Францын армийн бэлтгэл генералууд болон олон мянган офицерууд Ерөнхийлөгч Эммануэл Макронд хандан бичсэн ил захидалдаа Франц улсад "үхлийн аюул" нүүрлээд байгааг анхааруулжээ. Захидлыг “Valeurs actuelles” сэтгүүл нийтэлсэн байна.
Генералууд захидалдаа исламистууд болон шашны мухар сүсэгтнүүд Францын үндсэн хуульд харшлах өөрсдийн дүрэм журмыг тогтоох болсноор тус улсад арьс өнгөний дайны аюул нүүрлээд байгааг онцолжээ. “Тэд Францыг, түүний соёл, уламжлалыг жигшин зэвүүцэж, улс орныг маань хэрхэн нуран сүйрэхийг харахыг хүсэж байна” гэж захидалд тэмдэглэсэн байна.
"Хүчирхийлэл өдөр бүр өсөн нэмэгдэж байна. Нэг л өдөр Францын профессорыг сургуулиас нь гарахад толгойг нь тастана гэж арван жилийн өмнө хэн бодож байсан бэ?" гэсэн асуултыг захидлын эзэд тавьжээ.
Захидал бичсэн бэлтгэл офицер, генералууд үүнд зөвхөн ажиглагчийн байр сүүринаас хандаж чадахгүй гэдгээ онцлоод Францын засгийн газрыг зориг гаргаж, улс оронд тулгараад байгаа аюулыг арилгахыг уриалжээ. "Манай улсын иргэдийн дийлэнх олон бидэнтэй адил таны шийдвэргүй байдал, чимээгүй байгаад чинь цочирдож байгааг санаарай" гэж уриалгад дурджээ.
Захидалд онцолсноор эрх баригчдын идэвхгүй байдал нь армийг соёл иргэншлийн үнэт зүйлийг хамгаалах эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үүргийг өөртөө авч хөндлөнгөөс оролцоход хүргэнэ гэжээ. "Бидний харж байгаагаар хойшлуулах хугацаа үлдсэнгүй. Эс бөгөөс маргааш иргэний дайн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй энэхүү эмх замбараагүй байдалд цэг тавих бөгөөд харин амь үрэгдэгсэд хэдэн мянгаараа тоологдож эхлэх тэр цагт үүний хариуцлагыг та үүрэхээс өөр аргагүй болно” гэж цэргийн мэргэжилтнүүд дүгнэжээ.