ДЭМБ-ын санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэйгээр, 2020 оны 10 дугаар сарын 15-наас хийж эхэлсэн, “COVID-19” халдвартай холбоотой судалгааныхаа талаар АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор Ч.Баттогтох танилцууллаа.
Тэрбээр, "ДЭМБ-аас Ази номхон далайн улс орнуудыг шинэ коронавирустэй холбоотой судалгаа хийхийг зөвлөж, санхүүжүүлсэн бөгөөд уг судалгаанд хоёр хот, найман аймгийн 5000 хүнийг хамруулсан. Хүн амын насны бүлгүүдэд халдвар тархалт хэр зэрэг байгааг судалж байна. Судалгааг нэг хүнийг жил орчим дагаж судлах загвараар явуулж, нийт 5000 хүний сорьцод шинжилгээ хийхэд хүн амын маш бага хувь буюу 1.2 хувьд “COVID-19-”ийн эсрэг биет илэрсэн дүр зураг гарсан. Эсрэг бие үүссэн хэсэг нь насны бүлэг болон орон нутагт ялгаагүй тархалттай харагдаж байгаа. Одоогийн үр дүнгээр 30-39 насныхан түлхүү халдвар авсан байсан. Шинж тэмдэг багатай халдвар авсан хүмүүс хөл хорио тогтоохоос өмнө маш бага хувиар хүн амын дунд байсан гэж таамаглаж байгаа. Энэ нь эрт хариу арга хэмжээ авч, хөл хорио тогтоож, хилээ эрт хааснаараа хүн амын дунд халдвар хамгааллыг маш сайн барьж чадсан гэсэн дүнг харуулж байгаа юм" гэлээ.
Мөн тэрээр, "Вакцины хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүс халдвар авахгүй гэсэн ойлголттойгоор амны хаалтаа зүүхгүй байх тохиолдол гарч байна. Гэтэл таны эргэн тойрныхоо хүмүүст халдвар тараах эрсдэлтэй учир амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Хүн төрөлхтнийг коронавируст халдвараас хамгаалж, дархлаа тогтоох ганц зүйл бол вакцин. Тиймээс вакцинд эргэлзэх хэрэггүй. Вакцин халдвараас 100 хувь сэргийлж чадахгүй ч, халдвар авсан нөхцөлд биеийн байдал хүндрэх эрсдэл бага" гэдгийг онцлон хэлэв.