ОХУ Нээлттэй тэнгэр гэрээнээс гарч байгаа тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдээлэв.
Мэдэгдэлд тайлбарласнаар АНУ-ын бодит бус шалтгаанаар Нээлттэй Тэнгэр гэрээг орхих шийдвэр гаргасан явдал орлцогчдын ашиг сонирхлын тэнцвэртэй байдлыг алдагдуулж , итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх хэрэгсэл болсон уг гэрээний ач холбогдлыг буруулжээ. Түүнчлэн “Оросын тал гэрээний үндсэн заалтуудтай нийцүүлэн шинэ нөхцөлд оршин тогтнох чадвараа хадгалах талаар тодорхой санал дэвшүүлсэн. Тэдгээр саналууд АНУ-ын холбоотнуудаас дэмжлэг аваагүйд бид харамсаж байна" гэж мэдэгдэлд нэмж дурдсан байна. Иймээс шинэ нөхцөл байдалд ажиллахад нь учирч буй саад бэрхшээлийг арилгахад "ахиц дэвшил гараагүй" тул Москва гэрээнээс гарахаар шийдсэнийг онцолжээ.
“Нээлттэй тэнгэр” гэрээг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 23 орны төлөөлөгчид 1992 онд Хельсинки хотод байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 34 улс нэгдээд байгаа юм. Гэрээ нь 2002 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд гишүүн орнууд бие биенийхээ зэвсэгт хүчин, үйл ажиллагааны талаархи мэдээллийг нээлттэй цуглуулах боломжийг олгодог аж. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэнэ гэж гэрээнд заасан байдаг..
2017 онд АНУ-ын эрх баригчид Оросын ажиглалтын нислэгт хязгаарлалт тавьжээ. Үүний хариуд Москва адилхан арга хэмжээ авсан байна
Өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлчээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсыг уг гэрээнээс гарч байгааг мэдэгдсэн билээ. Үүний шалтгаан нь Вашингтоны үзэж байгаагаар ОХУ-ын удаа дараа гаргасан зөрчил байв. Ялангуяа Оросын тал НТГ-г "цэргийн албадлагын" хэрэгсэл болгон ашиглаж байна гэж Вашингтон буруутгасан юм. Орос улс үүнийг удаа дараа няцааж байв
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-ны шөнө АНУ уг гэрээнээс гарах үйл ажиллагаагаа дуусгажээ.
Вашингтоны эл шийдвэр уг гэрээг амьдрах боломжгүй болголоо гэж Москва үзжээ.