Дэлхий нийт жил бүрийн тавдугаар сарын 3-нд хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг. Тэмдэглэхийн гол учир нь энэ өдөр төр, засгаас хэвлэлийн эрх чөлөөг боомилохгүй байх, эрх чөлөөг хангахыг шаардаж, эсрэгээрээ зарим сэтгүүлчид ёс зүйг нь сануулдаг. Тиймээс бид Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаатай дээрх сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Танд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Тавдугаар сарын 1,2 нд сэтгүүлчдийн номын өдөрлөгийг цахимаар зохион байгуулсан. Цахимаар өрнүүлсэн ч өдөрлөг их гоё боллоо. Хэчнээн сэтгүүлч, уран бүтээлчийн бүтээлийг олон нийтэд таниулж, сурталчлав?
-Сэтгүүлчдийн анхны номын өдөрлөг сайхан боллоо. Цаашид жил болгон уламжлал болгож, Сүхбаатарын талбай дээр номын яармаг үзэсгэлэн зохион байгуулах бодолтой байна. Хатуу хөл хорио тогтоосон учраас номын өдөрлөгөө цахимаар зохион байгууллаа. Энэ давуу тал байсан. Хэрэв бид төв талбай дээр зохион байгуулсан бол асарт сууж буй. Цахимаар зохион байгуулахаар айл бүр рүү нэвтэрч, хүн бүртэй харилцах боломж нь нээлттэй байлаа. Номын зохиогч, сэтгүүлчид шууд оролцоод гоё ярилцлага өрнүүлсэн гоё контент боллоо. Хүмүүст өгөөжтэй, мэдээлэлтэй байсан болов уу. Тавдугаар сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг бид жил нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд хотын дарга сэтгүүлчдийн номын өдөрлөгийг хамтран зохион байгуулах санаачилга гаргасан. Цахим өдөрлөгөөр 50 гаруй сэтгүүлч, зохиолч 100 гаруй ном бүтээлээ дэлгэлээ. Худалдаанд байхгүй ховор нандин номоо ч авчирсан байсан. Номын тоо олон байсан. Уншигчдад өгөөжтэй, сэтгүүлч зохиолчдод сонирхолтой өдөрлөг болсон. Манайхан их даруухан юм. Өдөрлөгт урихаар нэгэнт борлуулаад дуусчихсан, ном байхгүй гээд ихэнх нь оролцсонгүй. Мөн сайн бичдэг хэрнээ ном бүтээгээгүй сэтгүүлч ч олон юм. Б.Энхцэцэг, ажиглагч Д.Цэрэнжав ах номгүй, Н.Саранчимэг эгч номгүй. Маш редактор Азхурын редактор Б.Бат-Амгалан номгүй гэх мэт. Редакторласан номоороо оролцооч гэхээр “Би хүний юм өөнтөглөхөөс бус өөрөө үлгэрлэж бичсэн зүйлгүй” гээд орсонгүй. Ном редакторлана гэдэг сэтгүүлчдийн хийдэг, мэргэшил шаарддаг, онцгой чухал ажил. Бичлэгийн үг үсгийг засахаас гадна дурдсан баримт бүрийг нягталж шалгах ярвигтай зүйл. Манай сэтгүүлчид бичиж, орчуулж, редакторлаж байгаа ч олонх нь даруухан юм. Гайхамшигтай хөдөлмөрлөж байгааг нь харлаа, хэрэндээ сурталчиллаа.
-Мөн орон нутгийн сэтгүүлчдийн цахим форум хийлээ. Тэднийг хөгжүүлэх, дэмжихээр МСНЭ ямар бодлого баримталж байна. Форумаас ямар үр дүн гарав?
-Орон нутгийн сэтгүүлчдийн форумыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уламжлал болсон ажил. МСНЭ 21 аймагт 24 салбартай. Орон нутагт сэтгүүлчдийн маш өргөн фронт ажилладаг. 1945 онд Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, эсэх бүх нийтийн санал асуулга болж байсан. Тэр үед зарим нь бичиг үсэг тайлагдаагүй, хурууны хээгээр саналаа өгсөн гэдэг. Үүнээс хойш социализмийн аймгуудын сонин, хэвлэл, хэвлэх үйлдвэрүүд гээд том том газруудыг байгуулсан. Улс нийтээрээ бичиг үсэг тайлагдахад дээрх орон нутгийн хэвлэл, сэтгүүлчдийн үүрэг их байсан гэж ахмадууд маань хэлдэг. Тиймээс орон нутгийн хэвлэлийн суурь одоог хүртэл байдаг. Энэ жилийн форумаар маркетинг, подкаст, сошиал, контент хөгжүүлэх, эрсдэлийн үеийн мэдээлэл харилцаа зэрэг олон сургалтыг өдрийн турш зохион байгуулсан. Гэсэн ч хэн уйдаж зүүмээс гарсангүй, оролцоо их байсан. ЮНЕСКО жил бүр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр тухайн үеийн үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, уриалга, тунхаг гаргадаг. Энэ жилийн уриалгад нэг чухал өнцөг байгаа нь орон нутгийн хэвлэлүүд хүнд байдалд орлоо. Тэдгээр хэвлэлийг дэмжих хэрэгтэйг онцолсон. Тиймээс бид орон нутгийн сэтгүүлчдэд агуулгаар, сургалтаар дэмжиж ажиллахыг хичээсэн. Мөн тусламжаар ирж буй ам, хамрын хаалт, нийгмийн асуудлуудад анхаарч ажилласан. Аймгуудын удирдлагад орон нутгийн хэвлэлээ дэмжиж ажиллахыг уриалъя. Орон нутгийнханд тулгарсан том асуудал нь төвийн том хэвлэлүүдтэй өрсөлдөх хэрэг бий болдог. Төвийн хэвлэл яам, Тамгын газрууд орон нутагт мэдээлэл сурталчилгааны гэрээ хийгээд төв рүүгээ татдаг хэмээн орон нутгийн сэтгүүлчид хэлсэн.
-Нийгэм уламжлалт сэтгүүлзүйг үгүйлээд байх шиг
-Сэтгүүлчдийн нийгэм, нийтэд танигдсан дүр гэсэн ойлголт бий. Нийгэм, нийтэд сэтгүүлч гэхээр ямар хүнийг, сэтгүүлчийн ажил гэхээр юуг төсөөлж байна вэ. Сүүлийн үед ажиглаж байгаагаар хэн нэгний аманд микрофон тулгаад гэнэдүүлж асуудаг ийм л дүрээр төсөөлж байна. Үнэндээ сэтгүүлч гэдэг маш том агуулгыг бүтээгч, мэдээллийн асар их дата цуглуулж, боловсруулагчид. Нэг талаар түүхийг бичиж үлдээг онцгой мэргэжил. Уламжлалаар сэтгүүлч гэхээр эрдэмтэн, судлаачид, зохиолч, яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтнүүд байсан. Тухайлбал, Л.Түдэв, Ц.Намсрай, сүүлийн үеийнхээс Т.Баасансүрэн, багш нараас М.Зулкафиль, Ж.Батбаатар нар байна. Энэ уламжлалыг хүмүүс их үгүйлдэг юм байна. Би ч гэсэн уламжлалыг хадгалах сан, үргэлжлүүлэх сэн гэж боддог сэтгүүлчийн нэг.
-Олон нийт иргэний сэтгүүлзүйг мэргэжлийнхтэй хольж хутгаад хэвлэл, мэдээллийн байгууллагыг буруутгах, сэтгүүлчдэд үл итгэх хандлага гаргадаг. Сэтгүүлчид ёс зүйгүй гэдэг нь бодитой тулгарсан асуудал уу. Хэрэв тийм бол МСНЭ энэ өдөр редакц, сэтгүүлчдэд ёс зүйг нь сануулах үүргээ биелүүлэх үү?
-Улс орнуудын хэвлэл, мэдээллийнхэн өнөөдөр төр засагтаа хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүргийг сануулдаг. Мөн сэтгүүлчдэд ёс зүйгээ эргэцүүлэн бодох утга учиртай өдөр тохиож байна. Дэлхийн дахинд цахимжилт, технологио дагаад сошиал ертөнцөд ихэнх мэдээллээ оруулж байна. Бүхий редакц, сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл уншигч хэрэглэгч хаана байна, тэрийгээ дагаад сошиалд шилжсэн нь үнэн. Хажуугаар нь мэргэжлийн редакц, сэтгүүлзүйд хамаарахгүй мэдээлэлд сошиалд их байдаг. Технологийн эринд хэн ч мэдээ бүтээгч, хуваалцагч болж болдог. Үүнийг дагаад хуурамч мэдээ гэдэг асуудал хурдтай орж ирсэн. Яагаад хуурамч мэдээ өндрөө авсныг олон орны мэргэжлийн байгууллага, сэтгүүлч дор бүрнээ, тал талаас нь судалсан. Уламжлалт сэтгүүлзүй, ер нь хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурсанд сошиал дахь хуурамч мэдээлэл нөлөөлж байна гэх судалгааны дүн манайд ч давхацдаг. Тиймээс уламжлалт хэвлэл мэдээлэл, нийтийн сайн сайхны төлөө байдаг сэтгүүлзүйг дэмжих хамгаалах шаардлагатайг ЮНЕСКО энэ жил онцолж, олон нийтэд уриалсан. Уламжлалт сэтгүүлзүйд итгэх итгэл буурч байгаа боловч судлаад үзэхээр мэргэжлийн редакцаас хуурамч мэдээлэл ерөөсөө гардаггүй. Худал мэдээлэл илүү гоё ганган, амттай хоол шиг хүний сонирхлыг татдаг. Мэргэжлийн редакцын сэтгүүлч бэлтгэдэг баримттай, тайлбартай мэдээлэл эгэл даруухан учраас хүмүүс хуурамч мэдээлэл рүү шуурдаг. Улмаар иргэд мэргэжлийн бус, эх сурвалжгүй мэдээллийг хөөж уншаад, сэтгүүлч л мэдээлэл бэлтгэдэг гэх уламжлалт ойлголтоороо “Сэтгүүлч болохгүй байна, худалдагдсан” гэж ярьдаг.
-Худал мэдээлэл тараахтай холбоотой хуулийн заалт бий биз дээ
-Хуульд худал мэдээлэл тараахтай холбоотой заалт байдаг. Хуулийн уг заалтаар сэтгүүлч шийтгэл хүлээсэн тохиолдол байхгүй. Тухайлбал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай хуулиар цар тахал, ковидтой үед хуурамч мэдээллээс сэргийлэх, хуурамч мэдээлэл тараавал хариуцлага тооцох заалт бий. Уг хуулийн хэрэгжилтэд ЦЕГ, Харилцаа, холбооны зохицуулах холбоо хяналт тавина. Тухайн байгууллагуудаас өгсөн тоог харахаар 339 кэйс, гомдол дээр ажилласан ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн пэйж, сэтгүүлч холбогдсон тохиолдол, гомдол огт алга. Тиймээс мэргэжлийн сэтгүүлзүй үүргээ гүйцэтгэж чадахгүй, үнэхээр худал хуурмаг мэдээлэлд уриалсан, үлгэр дуурайлгүй болсон гэдэгтэй ерөөсөө санал нийлэхгүй. Тиймээс зарим уншигч, сонсогч, үзэгчийн мэдээллийн боловсролын асуудал хурцаар яригдаж буй. Мэдээллийг яаж хүлээж авах юм, хэрхэн боловсруулах нь бодох л асуудал. Ер нь Монгол хараат бус, чөлөөт хэвлэлтэй улс орон. Хараат бус сэтгүүлзүйг улстөрчид үргэлж хүмүүжүүлэхийг хүсэж байдаг. Чөлөөт хэвлэлийн үүрэг улстөрчдийг, эрх мэдлийг хянах юм. Тиймээс улстөрчид хэвлэлийнхнийг хэзээд дайсан гэж хардаг.
-Хэвлэлийн эрх чөлөө дутагдсанаар хэвлэлүүд ёс зүйгүй болдог гэдэг. Санал нийлэх үү. Ёс зүйгүй үйлдэл гэж яг юуг хэлэх юм бэ?
-Сэтгүүлч гараад явахад бэлэн баримт хогийн саванд хэвтэж байдаггүй. Бид хэцүүхэн зам туулж байж баримт олж авдаг. Уг нь тэр мэдээллийг Үндсэн хуульд заасан иргэдийн мэдэх эрхийг хангах гэж хайдаг. Мэдээлэл төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайж, эрж, олж авах эрхтэй. Энэ эрхийг баталгаатай эдлүүлэх эрх нь төрд бий. Гэтэл төр, төрийн байгууллага үүнийгээ хэрэгжүүлдэггүй. Баахан нууцад оруулаад, журам гаргаад зохицуулсан байдаг. Тийм орчинд сэтгүүлчид май гээд таваглаад өгөх баримт байхгүй тохиолдолд мэргэжлийн эр зориг гаргадаг. Асуулт тулгана, хариулт өгөхгүй бол дахин довтолно. Үүнийг зарим нь ёс зүйгүй үйлдэл гэж хардаг. Хэвлэлийн зөвлөлийн мөрдүүлдэг, хэрэгжилтийг хянадаг, сэтгүүлчийн ёс зүйн кодекс бий. Тэрэнд мэдээ сурвалжлах, онцгой нөхцөл, уй гашуу, хүчирхийлэл сурвалжлахад хэллэг, сонгох үг ямар байх вэ гэсэн ёс зүйн кодекс бий. Үүнийг нь зөрчиж байвал ёс зүйгүй үйлдэл гаргалаа гэж үзэх ёстой. Цаасан дээр буулгасан баримттай ярина. Түүнээс биш хүмүүсийн харилцааны асуудал болгоныг сэтгүүлчийн ёс зүйтэй холбох хэцүү. Сэтгүүлчийн ёс зүйн кодыг цаасан дээр хараар буулгаад яг үүнийг мөрдөнө шүү хэмээн үйлдэл болгонтой тулгаж үзвэл бас нэг өөр төрх харагдана. Нийтийн сайхны төлөө байдаг сэтгүүлзүйг улам бэхжүүлэх хамгаалах шаардлага байна. Мэргэжлийн сэтгүүлзүйг иргэнийхээс ялгаж, салгадаг, мэргэжлийнхийг илүү дэмждэг хамгаалдаг тогтолцоо хэрэгтэй хэмээн ЮНЕСКО дүгнэснийг дахин сануулъя.
-Чөлөөт хэвлэл хөгжих үндэс суурь бүрэн тавигдаагүй бололтой. Хамгийн ойрын жишээ нь хатуу хөл хорионы үед төр засаг хэвлэлийнхэнд хязгаартай зорчихыг тулгасан. Энэ нь нэг талаас Үндсэн хууль зөрчсөн. Нөгөө талаас Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн талаар НҮБ-ын Хүний эрхийн хорооны 102-р чуулганаар баталсан тайлбарын 45-д дахь заалтыг зөрчих шиг болсон. Тавдугаар сарын 3 буюу энэ өдөр төр засагт мэдээж сануулга өгөх байх гэж бодож байна.
-Гамшиг, дайн байлдаан болсон үед л хүний эрхийг хязгаарладаг хуультай. Байгалийн гамшиг, дайн байлдаан болоогүй байхад Үндсэн хууль зөрчиж хүний эрхийг хязгаарлаж байна. Ялангуяа үүн дотроо хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, мэдээлэл хайж эрж олох эрхэд халдлаа. Тиймээс хуульчидтай хамтарч ажиллаад цар тахалтай тэмцэх хуулиар эрхийг хязгаарласан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-д гомдол гаргасан ч хүлээж авахаас татгалзсан хариу өгсөн. Дөрөвдүгээр сарын 16-нд ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд сэтгүүлчдийг оруулаагүй. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 4.1, 4.2-т ҮХЦ-ээс яриа сурвалжилга авах эрхтэй, Баримтат киноны дуу дүрс авч болно гэж заасан. Гэтэл цар тахлаар далимдуулаад үндэслэлгүйгээр, хууль бусаар иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэлийн эрх чөлөөнд халдаад байна. Мөн УИХ-ын НББХ цар тахлын хуулийн хэрэгжилтээр мэдээлэл сонсохоор бэлтгүүлж авсан. Бид мэдээллээ бичээд бэлтгээд өгсөн. Гэвч хуваарьт оруулахгүй, хойшлуулсаар байна. Ямартай ч хэвлэлийн эрх чөлөөнд халдсан асуудлаар ҮХЦ-д хандсан, УИХ-д мэдээлсэн. Тиймээс өнөөдрийн форумаар энэ бүхний талаар хэлэлцэнэ.
-Цар тахлын үед хэвлэлийнхэнд тулгамдсан хамгийн гол асуудал юу вэ?
-Цар тахлын үед сэтгүүлч нарт эх сурвалж хомсодсон, ингэхээр мэдээллийн эх сурвалжууд ижил төстэй зүйл ярьж бичиж эхэлсэн. Сонины нүүр талбайд албаны мэдээлэл их зай эзэлж, бидний явах суух нь хумигдсан. Өөр өөрийн онцлогтой, сурвалжилга, контент багасаад ирсэн. Хараат бус хэвлэл олон ургалч үзэл асуудал, чөлөөт хэвлэлийн үндсэн ойлголтуудыг бүдгэрүүлж буй. Дээрээс нь Эрсдэлийн мэдээлэл харилцааны түр хороог байгуулж, түр хорооноос өгсөн мэдээллийг гаргана. Бусад эх сурвалжаас мэдээлэл гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ хэмээн төрийн алба хаагчид хамаатуулсан тогтоол гаргасан. Тиймээс төрийн албан хаагчид мэдээлэл өгөхөөс айж “Болохгүй гэсэн” гэдгээс өөр зүйл хэлэхээ больсон. Баттай эх сурвалжтай холбоо тогтооход хэцүү болж эхэлсэн. Уг нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай хуулиар бид баттай эх сурвалжаас мэдээлэл авах үүрэг хүлээсэн. Баттай эх сурвалж хумигдаад эхлэхээр хүмүүсийн таамаг, хардлага ихсэж, элдэв мэдээлэл эрж хайж эхэлдэг. Мөн хоёрдугаар сард Засгийн газар 43 дугаар тогтоол баталж, төсөвт төрийн байгууллагууд төсвөө хэмнэ гэсэн. Тэр тогтоолдоо хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамаатуулж оруулсан байсан. Үйл ажиллагаагаа сурталчлах, баримтат кино хийх, ойн ном, контент хийхийг хориглосон. Ерөнхийдөө төсөвт байгууллагууд хэвлэл мэдээлэлтэй холбоотой төсвөө танаад эхэлж байна. За энэ ч яах вэ, угаас их биш, багахан төсөв л хэвлэлд ногддог. Хамгийн гол нь төрийн албан хаагч хэвлэлд мэдээлэл өгч болохгүй болсон. Ингэхээр эх сурвалжийн, санхүүжилтийн хомсдолд орж байна. Үүн дээр нь дөрөөлөөд гаднаас менежмент хийж, долоон телевизийг ижилхэн контенттэй болголоо. Энэ бол хараат бус хэвлэлийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй хэрэг. Цар тахал намжиж, энэ хуулиуд цуцлагдлаа ч эргээд ийм жишиг тогтчихдог.
-Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсаны “Улс төр, сэтгүүлч хоёр хэзээ ч нэг оронд орох ёсгүй” хэмээн хэлж үлдээсэн. Сүүлийн хэдэн өдөр эш татаж “Мэдээллийн урсгал”-ын талаар нэлээд шуугилаа. Та бүхэн ч эсэргүүцлээ илэрхийлж мэдэгдэл гаргасан. Үнэхээр улс төр, сэтгүүлч хоёр нэг хөнжилд орчихсон гэж үү?
-Сүнсээ худалдана гэдэг шиг сэтгүүлч мөнгөнд татагдах нь эмзэг асуудал. “Мэдээллийн урсгал”-ыг хөтөлж буй дөрвөн сэтгүүлчийг үүнд хамаатуулаад манайхан буруутгалаа. Үнэндээ манайхан тэр дөрөвт хавчлага шахалт үзүүлээд байгаа юм биш. Нөгөө талдаа улстөрчдөөс хамгаалж хайрлаж, харамласан хэрэг. Ямартай ч энэ үйлдэлд МСНЭ-ээс гаднаас менежмент хийж, редакц, сэтгүүлчийн хараат бус байдалд халдаж, ижил төстэй болгосныг эсэргүүцсэн. Гэхдээ дөрвөн сэтгүүлчийг буруутгаад хавчаад байх бодол байхгүй. Өрнөж буй том үзэгдлээр нь бид буруутгаж буй. Тэгсэн, тэгээгүй уншигчид зах зээл нь өөрсдөө сэтгүүлчдийг шүүж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд сэтгүүлч онцгой мэргэжил. Сэтгүүлчийн өмнө хэний ч үүд хаалга нээгдэнэ. Гэтэл үүнийг хувийн журмаар ашиглаж болохгүй. З.Боргилмаагийн өмнө нээгдсэн үүд хаалгыг хувь З.Боргилмаагийн хандлагаар тэр харилцааг үргэлжлүүлж болохгүй. Олон жил ажилласан зарим сэтгүүлчийг ажиглаад байхад том том улс төрийг тэр найз, энэ найз, тэр ах, энэ дүү гэж нэрийг нь дурдаж, сошиалд түгээдэг. Үүнийг хувьдаа зөвшөөрөмгүй санагддаг. Сэтгүүлчийн бие хэрхэн авч явааг харуулдаг. Дүү нар дуурайна шүү дээ. Сэтгүүлч нар улстөрчтэй ахаа эгчээ, найзаа болдог юм байна гэж бодно шүү дээ. Тэгээд нэг л их хувийн харилцаатай аятай аялдаг. Мэдээж хүн л юм хойно тийм байж болно. Үүнийг зарлаж, нийгэм, залуу сэтгүүлч нар тэгж үлгэрлэх нь дэмий.
-Миний бодлоор бид маш сайн, ёс зүйтэй сэтгүүл зүйг өвлөж авсан. Харин хойч үедээ ямар сэтгүүл зүйг өвлүүлэх гээд байна вэ?
-Бид жаахан чадваржих хэрэгтэй юм. Ямар ч асуудлын цаана хүн яригддаг. Улс орны хөгжил хүнээс шалтгаална гэж ярьдаг нь үнэн. Хуучин цагт салбарын боловсон хүчнийг төрийн бодлогоор сургадаг байсан. Тэр ч бүү хэл, дахиад лидерүүдийг нь улсын бодлогоор сургадаг. Яагаад Ц.Балдорж эрхлэгчийг сургасан бэ. Өнөөдөр сэтгүүл зүйн салбарт тийм бодлого алга. Сэтгүүлчдийг давтан сургах, хөрөнгө зарцуулдаг редакцууд ховор. МСНЭ-д ч тийм бололцоо байхгүй. Үүнийг дагаад сайн чанартай бүтээл гарах асуудал яригдаад байна. Хараат бус сэтгүүл зүй төр засгаас ямар нэг мөнгө авч болохгүй зарчим дээр тогтдог. Манай салбарт хөрөнгө оруулалт хэрэг болно. Гэтэл сэтгүүл зүйд хөрөнгө оруулдаг бизнесмэн бараг алга. Өөрсдөө хөрөнгө оруулагч болоод л хэвлэл мэдээллээ байгуулдаг боллоо. Улс орны хэмжээнд бүхий л салбарын мэргэжлийн чансаа муудаж байгаатай ч холбоотой. Нөгөө талаар редакцууд хурд, хандалт, шуурхай байдалд дөрөөлөөд чанарыг орхигдуулаад байна. Гэхдээ ерөнхийдөө сэтгүүлч нар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, мэргэжлийн хувьд өсөж дэвжиж буй. Жил бүр Ган үзэгт ирсэн материалыг уншиж, шилдгээ шалгаруулж байхад ямар их хөдөлмөрлөсөн нь харагддаг. Гэхдээ юм хөгжиж байхдаа үргэлж сайн тийшээ явдаг гэдэг шиг бидний дунд эвгүй үзэгдэл гарсан ч энэ нь чөлөөт хэвлэлд байх ёстой зүйл. Сайн контент хийж буй редакц олон. Хамгийн гол нь тэд ажиллаж л байх хэрэгтэй. Бид аймшигтай муухай сэтгүүлзүйг үлдээхгүй. Үүнд санаа зовох хэрэггүй болов уу.
-Сэтгүүлчдийн ордон барих асуудал ямар шатандаа яваа вэ?
-Сэтгүүлчдийн ордон барихаар төлөвлөсөн. Газрын зөвшөөрлөө авсан. Тийшээ дэд бүтэц барих хэрэгцээ бий. Одоо хэвлэл мэдээллийн байгууллагын олонх нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Сэтгүүлчдийн ордноо сүндэрлүүлбэл хамтын оффис болгох юм. Сэтгүүлчдийн номын сан, музей, техникийн шаардлага хангасан олон улсын мэдээллийн төв байгуулахаар төлөвлөсөн зураг төсөл бий. Байшингаа барих нь дараагийн асуудал. Түүний өмнө дэд бүтэц татахад 400 сая төгрөг шаардлагатай. Энэ хэдэн жилийн өмнөх тооцоо. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар дэд бүтцийг улс татаж өгдөг хуулийн заалт бий. Үүний дагуу дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар оруулалтаар шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүнийг л хөөцөлдөж буй.