Хоногт есөн хүн коронавирусийн улмаас нас барав. Өмнө нь эрдэнэт найман хүмүүн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь хамгийн олон тохиолдол байсан бол өчигдөр ийнхүү илүү гарчээ. Түүнчлэн маш хүндээр өвдсөн хүн эмнэлэгт хэдэн зуугаараа байна. Тиймээс цаашид уг үзүүлэлт нэмэгдэх магадлалтай. Тэр болгонд бурхан болоочдоо одоогийнх шиг амьдын хагацал үзүүлэх мэт оршуулсаар байх уу. Уг өвчний улмаас нас барсан талийгаачдыг “Улаанбаатар буян” компанийн, нийслэлийн баруун болон зүүн талд байх “Буяны цогцолбор”-т чандарлаж байгаа. Халдварт өвчнөөр өөд болоочдыг нэг бол булж, үгүй бол чандарлаж оршооно гэсэн журмын хүрээнд ийнхүү хөдөөлүүлэх болов. Энэ удаа бол зөвхөн чандарлаж буй юм билээ.
Нас барагсдын шарилыг ар гэрийнхэнд нь өгдөггүй. Энэ ажлыг ЭМЯ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн хариуцахдаа УОК, МХЕГ-ын хяналт доор зохион байгуулж байна. Тус төвийнхөн шарилыг зориулалтын уутанд битүүмжилж ариутган, хаягжуулаад “Улаанбаатар буян” компани руу илгээдэг аж. Тэнд уг битүүмжилсэн шарилыг мөн ариутган хүлээж аваад чандарлах газар руу авч явдаг. Сүүлийн үед тавьж буй шаардлагын дагуу талийгаачийн ар гэрийнхнээс оршуулгад 10-аас илүүгүй хүн оролцуулах болжээ. Саяхан болтол уг нь 30 орчим оролцуулж байсан ч бөөгнөрөл үүснэ хэмээн үзэж ийнхүү цөөлжээ. “Буяны хөсөг”, түүнийг дагалдан цуваагаар явах ар гэрийнхэн “Буяны цогцолбор”-т очиход тэнд ажиллагсад шарилыг чандарлах хэсэг рүү авч очдог. Гэрийнхнийг тийш нь ойртуулаагүй. Бүр цогцолборын хашаа руу ч оруулаагүй тохиолдол байсан. Шарилыг мөн ариутгаж чандарлаад, гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөд зан үйлийн ёслол үйлдсэнээр оршуулах ажил дуусна. Чандрыг хаана байршуулахыг ар гэрийнхэн шийднэ. Коронавирусээр нас барагсдыг өдгөө ийнхүү хөдөөлүүлж байгаа юм. “Улаанбаатар буян” ХХК-иас ийм шалтгаанаар нас барагсдыг чандарлаж оршуулахад зориулан хямд, шаардлагатай бүхий л зүйл, тэр дундаа битүүмжлэх зориулалттай, хүний нүүр харагдахуйц уутыг ч багтаасан зардлыг 1 150 000 төгрөгөөр тогтоон үйлчилж буй юм билээ. Энэ нь иргэдийн төлбөрийн чадварыг харгалзан, дунджилсан үнэ хэмээн тайлбарласан.
Төрүүлсэн ганц хүүгээ цар тахлаар алдсан өндөр настай аав, ээж “Буяны цогцолбор”-ын хашааны гадаа ямар байдалтай байсныг харуулсан гэрэл зургийг нийгмийн сүлжээнээс олон хүн харсан. Цагаан толгойтой буурал аав нь алга хавсран газарт мөргөн сөхөрсөн бол, ээж нь сүү өргөн мэлмэрч харагдсан. Тэд хүүгийнхээ шарилыг чандарлах хэсэг рүү үдэж буй нь тэр. Цогцолборын хашааны гаднаас шүү дээ. Хоёр хөгшин хүүгээ эмнэлэг рүү явснаас хойш хараагүй гэсэн үг. Магадгүй тусдаа амьдардаг бол хэдэн хоног, сар уулзаагүй ч байж мэдэх. Өвчтэй байхад нь эргэе гэсэн ч оруулахгүй. Нас барсан хойно нь духыг нь үнэрлэх бүү хэл, таван метрийн бараанаас шарилыг нь халуун зуух руу түрж оруулахыг харах ямар байх вэ. Үүнийг амьдын хагацалтай зүйрлэхээр бус гэж үү. Дэгсдүүлбэл, тэр шарил хүүгийнх нь мөн үү гэдэг асуудал ч босож ирэхээр. Одоогийнх шиг хоногт олон хүн нас бардаггүй байсан тул хариуцаж ажилласан хүмүүс “Шарилыг солиогүй” гэж зуун хувь баталгаатай хариулах биз. Харин одоо хорвоог орхигсод олширч байна. Эмнэлгийнхэн ачаалал, стресс ихтэй ажиллах болсон. Юмыг яаж мэдэх вэ, ядарч туйлдсан ажилтан нэрийг нь сольчихвол яах вэ. Төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нярайн бугуйд нөгөө эхийн нэрийг зүүгээд хүүхдүүдийг нь сольчихсон тохиолдол манай улсад гарсан удаатай. Дэлхийд ч олон. Энэ үүднээс авч үзэхэд талийгаачийг ар гэрийнхэнд нь хоёроос дээш метрийн цаанаас харуулж, таниулж “хөдөөлүүлэх” нь сэтгэлийн сэвгүй санагдана. Нас барсан бүү хэл, зүгээр явж буй биднийг хоёр метр зай баривал аюулгүй гэж “номлосоор” ирсэн биз дээ. Тэгсэн хэрнээ хүмүүн энэ ертөнцөөс үүрд явж байхад гэр бүлийнхэнд нь зүс царайг нь харуулахгүйгээр чандарлах нь хүний ёсонд, ялангуяа ураг төрлөөрөө элгэмсүү монголчууд бидэнд хэр зохистой вэ.
ЭМЯ-ныхнаас энэ талаар тодруулахад “Хүмүүс тан шиг асуулт тавьдаг. Нас барсан хүн амьсгалахгүй шүү дээ. Тийм атал яагаад шарил харуулахгүй шатаачихаад байгаа юм бэ” гэдэг. Амьсгалахгүй нь үнэн. Гэхдээ гадаргуугаас вирус халдварлана шүү дээ” гэсэн юм. Талийгаачдыг алсаас гурав, ядаж таван метрийн зайнаас хараад салах ёс гүйцэтгүүлж болохгүй гэж үү. Дахин хэлэхэд, өнөөх вирус хоёр метрээс дотогш зайд “зорчих” чадваргүй биз дээ. Ёслолын үеэр ар гэрийнхэн шарилд ойртохгүй, ер юунд ч гар хүрэхгүй. Тэгсэн атал оршуулгын тухайд ингэж сүржигнэх нь ЭМЯ-ныхан өнөө болтол “Хоорондоо хоёр метрийн зай барь, амны хаалт зүү, гараа угаа” гэж сурталдаж, ухуулж ирснийхээ эсрэг шаардлага тавьж буйтай ялгаагүй мэт. Ажил хэрэгч байж бололгүй яах вэ. Гэхдээ хариуцлагаас мултрах аргаа эртнээс сэдэх лүгээ адил амьдралгүй, бодит байдалд үл нийцэх шаардлагаар олныг чирэгдүүлж бас болохгүй мэт.
Цогцос битүүмжлэх зориулалтын, гэхдээ талийгаачийн нүүр харагдахуйц уут “Улаанбаатар буян” компанид байдаг юм байна. Харин ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд байдаггүй бололтой. Тиймээс шарилыг хэнийх гэдгийг нь мэдэх аргагүй болтол боож битүүмжилдэг юм байна. Жаахан сэтгэл гаргах аваас, мөн ажил хэрэгч хандвал тэр уутыг олж авмаар. Үүнд менежмент, уян хатан, түргэн шуурхай ажиллагаа дутагдаж байх шиг. Мөн юу юунаас илүү хүний ёсыг дээдлэх үзэл, сэтгэл дутаж байна.
Манай улсад халдварт өвчнөөр нас барагсдыг оршуулахдаа зохих дүрэм, журмыг баримталсаар иржээ. Коронавирусээс ч өмнө тарваган тахал, мал, амьтны гаралтай бусад халдварт өвчнөөр бурхан болоочдыг 2017 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу оршуулж байж. Харин энэ удаа тусгай журамтай. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Коронавируст халдварын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр зааврын дагуу зохион байгуулж буй нь энэ юм.
Тушаал олон заалттай бөгөөд оршуулах ажлыг зохион байгуулах комиссынхон юуг хэрхэн хийх, мөн талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой нь ч хэд хэд бий. Цогцсыг зориулалтын газарт чандарлах, эсвэл булшлах аргаар оршуулах бөгөөд ил тавихыг хориглоно. Булшлах бол хяналтын багийн удирдлагад ар гэрийнхэн гүйцэтгэнэ. Гэр бүлийнхнийг нь цогцост хүргэхгүй. Үйл ажиллагаанд оролцсон бүх хүн эмнэлгийн зориулалттай амны хаалт зүүж, бээлий өмсөнө. Зан үйлтэй холбоотой аливаа үйлдлийг хязгаарлана. Үйл ажиллагаанд оролцсон бүх хүн гараа угааж, халдваргүйжүүлнэ гэх зэргээр бичжээ. Эндээс харахад тухайлбал, булшлах бол уг ажлыг гэр бүлийнхэн нь хяналтын багийнхны удирдлагад гүйцэтгэхдээ цогцост хүрэхгүйгээр хэрхэн ажиллах вэ. Энэ удаа зөвхөн чандарлах шийдвэр гаргасан тул шүүмжлэхийн тулд өө хайлаа гэж бодож, ярьж магад. Хэрвээ цаашид энэ тушаалыг баримтлах бол зөрүүтэй зүйл заалтуудаа засвал зүгээр сэн гэсэн үүднээс дурдлаа.
Өдгөө дэлхий даяар мөрдөж буй, коронавирустэй тэмцэх, өвдөхгүй байх гурав, дөрөвхөн заалт бүхий “алтан дүрмээ” үндэслээд бурхан болоочдоо ар гэрийнхэнд нь таниулаад, сүүлчийн замд үдэх нь хүнлэг, энэрэнгүй байх бус уу. Дайны хажуугаар дажин гэж, оршуулга зохион байгуулах тухайд олны санаа сэтгэлийг тавгүйтүүлэн сүржигнээд яах вэ.