Монгол дахь “Конрад-Аденауэр” сангийн суурин төлөөлөгч Йоханн Фурманнтай ярилцлаа.
-Монгол Улсад ажиллах томилолтын хугацаа тань дуусаж байгаа юм байна. Та манай улсад хэдэн жил ажиллачихав?
-Миний бие танай сайхан оронд гурван жил ажиллаж, амьдрах боломж гарсан билээ. Сангийнхаа олон арван төсөл, хөтөлбөрөөр дамжуулан Монголын 21 аймгаас 20-ийг нь үзэж, танилцжээ. Хэдхэн сарын дараа Бээжин хотноо суурин төлөөлөгчөөр ажиллана. Олон сайхан дурсамжтай цаг үе энд үлдлээ. Монгол Улс миний зүрх сэтгэлд үүрд онцгой байр суурь эзэлнэ.
-Та Монголд ажиллахаар албан ёсоор ирэх үед ямар сэтгэгдэл төрж байв. Харин та одоо ямар сэтгэгдэлтэй байгаа бол?
-Манай нутагт “Чингис хаан” дууг хүн бүр мэддэг. Ажлаа эхлэхээсээ өмнө энэ сайхан орны талаар болон уламжлал, ёс заншлыг бага мэдэж байжээ. Монгол Улсын хувьд мэдээж эдийн засаг, улс төр, төрийн албаны өмнө тулгарсан олон бэрхшээл бий. Гэсэн хэдий ч ардчилал Монголд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн. Ардчиллын төлөөх тайван хувьсгалын дараах 30 жилийн энэ хугацааг бахархалтайгаар харах учиртай. Ялангуяа залуу, өндөр боловсролтой эмэгтэйчүүд ирээдүйд улс төр, нийгэмд илүү чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Монголчуудын өгөөмөр сэтгэл, нээлттэй байдалд ихэд татагддаг.
-Танай сангийн санаачилга, дэмжлэгтэйгээр олон удаагийн хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал болж, ном, товхимол, судалгааны бүтээлүүд хэвлэгдсэнийг би мэднэ. Таны бодлоор Монгол Улсад тулгараад байгаа гол сорилт, бэрхшээлүүд юу вэ?
-Улс орон бүрийн адил Монгол Улсад ч өөрийн гэсэн бэрхшээл тулгарч байгаа. Жишээлбэл, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Засгийн газар олон удаа солигдсон. Энэ нь төрийн албаны хувьд онцгой сорилт байх нь гарцаагүй. Цаашлаад улс төрийн намуудын тогтворгүй байдал болон Монгол Улсын газар зүйн байршил нь эдийн засаг талаасаа том сорилт болж байна. Улмаар авлига эдгээр сорилтын томоохон хэсэг болжээ. Хамгийн том сорилт бол улс төрийн боловсролын дутмаг байдал гэж би хэлнэ.
-“Конрад Аденауэр” бол улс төрийн сан, Германы татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Харин манайд улс төрийн боловсрол олгох, улс төрийн намуудыг бодлогын болгох ажил үндсэндээ алга. Энэ ажлыг танай сан шиг гадаадын цөөхөн байгууллага хийдэг гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Сонгогчид, иргэдийн боловсролыг дээшлүүлэхийн ач холбогдол болоод энэ үүргийг хэн, ямар байгууллагууд гүйцэтгэх ёстой талаар санал бодлоо хуваалцана уу?
-Ардчилсан нийгэмд иргэд хариуцлагатай, улс төрийн үйл явцын талаар ойлголттой, идэвхтэй оролцох нь чухал. Гэвч энэ нь улс төрийн институцүүд, үйл явцын талаар иргэд үндсэн ойлголттой байснаар л хэрэгжих боломжтой. Германы дунд сургуулиудад улс төрийн мэдлэг олгох хичээлүүд орсноор энэ үйл явцад маш том үүрэг гүйцэтгэсэн. Улс төрийн сангуудаас гадна шийдвэр гаргах үйл явцад томоохон үүрэг гүйцэтгэдэг олон тооны төрийн болон төрийн бус байгууллага бий. Мэдээж хэвлэл мэдээлэл үүнд том үүрэг гүйцэтгэнэ. Улс төрийн үйл явцад шүүмжлэлтэйгээр хяналт тавих нь тэдний үүрэг. Монгол Улсад улс төрийн хичээлийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгагдаасай гэж хүсэж байгаагийн зэрэгцээ мэргэшсэн сэтгүүл зүй цаашид улам бүр хөгжих шаардлагатай гэж бодож байна.
-Таныг Монголд ажиллах хугацаанд КАС нь МУИС-тай хамтран мэргэшсэн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгоор улс төрийн сэтгүүл зүйн магистрын хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн юм байна. Энэ хөтөлбөрийн талаарх санал бодлоо хэлэхгүй юү?
-Улс төрийн талаар мэдээ, мэдээлэл хүргэхийн тулд нөхцөл байдал, институцийг ойлгох нь чухал. Тийм ч учраас сэтгүүл зүй, улс төрийг хамтатган салбар дундын магистрын хөтөлбөрийг эхлүүлсэн. Ийм хөтөлбөр Монголд цор ганц байгаа. Бид эл хөтөлбөрөөр дамжуулж мэргэшсэн сэтгүүл зүйн хөгжилд багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа гэж найддаг. Сонгон шалгаруулалтад олон өргөдөл хүлээн авч, авьяаслаг залуусыг энэ сургалтад хамруулж чадсандаа баяртай байна.
-“Конрад Аденауэр” сан дэлхийн 100 гаруй оронд төлөөлөгчийн газраараа дамжуулан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Танай байгууллагаас явуулдаг нийтлэг үйл ажиллагаа, үнэт зүйлс юу юм бэ?
-Герман улс Хятад, Энэтхэгийг бодвол хүн ам цөөтэй. Ирээдүйд чухал үүрэгтэй байхын тулд бидэнд найз нөхөд, түншлэл хэрэгтэй. Тиймээс ч манай сан үйл ажиллагаагаараа бусдыг дэмжихийг зорьдог. Мөн Герман болон бусад улс хоорондын яриа хэлэлцээний түнш орон байхыг зорьдог. Монгол Улсад бид чөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ төрийн албан хаагчдыг сургах чиглэлээр Засгийн газрыг дэмжин ажиллаж ирсэн. Дээр дурдсан улс төрийн сэтгүүл зүйн чиглэлээр магистрын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа төдийгүй улс төрийн боловсролд зориулсан сургалтын арга хэмжээнүүдийг ч зохион байгуулдаг. Зорилтот буюу эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төр, эдийн засаг, эрх зүйн мэдлэг, нөлөөллийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ өнөөгийн улс төр, байгаль хамгааллын асуудлууд болон эдийн засгийн бодлогын талаар ном, хэвлэл, судалгаануудыг олон нийтэд хүргэдэг зэрэг олон төсөл, хөтөлбөрийг нэрлэвэл урт жагсаалт гарна.
-Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн онцлог нь юу вэ. Суурин төлөөлөгчийн хувьд та аль чиглэлд илүү анхаарсан гэж хэлэх вэ?
-Бид залуучуудыг олон талаар дэмжиж ажилладаг. Ингэснээр тэд нийгэм, улс төрийн амьдралд илүү идэвхтэй, оролцоо өндөртэй байх юм. Тийм ч учраас манай сан бараг бүх аймагт залуучуудын улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулсан. Мөн тэдэнд илүү их мэдлэг, мэдээлэл түгээх үүднээс олон талт форматаас бүрдсэн платформ ажиллуулж байна.