Төрийн өмчийн АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС гэсэн зургаан сургуулийн захирлууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Өнгөрсөн сарын 26-нд болсон уг үйл явдлыг боловсролын салбар, тэр дундаа дээд боловсролын салбар дахь онцлох ажлаар нэрлэж болохоор. Хөгжлийн бүхий л асуудлаар, тэр дундаа мэдээлэл, туршлага солилцож, харилцан суралцах, хамтран ажиллах чиглэл, хэлбэрийг тодорхойлж, эрдэм шинжилгээ, сургалтын ажлаа уялдуулан хэрэгжүүлж, хамтдаа хөгжих зорилгыг манай улсын томоохон их сургуулиуд тавьж буй юм билээ. Үүний хүрээнд чухам хэрхэн хамтарч ажиллах талаар АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатартай ярилцсан юм.
-Улсын томоохон их сургуулиуд хэрхэн хамтрах юм бэ?
-Төрийн өмчит сургуулиуд сүүлийн 30-аад жил мэдээллээ солилцдоггүй, хамтын ажиллагаагүй явж иржээ. Цаашид энэ байдлыг халъя гэж байгаа юм. Үүний тулд үйл ажиллагаагаа уялдуулна. Энэ нь маш энгийн. Хэнд ямар ололт, туршлага, давуу тал байна, бусадтайгаа хуваалцаж, харилцан ашиглах юм. Эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан томоохон төслүүдийг бичдэг, хэрэгжүүлдэг, шинэ мэдлэг бий болгох буюу академик, нөгөөх нь хэрэглээний чиглэлийн судалгааг ч хамтран явуулах боломжийг хайя. Ингэж хүчээ нэгтгэж, хамтдаа урагшлахыг зорьж байгаа юм. Дэлхийн улс орнууд, тэр дундаа их сургуулиуд нь залуусын хэлдгээр “тасраад” алга боллоо. Гэтэл манай улсын их сургуулиуд бахь байдгаараа, нэг байрандаа байж болохгүй шүү дээ. Юуны өмнө эрх зүйн талаас харна. Эмхэлж цэгцэлнэ. Жишээ нь, их сургуулиудын дүрэм ойролцоо, жишиг байх ёстой. Гэтэл одоо бол хоорондоо эрс тэс ялгаатай. Багшийн үйл ажиллагааны үнэлгээний журам гэхэд харилцан адилгүй. Янз бүрийн кредитээр үнэлж байна. Зарим нь оноогоор дүгнэдэг. Үүнийг аль ч сургууль дагаж мөрдөхөд шаардлага хангахуйцаар нэг мөр болгож болно. Ингэж хөгжлийн үндсийг хангахуйц эрх зүйн орчин бүрдүүлэхэд биднээс мөнгө шаардахгүй. Дараагийн анхаарах асуудал бол багшийн хөгжил юм. Ерөөсөө их сургуулийн хамгийн үнэт зүйл бол мэдлэг, чадвартай, зөв харилцаа, хандлагатай, ёс зүйтэй, судалгаа, шинжилгээг дэлхийн түвшинд хийдэг багш нар, мэргэжилтнүүдтэй буюу боловсон хүчинтэй байх нь хамгийн чухал. Сайн багштай байж оюутнууд сайн мэргэжилтэн болж төгсөнө. Нэн ялангуяа АШУИҮС клиникт өвчтөн үздэг, онолын мэдлэг өндөртэй, харилцаа, хандлага сайтай буюу мэргэжилдээ маш сайн багш нартай байх онцгой шаардлагатай. Бусад сургууль ч энэ жишгийн багш нартай байх ёстой. Гурав дахь гол зүйл бол эрдэм шинжилгээ, судалгаа. Бид өнөөдөр юу хийж чадаж байна, дэлхийд их сургуулиудын багш нар ямар түвшинд хүрээд, хаашаа хандаж буйг тодорхойлоод урагшилъя. Сургууль бүрт онцлог, ололттой тал бий. Түүнийгээ батжуулж, ахиулах цаг болсон. Бид, АШУҮИС-ийнхэн нэлээд ажил хийж байна. Гурван хүрээлэн байгуулж буй. Түүний нэг нь Био анагаахын хүрээлэн. Тоног төхөөрөмжүүдийг өмнө худалдаад авчихсан байсан юм. Түүнийг ажилд оруулсан, лабораторио удахгүй нээнэ. Энэ нь анагаахын, онолын болоод эмнэл зүйн чиглэлийн суурь судалгаанууд хийх боломжтой төв болно.
Их сургуулиудын хамтын ажиллагааны дөрөв дэх чиглэл нь сургалт. Ер нь бол гол нь суралцагсдад эрх илүүтэй олгоё гэж байгаа юм. Хаана, аль их сургуульд сайн багш байна, түүнийг сонгож, кредит авах боломжийг нээж өгье гэсэн агуулгаар зохицуулахыг хичээж буй. Хөтөлбөрийн давхцалыг арилгахын төлөөх нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ. Бүх сургууль шахам эдийн засагч, нийгэм судлаач бэлтгэдэг. Энэ сургалтаа чанаржуулна. Мөн ерөнхий мэдлэг олгодог хичээлүүдийн хөтөлбөрийг сайжруулан, цөм буюу нэгдсэн болгож, чанарт эрс дэвшил гаргах юм. Ингэснээр багш нарын дунд өрсөлдөөн ч бий болох ач холбогдолтой. Түүнээс биш багш нарыг цомхотгох, халах, солих тухай ямар ч агуулга, яриа байхгүй. Хамтын ажиллагааны тухай мэдээлэл түгснээс хойш хүмүүсийн дунд янз бүрийн яриа гарсныг дуулсан. Их сургуулиудын засаглалыг сайжруулах ёстой, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгаа тухай яриаг санаатай мушгиж байгаа юм шиг, андуу ташуу ойлголт төрөхүйцээр ярьж байна. Удирдлагын баг нүсэр байх нь оновчтой юу, тав хүртэлх хувиар бууруулбал зохистой юу, судалъя, цомхон бөгөөд чадварлаг багтай болбол ашигтай бус уу гэх зэргээр ярилцах төдийд юу юугүй өөрийг нь ажлаас халах гэж байгаа мэтээр ойлгож, бодит бус мэдээлэл түгээх тал бий. Хамтарч ажиллах зургаан их сургуулийн удирдлага тус бүртээ ажил хариуцаж авсан. Тодорхой хугацааны дараа юу хийсэн нь харагдах болно.
Бид мэргэжлийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгохын төлөө хамтарч ажиллана. Манай сургуулийн тухайд бол энэ нь эмнэл зүй буюу хүн үзэж, оношлон, эмчилж, урьдчилан сэргийлэхэд анхаарна гэсэн үг. ШУТИС-ийн хувьд мэргэжлийн зөвлөгөө өгөх, технологиудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Монголд нутагшуулах ч юм уу, сургуулийн онцлогоос хамаарч мэргэжлийн үйл ажиллагаанаас үр дүн гаргахыг хэлж байгаа юм. Дараагийн, хамтын ажиллагааны хүрээнд дэвшил гаргах чиглэл бол мэдээллийн технологи. Номын сан, эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн нэгдсэн сантай болъё. Оюутан болон магистр, докторантын түвшний судлаачдад маш хэрэгтэй. Нэг сэдвээр судалгаа хийх боллоо гэхэд тухайн санд нэвтэрснээр “Үүнийг тэдэн онд тийм хүн судалж байж шүү дээ” гэсэн мэдээлэлтэй болно. 1960 онд ингэж үзсэн бол 20 жилийн дараа тэр эрдэмтэн арай өөрөөр харж, гэтэл 2000 онд концепцын хувьд өөрчлөгдчихсөн байна шүү дээ гэх зэргээр дүн шинжилгээ хийхэд тустай. Цаг, хүч, хөрөнгө хэмнэнэ, богино хугацаанд мэдлэг олж авах нөхцөл бүрдүүлнэ. Тэгэхээр цахим мэдээллийн тогтолцоог нэгдсэн хэлбэрт оруулах нь цаг үеийн шаардлага болоод байна. Би жишээ болгон энэ бүхнийг дурдлаа.
-Танайх онолын болон эмнэл зүйн чиглэлийн суурь судалгаанууд хийх төвтэй болж байна гэлээ. Үүнийг тодруулна уу.
-Манай улсад “Ковид-19” эрчимтэй тархах хандлагатай болоод ирмэгц PCR шинжилгээ хийх лаборатори байгуулсан юм. Үүнийг ашиглалтад оруулснаар ХӨСҮТ-ийн ачааллыг хөнгөлнө. Үүний зэрэгцээ манай улсын эрдэмтэд шүлсээс коронавирус илрүүлэх арга нээсэн. Шинжилгээг энд хийнэ. Манай эрдэмтдийн багт чадварлаг залуус маш сайн ажиллаж байгаа.
-Энэ аргыг дэлхийд хэр өргөн ашиглаж байна вэ?
-Япон, БНСУ, АНУ, ХБНГУ гэсэн тав, зургаан оронд хэрэглэдэг. Японд бол шуудангаар шүлсээ илгээхэд шинжлээд, хариуг нь явуулдаг. Аргачлал, технологи нь ойролцоо л доо. Био анагаахын хүрээлэн байгуулахад БШУЯ дэмжиж, санхүүжүүллээ. Үүний хүчинд эрдэм шинжилгээний ажлууд томоохон алхмаар ахих нь. Манай эрдэмтэд маш баяртай байгаа. Бид залуу судлаачдаа олон улсын нэр хүндтэй сэтгүүлд судалгааны ажил, материалаа гаргуул гэж шаарддаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэдэнд маань ажиллах орчин байдаггүй. Нөхцөл, боломж олгоогүй байж тэг, ингэ гэж шаардсаар ирсэн. Одоо бол залууст вирус, дархлаа судлал, молекул биологи, эмнэл зүйн судалгаа хий, төсөл ол, лабораторид ажилла гэж хэлэхэд нүүр бардам болж байгаа юм. Зарим судалгаанд шаардагдах, өндөр өртөгтэй тоног төхөөрөмж дутуу л даа. Цар тахлын үед олох, хөөцөлдөх боломж тааруу. Явцын дунд гүйцээнэ. Их сургуулиудын хамтын ажиллагааны тухай ярьж байснаа хазайгаад манай сургуульд юу хийж буйг мэдээлчихлээ. Гэхдээ энэ ч гэсэн хамтын ажиллагаанд хамаатай сэдэв. Төрийн өмчийн их сургуулиуд хамтрахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан дэмжин ажиллаж буйд талархаж байна. Хамтрах нь Монгол Улсын хөгжлийн төлөө л ажил юм. Түүнээс биш ямар нэгэн хувийн эрх ашиг байхгүй. Төрийн өмчит их сургуулиуд бол нийгэмд үлгэр дуурайл болсон субъектууд. Энэ ч утгаараа манай улс цар тахалтай тэмцэхэд зөвхөн АШУҮИС санаа тавиагүй. Бүгд дуу нэгтэйгээр анхаарлаа хандуулсан.
-Ярилцлагын эхэнд шинэ мэдлэг бий болгох буюу академик, нөгөөх нь хэрэглээний чиглэлийн судалгааг хамтран явуулдаг болох тухай дурдсан. Жишээ нь ямар судалгаа байж болох вэ?
-Маш олон чиглэлээр хамтарч болно. Хэрэглээ гэхээр юу байх вэ, хамгийн өргөн хэрэглэдэг шүдний оо байж болно шүү дээ. Мод боловсруулах, хиймэл савхи үйлдвэрлэх гээд захаас нь нэрлэнэ. Бид өнөөдөр өдөр тутмын хэрэглээний бүх зүйлээ импортоор авч байна. Тусгаар улс ийм байж болох уу.
-Монгол Улс дээд боловсролтой боловсон хүчнээ хангалттай түвшинд бэлтгэж чаддаг гэж та үздэг үү?
-Ер нь бол тусгаар тогтносон Монгол Улс дээд боловсролтой боловсон хүчнээ бэлтгэхийн тулд судалгааны маш сайн их сургуулиудтай байх ёстой гэж боддог. Тэндээ монгол залуусаа дэлхийн түвшинд сургадаг байя. Манайх шиг боловсон хүчнээ гадаадад бэлтгэдэг улс орон цөөн. Ний нуугүй хэлэхэд гадаадад сурдаг монгол оюутнуудыг сур, мэд гэж тултал шахдаггүй. Тийм болохоор төрийн бодлогоор их, дээд сургуулиудаа улам бэхжүүлээд оюутнуудаа, залуусаа үнэхээрийн мэдлэг чадвартай, эх оронч, эр зоригтой боловсон хүчин, иргэн болгохын төлөө шахвал илүү үр дүнтэй гэж үздэг. Үүнд онцгой анхаарах ёстой. Төрийн өмчит их сургуулиудын хамтын ажиллагааг ч үүнд, энэ агуулгад чиглүүлэх ёстой гэж үзэж байна.
-Хувийн их, дээд сургуулиуд энэ зарчмаар хамтарч ажиллаж болох уу?
-Болно. Тэгэх тусмаа сайн.
-Яваандаа ижил, төстэй чиглэл бүхий сургуулиуд нэгдэх ирээдүй харагддаг уу?
-Манай улс шиг их, дээд сургууль олон улс орон нь ховор. Нийт тоо нэг хэсэг 100 давсан байсан. Одоо харин 90 гаруй болсон гэсэн мэдээлэл бий. Манай улсын хүн амын тоог аваад үзэхэд судалгааны 5-6 сайн их сургууль байхад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээг хангачихна.