Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригтой ярилцлаа.
-Манай улсад тархсан мал, амьтны зонхилох өвчний өнөөгийн байдлын талаар яриагаа эхлэхгүй юү. Малд түгээмэл тохиолддог ямар өвчин байна, урьдчилан сэргийлж, эмчлэх талаар авч буй арга хэмжээний тухай тодруулна уу?
-2019 оны эцсээр 70.9 сая мал тоологдсоноос 91.5 хувийг нь өнгөрсөн жил эмчийн урьдчилсан үзлэгт хамруулсан. Үүнээс 0.01-1.2 хувь нь шимэгчтэх болон халдваргүй өвчтэй гэж гарсан. Энэ нь бэлчээрийн аж ахуй эрхэлдэг манай улсын хувьд мал сүрэг нь харьцангуй эрүүл гэдгийг харуулж буй юм. Мөн сүүлийн хоёр жилд гоц халдварт өвчин гараагүй, тайван байв. Гэхдээ зарим гоц, архаг халдварт, шимэгчтэх, халдваргүй хордлого зэрэг зонхилох өвчин, эмгэг бүртгэгдсээр байна. Мөн байгаль, цаг уурын нөлөө, өвс, тэжээлийн хомсдолоос шалтгаалсан малын зүй бус хорогдол нэмэгдэх хандлага бий. Мал эмнэлгийн үйлчилгээг тухай бүрт нь аль болох оновчтой үзүүлж, нийслэл, аймаг, сум, дүүрэг, багийн түвшинд төр, хувийн хэвшлийн эмнэлгийнхэн бүх бололцоогоо дайчлан ажилладаг.
-Сүүлийн нэг жил гаруйн хөл хорионы улмаас малд хийдэг тарилга, вакцины нийлүүлэлт буурч, эмч нар малчдад хүрч үйлчилж чадахгүй болсноос өвчлөл багаслаа. Өөрөөр хэлбэл, зарим вакцин, тарилга, туулга малд ямар ч хэрэггүй харин ч өвчний үүсгүүр байж гэх хүмүүс бий. Энэ талаар та юу хэлэх бол?
-Хөл хорионы улмаас мал эмнэлгийн технологит арга хэмжээ тасарсан, вакцины нийлүүлэлт буурсан асуудал улсын хэмжээнд ер гараагүй. Тухайн жилд урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах малын тоо, шаардах вакцины захиалгыг өмнөх оных нь зургадугаар сард авч нэгтгэн, зардлыг нь төсөвт суулгуулдаг. Улмаар дараа дараагийн шатны ажлыг хийсний дүнд халдварт өвчнөөс сэргийлэх улсын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг. Малд хэрэггүй вакцин, тарилга хийж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг гэдэг ор үндэсгүй, мэргэжлийн бус ойлголт.
-Монголд мал эмнэлгийн салбарт 800 гаруй эм үүнээс 130 орчим антибиотик бүртгэлтэй, хэрэглэдэг гэсэн. Малчид малдаа өгөх эм танг дур мэдэн авах, эмчийн зөвлөгөөг дагахгүй нь олон. Ер нь манай малд ийм олон төрлийн эм хэрэглэх онц шаардлага байдаг, эсэхийг тодруулна уу?
-Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар мал эмнэлгийн хэрэгцээний зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн бүртгэл, үйлдвэрлэл, худалдаа, импорт, экспортын тусгай зөвшөөрлийг хариуцсан Малын эмийн салбар зөвлөл, ерөнхий эмчийн эрхлэх асуудал гэж бий. Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ыг байгуулснаар улсын бүртгэлд буй эм, бэлдмэлд нарийвчилсан шүүлт хийн, дээрх тоог 560 гаруй болгож бууруулсан. Үүнд антибиотикийн төрлийн 81 бүтээгдэхүүн багтсан. Гэхдээ эмийн бүртгэлийн тоо өсөх, буурах нь асуудлын гол нь биш. Учир нь зах зээлд маш олон төрлийн эм, нэмэгдэл тэжээлийн үйлдвэрлэж байгаа бөгөөд хэрэглэгчдэд сонголт өгөх нь зүй. Олон улсад хүлээн зөвшөөрсөн, өндөр үр дүнтэй, сайн чанарын эмийг бид цаашид ч бүртгэнэ. Манайхан малд хэрэглэж буй бүхнийг антибиотик хэмээн ташаа ойлгодог. Манай мал эмнэлгийн салбарт антибиотикийн хэрэглээ хүн эмнэлгийнхээс харьцангуй бага. Өөрөөр хэлбэл, зарим хүний бодож байгаа шиг замбараагүй хэрэглээтэй, сөрөг үр дагавартай зүйл биш. Олон улсын хүнсний эрх зүйн комиссоос жил бүр шинэчилдэг “Хүнсэн дэх малын эмийн хүлцэх дээд хэмжээ ба эрсдэлийн менежмент” стандартын шаардлагаас огт зөрөөгүй. Харин малчид өргөн ашигладаг бэлдмэл бол шимэгч хорхойн эсрэг тарилга, туулга юм. Тэрийг л малын эмчийн заавар зөвлөмжгүйгээр худалдаж авдаг бололтой байдаг. Нэмж хэлэхэд, иргэд vetdrug.mn сайт руу үнэгүй нэвтэрч мал, амьтны зориулалттай эмийн нэрээ оруулан хайхад улсын бүртгэлд байгаа л бол тухайн бүтээгдэхүүний талаарх бүх мэдээллийг харж, сонгоход хялбар болно. Гэхдээ малын эмийн хэрэглээний асуудлаарх зохицуулалтууд, цаашид хийх, шийдвэрлэвэл зохих зүйл цөөнгүй бий.
-“Ивомек” гэдэг тариа хийлгэсэн малын мах эрүүл мэндэд хортой, элэгний вирус үүсгэх нэг шалтгаан болж ирсэн гэдэг нь үнэн үү?
-“Ивомек” гээд нэрлэж хэвшсэнээс энэ нь дотроо ивермектин, авермектиний идэвхт бодис агуулсан олон нэршил бүхий бодис юм. Мал, амьтны шимэгчтэх өвчний эсрэг хавар, намарт хэрэглэдэг. Аль ч эмийг бид зааврын дагуу зөв хэрэглэх шаардлагатай. Манайхан буруу хэрэглэснээс хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх тал бий. Тодруулбал, тухайн эмийн бодисын үлдэгдэл хүний эд эрхтэнд хуримтлагдах, хордлого, харшил үүсгэх нөхцөл болно гэсэн үг. Гэхдээ элэгний вирус үүсгэдэг гэж болохгүй, вирус болон бактерийн өвчнүүд нь өөр ойлголт.
-Малд эм өгөхгүйгээр байгалийн өвс ургамал, усны ачаар өсгөн бойжуулах боломжтой юу. Манай улс малаа бэлчээрлүүлэн өвсний соргогийг идүүлж, усны тунгалгийг уулгадаг учраас хамгийн шимтэй авдаг гэдэг ойлголт алдагдсан хэрэг үү?
-Мал аж ахуйн салбарын хурдацтай өсөлтийг дагалдан эм, био бэлдмэлийн хэрэглээ нэмэгдсээр байна. Уламжлалт аж ахуй нь мал, амьтдад өргөн уудам бэлчээрийн өвс ургамлаас тэжээлээ олох боломж бүрдүүлдэг ч нөгөөтээгүүр малын хэт өсөлт, бэлчээрийн хомсдол зэргээс шалтгаалан өвчлөх, өвчин амархан тархах нөхцөлийг нэмдэг. Мөн эмийг зөвхөн өвдсөн малд өгөх биш урьдчилан сэргийлэх, тэжээлийн шингэцийг сайжруулж, өсөлтийг нь дэмжих, мал, амьтдын стрессийг бууруулах, тайвшруулах гэх мэт олон зорилгоор ашигладаг болсон. Тиймээс ямар ч эм хэрэглэхгүйгээр малаа өсгөн бойжуулах нь сайн гэж ойлгож болохгүй.
-Эмийн зохисгүй хэрэглээ, өвчлөлөөс шалтгаалан, малын махыг гадаадынхан худалдан авах сонирхол багатай. Түүхий эдийнх нь гарал үүслийг зөв тайлагнан, эрүүл бүтээгдэхүүнтэй гэдгээ нотолж чадахгүйгээс эскпортын хэмжээ бага байдаг гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Малын эмийн хэрэглээнээс шалтгаалж экспортын хэмжээ буурдаг гэдэг нь өрөөсгөл ойлголт. Манай импортолсон малын эмийн хэмжээ нийт малын тоотой харьцуулахад тун бага. Бид фермийн аж ахуй төдийлөн эрхэлдэггүй учраас янз бүрийн эмийн хэрэглээ их биш.
Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын худалдаанд саад учруулдаг хэд хэдэн өвчин бий. Тухайлбал, гоц халдварт 17 өвчнөөс үхрийн цээж, бог малын мялзан, шүлхий, сархиагтах гэх мэт өвчин тайван, эсэхийг олон улсын байгууллагаас шалган, баталгаажуулдаг. Манай орны хувьд үхрийн мялзангаар тайван статус авч байсан бол шүлхий өвчнөөр эрүүл бүсийн статус авахаар ХХААХҮЯ-тай хамтарч ажлын хэсэг байгуулан, бэлтгэлээ базааж байна. Түүнчлэн импортлогч орнуудаас зөвхөн гоц халдвартаас гадна бусад өвчнөөр тухайн орон нутаг тайван байна уу, эрүүл сүргээс түүхий эд бэлтгэв үү, хэрхэн нядалсан, хадгалсан, тээвэрлэснийг тодотгохыг шаарддаг. Мөн мал, амьтдыг “муулаагүй” байхдаа янз бүрийн эм уулгасан, эсэхийг батлахыг хүсдэг. Тиймээс олон улсын худалдаанд саад болж буй мал, амьтны гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх аргыг оновчтой зохион байгуулах, тодорхой үе шаттай эрүүл статусыг хүлээн зөвшөөрүүлэх ажлууд хийсээр байна. Мөн шилжилт хөдөлгөөнийг бүрэн хянах, гарал үүслийг нь тодруулж, эргэн мөшгөх тогтолцоог боловсронгуй болгохоор Мал эмнэлгийн гэрчилгээний цахим системийг орон даяар нэвтрүүлж байгаа. Үүнээс гадна малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн дэх эм, пестицид, хориотой химийн бодисын үлдэгдлийн асуудлаар ч худалдааны түнш орнуудын өмнө тайлагнах, нотлох ажлаа сайн хийж чадвал бидэнд экспортын хэмжээгээ өсгөх өргөн боломж бий.
-Малыг мөрдөн мөшгөх тогтолцоо гэж юуг хэлээд байна вэ. Манайх өргөн уудам нутаг, олон тооны сүрэгтэй. Мал нэг бүрийн түүхий эдийн гарал үүслийг тогтоох, хяналт тавих боломж хэр байдаг юм бол?
-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас улсын хэмжээнд мал эмнэлгийн нэгдсэн цахим систем нэвтрүүлсний үр дүнд өнөөг хүртэл малчны хотноос зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг бүртгэн, баталгаажуулжээ. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сараас махны худалдаанд QR код бүхий цахим гэрчилгээ олгож эхэлсэн. Жишээлбэл, иргэд худалдан авсан махаа Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн малчныхаас бэлтгэснийг гар утасны аппликэйшний тусламжтайгаар төвөггүй мэднэ гэсэн үг. Уг ажлыг илүү боловсронгуй болгоход бага зэрэг хугацаа зарцуулах ч энэ бол мөшгөх тогтолцоог сайн нэвтрүүлж буйн жишээ. Удахгүй бид дүрс бичлэг хийн иргэдэд хүргэхийн зэрэгцээ англи хэлээр орчуулж, youtube талбарт байршуулахаар төлөвлөсөн.
-МЭЕГ малын өвчлөлийн тандалтыг улс даяар, тодорхой хугацаанд хийж, малын эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг гаргаж чаддаг уу. Мал сүрэг аль улиралд, ямар өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг юм бэ?
-Гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс даяар малын эрүүл мэндийн үзлэг, тандалт шинжилгээ хийн, өмнөх мэдээллүүд болон судалгаа, дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй мэдээлэл, заавар зөвлөмжтэй уялдуулан эрсдэлийг нь тооцдог. Ингэснээр улсын хэмжээнд гоц халдварт шүлхий, цэцэг, бог малын мялзан, орон нутагт зонхилон тохиолдох 18 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр яаралтай, төлөвлөгөөт вакцин хийдэг юм. Манайх эрс тэс уур амьсгалтай, өвөл, хаварт малын өвс, тэжээлийн хомсдол үүсдэгтэй холбоотойгоор малд арчилгаа их шаарддаг бөгөөд мал төллөх үед халдваргүй өвчний гаралт өсдөг. Тиймээс анхан шатны нэгжийн малын эмч нар гэрээт малчин өрхийн мал сүрэгт дуудлагын дагуу мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. 2020 оноос мал эмнэлгийн нэгдсэн санд дуудлага, вакцинжуулалт, угаалга, туулга, боловсруулалт, халдваргүйжүүлэлтийн талаарх мэдээллийг цаг хугацаанд нь оруулж, баримтжуулдаг болсон. Үүнийг улам боловсронгуй болгох, малын өвчлөлийн шалтгаан ба эерэг, сөрөг хүчин зүйлд суурилсан олон талт үзүүлэлтээр эрсдэлийн үнэлгээ хийн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой хэрэгжүүлдэг болох нь чухал.
-Эмч, зоотехникчээр ажиллаж буй мэргэжилтэн, сурч байгаа оюутнуудын тоо буюу хүний нөөцийн хүрэлцээ хэр байгаа бол?
-2020 оны байдлаар төрийн мал эмнэлгийн албанд 1160 малын эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Мөн 982 мал эмнэлэг үйлчилгээний нэгжид малын их, бага эмч мэргэжилтэй 1400 орчим хүн ажилладаг. ХААИС-д дөрвөн жилд дунджаар 800 гаруй оюутан суралцан, жилд 150 хүүхэд төгсдөг. Энэ нь хүний нөөцийн тоо хангалтгүйг илэрхийлж буй. 1990 оноос өмнө манай улсад малын бага эмч мэргэжлээр орон нутагт боловсон хүчин бэлтгэдэг байсан нь том давуу тал байж. Тиймээс цаашид анхан шатны түвшинд ажиллах боловсон хүчин ялангуяа малын бага эмч, санитар бэлтгэх байгууллагыг мал эмнэлгийн салбарт төвлөрүүлж, техник, хүний нөөцийн хувьд дэмжих бодлого шаардлагатай. Сүүлийн үед залуучууд хувийн мал эмнэлэгт ажиллах сонирхолтой болсон. Гэрийн тэжээмэл амьтны тоо өсөж, тэдэнд тавих анхаарал, халамж нэмэгдэж буй нь ч үүнтэй холбоотой байх. Тиймээс малын их, бага эмч, мэргэшсэн ажилчдын ажлын байр хангалттай бий.
-Импортоор оруулж ирдэг мал, амьтны гаралтай түүхий эд, өндөг, тахиа, үржлийн мал, тэжээл, өвсний чанарын шаардлага, эрүүл ахуйд хяналт тавьж чаддаг уу. Хилээр оруулж буй бүтээгдэхүүний чанар малын эрүүл мэнд доройтох, өвчин үүсэх шалтгаан болох уу?
-Мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, үржлийн мал, тэжээлд мал эмнэлгийн экспорт, импортын гэрчилгээ олгодог. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас олон улсын худалдааны хориг тавьдаг малын өвчний жагсаалт гаргадаг. Эл жагсаалтад ороогүй, өвчлөлгүй улсаас мал, амьтны хорио цээрийн шаардлагад нийцүүлэн импортолдог учраас төдийлөн эрсдэл үүсдэггүй.
-Эрүүл мэндээс гадна малд үржил селекц хийн, үүлдэрлэг байдлыг нь сайжруулах нь тун чухал. Манайх сүргийн тоо ихтэй ч бие нь 20 жилийн өмнөхөөс давжаарсан, гарах түүхий эдийнх нь хэмжээ буурсан гэдэг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Эл асуудлыг Малын генетик нөөцийн тухай хуулиар зохицуулдаг. ХХААХҮЯ-ны ажлын чиг үүргийн хүрээнд аймгуудын Хөдөө аж ахуйн газар хариуцдаг гэсэн үг. Ер нь мал давжаарсан гэдэгтэй санал нийлнэ. Давжаа, сул дорой мал өвчинд илүү өртөмтгий болдог. Малчид мал худалдан авахаар очсон ченжид эрүүл чийргээ ялган өгч, өөрсдөө зааз малаа авч үлдэж байгааг би анзаарсан. Нийт сүргийн бүтцээ биш эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн цөөн малаа тордож, тэжээж борлуулах нь бий. Үүнээс татгалзан урт хугацаанд нийт малынхаа чанарыг сайжруулахад анхаарвал зохино.
-Коронавирусийн тархалтын энэ үед танай салбарын ажилчдын ачаалал хэр өсөв?
-Хүн эмнэлгийнхэн ямархан ачаалалтай ажиллаж байна, тэднээс дутахааргүй малын эмч нарын ажил ихсэн, ачаалал өссөн гэсэн үг. Нэг эмчид ногдох малын тоо хэд дахин давчихсан, эмчийн хүрэлцээ муу байдаг нь жирийн үед ч ачаалал өндөр байх нөхцөл болдог. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн энэ үед мал эмнэлгийн салбарынхныг зайлшгүй ажиллах 14 байгууллагад оруулдаггүй юм билээ. Гэтэл малын эмчилгээ үйлчилгээ, вакцинжуулалт нь цаг алдаж болохгүй, зайлшгүй шаардлагатай ажил байдаг. Тиймээс манай байгууллагын зүгээс саадгүй ажиллахад шаардлагатай зөвшөөрөл олгох хүсэлтийг нийслэл, орон нутгийн онцгой комисcт хүргүүлсэн. Бид нийслэл, сум, дүүргийн нутагт байнгын болон түр ажиллагаатай 683 цэгт, 809 хүн, 294 тээврийн хэрэгсэл дайчлан ажилладаг.
-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлээд гурван жилийн хугацаа өнгөрч МЭЕГ босоо удирдлагатай, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон. Та МАЕГ-ын даргын албыг аваад удаагүй ч өмнө нь Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабараторийн даргаар ажиллаж байсан. Уг салбарт системийн шинэчлэл хийж, үйл ажиллагааг нь өргөжүүлсний үр дүнг хэрхэн харж байна?
-Шинэчлэл хийснээр мал эмнэлгийн салбарын мэргэжлийн, шуурхай, бие даасан, нэгдмэл байдлыг хангаж, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэгт тулгуурласан тэгш, хүртээмжтэй үйлчилгээг иргэд, малчдад хүргэх боломжийг өсгөсөн. Улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны хориг саадыг арилгах нөхцөл бүрдүүлж, үндэсний онцлог, уламжлалд тулгуурлан, олон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлсэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн алхам болсон гэж хэлнэ. Ер нь мал эмнэлгийн салбар хөгжингүй байх нь хүний эрүүл мэндэд шууд тустай төдийгүй улсын эдийн засаг, гадаад худалдааны өсөлтийг нэмэх нэг хөшүүрэг болдог. Нэмж хэлэхэд, мал эмнэлгийн байгууллага бол гурван талт үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Нэгт малчид, дараагаар нь үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн эрх ашгийг ханган, өндөр хариуцлага хүлээдэг. Мөн эрүүлийг хамгаалах салбарынхаа хувьд малын эмч нар маань иргэдээ соён гэгээрүүлэх зорилготой, хөдөө аж ахуйн тэргүүлэх салбарын нэг гэдгийг ч онцлох нь зүйтэй.