Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хурлаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Энэ бямба гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ
2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо. Энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгав.
Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын хоёрдахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргах юм. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.
Эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдийн ажлыг гүйцэтгэлээр нь үнэлж байна
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.
Энэ дагуу:
- Цар тахлын эсрэг нэг удаагийн дархлаажуулалтын тун тарихад 5,000
- Цар тахлын халдвар илрүүлэх шинжилгээ, оношилгооны сорьцыг тандалт, судалгааны зориулалтаар цуглуулахад 5,000
- Өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд 70,000
- Хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд хүнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөг байхаар тооцон олгож эхэлжээ.
Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгалаа
Автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна.
Цагааннуур, Боршоо боомт хуваарийн дагуу ажиллаж бүх төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлнэ. Мөн Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс олон улсын ачааны галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллуулах боллоо.
Дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх талаар ОХУ, БНХАУ-тай тохиролцон, Алтанбулаг-Хиагт, Замын-Үүд-Эрээн автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттай нээх, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийг эхний ээлжинд хил нэвтрүүлэхийг Улсын онцгой комисст зөвшөөрөв. Мөн зайлшгүй шаардлагаар хил нэвтрэх иргэдийн асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхыг даалгав.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар боллоо. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгов.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ.
Парк ашиглалтад орсноор:
- “Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх
- Өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих
- Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх
- Дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх
- Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих
- Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх
- Орон нутагт эхний ээлжинд 1,000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай гэж үзлээ.