Энэтхэг улсад цахтахлы нөхцөл байдал үүсээд байна . Тус улсад өдөрт бараг 350 мянган коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдэж, нийслэл Дели хотод дөрвөн минут тутамд нэг хүн нас барж байна. Ерөнхий сайд Нарендра Моди тус улс цартахлын хуй салхины голд байна гэж мэдэгдэв. Тэрээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Эхний давлагааг амжилттай даван туулсны дараа бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ энэ шуурга манай үндэстнийг сөхрүүллээ" гэжээ. Коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийг оршуулах орон зайгүй улмаас цогцсуудыг шууд гудамжинд шатаахад хүрчээ. Мөн эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүй, хүчилтөрөгчгүй болсон тул өвчтөнүүдийг хүлээж авах ямар ч боломжгүй болжээ.
"Бидэнд ор, хүчилтөрөгч, эм нэн дутагдаж байгаа. Бид зарим өвчтөнг хүлээн авахаас татгалзахаас өөр арга алга. Өнөөдөр болж буй бүхэн зүгээр л сүйрэл" хэмээн Энэтхэгийн эмч Шухин Байай BBC агентлагт ярьжээ.
Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн нийт тоо 20 саяд хүрээд байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр Энэтхэг АНУ-ын дараа орж байна.
Дэлхийн нийт тус улсад цахтахлын нөхцөл байдалтай тэмцэхэд тусламжийн гараа сунгаж эхэлжээ. Их Британи 495 хүчилтөрөгчийн баяжуулагч, инвазив бус 120 аппарат, амьсгалын 20 гар аппаратыг Ням гарагт Энэтхэг рүү илгээжээ. Европын холбоо мөн Энэтхэгт хүчилтөрөгч, эм тариа илгээнэ гэж амлав. АНУ коронавирусийн оношилгооны иж бүрдэл, амьсгалын аппарат, эмч нарт зориулсан хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлж эхэлжээ. "Энэтхэг болон дэлхийн бусад буурай орнуудад байдал маш хүнд байна. Бид хүмүүст туслахын тулд илүү их зүйлийг хийж чадна" гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи хэлжээ.