Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Энагурэ” баг гурван удаа аваргаар шалгарсан. Спорт сонирхогчдын дунд хэдийн танил болсон тус багийн үе үеийн тамирчдыг амжилт гаргахад Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш, ОУХМ Б.Хэрлэнгийн хичээл, зүтгэл багагүй нөлөөлсөн гэдэг. Тэрбээр 2015, 2016 онд зохион байгуулсан Цомын АШТ, Залуучуудын улсын аварга шалгаруулах “Гоё кап-2014”, 2017, 2020 оны тэмцээнд шилдэг дасгалжуулагчаар тус тус шалгарч байв. Түүнтэй ярилцлаа.
-Та удам дамжсан тамирчин юм билээ. Волейболтой нөхөрлөхөд ээж тань их нөлөөлсөн гэж дуулсан?
-Би спортын гэр бүлд өсөж, хүмүүжсэндээ их баярладаг. Намайг энэ спортод дурлуулсан хүн бол ээж минь. Ээж минь залуудаа “Замчин” клубийн сагсан бөмбөг, волейболын шигшээ багт тамирчин байв. Эгч бид хоёрыг сагс, волейболоор хичээллэхэд ээжийн зөвлөгөө их нөлөөлсөн. Надад “Багийн спортоос волейбол хамгийн сонирхолтой. Хүнийг хамт олонч, эвсэг, нээлттэй болгодог юм” гэснээр энэ спортод хөл тавьж байлаа. Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулийн VI ангийн сурагч байхдаа Г.Базаргүр багшийн дугуйланд, дараа нь Спорт сургалтын төвд ирж, Д.Номуунбаяр багшийн удирдлагад тамирчин болох гараагаа эхэлсэн. Багш минь шавь нараасаа шигшээ баг бүрдүүлснээр мини волейболын дүүргийн, идэрчүүдийн УАШТ, Гавьяат дасгалжуулагч Ц.Шоовдорын нэрэмжит тэмцээнд амжилттай оролцож билээ.
-Тамирчид олон шалгуур давж шигшээ багийн босго алхдаг. Их, дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг тэмцээндүүдэд оролцож, спортын амьдралаа эхэлсэн үү?
-МУБИС-д 1992 онд багш дасгалжуулагчийн анги анх нээхэд би волейболынход элсэн орсон. Манай ангид М.Алтангэрэл, Б.Төрбат, Л.Нарантуяа, А.Ханддорж, Д.Алтан-Солонго, Д.Мөнхцэцэг, Б.Очбадрах, Т.Отгонбаяр зэрэг волейбол сайн тоглодог тамирчин сурдаг байлаа. Бид оюутан байхдаа сургуулийнхаа зааланд волейбол тоглож өнжнө. Тэр үед спортын төрлүүдийн түүхийг судлан, анхан шатны элементүүдээс нь сургадаг байв. Миний хүүхэд нас, оюутан ахуй үе хичээл сургуульдаа явах, бэлтгэл хийн тэмцээнд оролцож завгүй өнгөрсөн. Тэр үеийн багш нар хатуу чанга, өндөр шаардлагатай. “Та нар бүх спортын дасгал, хөдөлгөөнүүдээс сурах хэрэгтэй. Хожим амжилт гаргахад хэрэг болно” гэдэг байсан. Гавьяат дасгалжуулагч Д.Халзан нэгдүгээр сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байгаад манай сургуульд шилжиж ирсэн юм. Түүний удирдлагад сургуулийнхаа шигшээ багт дөрвөн жил тоглож, олон тэмцээнд оролцсон. Тэр жил БНАСАУ-д болсон Хаврын баярын тэмцээнд оролцохоор О.Одбаяр, С.Ганбат багш нарын удирдлагад хилийн дээс анх удаа алхлаа. Тэнд бэлтгэл хийж, Япон, БНХАУ-ын багтай тоглоход техникээр ойролцоо ч тэд хурдаар илүү. Бид өрсөлдөгчдөөсөө туршлага багагүй хуримтлуулж, ирснээсээ хойш тактик боловсруулж, хурдтай тоглохыг эрхэмлэх болсон. Надтай хамт шигшээд тоглодог тамирчдаас Л.Нарантуяа МУБИС-д, Ч.Хулан “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд багшилж байна. Бид оюутан байхаасаа нөхөрлөж, өнөөг хүртэл волейболоос холдоогүй. Ахмадын волейболчдын УАШТ-ийг жил бүр зохион байгуулахад бид нэг багт тоглодог.
-Японы Хирошимад 1994 онд болсон Азийн тоглолтод манай эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан оролцож, чамлахаагүй амжилт гаргасан юм билээ?
-Тийм ээ, Сайд нарын Зөвлөлийн дарга байсан Д.Содном гуай ивээн тэтгэж оролцуулсан. Бид тэндхийн усан цэргийн ангид 20 хоног бэлтгэл хийхдээ Японы багийн нэгдмэл байдал, хожихын төлөө өөрийгөө хэрхэн дайчилж буйг хараад их бахархсан. Ц.Шоовдор багшийн удирдлагад Азийн шилдэг багуутай өрсөлдөж, V байр эзэлж, би шилдэг давуулагчаар шалгарч байлаа. Бид хэдийгээр хожоогүй ч тэдэнд тоглолтынхоо давуу талыг харуулсан гэж боддог.
-Та “Ноён” клубийн тамирчнаар олон жил тоглосон. Шигшээ багийг тараахад ийшээ ирэв үү?
-Монголд их, дээд сургуулиудын дунд сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг улирал болгонд зохион байгуулдаг байлаа. Манай шигшээ багийнхан бусад сургуулийн тамирчидтай тоглоод хожчихно. Удирдлагууд Монголд волейболын спортыг хөгжүүлэх санаачилга гаргаж, бидэнд “Та нар хуваагдаж, өөр багт тоглох хэрэгтэй” гэсэн. Тэр үеэс эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан тарж, “Ноён”, “Эрчим”, Хөдөлмөрийн дээд сургуульийн багт тоглохоор очсон. Би “Ноён” багт 1997-2000 он хүртэл тоглосон. Тус клубийн тамирчин байхдаа лигийн анхны тэмцээнд түрүүлж, дараа нь хоёр удаа мөнгөн медаль хүртсэн. Хүмүүс тухайн үед волейболын лигийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр Спортын төв ордонд хөл тавих зайгүй цугладаг байв. Өнөөгийн шилдэг клубүүдийн суурь тэр үеэс тавигдаж, лигийн тэмцээнүүдэд өрсөлдөх болсон доо.
-Монголд 2000 онд зохион байгуулсан Зүүн Азийн АШТ-д эмэгтэйчүүдийн шигшээ баг Хятадын багийг хожиж байсныг санах юм. Энэ тэмцээний тухай яриач?
-Өмнө нь Макаод 1998 онд Зүүн Азийн АШТ зохион байгуулахад эрэгтэйчүүдийн баг IV, эмэгтэйчүүд V байр эзэлсэн юм. Монголд тус тэмцээн 2000 онд болоход Азийн долоон орны баг тамирчид оролцсон. Биднийг Гавьяат дасгалжуулагч Д.Халзан, “Эрчим” клубийн Д.Баасансүрэн багш нар ЖАЙКА-гийн шугамаар Монголд ирсэн япон дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийлгэлээ. Аваргын төлөө Японы багтай тоглохын өмнө Д.Халзан багш “Хүн болгон хичээж тогло, хамгийн гол нь давуулалтыг алдахгүй байх хэрэгтэй. Өрсөлдөгч баг тань хурдтай тоглоно, тиймээс хожлын төлөө бөмбөг алдахгүйн тулд дайчин, шаргуу тоглоорой” гэж зөвлөсөн. Тэр үед “Ноён” клубийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, “Эрчим” багийн Ц.Баярбаатар дарга, “Монголросцветмет” компанийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн гуай нар олны сэтгэлд хоногшсон тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Бид Бөхийн өргөөнд цугласан хөгжөөн дэмжигчдийн уухайн доор БНХАУ-ын хүчирхэг багийг хожиж, мөнгөн медаль хүртэж байсан баярт мөч саяхных мэт санагдаж байна.
-Тамирчны карьераа өндөрлүүлж, хэзээнээс дасгалжуулагчаар ажиллахаар шийдэв?
-Би 1996 оноос өнөөг хүртэл Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багшаар ажиллаж байна. Сургуулийнхаа волейболын багаас гадна, өөрийн тоглодог “Ноён” клубийн залуучуудын багийг дасгалжуулж, тэмцээнд оролцуулдаг байлаа. Тэд бидний тоглолтоос суралцаж, олигтой амжилт гаргахгүйд нь жаахан бухимддаг байв. Охиноо 2006 онд төрүүлчихээд, волейболын спортоос түр холдсон. Тэгтэл найз минь нэг өдөр “Монголд ирсэн солонгос багш волейболын тамирчдыг шалгаруулж, бэлтгэл хийлгэж байгаа гэнэ” гэлээ. “Их засаг” их сургуульд болсон шалгаруулалтад оролцохдоо “Энагурэ” багийн эзэн Жан Жин Хутай анх танилцсанаас хойш өнөөг хүртэл хамтран ажиллаж байгаа. БНСУ-ын иргэн, Чон Юн Ха Монголд ирж, тус багийг дасгалжуулснаар шинэ түвшинд гаргасан. Тамирчдын байр, хоол хүнс, бэлтгэл сургуулилалтад зарцуулах хөрөнгө мөнгийг олон жил зохицуулж ирсэн. Бид тухайн үед амжилт гаргах ирээдүйтэй, өндөр нуруутай хүүхдүүдийг орон нутгаас сонгож, волейболын спортыг эхнээс нь системтэй зааж, техникийг нь зөв эзэмшүүлсэн. Тэр охид өдгөө Монголын волейболын спортын нүүр царай болж яваа. Энэ багийн үе үеийн тамирчид, дасгалжуулагч багш нарын олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд амжилт гаргах болсон. “Энагурэ” багийн анхны тамирчид Югославын Белград хотод 2009 онд болсон дэлхийн оюутны универсаид наадамд шилдгүүдтэй өрсөлдөж 16 дугаар байр эзэлсэн бол дараа жил нь Тайландад зохион байгуулсан Азийн оюутан эмэгтэйчүүдийн анхдугаар их наадамд Хонконгийн багтай тоглож, хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл Монголд 2012 онд болсон II наадамд өрсөлдөж, мөнгөн медаль авч байлаа. Бид тэр үед Азийн тэмцээнээс медаль авах боломжтойг ойлгож, эмэгтэй тамирчдыг бэлдэхээр шийдсэн. Манай баг арав, арваннэгдүгээр ангийн өндөр охидыг шалгаруулан, их сургууль төгстөл нь гэрээ байгуулдаг. Нэг багийн тамирчид болж, амжилт гаргахад дор хаяж таван жилийн хугацаа шаардлагатай. Манай тамирчдын хамгийн их хүсдэг зүйл бол Дэлхийн болоод оюутны универсиад наадамд амжилттай оролцох.
-Та одоо олон шавьтай болсон уу?
-Хүмүүс “Чамд шавь оруулъя” гээд хүүхдүүдээ хөтлөөд ирдэг. Тиймээс Л.Нарантуяа, Ч.Хулан бид гурав хамтарч хүүхдүүдэд зориулсан волейболын “Double ball” клубийг 2018 оноос хичээллүүлж байна. Бидний зорилго хүүхдүүдийг багаас нь хичээллүүлж, багаар ажиллах чадвартай болгох. Сүүлийн үед хүмүүс хүүхдүүдээ спортоор хичээллүүлж, зөв хүмүүжил, эерэг хандлагатай болгохыг зорьдог болж. Тэр ч хэрээрээ хүүхдээ ойлгож, сонирхдог спортынх нь үнэнч хөгжөөн дэмжигч нь болж байна.
-Хүү, охиныг тань волейболоор хичээллэдэг гэж сонссон. Ямар багт тоглодог юм бэ?
-Манайх спортод дуртай гэр бүл. Нөхөр минь хүүхдүүдээ ойлгож, сайн дэмждэг. Би тамирчдаа бэлтгэл хийлгэх, тэмцээнд оролцуулахаар ОХУ, Буриад, БНСУ-ыг зорихдоо сэтгэл тайван явдаг. Хань минь түшиг болж, ар гэрийнхээ бүх ажлыг хариуцаж үлдэнэ. Гэр бүл минь ойлгодоггүй байсан бол волейболын спортын төлөө би сэтгэл гаргаж, олон жил ажиллахгүй л байсан болов уу. Миний нөхрийг Д.Бэгзсүрэн гэдэг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан цолтой. Хүү минь ШУТИС-ийн I курсийн оюутан, “Ноён” клубт, охин минь Баянгол дүүргийн 38 сургуулийн есдүгээр ангийн сурагч, сургуулийнхаа шигшээ багт тоглодог. Миний хувьд “Энагурэ” багийн дөрөв дэх үеийн тамирчдыг бэлтгэж байгаа. Спорт, ажлыг маань ойлгож, дэмждэг ханийнхаа ачаар хичээл зүтгэл гарган, олон жилийн хөдөлмөрөө зориулж ажиллалаа. Бид хойшдоо хүүхдүүдээ сонирхсон мэргэжлийг нь эзэмшүүлэхийн зэрэгцээ волейболоор тууштай хичээллүүлэх бодолтой байгаа. Бид ах дүү, найз нөхдийнхөө хүүхдүүдийг энэ спортоор хичээллэхийг санал болгож, уриалдаг.
-Хүүхдийг волейболын спортоор хэдэн наснаас нь хичээллүүлбэл тохиромжтой вэ?
-Олон хүний сэтгэлийн дэм, хичээл зүтгэлээр Монголд волейболын спорт хөгжиж байна. Дасгалжуулагч багш нарын гол зорилго бол шигшээ багийн тамирчдаа Азийн томоохон тэмцээнүүдээс медаль зүүлгэх шүү дээ. Бид сайн тамирчид бэлтгэхийн тулд хүүхдүүдийг багаас нь клубийн системээр хичээллүүлж, ур чадварыг нь хөгжүүлбэл зорьсондоо хүрэх боломжтой. Волейбол тухайн тоглогчоос маш богино хугацаанд зөв шийдвэр гаргаж, эсрэг баг руу довтлох ур чадварыг шаарддаг. Энэ чадварууд нь хожим тамирчдыг ажил, амьдралд хөл тавихад нь хэрэг болдог. Азийн орнуудад хүүхдүүдийг таваас зургаан настайд нь сонгож хичээллүүлдэг. Манайхан ч гэсэн хүүхдүүдийг мөн л энэ насанд нь суурь техникүүдийг зөв эзэмшүүлэх, өөрт нь тохирсон талбайд таарах бөмбөгөөр нь тоглуулж, бэлтгэл хийлгэх нь үр дүнтэй. Энэ ташрамд, ҮБТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор Л.Алтанцэцэг болон хамт олон, найз нөхөд, хамтран ажилладаг байгууллага, мөн “Энагурэ” багийн удирдлага, тамирчдадаа талархсанаа илэрхийлье.