Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд БНХАУ-ын сансар судлалын хүрээлэн анхныхаа тойрог замын станцын загварыг хөөргөсөн юм. Харамсалтай нь энэ ололт урьдчилан таамаглах аргагүй үр дагаварт хүрч болзошгүйд хүрээд байна. Загварыг тээвэрлэсэн “Чанжэн-5Б" хүнд пуужин зорилгоо биелүүлснийхээ дараа төлөвлөгөөний дагуу далайд аюулгүй буух ёстой байсан ч удирдлагагүй болсноос болж дэлхийн хаана ч унаж магадгүй болжээ.
“Чанжэн-5Б" пуужингийн 30 метрийн урттай, 21 тонн жинтэй хэсэг одоогоор тойрог замдаа байгаа бөгөөд агаар мандлын тоормослох нөлөө нэмэгдэхийн хэрээр ойрын хэдэн хоногт хяналтгүй уруудах бөгөөд хүн ам суурьшсан бүсэд унаж болзошгүй юм. Хэрэв тийм бол энэ нь хяналтгүй унасан хамгийн том сансрын хог хаягдлын нэг болно” гэж сансар судлалын “SpaceNews” сэтгүүлд бичсэн байна.
Тойрог замд удирдлагагүй “дэмий тэнэх” пуужингийн хэсгийн газраас радарууд ажиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар секундэд долоон километрээс дээш хурдтай, 170х372 километрийн тойрог замаар эргэлдэж байгаа аж. Пуужингийн хэсэг яг хэзээ, хаана унахыг урьдчилан таамаглах аргагүй гэнэ. Түүний тойрог замын налуу 41.5 градус байгаа бөгөөд унах боломжтой бүсэд Нью-Йорк мужийн умард хэсэг, Мадрид, Бээжин, Чилийн өмнөд хэсэг, Шинэ Зеланд зэрэг улс багтаж байгаа аж.
2020 оны 5-р сард БНХАУ “Long March 5B” пуужин хөөргөсөн бөгөөд гол хэсэг нь мөн л удирдлагаа алдан долоо хоног дэлхийн тойрог замд “дэмий тэнэж” яваад агаар мандалд бүрэн шаталгүй Бүгд Найрамдах Кот-д'Ивуар улсын Махону тосгонд унаж байжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр пуужингийн хэсэг орон нутгийн бяслагийн үйлдвэр дээр унасан бөгөөд азаар хүний амь эрсдээгүй байна.