, шийдэмгий барилдаануудыг харуулдаг. Түүний өөртөө итгэлтэй дайчин зан, биеэ авч яваа байдлаас олон тамирчин суралцдаг юм билээ. Монголын бөхчүүдээс Гавьяат тамирчин О.Бурмаа эгчээс үлгэр дуурайл авдаг. Тэрбээр гурав дахь удаагаа олимпын наадамд оролцох гэж байна. Айлын эзэгтэй, ээж болсон хэрнээ спортын талбараас холдоогүй. Үеийнх нь бөхчүүд тамирчны карьераараа өндөрлүүлж, зодог тайлж байхад тэрбээр амжилтаа ахиулсаар явна.
-Тамирчдын дунд медалиа тоолж болдоггүй гэдэг үг байдаг. Ямар учиртай юм бол?
-Тийм ээ, тамирчид ингэж ярьдаг. Би оролцсон тэмцээн болгоноосоо медаль хүртдэг, гэхдээ тоолж байгаагүй. Гэрийнхээ хойморт залсан медалиудаа харж урам зориг, эрч хүч авдаг.
-Та Тайландад 2014 онд болсон өсвөрийн АШТ-ээс хүртсэн хүрэл медалиа дурсаж ярих дуртай гэсэн. Тэр тэмцээн өөрийг тань тэгтэл их сорьсон хэрэг үү?
-Надад тэр тэмцээн мартагдахааргүй дурсамж үлдээсэн. Би амжилт гаргахын тулд жин хасаж, маш их ядарч билээ. Босож чадахгүй багшаараа түшүүлээд хөл дээрээ арай ядан алхаж байв. Намайг олон талаар сорьсон тэмцээн байсан тул одоо ч эргэн санадаг. Өөрт байгаа бүхнээ гаргаж, хүртсэн хүрэл медаль миний хувьд их үнэ цэнтэй. Тиймдээ ч шагнал дундаас хүрэл медалийг хамгийн сайхан нь гэж боддог. Тэмцээн, тэмцэл гэж юу байдгийг мэдрүүлж, хойшид аварга болох зорилго, тэмүүлэл төрүүлдэг. Хожигдвол хоосон буцах, ялбал шагналын тавцанд зогсохыг шийддэг тул тамирчид энэ медалийн төлөө бүх зүйлээ шавхдаг юм шүү дээ.
-Тэмцээний дараа барилдааныхаа бичлэгийг үзэж, ямар алдаа гаргаснаа олж харав уу?
-Энэ удаагийн тэмцээнд өрсөлдсөн тамирчдын барилдааны бичлэгийг үзээд өөрөө ч багагүй алдаа гаргаснаа анзаарч, дүгнэлт хийлээ. Миний хувьд хойшид хөлөө хамгаалж, гараа сайн ажиллуулах ёстойг ойлгосон. Бөхчүүд тэмцээнээс тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулдаг ч дэвжээнд алдаа гаргахгүй барилдах нь ховор. Өмнөх дутагдлаа давтахгүйн тулд засаж чадсан нь амжилт гаргадаг. Тухайлбал, бусад орны тамирчид тэмцээний төгсгөлд шийдэмгий мэх хийж, өрсөлдөгчөө ялсан бол манайхан эхэн үед идэвхтэй, дайчин барилдаад төгсгөл хэсэгт хожигдож байгааг энэ удаа ажиглалаа. Манайхантай учраа таарсан бөхчүүдийн олонх нь цаг дуусахаас өмнө амжиж, төлөвлөсөн тактикаа гаргаж барилдсан.
-Танд амралтын өдөр цөөн олддог байх. Чөлөөт цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлдэг вэ?
-Долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийдэг тул амрах зав ховор. Амралтын өдрөөр гэртээ тухалж, эмээ, ээжийнхээ зэхсэн хоолыг идэж, алжаал тайлах дуртай. Би бэлтгэлээ тараад эмээ, багшийндаа зочилдог. Надад багшийнх гэр бүлээс минь ялгаагүй санагддаг. Бид Налайхад байхдаа багшийндаа л бужигнаж өнждөг сөн. Тамирчдын байрлах орон байр, хоол хүнс гээд бүх зүйлийг багш, эхнэртэйгээ зөвлөлдөж зохицуулдаг байв. Бидний төлөө багшийгаа ингэж сэтгэл гаргаж байгааг хараад амжилт гаргаж баярлуулах сан гэж боддог юм. Багш минь хаана ч явсан бидэнд нөмөр нөөлөг, түшиг тулгуур болдог. Аварга болсноо дуулгахад баярлаад уйлсан. Манай тамирчид цар тахлын хүнд үед бэлтгэлээ таслахгүй хийж, эрсдлээс айлгүй зориг гарган тэмцээнд оролцохдоо олны итгэл, найдварыг алдалгүй амжилт гаргасан гэж бодож байна.
-Тэмцээнд оролцсон тамирчид одоогоор тусгаарлалтад байгаа. Найзууддаа ирснээ дуулгаж, цахимаар холбогдсон биз дээ?
-Надтай уулзахыг олон хүн хүлээж байгаа. Тэдэндээ эх орондоо ирснээ дуулгаж, санааг нь амрааж баярлуулсан. Надад хоёр сайн найз бий. Бид хүүхэд байхаасаа нөхөрлөсөн болохоор нэгнээ сайн ойлгодог. Арван жил үнэнч нөхөрлөсөн тэднийгээ гадаадад очсон байхдаа санаж их үгүйлдэг юм.
-Энэ спортоор сонирхож хичээллэдэг залууст өөдрөг үгээр урам хайрлаж, мэргэжлийн тамирчин болж амжилт гаргахад юу их нөлөөлдөг талаар зөвлөөч.
-Тамирчин болохоор шийдсэн бол эхлээд зорилгоо зөв тодорхойлоорой. Амжилт амархан ирдэггүй болохоор өөрийг тань үргэлж сорино. Өмнө тань саад бэрхшээл тулгарахад халширч битгий буцаарай. Ялагдсан ч ялна гэдэг зорилгодоо үнэнч үлдэх хэрэгтэй. Хичээж, тэмүүлбэл хэзээ нэгэн цагт мөрөөдөлдөө хүрэх боломж бий. Хэцүү санагдсан бүхнийг бие, сэтгэлийн хатаар даван туулсны ард л амжилтын үүд нээгддэг. Тэр хаалгаар алхах цагт зорилго тань биелсэн байдаг юм гэж хэлье. Энэ ташрамд, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, дасгалжуулагч багш нар, баг хамт олон, гэр бүл, найз нөхөд, намайг үргэлж дэмжсээр ирсэн Налайх дүүргийн иргэд, зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хамт олондоо баярласнаа илэрхийлье.