“Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон түүний гэргий Мелинда нар 27 жил хамт амьдарсныхаа эцэст, гэрлэлтээ цуцлуулахаар болсноо мэдэгджээ.
“Харилцаан дээрээ ихэд анхаарч, удаан бодсоны эцэст бид гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргалаа” хэмээн Б.Гейтс “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Гэрлээд 27 жил болох хугацаанд бид гурван гайхамшигтай хүүхдээ төрүүлэн өсгөж, хүмүүст эрүүл, үр бүтээлтэй амьдрахад нь туслах буяны сан дэлхийн өнцөг булан бүрт байгаа байгуулсан билээ. Бид урьдын адил энэхүү эрхэм зорилгод итгэсээр байгаа бөгөөд энэ буяны сандаа үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Гэхдээ бид цаашид хосууд байж хамтдаа өсч хөгжинө гэдэгт итгэхээ больсон "гэж мэдэгдэлд дурджээ.
Билл Гейтс эхнэртэйгээ 1980-аад оны сүүлчээр Мелиндаг Майкрософтод ажиллахаар ирэхэд нь танилцаж, 1994 онд гэрлэсэн байна.
"Forbes" сэтгүүлээс эмхлэн гаргасан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад Билл Гейтс дөрөвдүгээрт жагсдаг. “Bill and Melinda Gates” санг хосууд 2000 онд байгуулсан бөгөөд тус байгууллага нь хөгжиж буй орнуудад аюулт өвчинтэй тэмцэх, АНУ-ын эрүүл мэнд, боловсролын салбарын хөтөлбөрүүдэд голчлон чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг аж.