Монголын талбайн теннисний талбарт нэрээ гаргаж яваа өсвөрийн тамирчдын нэг бол Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 9а ангийн сурагч Б.Эрхбилгүүн. Тэрбээр “Дархан цом 2018” нээлттэй тэмцээнээс хүрэл, “Best tennis cup” талбайн теннисний анхдугаар тэмцээнд мөнгө, өсвөрийн талбайн теннисний “Mongolian open 2018” тэмцээнээс хүрэл, “Чансаа эрэмбийн оноо олгох” тэмцээнээс мөнгө, “Max cup 2017”, “Max cup 2019”-өөс хүрэл, 2018-2019 оны УАШТ-ээс хошой мөнгө, “Asia 14 & under development championships 2019” Тайландад зохион байгуулсан Азийн АШТ-д V байр эзэлж, тусгай байрын шагнал хүртсэн амжилттай яваа түүнтэй ярилцлаа.
-Та дасгалжуулагч Б.Дүүрэнбаяр багшийн шавь болж, талбайн теннисээр хичээллэсэн гэдэг. Ямар тэмцээнд анх оролцож, тамирчин болох гараагаа эхлэв?
-Олон улсын теннисний холбооны I зэргийн дасгалжуулагч Б.Дүүрэнбаяр багшийн шавь болж, 10 настайгаасаа хичээллэж байна. Теннисний талбайд бөмбөг, цохиур барьсан анхны өдрөөсөө энэ спортын гайхамшгийг мэдэрсэн. Би гурван сар хичээллээд тэмцээнд оролцсон юм. Монголд 2016 оны долдугаар сард ОХУ-ын тамирчидтай хамтарсан “Ирээдүйн од” нөхөрсөг тэмцээн болоход Улаан- Үдээс ирсэн тамирчидтай тоглож, хүрэл медаль хүртчихээд их урамшиж билээ. Миний шагналын салхийг анх хагалсан медаль болохоор одоо ч бэлгэшээдэг юм. Тус тэмцээний дараа “Сөүл” клубт хөл тавьж, талбайн теннисний шигшээ багийн дасгалжуулагч С.Сүхжаргал багшийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэсэн. 2018 онд зохион байгуулсан өсвөрийн аварга шалгаруулах “Цагаан сар кап” тэмцээнд түрүүлж байлаа. Энэ мэтчилэн амжилтаа ахиулсаар явна.
-Охид энэ спортоор хичээллэх сонирхолтой байдаг юм билээ. Тэмцээнд оролцоход хэн дэргэд чинь байж, хамгийн их зөвлөдөг вэ?
-Аав минь биеийн тамирын багш мэргэжилтэй. Надад мэргэжлийн тамирчин болох зорилго төрүүлсэн анхны зөвлөгч, туслагч. Энэ спорттой анх нөхөрлөсөн цагаас манайхан намайг бүх талаар дэмжиж, цаг, заваа харамгүй зориулсан. Багшийн амжилт шавиас гэдэг. Биднийг бэлтгэл хийлгэж, тэмцээнд амжилттай оролцуулдаг багш, дасгалжуулагч нарынхаа хичээл зүтгэл, хөдөлмөрөөр их бахархдаг. Гэр бүлийнхээ тус дэмээр теннисний спортод алхам алхмаар урагшилж байна.
-Монгол, гадаадын тамирчдаас хэн хамгийн хүчтэй өрсөлдөгч тань вэ?
-Монголын тамирчдаас Ч.Маралгоо эгч. Бид Тайланд, БНСУ-ын тамирчидтай эн тэнцүү өрсөлддөг. Тайландад 2019 оны нэгдүгээр сард болсон Азийн аварга шалгаруулах ITF тэмцээнд оролцоход гадаадын тамирчдаас Вьетнамын София хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Тэмцээнээс хүртсэн медалиуд хичээсэн зүтгэлийн минь баталгаа болж, эрч хүч нэмдэг.
-Тамирчин болоод өөрийгөө хэр өөрчилсөн бол?
-Би сонирхдог спортдоо өөрийгөө дайчилж байгаа. Өдөр бүр бэлтгэл хийж, аз жаргал мэдэрдэг. Тамирчин болсноосоо хойш цаг баримталж, үр дүнтэй өнгөрүүлж сурсан. Аливаа асуудалд тайван, хүлээцтэй хандаж, хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зориулан, маш их хөдөлмөр зарцуулдаг болсон доо.
-Өөрийг тань дуурайгаад найз нөхөд, ангийн хамт олноос чинь талбайн теннисээр хичээллэсэн хүүхэд бий юү?
-Багын найз Б.Удвал минь сонирхоод хичээллэж байтал цар тахлын дэгдэлт хаа сайгүй ихсэж, хөл хорьчихлоо. Миний бага дүү Б.Эрхэмтөгс таван настай ч намайг дуурайж энэ спортыг сонирхож байгаа нь анзаарагдсан.
-Тэмцээнд оролцохоор гадаадад очсон хойноо хэнийг хамгийн их үгүйлдэг вэ?
-Хүний нутагт олон хонохоор өөрийн эрхгүй гэрийнхнээ үгүйлж эхэлдэг юм. Тэр дундаа бага дүүгээ их санадаг. Тийм үед ширээ тойрч суугаад аав, ээжийнхээ зэхсэн амттай хоолыг идэж суусан мөчүүдээ боддог.
-Аав, ээж тань тэмцээний өмнө холбогдоход юу гэж зөвлөдөг бол?
-Тэмцээнд оролцохоор очсон эхний өдрөөс эхлээд л манайхан надтай холбогддог. Аав, ээжийн минь “Миний охин зоригтой, өөртөө итгэлтэй байгаарай. Чи чадна” гэж урам хайрлаж, сэтгэлийн дэм өгөх нь хүртэл сайхан. Тоглолтын үед эрүүл мэнд, аюулгүй байдлаа сайтар анхаарч байхыг үргэлж сануулдаг.
-Үе тэнгийн тамирчдаас хэн талбайд хамгийн сонирхолтой тоглодог вэ?
-Иран улсын 16 настай эмэгтэй тамирчин Дорса. Тэрбээр тэмцээний талбайд хамгийн гоё, үзэгчдийн анхаарлыг татаж тоглодог. Түүний тоглолтын мэдрэмж, авьяас, ур чадварыг хараад олон тамирчин үлгэр дуурайл авдаг юм билээ.
-Өрсөлдөгч тамирчдынхаа давуу талаас хэр суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг, тэднээс юу олж хардаг вэ?
-Тэмцээнд оролцохоор ирсэн талбайн теннисний тамирчин болгон миний өрсөлдөгч. Тэднээс техник, арга барилыг нь олж хараад өөрийнхтэйгөө харьцуулж, тактик, төлөвлөгөө боловсруулж тоглодог.
-Хаана болсон, ямар тэмцээн мартагдахааргүй дурсамж үлдээв?
-Филиппин улсын Манила хотод өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 18-26-нд зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах өсвөр үеийнхний тэмцээнд аваргын төлөөх тоглолт гурван цаг гаруй үргэлжилсэн. Сүүлдээ миний гар, хөлийн хуруу цэврүүтэж, тоглоход амаргүй болж билээ. Медаль хүртэхийн төлөө аль аль нь ширүүн өрсөлдсөн. Тэр тоглолтын өмнөх өдөр шигшээд шалгарсан тоглолт 02.30 цаг үргэлжилсэн юм. Гадаа +30 градусын халуунд гарын арьсаа цэврүүттэл тоглохдоо бууж өгөхийг хүсээгүй. Тэмцээний явцад гарын шарх сэдэрсэн ч хамаг хүчээ шавхан, өөрийгөө дайчилж тоглосон. Эндээс хүртсэн мөнгөн медаль миний хувьд хамгийн үнэ цэнтэй шагнал байлаа. Би тэр үед эх орноо, надад итгэл хүлээлгэсэн аав, ээжийн захиас, найз нөхдийнхөө урам хайрласан үгийг бодож өөртөө баймгүй бие, сэтгэлийн хат, тэвчээр, хүч гаргасан. Гэрийнхээ хойморт залсан медалиудаа харахаар тэр тэмцээн бүхнийг сануулж, ялалтын төлөөх тэмцэл, тоглолтын торгон агшин руу эргэж аваачдаг юм.
-Шагналын тавцанд зогсоод медаль хүртэж байхад хамгийн их бодогддог зүйл тань юу вэ?
-Аав, ээжийн, багшийнхаа ачийг жаахан ч гэсэн хариулж байгаадаа баярладаг.
-Хамгийн сүүлд хэнээс урам хайрласан өөдрөг үг сонсов?
-Манай талбайн теннисний холбооны ерөнхийлөгч Ж.Батжаргал багш намайг дэмжиж, урмын үгээр шагнадаг бол С.Сүхжаргал багш ч гэсэн бэлтгэлээ өдөр бүр хэрхэн хийж, амжилт гаргах талаар хэлж, зөвлөнө.
-Цар тахлын энэ үед найзуудтайгаа уулзах боломжгүй болсон нь мэдээж. Юу хийж өнгөрүүлж байна вэ?
-Би хөл хорионы үед англи хэлний мэдлэгийн түвшингээ ахиулж, мөн япон хэл бие даан сурч, энэ улсын хөгжил, спортын тухай судлахад чөлөөт цагаа зориулж байна. Найзуудтайгаа цахимаар холбогдож, сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэхийг хичээдэг. Тэдэнтэйгээ саяхан уншсан ном, шинээр хийж сурсан хоол, амтат бялууны жорын тухай ярилцлаа.