Гадаад улсад байгаа сонгогчдоос Ерөнхийлөгчийн энэ удаагийн ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг тавдугаар сарын 30-31-нд зохион байгуулна. Үүний бэлтгэл ажлын талаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Золжаргалтай ярилцлаа.
-Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих Төв комиссыг байгуулаад буй. Улмаар салбар комиссуудыг ажиллуулна. Салбар комисс байгуулсан улсад оршин суугаа манай иргэд л сонгуульд оролцох боломжтой гэсэн үг үү?
-Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комисыг байгуулан ажиллаж байна. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд ажиллах 45 салбар комиссыг Төв комиссоос байгуулж, ажилд нь орууллаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий (18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай) иргэн сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй. Энэ нь зөвхөн дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэд л сонгуульд оролцоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аль ч гадаад улсад байгаа иргэн дээрх хуульд заасны дагуу саналаа өгөхөөр бүртгүүлсэн, сонгогчдын нэрийн жагсаалтад нэр нь орсон бол тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн очиж саналаа өгөх нь нээлттэй. Нөгөө талаас гадаад улсад тогтоосон цар тахлын хөл хорио болон олон улсын нислэгийн хуваарь зэргээс үүдэлтэйгээр өөрийн байгаа гадаад улс, эсвэл тухайн орныг хавсран суугаа дипломат төлөөлөгчийн газарт очиж саналаа өгөхөд хүндрэлтэй байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд аль нэг өөр улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын салбар комисст хандан, сонгуульд оролцохоор бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Сонгогч гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг хэлнэ” гэж заасан. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн иргэн эл жагсаалтад нэр нь бий, эсэхийг санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгах үүрэгтэй. Хэрэв нэр нь ороогүй, эсвэл уг хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу жагсаалтаас хасагдсан бол саналаа өгөх боломжгүйг манай иргэд анхаарах хэрэгтэй.
-Гадаадад байгаа иргэний сонгуульд оролцох бүртгэл өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн. Энэ ажил ирэх сарын 9 хүртэл үргэлжлэх бөгөөд оршин суугаа улсынхаа дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсвэл шуудангаар мэдэгдэж, бүртгүүлэх юм байна. Ингэхдээ манай иргэд юунд анхаарах ёстой вэ?
-Иргэн энэ хугацаанд өөрийн байгаа, эсвэл сонгуульд оролцохоор бүртгүүлж, улмаар саналаа өгөх боломжтой гэж үзсэн аль нэг дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж бүртгүүлэх эрхтэй. Эсхүл бүртгэлийн маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт шуудан, цахим шуудан, факсаар тухайн салбар комисст хүргүүлэн, бүртгүүлэх шаардлагатай.
-Ер нь өнгөрсөн сонгуулиудад гадаадад байгаа манай иргэдийн хэд орчим хувь нь оролцож байсан юм бол?
-Өнгөрсөн сонгуулийн үеэр буюу 2017 онд манай улсын 175 мянга орчим иргэн гадаадад байсан гэдэг мэдээлэл бий. Тус сонгуульд гадаадад байсан иргэдээс 7209 хүн бүртгүүлж, нэрсийн жагсаалтад орсны 66.8 хувь буюу 4816 иргэн саналаа өгсөн. Харин хоёр дахь шатны санал хураалтад 2700 сонгогч буюу 37.7 хувь нь саналаа өгсөн байна.
-Цар тахлын улмаас шууд нислэг хийхгүй байгаа тул саналын хуудсыг заасан хугацаанд цаг алдалгүй хүргүүлэхэд Гадаад харилцааны яамныхан онцгой анхаарч буй талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэдэх Сонгогчдын бүртгэл, нэрийн жагсаалтын дэд хорооны хуралдаанд оролцохдоо та хэлсэн. Энэ чиглэлд чухам ямар зохицуулалтын арга хэмжээ авч байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, сонгуулийн бусад баримт бичгийг олон улсын буухиа шуудангаар, шаардлагатай бол Төв комиссын ажилтан биечлэн тавдугаар сарын 24-нөөс эхлэн салбар комиссуудад хүргүүлэх ёстой. Улмаар санал хураалт дууссаны дараа буюу зургадугаар сарын 1-9-ний дотор тэдгээрийг буцаан татаж авах ажлыг Төв комисс зохион байгуулах үүрэгтэй. Манай улсад төдийгүй гадаад орнуудад цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, олон улсын нислэг хязгаарлагдмал байгаа зэргээс шалтгаалан хүндрэл үүсэж болзошгүйг анхааралдаа авч, бэлтгэл ханган ажиллаж байна.
-Төв комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссынхыг тухайн улс дахь дипломат төлөөлөгчийн газар хүлээхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан. Ер нь гадаадад байгаа иргэдийн саналыг авахтай холбоотойгоор хэр хэмжээний хөрөнгө зарцуулахаар байна вэ, шаардлагатай санхүүжилтийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлын тооцоог Төв комисс гарган, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Одоогоор төсвийг нь батлаагүй байна.
-Гадаадад болох санал хураалтыг ажиглах боломжтой юу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд хоёр хүртэл ажиглагч томилон ажиллуулж болно. Энэ тухай хүсэлтээ Төв комисст гаргах ёстой. Улмаар Төв комисс мэдээллийг холбогдох салбар комисст хүргүүлэх юм. Ажиглагч нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс ажлын гурваас доошгүй хоногийн өмнө тухайн салбар комисст бүртгүүлж, үнэмлэх авна.